Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2024/00587

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 16 181/ШШ2024/00587

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 тоотод оршин суух, С овогт Ж-ийн А /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 байрлах, Э ХХК /РД:/-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: ******* нь 2018 оны 08 дугаар сараас хариуцагч компанид ажилласан. Гэвч ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль зүйн үндэслэлгүйгээр дуусгавар болгож нэхэмжлэгчийн хууль, эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаад гомдолтой байна. Өөрөө хэлбэл нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, *******-ны сахилгын журмын 9 дүгээр зүйлийн 9.1.5, нэхэмжлэгчтэй 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хугацаатай Хөдөлмөрийн гэрээ-ний 18.4.С заалтуудыг тус тус үндэслэсэн боловч нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 23/234 тушаалаар дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал нь ажил олгогч компанийн ямар нэг дүрэм журмыг зөрчөөгүй бөгөөд ажилдаа очиж чадаагүй үеийн бүхий учир шалтгааныг дүрэм журмын дагуу холбогдох албан тушаалтанд мэдэгдсэн, баримт нотолгоог албан бичгээр гаргаж өгсөн. Улмаар компанийн удирдлагуудтай харилцаа холбоотой байж асуудлаа цаг тухай бүрд нь мэдэгдэж байсан болно.

Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: ******* нь тус компанийн Далд уурхайн засвар үйлчилгээний хэлтэст 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн гүний уурхайн инженер засварчин, ахлах инженер засварчин, тоног төхөөрөмжийн шалгагч зэрэг ажлын байруудад *******-тай байгуулсан "Гүний уурхайн хөдөлгөөнт, хүнд өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ үзүүлэх" хугацаат гэрээний дагууд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан болно.

Тэрээр 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн нислэгээр ажлын байр болох Оюу Толгойн уурхайн талбар луу зорчих хуваарьтай байсан. Гэвч нислэгээс цөөн цагийн өмнө гэр бүлийн шалтгаанаар чөлөө авах хүсэлт ирүүлсэн. Төслийн менежер болон сайтын удирдлагын багаас чөлөөний шалтгааныг баталгаажуулах бичиг баримт ирүүлэхийг хүссэн боловч тэрээр ирүүлээгүй. 14/14 хуваарийн дагуу ажилладаг ажилтнуудын хувьд аливаа гэр бүлийн асуудлыг амрах хугацаандаа шийдэх боломжтой, мөн ажиллах хүчний төлөвлөлт урьдчилан хийгдсэн байдаг, бас шалтгаанаа баталгаажуулаагүй учраас гэнэтийн чөлөөний хүсэлт нь зөвшөөрөгдөөгүй.

Тухайн өдөр "Эпирок Монголиа ХХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн зүгээс ажилтны чөлөөний хүсэлт нь төслийн менежерийн зөвшөөрөлтэй байж баталгааждаг тухай болон компанийн дотоод журам, гарч болох эрсдлүүдийн талаар түүнтэй утсаар холбогдож, тайлбар мэдээлэл өгсөн. Гэвч тэрээр чөлөөний зөвшөөрөлгүйгээр ажилдаа яваагүй бөгөөд энэ талаар тайлбар мэдээлэл ирүүлэх хүсэлтийг хүний нөөцийн багаас утсаар холбогдож түүнд хүргүүлсэн. ******* өөрийн тайлбарыг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр и-мэйлээр ирүүлсэн. Тэрээр өөрийн хүсэлтийг баталгаажуулах бичиг баримтыг анх хүсэлт гаргасан өдрөөс хойш 7 хоногийн дараа буюу 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр компанид ирүүлсэн. Уг бичиг баримт нь хүүхдээ эмнэлэгт үзүүлсэн тухай эмнэлгийн хуудас байсан ба 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн огноотой байсан.

"Эпирок Монголиа" ХХК-ийн хүний нөөцийн баг энэхүү зөрчлийг дотоод журмын дагуу судалж шийдвэрлэхээр биечлэн уулзалт зохион байгуулах зорилгоор түүнтэй холбогдохыг хичээсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Ингээд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр фэйсбүүк хаягаар нь холбогдоход тэрээр Улаанбаатар хотод байхгүй байгаа ба 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш уулзах боломжтой тухай хариу ирүүлсэн.

