Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/02152 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Д-гийн хариуцагч Н.Т-д холбогдуулан гаргасан Улаанбаатар хотын банк дахь 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ЭДҮГ2201/190305 дугаартай Эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу байршуулсан 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа болон өмнөх шүүх хуралдаанд өгсөн тайлбараа дэмжиж байна. 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Н.Т- бид хоёр ЭДҮГ2201/190305 дугаар бүхий Эскроу дансаар үйлчлэх гэрээ байгуулагч нэхэмжлэгч /худалдан авагч тал/ болох миний нэр дээр данс нээсэн. Худалдах, худалдан авах харилцаанд талуудын харилцан тохиролцсон нөхцөлийн тухайд санал зөрөлдсөн тул өөрийн мөнгөн хөрөнгө болох 50 000 000 төгрөгийг буцаан гарган авахыг хүссэн боловч хариуцагч Н.Т- зөвшөөрөхгүй байх тул Эскроу данснаас өөрийн хөрөнгөө гарган авч, өмчлөх эрхээ эдэлж чадахгүй байна.

Н.Т-д өгсөн мөнгөө буцаан гаргуулж авмаар байна. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн прокурорын тогтоолд надаас мөнгө аваад Н.Т-д өгснийг тогтоосон байгаа. Иймд Н.Т-аас Улаанбаатар хотын банк дахь 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ЭДҮГ2201/190305 дугаар бүхий Эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу байршуулсан 50 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Т- шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Д- гэдэг хүнийг Н.Т-ыг огт танихгүй. Б.Д-тэй цагдаа дээр очих хүртэл ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй. М.У гэдэг хүнтэй зээлийн харилцаатай. М.У нь Н.Т-аас 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 70 000 000 төгрөг зээлсэн. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр М.Ууганбаатар зээлийн төлөлт гэж 50 000 000 төгрөг өгөөд, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх хүсэлт гаргасан. Барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхөөс татгалзсан. Учир нь зээл хүү, алданги нийлээд 110 000 000 төгрөг болсон байсан. Алданги нь хоногийн 0.5 хувь байсан. Барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй гэсэн. Гэтэл Б.Д- гэдэг хүн ирж, миний мөнгө, төгрөг гэдэг асуудал яригдсан. Б.Д- нь цагдаад гомдол гаргасан ба цагдаа шалгаж, Н.Т- нь М.У-аас 50 000 000 төгрөгийг авсан байна гээд эрүүгийн хэрэг үүсгээгүй. Б.Д-гийн гомдлын дагуу цагдаа нар Н.Т-ын сейфнээс 50 000 000 төгрөгийг гаргуулаад банканд очиж, эскроу дансанд мөнгийг байршуулсан. Н.Т-, Б.Д- нар ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Н.Т- холбогдох Улаанбаатар хотын банк дахь 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ЭДҮГ2201/190305 дугаартай Эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу байршуулсан 50 000 000 төгрөг гаргуулах тухай Б.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Д- давж заалдах гомдолдоо:

... Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагчийн хүсэл зоригийн гэнэтийн өөрчлөлт нь нэхэмжлэгчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Хариуцагч, нэхэмжлэгч, гэрч бүгд хэлцлээс өмнөх төлөв байдалдаа шилжихийг би хүссэн. Харин хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй тул маргаан үүссэн. Эскроу данс нээсэн тул хариуцагчийн зөвшөөрөл, эсхүл шүүхийн шийдвэр гарч миний өмчлөх эрх хэрэгжих хуулийн зохицуулалттай тул процесс эхэлсэн. Намайг 50 000 000 төгрөгийн шударга, хууль ёсны өмчлөгч мөн хэмээн хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь Эскроу дансны гэрээгээр нотлогдоно. Цагдаагийн болон прокурорын байгууллагаас өмчлөгч нь би болохыг давхар тогтоосон үйл баримт байх боловч иргэний хэрэг байх тул эрүүгийн журмаар хянан шийдвэрлэхгүй хэмээн эцэслэн шийдвэрлэсэн. Хуулийн хүчин төгөлдөр Эскроу дансны гэрээ, прокурорын тогтоолыг шүүх үнэлсэнгүй. Прокурорын тогтоол, Эскроу дансны гэрээ нь хууль бус гэж шүүх үзэж нэхэмжлэлийн хүрээнээс хальсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргалаа. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч Н.Т-д холбогдуулан Улаанбаатар хотын банк дахь 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ЭДҮГ2201/190305 дугаартай Эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу байршуулсан 50 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч марган, Б.Д-гээс мөнгө аваагүй, эрх зүйн харилцаа үүсээгүй гэж татгалзлаа тайлбарлажээ.  

                                                            

            2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ЭДҮГ2201/190305 дугаартай Эскроу дансаар үйлчлэх гэрээгээр талууд 50 000 000 төгрөгийг Улаанбаатар хотын банкинд байршуулсан ба хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэрч М.Ууганбаатар нь хариуцагч Н.Т-аас 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 70 000 000 төгрөг зээлж, зээлээ төлж чадаагүйн улмаас 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Б.Д-гээс 50 000 000 төгрөгийг авч Н.Т-д өгсөн болох нь зохигчдын тайлбар болон гэрчийн мэдүүлэг, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын 409 дүгээр тогтоол, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаар прокурорын гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх108-110, 112-115/

 

            Тодруулбал, хариуцагч Н.Т-д М.Ууганбаатар зээлийн төлбөрөө төлсөн, харин Б.Д-гээс мөнгийг нь авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээргүй байна.

 

            Иймд нэхэмжлэгч Б.Д-, хариуцагч Н.Т- нарын хооронд эрх зүйн ямар нэгэн харилцаа үүсээгүй, хариуцагч Н.Т-ыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/02152 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                                Д.БАЙГАЛМАА

 

     А.ОТГОНЦЭЦЭГ