Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/267

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         2021        03           15                                           2021/ШЦТ/267

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108000830061 дугаартай нэг хавтаст хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хуандайн 1 дүгээр гудамжны 76 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 57а-2 тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Үнгээ овогт Цэгмэдийн Лхагвасүрэн (РД:УХ88061412).

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Ц.Лхагвасүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 24 байрны 12 тоотод эхнэр Э.Энхсүрэнг “гэртээ байсангүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, уруулын салстын шарх, цус хуралт, толгойн хуйх, зүүн чихний дэлбэн, баруун гуя, бугалганы цус хуралт, зүүн чихний хэнгэрэг хальс цооролт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Лхагвасүрэн: “мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

  •  Хохирогч Э.Энхсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Манай нөхөр орж ирээд “чи гэртээ очихгүй яагаад гадуур яваад байгаа юм” гээд хөлөөрөө уруул руу өшиглөсөн. Тэгээд намайг хэл амаар доромжлоод гарын бугалга, гуя, баруун шанаа руу цохиод хана руу толгой савахад миний зүүн чих дүнгэнээд тухайн үедээ юм сонсохгүй байсан...нөхөр гэртээ очиход би гэртээ байгаагүй. Тэгээд над руу залгахад нь би утсаа сонсоогүй учир утсаа аваагүй. Түүнээс болоод уурлаад цохиж зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас),

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 211 дугаартай: “Хэсэг газрын үзлэгт уруулын  баруун хажуу талын дотор салстад 1х0,6см цус хуралт, язарсан шархтай.  Зүүн чихний дэлбэнд бүдэг ягаан цус хуралт, хавантай. Зулайн зүүн хуйханд 5х5см талбайд овойж хавдсан. Баруун бугалганы гадна дунд гадаргууд 8х8см талбайд хөхөлбөр өнгийн цус хуралттай, КТГ хариуд:Тархины эдэд голомтот болон эзлэхүүнт өөрчлөлтгүй. Тархины бор цагаан эдийн ялгарал буурсан, хавантай. Голын бүрдэл хазайлтгүй. ...Зүүн зулай орчмын зөөлөн эд хавантай. ЭМЖЖ чих хамар, хоолойн эмнэлгийн үзлэгт: Зүүн чихний хэнгэрэг хальс цооролт, хамрын таславч хуучин мурийлт.

1. Э.Энхсүрэнгийн биед тархи доргилт, уруулын салстын шарх, цус хуралт, толгойн хуйх, зүүн чихний дэлбэн, баруун гуя, бугалганы цус хуралт, зүүн чихний хэнгэрэг хальс цооролт зэрэг гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас),

 

- Шинжээч эмч С.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Энхсүрэнгийн биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлээс үүссэн байна. Мохоо гэдэг нь мод, чулуу зэрэг багаж зэвсэг ордог. Мөн гар, хөлөөр цохиж учруулсан гэмтэл нь мохоо зүйлдээ ордог...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дугаар хуудас),

 

- Гэрч Ц.Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Лхагвасүрэн гэрт ирсэн. Энхсүрэн сэрсэн чинь “чи гэртээ байсангүй” гээд хэрүүл маргаан болоод байхаар нь би өрөөнөөс гараад нөгөө өрөөндөө ороход Лхагвасүрэн эхнэрээ бариад авчихсан байхаар нь “чи яах гээд байна. Эхнэрээ зодох гээд байна уу” гээд би дундуур нь ороод салгачхаад эргээд өрөөндөө ороод нөхрийгөө “чи оч. Наад 2 чинь маргалдаад байна. Лхагвасүрэн уучихсан байна” гээд нөхрийгөө явуулсан. Тэгээд тэр хоёрын хэрүүл дуусахгүй чанга чанга дуугараад байсан...цагдаа руу дуудлага өгчихсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дугаар хуудас),

 

-  Аюулгүй зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

 

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 30-38 дугаар тал),

 

- Шүүгдэгч Ц.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 24-12 тоотод очиход эхнэр, хүүхэд унтаж байхаар нь “чи гэртээ байхгүй хаагуур яваад байдаг юм. Гэртээ хоноход яадаг юм” гээд хэрүүл болсон. Би нэг удаа гараараа шанаа руу нь алгадахад эхнэр газарт унасан. Унахдаа толгойгоороо хана мөргөсөн. Хөлөөрөө гуя руу нь хоёр удаа өвдөглөсөн. Манай аав хүрч ирээд бид хоёрыг салгасан...Энхсүрэнгийн биед учирсан гэмтлийг би цохиж учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас)

