Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 490

 

Г.Г-, Д.А-нарын                                                                               нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Д.Дэлгэрцэцэг    даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02382 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Г-, Д.А-нарын нэхэмжлэлтэй, хариуцагч АШУҮИС-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамц, түүний өмгөөлөгч Д.Наранбулаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Ж.Батзоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Г-, Д.А-нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г-, Д.А-бид АШУҮИС-д ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Ж.Цолмон захиралийн үүрэг гүйцэтгэгчээр БСШУЯ-наас томилогдсон ирсэн. Үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар Хангамж үйлчилгээний газрын дарга хийж байсан Ц.Батхуяг даргыг үндэслэлгүйгээр ажлаас халж н.Цэвээндоржийг ажилд авсан. Энэ хүн нь ажилд орсон цагаасаа хойш дарамталдаг, 2018 оны 8 дугаар сарын 27-нд БСШУЯ-ны гадаа АШУҮИС-ийн тогтвортой хөгжил үйлдвэрчний эвлэлийн түр хорооны цуглаанд оролцож байх үед Г.Г- намайг дарамталж, өдөр 1 цагт халагдсан тушаалаа аваарай гээд явсан бөгөөд энэ өдрөөс хойш 1 хоногийн дараа тушаал гарч ажлаас халагдсан. Халагдах Б/102 дугаартай тушаалаар Үнэлгээний хороонд орж ажиллахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээний худалдан авах хуулийг зөрчиж тендер шалгаруулж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлээгүй төрийн ашиг сонирхлыг дээдлэх зарчим алдагдуулсан гэж 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс ХҮГазрын мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж,  миний албан үүрэгт үл хамаарах үндэслэлийг зааж миний хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан. Иймд Г.Гантулгыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Д.А-нь 1997 онд АУИС-д орж 2004 онд хүний эх эмчээр төгссөн. 2005-2007 онд ЭМШУҮИС-д хөх, умайн хүзүүний талаарх өрхийн эмч нарын мэдлэг хандлага сэдвээр магистрын зэрэг, 2015 онд АШУИС-д Хөхний өмөнгөөр өвчлөгсдийн амьдрах чадварын судалгаа сэдвээр анагаахын ухааны докторын зэргээ тус тус хамгаалсан. Тус их сургуульд АШУИС-н НЭМС, Эпидемиологи биостатискийн тэнхимд багшаар ажиллан 2005 оноос Судалгааны арга зүй, Эпидемиолог сэдвээр, чиглэлээр оюутан, резидэнт, магистрант, докторантыг өнөөг хүртэл 12 жил удирдан багшилж байна. 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Б/38 тоот АШУҮИС-ийн захирлын тушаалын 6 дахь хэсгээр Д.А-намайг Шинжлэх ухаан технологийн Газрын даргаар томилж багшийн цагийн ачаалалын 40 хувиар тооцож ажилласан. Шинжлэх ухаан технологийн газрын даргаар ажиллах хугацаанд АШУҮИС-ийн цөм лаборатори, Гарааны компани, Их сургууль дээр хэрэгжиж буй төсөл, АШУҮИС-ий бусад ажлуудыг хариуцан ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Б/84 тоот тушаалаар Шинжлэх ухааны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж багшийн ажилд түр томилох тушаал гаргасан нь хууль бус байна. Миний эрх ашгийг зөрчсөн, үндэслэлгүй ойлгомжгүй байх тул үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхлэж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Гантулгын тухайд: ...Тэрээр Үнэлгээний хороонд ажиллахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээний худалдан авах хуулийг зөрчиж тендер шалгаруулсан, байгууллагад хохирол учруулсан тул АШУҮИС-ийн захиралын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/102 тоот тушаалаар Хангамж үйлчилгээний газрын мэргэжилтэний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Энэ тушаал нь үндэслэлтэйн дээр Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газраас хийсэн шалгалтаар түүний гаргасан зөрчил мөн тогтоогдсон. Г.Г- 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа авсан талаараа нэхэмжлэлдээ дурьдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дах хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна. Иймд Г.Г-д авсан сахилгын арга хэмжээ нь түүний гаргасан зөрчилд тохирсон, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Д.