Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2019/02382

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Г,

 

Нэхэмжлэгч: Д.А нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо Зоригийн гудамж өөрийн байранд байрлах, АШИҮИСд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Ж.Батзоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Г, Д.А бид АШУҮИС-д ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэдэг. 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Ж.Цолмон захиралийн үүрэг гүйцэтгэгчээр БСШУЯ-наас томилогдсон ирсэн.

Үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар Хангамж үйлчилгээний газрын дарга хийж байсан Ц.Батхуяг даргыг үндэслэлгүйгээр ажлаас халж н.Цэвээндоржийг ажилд авсан. Энэ хүн нь ажилд орсон цагаасаа хойш дарамталдаг, 2018 оны 08 дугаар сарын 27-нд БСШУЯ-ны гадаа АШУҮИС-ийн тогтвортой хөгжил үйлдвэрчний эвлэлийн түр хорооны цуглаанд оролцож байх үед Г.Г намайг дарамталж, өдөр 1 цагт халагдсан тушаалаа аваарай гээд явсан бөгөөд энэ өдрөөс хойш 1 хоногийн дараа тушаал гарч ажлаас халагдсан.

Халагдах Б/102 дугаартай тушаалаар Үнэлгээний хороонд орж ажиллахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээний худалдан авах хуулийг зөрчиж тендер шалгаруулж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлээгүй төрийн ашиг сонирхлыг дээдлэх зарчим алдагдуулсан тул 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс ХҮГазрын мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэж миний албан үүрэгт үл хамаарах үндэслэлийг зааж миний хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан.

Иймд Г.Г би ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Д.А нь 1997 онд АУИС-д орж 2004 онд хүний эх эмчээр төгссөн. 2005-2007 онд ЭМШУҮИС-д хөх, умайн хүзүүний талаарх өрхийн эмч нарын мэдлэг хандлага сэдвээр магистрын зэрэг, 2015 онд АШУИС-д Хөхний өмөнгөөр өвчлөгсдийн амьдрах чадварын судалгаа сэдвээр АУ-ны докторын зэргээ тус тус хамгаалсан.

Тус их сургуульд АШУИС-н НЭМС, Эпидемиологи биостатискийн тэнхимд багшаар ажиллан 2005 оноос Судалгааны арга зүй, Эпидемиологсэдвээр, чиглэлээр оюутан, резидэнт, магистрант, докторантыг өнөөг хүртэл 12 жил удирдан багшилж байна.

2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Б/38 тоот АШУҮИС-н захирлын тушаалын 6 дахь хэсгээр Д.А намайг Шинжлэх ухаан технологийн Газрын даргаар томилж багшийн цагийн ачаалалын 40%-иар тооцож ажилласан. Шинжлэх ухаан технологийн газрын даргаар ажиллах хугацаанд АШУҮИС-ийн цөм лаборатори, Гарааны компани, Их сургууль дээр хэрэгжиж буй төсөл, АШУҮИС-ий бусад ажлуудыг хариуцан ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан.

2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Б/84 тоот тушаалаар Шинжлэх ухааны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж багшийн ажилд түр томилох тушаал гаргасан нь хууль бус байна. Миний эрх ашгийг зөрчсөн, үндэслэлгүй ойлгомжгүй байх тул үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхлэж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. /хх-1-2/

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Гантулгын тухайд: ...Тэрээр Үнэлгээний хороонд ажиллахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээний худалдан авах хуулийг зөрчиж тендер шалгаруулсан, байгууллагад хохирол учруулсан тул АШУҮИС-ийн захиралын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/102 тоот тушаалаар Хангамж үйлчилгээний газрын мэргэжилтэний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.

Энэ тушаал нь үндэслэлтэйн дээр Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газраас хийсэн шалгалтаар түүний гаргасан зөрчил мөн тогтоогдсон. Г.Г 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа авсан талаараа нэхэмжлэлдээ дурьдсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан заалтыг зөрчсөн байна.