2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ******* и-мэйлээр холбогдож, хүндэтгэх шалтгааны улмаас биеэр очиж чадахгүй, 09 дүгээр сарын 18-ны өдөр уулзах боломжтой тухайгаа мэдэгдэж, өөр хэлбэрээр шийдвэр мэдээлэгдэх боломжтой эсэхийг тодруулахад нь хүний нөөц, захиргааны менежер ******* хариу өгч, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цагаас цахимаар холбогдох тухай мэдэгдсэн боловч тэрээр цахимаар холбогдоогүй.

Энэ талаар хүний нөөц, захиргааны менежер ******* 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дахин асууж, и-мэйл хүргүүлсэн ч ******* хариулахдаа 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гадагшаа явсан ба 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Монголд буцаж ирэх тухайгаа дахин хэлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ******* хүний нөөц, захиргааны менежертэй утсаар холбогдож, уулзалтын товоо гарган, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр биечлэн ирж уулзсан ба уг асуудлын талаар ярилцаж, мэдээлэл тайлбар өгсөн. ******* нь тайлбарлахдаа нэгэнт надад чөлөө өгөөгүй учраас ямар шийдэл гаргахаа мэдэхгүй байсан тэгээд санхүүгийн шаардлагын улмаас 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Солонгос улсруу зорчиж ажил хийчихээд ирсэн гэсэн тайлбарыг өгсөн байдаг.

Амралт чөлөөний бодлого журам болон Хөдөлмөрийн гэрээнд "Ажилтан урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр 3 өдөр ажил тасалсан тохиолдол нь Ноцтой зөрчил"-д тооцогдож, ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах" талаар заасан байдаг. Судлан шалгасны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн бодлого журмын дагуу *******тай байгуулсан хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай захирлын тушаал 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөр гарч *******д 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр танилцуулсан. Энэ асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн ёс зүйн дүрэм, сахилгын журам, амралт чөлөөний журам зэрэг бүхий л холбогдох бодлого, дүрэм, журмын дагуу шалгаж шийдвэрлэсэн болно гэв.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас "Эпирок Монголиа" ХХК-ийн захирлын 2023.09.20-ны Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын хуулбар, *******н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022.09.01-ний өдрийн "Эпирок Монголиа" ХХК болон ажилтны хоорондох хугацаатай хөдөлмөрийн гэрээ, "Эпирок Монголиа" ХХК-ийн захирлын 2022.09.01-ний өдрийн 22/355 дугаар Хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны хуралдааны 2023.10.23-ны өдрийн 99 дугаар тэмдэглэл/шийдвэр, 2024.01.03-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, *******, Ш.Энхтүвшин нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, А.Н, А.З А.М нарын төрсний бүртгэлийн лавлагаа, *******гийн зээлийн мэдээллийн лавлагаа, Ш.Э-ий нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас "Эпирок Монголиа" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, "Эпирок Монголиа" ХХК-ийн Ёс зүйн дүрэм, Компанийн бодлого журмыг хүлээн авсан нотолгоо ба зөвшөөрсөн тухай баримт, "Эпирок Монголиа" ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, "Эпирок Монголиа" ХХК-ийн Ажил амралтын журам, "Эпирок Монголиа" ХХК-ийн Сахилгын журам, Зөрчлийн дэлгэрэнгүй мэдээлэл /шалгалтын баг/, 2023.09.19-ний өдрийн *******н ажил тасалсан гэх сахилгын зөрчлийг шалган тогтоох, уулзалтын тэмдэглэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн журмаар и-мэйлд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч *******ыг гэрчээр асууж авсан тэмдэглэл, Зөрчлийн дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагчийг ажлаас үндэслэлгүй халсан гэх үндэслэлээр дээрхи нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч ******* эс зөвшөөрч, ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь *******-ийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 23/243 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаж, 2023.10.23-ны өдрийн 99 дугаар тэмдэглэлээр хариу авч, шүүхэд 2023.10.26-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хуулийн 154 дугаар зүйлийн 154.2, 154.2.1, 154.8заасан гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна. /хавтаст хэргийн 2 ар тал, 26-28 хуудас/

 

******* нь 2018 оноос эхлэн *******-д ажилласан бөгөөд "Эпирок Монголиа" ХХК-ийн захирлын 2022.09.01-ний өдрийн 22/355 дугаар Хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, 2022.09.01-ний Хугацаатай хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой байгуулж, Ахлах инженер засварчин-аар ажиллажээ. /хавтаст хэргийн 25, 7-24 хуудас/

 

2. *******-ийн захирлын захирлын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 23/243 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, *******-ийн Сахилгын журам-ын 9.1.5, 2022.09.01-ний өдрийн Хугацаатай хөдөлмөрийн гэрээний 18.4-ын с заалтуудыг үндэслэн ******* нь Ажил олгогчийн Амралт чөлөөний журам, Эмпирок группийн Ёс зүйн дүрэм болон Хугацаатай хөдөлмөрийн гэрээг тус тус зөрчсөн нь нотлогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023.09.20-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ. /хавтаст хэргийн 4 хуудас/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2022.09.01-ний өдрийн Хугацаатай Хөдөлмөрийн гэрээний 18.4-д гэрээг шууд цуцлах Ноцтой зөрчил-ийг нэрлэн заасан байх бөгөөд 18.4-ын с-д Ажил таслах, Ажил олгогчид шалтгаанаа урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр сард гурав /3/ ажлын өдөр ажилдаа ирэхгүй тасалсан гэжээ.

 

******* нь Уртын ээлжээр нэг ээлжид 14 хоног ажил үүргээ гүйцэтгэж, 14 хоног амардаг бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн нислэгээр ажлын байр болох Оюу Толгойн уурхайн талбар луу зорчих хуваарьтай байсан боловч ажилдаа очоогүй, 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр төв оффист очиж уулзсан талаар зохигч маргаагүй.

 

3. Зохигч чөлөө олгосон эсэх талаар маргаж байна.

 

Нэхэмжлэгч ******* нь хүүхдийн чих өвдсөний улмаас хүүхдээ асрах шаардлагатай болж, 2023.08.23-ны өдөр ахлах ажилтан *******од ажилдаа явах боломжгүй болсон тухайгаа мэдэгдсэний дагуу нислэгийн хуваарийг 2023.08.28-ны өдрийг хүртэл хойшлуулсан боловч, 26-ны өдөр нислэгийг цуцалсан тул чөлөө олгосон гэж тайлбарлаж байна.

 

Ажил олгогч *******-ийн Амралт чөлөөний журам-ын 4 дүгээр зүйлд заасан Үүрэг хариуцлагаас үзэхэд, 4.1.Ажилтан чөлөө хүсэхдээ зохих мэдэгдэл өгч, Системээр дамжуулж хүсэлтээ гаргана, шаардлагатай үед холбогдох баримтуудыг гаргаж өгөх үүрэгтэй, 4.2.Шууд удирдлага нь зүй ёсны чөлөө авах хүсэлтийг батламжлах, холбогдох баримт бичгүүдийг хүний нөөцөд гаргаж өгөх, - хэлтсийн админуудад ажилтны батлагдсан чөлөөний талаар мэдэгдэх үүрэгтэй. 4.3.Дээд удирдлага нь: ажилтаны амралт чөлөө олгох эсэхийг амралт, чөлөө олгох журмын дагуу шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлэх, -ажилтан урт хугацааны амралт, чөлөө авах тохиолдолд ажлын байранд ажиллах хүнийг компанийн журмын дагуу шийдвэрлэх үүрэгтэй, 4.4.Ерөнхий менежер: шаардлагатай тохиолдолд түр зогсолтын амралт чөлөөг хянах, батлах үүрэгтэй, 4.5. Хүний нөөц нь: ажилтнуудын амралт, чөлөөг энэхүү амралт, чөлөө авах журам, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шийдвэрлэх, - амралт чөлөөний бүх бүртгэлийг хөтлөх, - ажилтнуудын амралт, чөлөөг удирдах, урт хугацааны амралт чөлөөтэй байгаа ажилтны оронд хүн сонгон ажиллуулахад нь менежерүүдэд туслах үүрэгтэй байхаар, мөн 5.1-д Ажилтан чөлөө авах тохиолдолд Системээр дамжуулан хүсэлт гаргаж, батлуулах шаардлагатай байхаар зохицуулжээ. /хавтаст хэргийн 71-74 хуудас/

 

Энэхүү журмаас үзэхэд Ажилтан чөлөө авах тохиолдолд Системээр дамжуулан хүсэлтээ гаргаж, холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөх үүрэгтэй байх бөгөөд шууд удирдлага нь ажилтны чөлөөний хүсэлт, холбогдох баримт бичгүүдийг дээд удирдлага, хүний нөөцөд дамжуулан уламжлах, дээд удирдлага болон хүний нөөцөөс чөлөөг баталгаажуулах буюу чөлөө олгосон шийдвэрийг гаргадаг байна.