Ангармөрөний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүйн зэрэгцээ одоо ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа ба ажлаас чөлөөлөгдөөгүй болно. Д.Ангармөрөнгийн Г.Г-тай хамтатган гаргасан нэхэмжлэлийн агуулга нь мөн хуулийн 128.1 дэх хэсэгт заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3, 65.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан. Мөн Д.Ангармөрөнгийн АШУҮИС-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, агуулга, үндэслэл тодорхойгүйн зэрэгцээ хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Анагаахын шинжлэх ухааны их сургуульд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай Г.Г-, Д.А-нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Г-, Д.А-нарын шүүхэд гаргасан шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамц, тэдгээрийн өмгөөлөгч Д.Наранбулаг нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хуралд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Наранбулаг нь хуралтай давхцсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг баримтын хамт ирүүлсэн. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамц өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох, өмгөөлүүлэх эрхээр хангуулах хүсэлтийг гаргахад шүүх хангаагүйд гомдолтой байна. Г.Г-, Д.А-нар нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр буюу ажлаас чөлөөлөх тушаал гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 10627 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Энэ өдрөөс эхлэн Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.4, 79 дүгээр зүйлийн 79.7 дах хэсэгт заасны дагуу 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргасан. 2019 оны  1 дүгээр сарын 17-ны өдрийн 1023 дугаар захирамжинд гомдол гаргаагүй. Энэ захирамжид гомдол гаргаагүй учир хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн мэт буруу дүгнэлт хийсэнд гомдолтой. Гэтэл анхан шатны шүүх ажлаас буруу халсан, ажилд эргүүлэн тогтоолгох энэ нэхэмжлэлийг заавал эхлээд маргаан таслах комиссоор шийдвэрлүүлээгүй гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 125.1 дэх хэсэгт заасан заалт маргаан таслах комисс шүүх тус тусын харьялалаар шийдвэрлэнэ гэж заасан. Түүнээс биш ажилтан заавал эхлээд маргаан таслах комиссоор, дараа шүүхээр шийдвэрлүүлэнэ гэж хуульчлаагүй. Нэхэмжлэгч нарын шүүхэд хандсанг энэ үндэслэлээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Г.Г-, Д.А-нар нь ажлаас буруу халсан гомдол нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасныг үндэслэн гаргасан. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй заалт юм. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэснийг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан  зөвтгөх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд холбогдуулан урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 01023 дугаар захирамжаар хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд холбогдох нэхэмжлэгч Г.Г-, Д.А-нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгчийн дээрх захирамжид нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй учраас уг захирамж хүчин төгөлдөр болж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахад саад болж буй зөрчлийг арилгаж, 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан тул шүүх 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 01023 дугаар захирамжаас үзэхэд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлд Г.Г-, Д.А-нар гарын үсэг зураагүй гэж дүгнэсэн байх боловч 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Г.Г-, Д.А-нараас энэ хэрэгт тэднийг төлөөлөх итгэмжлэл О.Ёндонжамцадад олгосон, улмаар хэнд холбогдох хэрэгт олгосон итгэмжлэл болохыг тодруулж дахин 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр итгэмжлэл олгосон зэргээс үзэхэд  2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан гарын үсэг зурагдаагүй гэх нэхэмжлэлээр илэрхийлсэн нэхэмжлэгч нарын хүсэл зориг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн болон 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэлээр илэрхийлэгдсэн гэж үзэх тул нэхэмжлэгч нар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь дээрх байдлаар хууль зүйн үндэслэлгүй болжээ.

1.Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч АШУҮИС-ийн захирлын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/52 тоот тушаалаар хангамж үйлчилгээний газрын мэргэжилтэнээр томилогдон ажиллаж байгаад  захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын   28-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/102 тоот тушаалаар Хангамж үйлчилгээний газрын мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.

Ажил олгогчийн дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 2.9, 8.1, 8.2.5, 8.8-д заасныг баримталж, Г.Г- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээний худалдан авах хуулийг зөрчиж тендер шалгаруулсан, байгууллагад хохирол учруулсан гэсэн үндэслэл заажээ.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй ба ийнхүү зөрчил, буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэзээ  гаргасан, гаргасан гэх зөрчил нь тодорхой тогтоогдсон байхаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасан сахилгын зөрчлийг гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах тухай шаардлагыг хангасан байх учиртай.

Гэвч Г.Г- нь Үнэлгээний хороонд ажиллахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээний худалдан авах хуулийг зөрчиж тендер шалгаруулсан, байгууллагад хохирол учруулсан, Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газраас хийсэн шалгалтаар түүний гаргасан зөрчил тогтоогдсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, тайлбар, татгалзлаа нотлох үүргийг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгжүүлээгүй байна.

Хэрэгт АШУҮИС-ийн удирдах зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл, Мэргэжлын хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн албан шаардлага, мөрдөгчийн 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн албан бичиг зэрэг нотлох баримт авагдсан байх боловч эдгээр нотлох баримтуудад Г.Гантулгын гаргасан гэх зөрчлийн талаар дурдагдаагүй, энэ хэрэгт хамааралтай гэж үзэхээргүй байхаас гадна ажил олгогчийн дээрх тушаалын үндэслэл болоогүй байна.

 Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Г.Г- нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу хариуцагчийн тушаалд заасан үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад ажил олгогч түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр цуцалсан нь  хууль бус гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж  Г.Гантулгыг  ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцнэ гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.Гантулгыг  ажлаас чөлөөлсөн 2018оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс  давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдөр хүртэл хугацаагаар ажилгүй байсан хугацааг тооцох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцэх бөгөөд түүний сүүлийн 3  сарын дундаж цалин 1.182.662 /1.083.500 + 1.083.500 + 1.380.988/3 / болох ба нийт 18 сарын / 2018 оны 8 сараас 2020 оны 2 сарыг хүртэл/ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 21.287.916 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч Д.А-нь АШУҮИС-ийн НЭМС-ийн Эпидемиологи биостатискийн тэнхимд ахлах багшаар  ажилладаг  бөгөөд сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/38 тоот тушаалаар Шинжлэх ухаан технологийн газрын даргаар томилж, багшийн цагийн ачааллыг 40 хувиар тооцон ажиллаж байгаад  /хх-99/ захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/84 тоот тушаалаар хавсран ажиллаж байгаа Шинжлэх ухаан технологийн газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөн, тэнхимийн ахлах багшийн үүрэгт ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-65, 112/

 

Нэхэмжлэгч Д.Ангармөрөнгийн нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд тэрээр Шинжлэх ухаан технологийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөнийг эс зөвшөөрсөн буюу ажил олгогчийн санаачилгаар өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол гаргасан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Ангармөрөнгийн нэхэмжлэлийг зөв тодорхойлолгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж хууль хэрэглээний алдаа гаргажээ.

Нэхэмжлэгч Д.А-нь тэнхимийн ахлах багшийн үндсэн  ажилтан бөгөөд түүнийг заавал өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй гэж үзэхгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “...ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно” гэх зохицуулалт нь ажил олгогчид үүрэг болгосон заалт биш бөгөөд ажилтны ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулахгүй ч  байж болох нь ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал тул АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/84 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Ангармөрөнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийн хувьд хэвээр үлдээж, харин дүгнэлтийг дээрх байдлаар өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/02382 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Гантулгыг АШУҮИС-ийн Хангамж үйлчилгээний газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 21 287 916  төгрөгийг хариуцагч АШУҮИС-аас гаргуулж нэхэмжлэгч Г.Г-д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлөхийг хариуцагч АШУҮИС-д даалгаж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул өөр ажилд буруу шилжүүлснийг тогтоож, Шинжлэх ухаан технологийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговрыг гагуулах тухай нэхэмжлэгч Д.Ангармөрөнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ    

                                                          ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ      

                                                                                                            Н.БАТЗОРИГ