Иймд Г.Гд авсан сахилгын арга хэмжэээ нь түүний гаргасан зөрчилд тохирсон, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. /хх-31/

Нэхэмжлэгч Д.Аий тухайд: түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүйн зэрэгцээ одоо ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа ба ажлаас чөлөөлөгдөөгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 126.1 дэх хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр зааснаар бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх тутамд хянан шийдвэрлэнэ, 127.1 дэх хэсэгт ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авсанаас хойш 10 хоногийн дотор зохих дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй гэж заасан ба Д.А болон Г.Гтай хамтатган гаргасан нэхэмжлэлийн агуулга нь мөн хуулийн 128.1 дэх хэсэгт заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал мөн хуулийн 65.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан.

Мөн Д.Аий АШУҮИС-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, агуулга, үндэслэл тодорхойгүйн зэрэгцээ хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-32/

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г, Д.А нар нь хариуцагч АШИҮИСд холбогдуулан урьд эрхлэж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нараас ...хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаагүй тодорхой үндэслэл, шалтгаангүйгээр үүрэгт ажлаас чөлөөлсөн гэж,

-хариуцагч Анагаахын шинжлэх ухааны их сургууль нь ...нэхэмжлэгч нар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй, хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй, хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, Г.Г нь Үнэлгээний хороонд ажиллахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээний худалдан авах хуулийг зөрчиж тендер шалгаруулсан, байгууллагад хохирол учруулсан, Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газраас хийсэн шалгалтаар түүний гаргасан зөрчил тогтоогдсон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, мөн Д.А нь хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.Агийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх4/, АШУҮИС-ын Захирлын 2018.08.20-ны өдрийн Б/84 тоот тушаал /хх-5/, Г.Гантулгын нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх7-8/, АШУҮИС-ын Захирлын 2018.08.28-ны өдрийн Б/102 тоот тушаал /хх-9/, 2014.10.01-ний өдөр Г.Гтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /хх11-14/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.01.17-ны өдрийн 01023 дугаар захирамж /хх15-16/, ,

хариуцагч АШУҮИС-ын Захирлын 2016.08.15-ны өдрийн А/100 тоот тушаал, хавсралт /хх34-45/, АШУҮИС-ын дүрэм /хх46-53/, АШУҮИС-ын Захирлын 2017.11.06-ны өдрийн Б/38 тоот тушаал /хх63-66/, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирлын 2008.09.03-ны өдрийн Б/19 тоот тушаал, хавсралт /хх67-69/, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирлын 2013.10.29-ний өдрийн Б/23 тоот тушаал, хавсралт /хх70-72/, АШУҮИС-ын Захирлын 2018.08.28-ны өдрийн Б/102 тоот тушаал /хх73/, АШУҮИС-ын Захирлын 2018.08.20-ны өдрийн Б/84 тоот тушаал /хх74/, 2014.10.01-ний өдөр Г.Гтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /хх75-78/, Г.Гантулгын ажлын байрны тодорхойлолт /хх79-80/, АШУҮИС-ын Захирлын 2018.10.22-ны өдрийн А/152 тоот тушаалын хавсралт /хх93-94/, Д.Агийн төрийн албан хаагчийн анкет /хх95-97/, АШУҮИС-ын Захирлын 2017.11.06-ны өдрийн Б/38 тоот тушаал /хх98-100/, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирлын 2008.09.03-ны өдрийн Б/19 тоот тушаал, хавсралт /хх101-102/, Удирдах зөвлөлийн 2016.05.13-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх103-110/, АШУҮИС-ын Захирлын 2017.01.02-ны өдрийн А/02 тоот тушаал /хх111/, АШУҮИС-ын Захирлын 2018.08.20-ны өдрийн Б/84 тоот тушаал /хх112/, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2018.10.08-ны өдрийн 05/078/249 тоот албан шаардлага /хх113-114/, Г.Гантулгын төрийн албан хаагчийн анкет /хх115-117/, 2014.10.01-ний өдөр Г.Гтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /хх122-125/, 2019.01.13-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол /хх135/, Авлигатай тэмцэх газрын 2019.05.09-ний өдрийн 06/1741 дугаар албан тоот /хх136/, Д.Агийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх138-141/, АШУҮИС-ын Захирлын 2017.11.06-ны өдрийн Б/38 тоот тушаал /хх142-144/, АШУҮИС-ын Захирлын 2018.08.20-ны өдрийн Б/84 тоот тушаал /хх145/, АШУҮИС нийгмийн эрүүл мэнд сургуулийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 3-р сарын тайлан /хх146-148/, АШУҮИС-ын Захирлын 2018.08.28-ны өдрийн Б/102 тоот тушаал /хх149/, БСШУС-ын сайдын 2018.07.09-ний өдрийн Б/063 тоот тушаал /хх160-161/, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2019.07.26-ны өдрийн 441 дугаартай албан бичиг /хх188/, АШУҮИС-ын Захирлын 2017.03.07-ны А/32 тоот тушаал, хавсралт /хх201-202/, АШУҮИС-ын Захирлын 2017.01.02-ны өдрийн А/02 тоот тушаал, хавсралт /хх203-204/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.09.27-ны өдрийн 10627 дугаар захирамж /хх222/ зэргийг тус тус баримтаар бүрдүүлэн өгснийг 40-р зүйлд зааснаар үнэлж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасны дагуу үнэлэх боломжгүй байх тул шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Г.Г, Д.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Г нь тус сургуулийн захирлын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/52 тоот тушаалаар Хангамж үйлчилгээний газрын мэргэжилтэний албан тушаалд томилогдон,

улмаар АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/102 тоот тушаал /Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 2.9, 8.1, 8.2.5, 8.8-д заасан үндэслэл/-аар Хангамж үйлчилгээний газрын мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх-6-9/,

Нэхэмжлэгч Д.А нь тус сургуулийн захирлын 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/19 тоот тушаалаар НЭМС-ийн Эпедмиологи биостатистикийн тэнхимд дадлагажигч багшаар /хх-69, 102/, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 тоот тушаал /Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан ... Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн ...байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болох үндэслэл/-аар Шинжлэх ухаан технологийн газрын даргын албан тушаалыг хавсран гүйцэтгүүлэхээр томилж, багшийн цагийн ачааллыг хувиар тооцох /хх-99/,

улмаар АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ...хавсран ажиллаж байгаа ажлаас чөлөөлөх тухай Б/84 тоот тушаал /Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, Хөдөлмөрийн дотоод журмын 2.1, 2.2, 2.6, 2.7-д заасан үндэслэл/-аар хавсран ажиллаж байгаа Шинжлэх ухаан технологийн газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөн, захирлын 2017 оны Б/38 дугаар тушаалын 6 дахь заалтын Д.Ад холбогдох хэсгийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хүчингүйд тооцож, ...тэнхимийн ахлах багшийн үүрэгт ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар /хх-65, 112/ шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.Г, Д.А нар нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 10627 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамц /хх-15-16/ нэхэмжлэгч нарыг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1023 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор буюу 27-ны өдрийн дотор тухай шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн /хх-16/, уг хугацаанд гомдол гаргаагүй /хх-188/,

- нэхэмжлэгч нар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамцийг Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

-Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2., 129.3-д заасан хугацаанд гомдолоо гаргаагүй, Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.А тус ажил олгогчид ...багшаар ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар Шинжлэх ухаан технологийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн ба тэрээр 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө АШУҮИС-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/152 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар Хөдөлмөрийн маргаан таслах комиссыг байгуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1., мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ, Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэснийг тус тус зөрчсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх хэсэг, мөн хуулийн 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Анагаахын шинжлэх ухааны их сургуульд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай Г.Г, Д.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Г, Д.А нарын шүүхэд гаргасан шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            В.АМАРТҮВШИН