 

 - Шүүгдэгч Ц.Лхагвасүрэнгийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 66 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Лхагвасүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ц.Лхагвасүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 24 байрны 12 тоотод эхнэр Э.Энхсүрэнг “гэртээ байсангүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь:

- хохирогч Э.Энхсүрэнгийн “...нөхөр орж ирээд “чи гэртээ очихгүй яагаад гадуур яваад байгаа юм” гээд хөлөөрөө уруул руу өшиглөсөн. Миний гарын бугалга, гуя, баруун шанаа руу цохиод хана руу толгой савахад зүүн чих дүнгэнээд тухайн үедээ юм сонсохгүй байсан...” гэх мэдүүлэг (хх42-43),

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 211 дугаартай “Э.Энхсүрэнгийн биед тархи доргилт, уруулын салстын шарх, цус хуралт, толгойн хуйх, зүүн чихний дэлбэн, баруун гуя, бугалганы цус хуралт, зүүн чихний хэнгэрэг хальс цооролт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх47-48),

- шинжээч эмч С.Одончимэгийн “...Энхсүрэнгийн биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлээс үүссэн байна...гар, хөлөөр цохиж учруулсан гэмтэл нь мохоо зүйлд ордог...” гэх мэдүүлэг (хх75),

- гэрч Ц.Оюуны “...Лхагвасүрэн “чи гэртээ байсангүй” гээд хэрүүл маргаан болоод ...эхнэрээ бариад авчихсан байхаар нь “чи яах гээд байна. Эхнэрээ зодох гээд байна уу” гээд дундуур нь ороод салгачхаад өрөөндөө орсон...тэр хоёрын хэрүүл дуусахгүй чанга чанга дуугараад байсан...” гэх мэдүүлэг (хх78) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.Энхсүрэнг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүй тогтоогдсон байх тул “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Лхагвасүрэнгийн үйлдэл хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг өөрийн үйлдлээ хүсэж үйлдсэн гэж үзэн гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан болон нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” хэмээн хууль ёсны зарчмыг хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг нэр томьёо, ухагдахууны хувьд тайлбарлан хэрэглэхэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах нь зүйн хэрэг.

Шүүгдэгч Ц.Лхагвасүрэн, хохирогч Э.Энхсүрэн нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх-55)-аар тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ хэмээн тус тус хуульчилсан тул Ц.Лхагвасүрэнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ.

Иймээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Ц.Лхагвасүрэнг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй болно.             

Шүүгдэгч Ц.Лхагвасүрэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг хохирогч  Э.Энхсүрэнгээс хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгч Ц.Лхагвасүрэнг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 400 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг шүүгдэгч Ц.Лхагвасүрэн маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Ц.Лхагвасүрэн нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (хх-69) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас “...400 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг  шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Учир нь Ц.Лхагвасүрэн нь эхнэр, бага нас /5, 6, 11/-ны гурван хүүхдийн хамт амьдардаг /хх52-54/ бөгөөд Засгийн газрын тогтоолоор бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой Боловсролын их сургуульдаа явах боломжгүй байгаа, эхнэр нь ажил хөдөлмөр эрхэлдэг тул хүүхдээ асрах шаардлагатай талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй юм.

Мөн хүчирхийллийн аюулгүй зэргээр “бага” гэх аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх20-21/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх30-38/-д хүчирхийллийн давтамж хэсэгт “урьд нь хүчирхийллийн үйлдэж байгаагүй, анх удаа үйлдсэн” зэргээс үзэхэд Шүүхээс түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулбал цаашид сургуулиа төгсөх, эхнэр, бага насны хүүхдүүдийнх нь тэжээн тэтгүүлэх эрхэд сөргөөр нөлөөлнө гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:

  • Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;
  • Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;
  • Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;
  • Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;
  • Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг,

эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Лхагвасүрэнд оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр тогтоов.

Тодруулбал, Ц.Лхагвасүрэн нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 4 сарын хугацаанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хуандайн 1 дүгээр гудамжны 76 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 57а-2 тоотод түр оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэх, сургуульд суралцах болсон тохиолдолд ажил, сургууль, гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

Хэрэв шүүгдэгч Ц.Лхагвасүрэн нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тогтоолоор сануулах нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2108000830061 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Лхагвасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Үнгээ овогт Цэгмэдийн Лхагвасүрэнг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лхагвасүрэнг 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лхагвасүрэнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр тогтоосугай.

4. Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.Лхагвасүрэнд сануулсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Лхагвасүрэн авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БЯМБААБААТАР