 

Нэхэмжлэгч ******* нь 2023.08.23-ны өдөр ахлах ажилтан *******од гэр бүлийн шалтгаанаар 4-5 хоногийн чөлөө авах хүсэлтийг чатаар мэдэгдэж, тухайн нислэгээр ажилдаа явах боломжгүй гэсний дагуу ахлах ажилтан ******* нь нислэгийн хуваарийг түр хойшлуулж, чөлөө олгогдоогүй тул хүний нөөцөд холбогдох баримтаа өгч чөлөөний асуудлаа шийдвэрлүүлэхийг *******д мэдэгдсэн болох нь гэрч *******ын мэдүүлгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 130-133 хуудас/

 

Гэвч ******* нь хүний нөөцөд чөлөөний хүсэлт, холбогдох баримтаа ирүүлээгүй, хүний нөөцөөс *******тай утсаар холбогдож тайлбар, баримтаа ирүүлэхийг хүсэхэд 2023.08.29-ны өдөр и-мэйлээр тайлбараа бичиж, 2023.08.27-ны өдөр хүүхдээ эмнэлэгт үзүүлсэн тухай эмнэлэгийн хуудсыг хавсарган ирүүлсэн, Хүний нөөцөөс *******гийн ажилдаа ирэхгүй байгаа шалтгааныг тодруулахаар холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй, фэйсбүүкээр холбогдоход ******* нь БНСУ-д байгаа тул 2023.09.18-ны өдрөөс хойш Монгол улсад очихоо мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч *******ын мэдүүлэг, и-мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шалгалтын багийн Зөрчлийн судалгааны тайлан зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 124-133,110-112 хуудас/

Иймээс ажилтан *******г 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр чөлөө авах талаар мэдэгдсэн хэдий ч зохих ёсоор чөлөөний хүсэлт, холбогдох баримтаа гаргаж өгөөгүй, чөлөө олгогдоогүй байхад ажилдаа ирээгүй, 2023.08.23-ны өдрөөс 2023.09.19-ний өдрийг хүртэл хугацаанд ажил тасалсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Ажил олгогч Эпирок Монголиа ХХК-иас томилогдсон сахилгын зөрчлийг шалгах баг нь ажилтан *******н сахилгын зөрчлийг шалгаж, *******гаас тайлбар авч, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь *******-ийн Сахилгын журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* нь Эпирок Монголиа ХХК-ийн Амралт чөлөөний журам-тай танилцсан, ахлах ажилтан ******* *******д чөлөө олгогдоогүй тул хүний нөөцөд холбогдох баримтаа өгч чөлөөний асуудлаа шийдвэрлэхийг мэдэгдсэн байх тул нэхэмжлэгчийн ахлах ажилтан *******од мэдэгдэж нислэгийн хуваарийг хойшлуулсан, нислэг цуцлагдсныг чөлөө олгосон гэж ойлгосон гэх тайлбар үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч *******г хамтын хэлэлцээр байгуулах үйл ажиллагаатай холбоотойгоор ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

*******-ийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах заалтууд болон хөдөлмөрийн гэрээний сахилгын ноцтой зөрчлийг тодорхойлсон заалтыг үндэслэсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тушаалд үндэслэлээ тодорхой заагаагүй, 80 дугаар зүйлийн холбогдох заалтыг баримтлаагүй тул хүчингүй болгох үндэслэлтэй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

5. Нэхэмжлэгч ******* нь Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ажлын 3 хоног ажил таслах ноцтой зөрчлийг гаргасан тул хариуцагч *******-ийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 23/243 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч *******н ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******н нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******н нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА