| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 106/2017/0459/Э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 28
У.Ө-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 461 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 912 дугаар магадлалтай, У.Ө-т холбогдох 1705000000111 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Багшбаярын гаргасан дүгнэлтийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, ургийн овог тогтоолгоогүй У-гийн Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан” гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч У.Ө-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгорын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Багшбаяр гаргасан дүгнэлтдээ “...У.Ө нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн Х тоот иргэн Я.Б-гийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч Пуна загварын 46 инчийн зурагтыг хулгайлан авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 461 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэтэл У.Ө нь ганцаараа 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн Х тоотод оршин суух Ч.М-ын гэрийн хаалгыг тусгайлан бэлтгэсэн арматур төмрөөр хөшин нэвтэрч Шарп брендийн 42 инчийн зурагт, Делл брендийн зөөврийн компьютер зэргийг хууль бусаар авсан,
2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 29 дүгээр гудамжинд байсан Б.А-гийн ХХ ХХ УНТ улсын дугаартай Тоёота Харриер загварын автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, хэргийн газрыг зориуд орхин зугтаасан,
2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн Х тоотод суух Т.С-ийн гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч ЛЖ-42 инчийн зурагтыг хууль бусаар авсан,
2017 оны 07 дугаар сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмрийг тусгайлан бэлтгэсэн отвёркаар хөшин нэвтэрч бэлэн мөнгө, гар утас, утасны нэгж зэрэг эд хөрөнгийг хууль бусаар авсан,
2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Х тоотод суух Ч.Э-гийн байшингийн цонхны төмрийг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч Скайворд-32 инчийн зурагтыг хууль бусаар авсан,
2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы Х тоотод суух Б.С-ийн гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч Самсунг загварын 40 инчийн зурагт, флаш диск зэрэг эд хөрөнгийг хууль бусаар авсан,
бусадтай бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 64 дүгээр дэлгүүрийн хажууд байх иргэн С.О-ийн ТҮЦ-ний цонхны хаалт төмрийг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч 300,000 төгрөгийг хууль бусаар авсан,
бусадтай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн задгайд суух Ч.Б-гийн гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч 42 инчийн зурагтыг хууль бусаар авсан,
бусадтай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы Х тоотод суух Б.Б-ийн гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч Самсунг-42 инчийн зурагтыг хууль бусаар авсан,
бусадтай бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн Х тоотод суух Н.Т-ийн гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч, Самсунг-42 инчийн зурагт хууль бусаар авсан,
бусадтай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн автобусны дунд буудлын орчимд иргэн Д.П-д хүч хэрэглэн довтолж С-1100 загварын гар утас, Жордан-6 загварын пүүз, арьсан хэтэвч зэрэг эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдсон байх тул 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар У.Ө-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 1706012210192 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд У.Ө нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгт 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 461 дүгээр шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн нь шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан үндэслэл тогтоогдож байх тул У.Ө-т холбогдох эрүүгийн 1705000000111 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 461 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үндэслэлээр прокурорт буцаалгахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 461 дүгээр шийтгэх тогтоолоор У.Ө-г бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Гэтэл үүнээс өмнө 10 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан, 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн болох нь дээрх шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн. Хэрэв шийтгэх тогтоолыг хүчингүй болгохгүйгээр хэргийг шийдвэрлэвэл шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохоор байгаа юм. Мөн уг дүгнэлтэд ороогүй үйлдэл бас шинээр илэрсэн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
У.Ө нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн Х тоотод оршин суух Я.Б-гийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч “Пуна” загварын 46 инчийн зурагтыг хулгайлсан үйлдэлдээ 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Прокурорын дүгнэлтийг үндэслэн хэргийн материалыг хянахад У.Ө нь дээрх гэмт хэрэгт ял шийтгүүлэхээс өмнө ганцаараа 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн Х тоотод оршин суух Ч.М-ын гэрийн хаалгыг тусгайлан бэлтгэсэн арматур төмрөөр хөшин нэвтэрч Шарп загварын 42 инчийн зурагт, Делл загварын зөөврийн компьютер зэргийг хууль бусаар авсан,
2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн Х тоотод оршин суух Т.С-ийн гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч ЛЖ загварын 42 инчийн зурагтыг хууль бусаар авсан,
2017 оны 07 дугаар сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” хүнсний дэлгүүрийн цонхны хаалт төмрийг тусгайлан бэлтгэсэн отвёрткаар хөшин нэвтэрч бэлэн мөнгө, гар утас, утасны нэгж зэрэг эд хөрөнгийг хууль бусаар авсан,
2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Х тоотод оршин суух Ч.Э-ын байшингийн цонхны төмрийг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч Скайворд загварын 32 инчийн зурагтыг хууль бусаар авсан,
2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы Х тоотод оршин суух Б.С-ийн гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч Самсунг загварын 40 инчийн зурагт, флаш диск зэрэг эд хөрөнгийг хууль бусаар авсан,
бусадтай бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 64 дүгээр дэлгүүрийн хажууд байх иргэн С.О-ийн ТҮЦ-ний цонхны хаалт төмрийг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч 300,000 төгрөгийг хууль бусаар авсан,
бусадтай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн задгайд оршин суух Ч.Б-гийн гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч 42 инчийн зурагтыг хууль бусаар авсан,
бусадтай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы Х тоотод оршин суух Б.Б-ийн гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч Самсунг загварын 42 инчийн зурагтыг хууль бусаар авсан,
бусадтай бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн Х тоотод оршин суух Н.Т-ийн гэрийн хаалгыг зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшин нэвтэрч, Самсунг загварын 42 инчийн зурагтыг хууль бусаар авсан болон бусадтай бүлэглэн дээрэмдэх, автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэргүүдэд холбогдон шалгагдаж байгаа бөгөөд шүүхээс бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцогдсон тохиолдолд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 461 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 912 дугаар магадлалаар хянан шийдвэрлэсэн У.Ө-т холбогдох хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хүндрүүлэх шинжүүдээр зүйлчлэгдэж болох нөхцөл байдал үүссэн байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “...хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” тохиолдол нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохоор хуульчилжээ.
У.Ө-т холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоол гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарч, түүний ял шийтгүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл хүндрэх нөхцөл байдал шинээр илэрсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Харин прокурорын дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэж болохгүй талаарх үндэслэл хууль зүйн үндэслэлгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан нөхцөл байдал шинээр илэрсэн тул прокурорын дүгнэлтийг дээр дурдсан үндэслэлүүдээр хүлээн авч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 461 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 912 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, У.Ө-т холбогдох 1705000000111 дугаартай эрүүгийн хэрэгт 1706012210192 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4, 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Багшбаярын шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 461 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 912 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
2. У.Ө-т холбогдох 1705000000111 дугаартай эрүүгийн хэрэгт 1706012210192 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэн шалгуулахаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН