Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 359

 

П.А-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00008 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүний гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч П.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2316 дугаар захирамжаар П.А-ээс 46.227.294 төгрөг гаргуулж, "Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд НШШГГ-т ажиллагаа хийгдэж байсан болно. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 10 дугаар сарын 22-ны тогтоолоор П.А-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 52 дугаар байрны 2/201 тоотод байрлах, Ү-2206019689 улсын бүртгэлийн дугаартай, 103.3 м.кв орон сууцыг үнэлэх үнэлгээчнээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилж тус үнэлгээний төвийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 484 дугаартай дүгнэлтээр орон сууц, авто зогсоолыг нийт 241.555.000 төгрөг гэж үнэлсэн байна. Үнэлгээний тайланд зах зээлийн үнийг зах зээлийн харьцуулах хандлагын аргаар тооцсон үнэлгээг бодитой гэж үзэн орон сууцны м.кв талбайг 2.096.400 төгрөг, нийт 216.555.000 төгрөгөөр үнэлсэн байгаад гомдолтой байна. П.А-ийн байр нь Хан-Уул дүүргийп 11 дүгээр хороо, Зайсангийн гудамжид Улаанбаатар хотын хамгийн эрэлт ихтэй бүсд байрладаг ба төвийн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон бүрэн цутгамал хийцтэйн зэрэгцээ төв замын хажууд байрлалтай, цөөхөн оршин суугчтай, тэдний тав тухыг бүрэн хангасан байр юм. Үнэлгээчин зах зээлийн харьцуулалт хийхээр сонгосон орон сууцнууд нь үнэлж буй орон сууцтай дүйцэхүйц гэж үзэхээргүй байна. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 хэсэг Зайсангийн гудамж 52 дугаар байрны 2/201 тоотод байрлах, 103.3 м.кв талбайтай Ү-2206019689 улсын бүртгэлийн дугаартай орон сууц, автозогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2316 дугаар захирамжаар П.А-ээс 45.710.790 төгрөгийг гаргуулж, “Нэткапитал финанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч П.А-т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17027/, Зайсангийн гудамж, 52 басйр, 2/201 тоот, 103.3 м.кв 3 өрөө орон сууц, 18 м.кв автозогсоолыг 2019 оны 6 сарын 04-ний өдрийн 19290546/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 19290546/02 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгчид үнийн санал өгөхийг мэдэгдэхэд 700.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Нэткапиатл финанс ББСБ” ХХК нь хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлүүлэхэд орон сууцыг 216.555.000 төгрөг, автозогсоолыг 25.000.000 төгрөг, нийт 241.555.000 төгрөгөөр үнэлсэн тул 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4/25053 дугаар албан бичгийг төлбөр төлөгчий 91912992 дугаарт холбогдон мэдэгдэж хаягаар баталгаат шууданд хийж, мөн охин Э.Шинэтуяад 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гардуулсан. Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 169.088.500 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр оруулахаар нийтэд зарласан боловч тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 сарын 21-ний өдрийн 13726 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны абадан дуудлага худалдаагаар худалдан борлуулаагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч П.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 52 дугаар байрны 2/201 тоот, 103.3 м.кв 3 өрөө орон сууц, 18 м.кв авто зогсоолыг үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай П.А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 .200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Орон сууцны үнэлгээ нь зах зээлийн бодит ханшаар хийгдсэн эсэхийг харьцуулах зорилгоор шүүхийн журмаар үнэлгээ хийлгэх хүсэлтийг гаргасан ба үнэлгээг тусгай мэдлэг бүхий, тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн үнэлгээчин иргэн, аж ахуйн нэгж хийх боломжтой юм. Гэтэл шүүх үнэлгээ хийлгэх хүсэлтийг хүлээн аваагүй атал нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасныг зөрчиж нэхэмжлэгчээс өөрийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох зорилгоор гаргасан хүсэлтийг хангахгүй  орхиж,  нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх эрхийг хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч П.А- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан орон сууц болон авто зогсоолыг үнэлсэн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2316 дугаар захирамжийн “П.А- 45.710.790 төгрөгийг "Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн” заалтын дагуу 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 183/ГХ2018/01286 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, төлбөр төлөгч П.А-ээс 45.710.790 төгрөг гаргуулан төлбөр авагч "Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-д олгох ажиллагаа явагдаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 19290546/01 тоот тогтоолоор барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 52 дугаар байрны 2/201 тоот, 103.3 м.кв 3 өрөө орон сууц, 18 м.кв автозогсоолыг битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19290546/02 тоот тогтоолоор хураажээ. /хх-ийн 41-43, 56, 62/

 Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгүүдийн санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-ийг үнэлгээчнээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 484 тоот дүгнэлтээр орон сууц, автозогсоолын өнөөгийн зах зээлийн бодит үнэ цэнийг орон сууцыг 216.555.000 төгрөг, автозогсоолыг 25.000.000 төгрөг, нийт 241.555.000 төгрөгөөр тодорхойлсон, НШШГГ- нь шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувь буюу 169.088.500 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай мэдэгдлийг нэхэмжлэгч П.А-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мэдэгдлээр хүргүүлснийг тэрээр хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мөн хуулийн 55.7 дах хэсэгт заасан 7 хоногийн дотор шүүхэд гаргасан байна. /хх-4, 67-78/

“Үнэлгээчин ямар аргачлал, үндэслэлээр уг орон сууцыг 216.555.000 төгрөгөөр үнэлсэн нь ойлгомжгүй, төлбөр төлөгчийн зүгээс хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэх тайлбарын үндэслэлээ нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Иймд хариуцагч НШШГГ- барьцаа хөрөнгийг үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар тооцож 169.088.500 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцжээ.

Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна шинжээч орон сууцны үнийг зах зээлийн аргаар тогтоосон, тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                          Б.НАРМАНДАХ

 

                                                                    Н.БАТЗОРИГ