Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 125/ШШ2023/0040

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Г-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын Засаг дарга, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн Ж.Г-д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д , С.Б , Б.Ц , Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын өмгөөлөгч Г.Хандмаа, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн өмгөөлөгч Н.Очирбат болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нэхэмжлэгч Ж.Г нь Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 05 сарын 25-ны өдрийн А/208 дугаар захирамжаар иргэн Г.О-с Ховд аймгийн ******* сумын******* багийн нутаг,*******эд байрлалтай 2414 кв метр талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч, мод үржүүлгийн зориулалтаар 11 жилийн хугацаатай эзэмших болсон.

1.2. 2022 оны 10 дугаар сарын 17- 18-ны өдрүүдэд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Цогтсайхан, ******* сумын газрын даамал П.Д  нар******* баг,*******эд газар эзэмшиж, ашиглаж байгаа 35 иргэн иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийж, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21-04-047/100 дугаартай дүгнэлт гаргасан хэдий ч уг дүгнэлтэд нэхэмжлэгч Ж.Г нь зөрчил гаргасан талаар тусгагдаагүй байна.

1.3. Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар захирамжаар ******* сумын******* багийн нутаг,*******эд газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн ойг хамгаалах, нөхөн сэргээх үржүүлэх талаар үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг байгуулж, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2023 оны 5 сарын 29-ний өдрийн 04/101/01 дугаар удирдамжийн дагуу Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ж.Г-ын газар эзэмшлийн байдалд хяналт шалгалт хийж гаргасан 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 02-32-04/102/02 дугаар дүгнэлтэд “...нэхэмжлэгчийг ойжуулалт, жимс жимсгэнэ тариалж, мод үржүүлгийн ажлыг жил бүр хийж Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1 дэх заалтын дагуу ашиглаж байна” гэсэн дүгнэлт гарсан.

1.4. Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар “...газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй нь тогтоогдсон...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

1.5. Улмаар Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж тус өдрийн 13/05 дугаар “Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ховд аймгийн ******* сумын******* багийн нутаг байрлах*******ийн 32.6 га газрыг Цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар, мөн өдрийн 13/15 дугаар “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолоор Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн ******* сумын******* багийн*******ийн 32.6 га газарт Цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тус тус шийдвэрлэсэн тул уг тогтоолуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

 

            Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Г миний бие Ховд аймгийн ******* сумын Жаргалан багийн******* баг,*******эд 2414 кв метр газрыг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 05 сарын 25-ны өдрийн А/208 дугаар захирамжаар иргэн Г.О-с эрх шилжүүлэн авч, мод үржүүлгийн зориулалтаар 11 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон.

Газар эзэмших эрх үүссэн цагаас эхлэн эзэмшлийн газартаа хашаа хамгаалалт хийсэн, шар хуайс, халаас, үхрийн нүд, мойл, нохойн хошуу, бэсрэг алим, чавга, газрын алим, сакура, агч, интоор зэрэг гоёлын болон жимсний мод тариалсан, 2022 онд шар хуайс үрээр 100 ширхэг, газрын алим үрээр 810 ширхэг, бургасны мөчир харандаа 200 ширхэгийг тус тус тариалж ирсэн. Дээрх моднуудыг Увс аймаг, Булган сум, Улаанбаатар хотоос болон Бүгд найрамдах Солонгос улсаас мандарины үрсэлгээ авч ирсэн. Одоог хүртэл үхрийн нүд, газрын алим моднууд ургаж үр жимсээ өгч байгаа болно.

Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Ховд аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, ******* сумын байгаль орчны байцаагч нарын бүрэлдэхүүнтэй аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2023 оны 6 дугаар сард ирж манайхыг эзэмшлийн газраа зориулалтын дагуу эзэмшиж байгаа эсэх, газрын төлбөрөө төлсөн эсэх, Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасныг ноцтой зөрчсөн эсэхэд хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаас 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 02-32-04/102/02 дугаартай дүгнэлт гарсан ба уг дүгнэлтэд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д зааснаар газрын төлбөрөө төлсөн, тухайн газрын хашаа хамгаалалтыг шинэчилж өнгө үзэмжийг сайжруулсан, хашаа хамгаалалт хийсэн, шар хуайс, халаас, үхрийн нүд, мойл, нохойн хошуу, бэсрэг алим, чавга, газрын алим, сакура, агч, интоор зэрэг гоёлын болон жимсний мод тариалсан, 2022 онд шар хуайс үрээр 100 ширхэг, газрын алим үрээр 810 ширхэг, бургасны мөчир харандаа 200 ширхэгийг тус тус тариалсан байна. Газрын тухай хуулийн 35.1.1, 35.3.1-д заасны дагуу газраа зориулалтын дагуу ашиглаж байна" гэсэн дүгнэлт гаргаж надад танилцуулсан.

Гэтэл Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар миний эзэмшлийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Би тус газрыг эзэмших эрхтэй болсноос хойш газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж байсан, газраа зориулалтын дагуу ашиглаж ирсэн, ажлын хэсгийн дүгнэлтээр газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа талаар дүгнэсээр байтал миний эзэмшлийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонд гомдолтой байна.

Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.2. Хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа:  Тус шүүхэд Ж.Г-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах байдлаар хариу тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгч Ж.Г нь Ховд аймгийн ******* сум, 12-р баг,******* багийн нутаг,******* хаягт байрлалтай, нэгж талбарын 8414007273 дугаар бүхий 2414 кв метр талбай бүхий газрыг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 05 сарын 25-ны өдрийн А/208 дугаар захирамжаар 11 жилийн хугацаатай, мод үржүүлгийн газрын зориулалтаар эзэмших эрхтэй болж, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 08401-2021/00146 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04- ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор ******* сумын газрын үнэлгээний бүсийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор уг тогтоолын 2-р заалтаар шинэчлэн газрын төлбөр ногдуулахыг аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт үүрэг болгосон. Дээрх тогтоолын дагуу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 08401-2020/0146 тоот гэрээ байгуулагдсан.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь хэсэгт заасан дараах үндэслэлүүдээр хүчингүй болгосон. Үүнд: 1. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон.

 1. Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 5-р сарын 25-ны өдрийн А/208 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэж газар эзэмшигчтэй байгуулсан гэрээгээр газрын төлбөр төлөх үүрэг нь нэхэмжлэгч газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдрөөс эхэлсэн. Гэрээний 2.3-д “Газрын төлбөрийг нэхэмжлэхийн дагуу Татварын албанд тушаана Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно", 4.5-т “Газрын төлбөрийг газрын ашиг чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь бүрэн төлнө” гэж тус тус заасан.

Мөн шинэчлэн байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 08401-2021/00146 тоот гэрээний 2.3-т Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд оногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлын төлбөрийг урьдчилж төлж болно гэж тус тус заасан.

Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд "Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага..." газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах ..."газарт" төлбөр ногдуулна" гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Г нь газар эзэмшиж байгаа тул уг заалтын дагуу газрын төлбөр төлөгч, түүний эзэмшиж байгаа газар нь мөн төлбөр ногдох газарт хамаардаг.

Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д "Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно" гэж заасан байдаг бөгөөд газрын төлбөрийг уг хуулийн заалт болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байдаг.

Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан бөгөөд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй, энэ үүргээс зөвхөн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр л чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх эрхтэй бөгөөд маргаан бүхий газрыг ашиглах хүсэл сонирхол байгаа тохиолдолд хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд энэхүү үүргийг өөр нөхцөл байдалтай холбогдуулан биелүүлэхгүй байх боломжгүй юм.

Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2023 оны газрын төлбөрөө төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон. Тиймээс Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй тул хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар ******* сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

2. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон.

Нэхэмжлэгчтэй байгуулсан "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дөрөвдүгээр зүйлд “Газар эзэмшигчийн үүрэг"-ийг тусгайлан нэрлэн заасан бөгөөд уг гэрээний 4.5-т "Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд төлөх", 4.14-т, “Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т "Газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор тайлагнах" үүргийг “Газар эзэмшигч"-ийн үүрэг байхаар талуудын байгуулсан гэрээнд тусгайлан заасан болно.

Өөрөөр хэлбэл газар эзэмшигч болон эзэмшүүлэгчийн эрх, үүргийн талаарх хуулийн зохицуулалтыг гэрээнд бүрэн тусгасан болно. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 34 дүгээр зүйлийн 34.8-т "Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ" гэж зааснаар газар эзэмшигч нь газрыг гэрээний үндсэн дээр эзэмшиж, Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын эзэмшил ашиглалттай холбогдуулан эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээний 4.14-т, "Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх", 7.2-т заасны дагуу гэрээний үүргийн биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07 дугаар сарын 01-ний дотор багтаан дүгнэх, энэ үүргээ биелүүлээгүй бол гэрээний 7.3-т заасны дагуу эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар гэрээнд тодорхой заасан бөгөөд уг заалтын дагуу гэрээгээ жил бүр дүгнүүлэх, гэрээний биелэлтийг 06 дугаар сарын 25-ны дотор Газрын албанд тайлагнах заалтыг хэрэгжүүлж, биелүүлж ажиллах үүрэгтэй.

Гэтэл дээрх хугацаанд нэхэмжлэгч эзэмшиж буй газрын гэрээгээ 2 жил дараалан дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтээ 2 жил дараалан тайлагнаагүй, газрын төлбөрөө гэрээнд тусгайлан заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй болно. Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамжаар газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийн хууль зүйн үндэслэлд мөн Газрын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.1-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.Г-ын Ховд аймгийн ******* сумын******* багийн нутаг,******* хаяг байрлалтай, 8414007273 тоот нэгж талбарын дугаартай 2414 кв метр талбай бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

            2.3. Хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганди шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн Засаг дарга Э.Болормаагаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, мөн цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг асуудлуудыг 1/1448 дугаартай албан бичгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 13 дугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор батлагдсан “Баруун бүсийн тулгуур төв Ховд хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд Ховд аймгийн******* багийн*******эд цэцэрлэгжилт, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн бөгөөд ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн тайлбар бичигт нийтийн хэрэгцээний ногоон байгууламж буюу бидний төлөвлөсөн нийтийн хэрэгцээний зориулалттай цэцэрлэгт хүрээлэн байхаар тодорхойлсон байдаг.

Тус шийдвэрийг гаргах үед Ховд аймгийн ******* сумын******* багийн*******ийн газар ашиглалтын байдалд хийсэн хяналт шалгалтаар “газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх газар эзэмшигч 33 иргэн, 3 аж ахуй нэгжийн эзэмших эрхийн гэрчилгээг Ховд аймгийн ******* сумын Засаг дарга 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжаар хүчингүй болгосон байсан тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.14, 20.3, 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйл гэх мэт заалтуудаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13 дугаар хуралдаанаас “аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай болон 13/15 дугаар “цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” тогтоолуудыг тус тус хэлэлцэн баталсан.

Дээрх тогтоолууд нь Газрын тухай хууль болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 2/04 тогтоолоор батлагдсан “Ховд аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан “Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийн заалтуудыг хангах, агаар, орчны бохирдлыг бууруулах, орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, дуу чимээг багасгах, иргэдийн чөлөөт цаг зөв боловсон өнгөрүүлэх орчны нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн нийтлэг эрх, ашгийг хангах үүднээс гаргасан шийдвэрүүд юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ж.Г нь ******* сумын Засаг даргын 2021 оны 5 сарын 25-ны өдрийн А/208 дугаар захирамжаар иргэн Г.Одгэрэлээс Ховд аймгийн ******* сумын******* багийн нутаг,*******эд байрлалтай 2414 кв метр талбай бүхий газрыг эрх шилжүүлэн авч, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулсан ба тус өдрөөс эхлэн газрын төлбөр төлөх үүрэгтэй болсон.

Газар эзэмшигчтэй байгуулсан гэрээний 2.3-д “газрын төлбөрийг нэхэмжлэлийн дагуу татварын албанд тушаана. Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ноогдох төлбөрийг дараа сарын 20-ны дотор төлөх бөгөөд дараа улирлын төлбөрийг урьдчилан төлж болно”, 4.5-д “газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь бүрэн төлнө”, Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна, 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна, 10 дугаар зүйлийн 10.5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж заасан байдаг” бөгөөд газрын төлбөрийг уг хуулийн заалт болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь төлөх үүрэгтэй байдаг.

Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан байдаг бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө гэж заасан. Энэ үүргээс зөвхөн хуульд заасны дагуу чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх эрхтэйг заасан байгаа. Гэтэл нэхэмжлэгч Ж.Г нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй газрын төлбөрөө төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон.

Нэхэмжлэгчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 4 дүгээр зүйлд газар эзэмшигчийн үүргийг тусгайлан заасан байдаг бөгөөд 4.14-д газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх, 7.2-т газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 6 дугаар сарын 25-ны дотор тайлагнахыг газар эзэмшигчид үүрэг болгосон байдаг.

 Өөрөөр хэлбэл газар эзэмшигч болон эзэмшүүлэгчийн эрх үүргийн талаар хуулийн зохицуулалтыг гэрээнд бүрэн тусгасан байдаг. Нэхэмжлэгч нь газар эзэмшиж буй хугацаандаа гэрээгээ дүгнүүлээгүй, гэрээний хэрэгжилтээ тайлагнаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр ******* сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 6-ны 283 дугаар захирамжаар газар бичвэр эрхлэх гэрчилгээг хүчингүй болгосон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Г  нь 2021 оны 6 дугаар сард тус газрыг газар эзэмших эрх эрх шилжүүлэн эзэмшсэн ба эрх шилжсэнтэй холбоотой газар эзэмших гэрээгээ дүгнүүлсэн байсан. Харин 2021 оны 12 сар болон 2022 онд газар эзэмших гэрээгээ дүгнүүлээгүй. Мөн 2022 оны газрын төлбөрөө төлсөн гэх боловч яг хэзээ төлсөн хугацаа нь тодорхойгүй байна.

Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг программаас хэвлэхэд 2023 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл газрын төлбөрийн үлдэгдэл төгрөг байна гэж гардаг. Энэ нь цаанаасаа өгөгдсөн мэдээлэл, гэхдээ газар эзэмшигчтэй байгуулсан гэрээ болон хуульд газрын төлбөрөө улирлаар хувааж төлөхөөр заасан байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж байна гэв.

 

2.7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Мөн нэхэмжлэгчээс Газрын тухай хуулийн 40.3-д зааснаар хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэдгийг хэлье.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч талаас гаргаж буй тайлбараас харахад нэхэмжлэгчийг ганц үндэслэлээр буруутгаж байна гэж ойлголоо.

Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтэд Ж.Г нь 2021, 2022 оны газар эзэмших гэрээгээ дүгнүүлсэн, газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа, төлбөрөө төлсөн талаар дурдсан байгаа.

Газрын нэгдмэл сангаас гаргасан Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт дээр 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 96560 төгрөг төлсөн байх шаардлагатай гэсэн байгаа. Уг актад эрх бүхий албан тушаалтнууд гарын үсгээ зураад баталгаажуулчихсан байгаа юм. Гэтэл өнөөдөр 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болоогүй байхад газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн дүгнэлт гаргасан улсын байцаагч Э.Цогтсайхан гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориулалтын дагуу ашиглаж байгаа талаар мэдүүлсэн байдаг. Ж.Г-ын хувьд удаа дараа зөрчил гаргасан гэдэг нь харагдахгүй байна. Шүүхээс маргаан бүхий газар очиж үзлэг хийсэн ба өөрийн эзэмшлийн хашаандаа чавга, алим, шар хуайс, хайлаас, интоор, нохойн хошуу, агч зэрэг 61 ширхэг мод суулгасан, 2021 оноос эхлэн эдгээр моднуудыг тарьсан нөхцөл байдал тогтоогддог. Мөн газар алимны мод, бургасны харандаан суулгац суулгасан нь тогтоогдсон.

Дээрх нөхцөл байдлуудаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1-д заасныг зөрчөөгүй болох нь тогтоогдож байхад нэхэмжлэгчийг удаа дараа гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон асуудлаар шүүхээр маргаж байхад Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас маргаан бүхий газрын нийтийн эзэмшил болгож шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т зааснаар Ж.Г-ын шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.8. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Хандмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Газрын төлбөрийн тухай хууль анх 1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан байдаг. Уг хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байдаг. Уг өөрчлөлтөд Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж дурдсан байгаа. Энэхүү өөрчлөлт орохоос өмнө нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа шиг жилдээ багтааж газрын төлбөр төлөхөөр заасан байдаг.

Мөн уг хуулийн заалттай нийцүүлэн газар эзэмшигчтэй байгуулсан гэрээнд жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хувааж, улиралд ногдох төлбөрийн дараа сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр тусгасан. Түүнээс биш 12 сарын 31-ний өдрийн дотор төлнө гэж ойлгож болохгүй.  Хэрвээ ингэж үзэх юм бол Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь заалтыг зөрчих юм. Газрын төлбөрийн тусгай хуулиар зохицуулсан учраас уг хуулийг дагаж мөрдөх ёстой. Энэ хуулиас өөрөөр хэрэгдэх боломжгүй. Хуульд нийцүүлж гэрээнд газрын төлбөрийн улиралд хувааж төлөх үүргийг газар эзэмшигчид үүрэг болгосон байдаг ба сая нотлох баримт судлах явцад энэ үүргээ биелүүлээгүй болох нь тодорхой боллоо.

Иймд маргаан бүхий ******* сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн Ж.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.9. Хариуцагч, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн өмгөөлөгч Н.Очирбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 60.1.8-д “энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан асуудлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, холбогдох тооцоо, үндэслэл бүхий саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж хэлэлцүүлэх” гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 20.2.3-т “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасны дагуу аймгийн Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагаас Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1448 дугаартай албан бичгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 13 дугаар хуралдаанд хэлэлцүүлэх асуудлын жагсаалтыг саналаар оруулж ирсэн ба тавдугаар асуудалд “Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” байсан. 

Үүний дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцээд маргаан бүхий актуудыг гаргасан. Тухайн саналыг оруулахдаа Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас төлөөлөгч нарт хурал болохоос хоёроос доошгүй хоногийн өмнө буюу 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дундын групп чат болон бичгийн хэлбэрээр хүргүүлсэн. 7 хоногийн өмнө буюу Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/42 дугаартай захирамжаар тухайн хуралдаанаар хэлэлцэх 10 асуудлын жагсаалтыг баталсан.

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь 41 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй ба нэг төлөөлөгчийн эрх нь түдгэлзсэн байсан тул 40 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй орох байсан. Тухайн өдрийн хуралдаанд 5 төлөөлөгч цахимаар, 26 төлөөлөгч танхимаар, нийт 31 төлөөлөгч оролцож, маргаан бүхий актуудыг хуралдаанд оролцсон 31 төлөөлөгчийн олонхын саналаар баталж, эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.14, 21 дүгээр зүйлийн 21.1.1, Газрын тухай хууль болон бусад тогтоолд дурдагдсан үндэслэлүүдээр тогтоол гаргасан.

Ийм учраас Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь нэхэмжлэгч талын тайлбарлаад байгаа шиг хууль зөрчсөн, хууль бус актууд гаргаагүй ба хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий акт гаргасан учраас нэхэмжлэгч Ж.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн нэмж хэлэхэд Ховд аймаг цэцэрлэгт хүрээлэн, хүүхдээ тоглуулах талбай, агаарлах орчин байхгүй. Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал “хүүхдүүдээ салхилуулах, залуучуудын хөгжилдөх, цаг заваа боловсон өнгөрөөх” зэрэг нөхцөл байдлуудаас болж дээрх тогтоолыг гаргасан. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч нараас гаргасан тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар цуглуулсан нотлох баримтуудыг судалж үнэлээд, хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар 25-ны өдөр шүүхэд Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй бөгөөд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. 

 3. Нэхэмжлэгчийг 2021, 2022 онд газар эзэмшүүлэх гэрээгээ дүгнүүлээгүй, 2023 оны газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр ******* сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэсэн байхад аймгийн Хурлаас уг газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэснээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

4. Нэхэмжлэгч нь 2021 оны 05 сарын 25-ны өдрийн А/208 дугаар захирамжаар иргэн Г.Одгэрэлээс эрх шилжүүлэн авч, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн  000137645 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 2414 кв метр газрыг мод үржүүлгийн зориулалтаар   эзэмшсэн байна.

5. Хариуцагч ******* сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэгчийг  2023 оны газрын төлбөр 96560 төгрөг /ерэн зургаан мянга таван  зуун жаран/ төлөөгүй болон газар эзэмших гэрээний үүргийн биелэлтийг тайлагнаагүй гэж буруутгажээ.

6. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.”, 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.”, 4-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.”гэж гэж тус тус заасан.

7. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж мөн өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн байх тул нэхэмжлэгчийн 2022-2023 оны газрын төлбөр төлөх үүрэг дээрх зохицуулалтад хамаарч байна.

8. Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/08 дугаар тогтоолоор аймгийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон байх Газрын харилцаа, барилга хот байгуулалтын Газрын төлбөр, татвар үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Батсайхан  гэрчээр мэдүүлэхдээ “... 2021 онд баталсан аймгийн Хурлын тогтоолоор ******* сумыг 11 бүсэд газрын төлбөрийн итгэлцүүрийг баталсан. Энэ итгэлцүүрийг би  программд оруулснаар төлбөр автоматаар бодогддог.“ гэж тайлбарласан ба талууд газрын төлбөрийн ногдуулсан мөнгөн дүнгийн талаар маргахгүй байна.

9. Шүүхээс газрын кадастрын  мэдээллийн  системд хийсэн үзлэгээр 2022 оны газрын төлбөр төлөгдсөн 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 2023 оны бүтэн жилийн ногдуулалт 96560 төгрөгийн нэхэмжлэл үүсч, мөн 3 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдэж “хүлээгдэж байгаа” төлөвтэй.

10. Татварын удирдлагын нэгдсэн системд хийсэн үзлэг болон Татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 397 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгч 2023 оны газрын төлбөр төлөөгүй, 96560 төгрөгийн  /ерэн зургаан мянга таван зуун жаран/  үлдэгдэлтэй гарсан байна.

11. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.” гэж заасан ба газрын кадастрын мэдээллийн сан болон татварын удирдлагын системд хийсэн үзлэгээр нэхэмжлэгчийн 2022, 2023 оны газрын төлбөрийн ногдуулалт хийгдсэн байна.

12. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.3.-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан ба хуульд заасан хугацаа гэдэгт Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.” гэж заасныг ойлгоно. 

13. 2023 оны газрын төлбөрийн тухайд  нэхэмжлэгч нь 2023 оны бүтэн жилийн ногдуулалтаас эхний улиралд ногдох төлбөрийг төлөөгүй ч дараа улиралд бөөнөөр төлөх буюу урьдчилж төлөх боломжтой байхад энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж тайлбар гаргах боломж олгохгүйгээр зөвхөн 1-р улирлын газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь газрын тухай хуулийн агуулга, зорилтод үл нийцнэ.

14. Учир нь Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ.”, 4- д “Татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина” гэж заасан ба Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасны “хугацаанд нь бүрэн төлнө” гэдэг нь бүтэн жилийн төлбөрөө жилдээ бүрэн төлсөн байх агуулгатай байна.

15. Иймд 1-р улирлын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

16. Газар эзэмшүүлэх гэрээний үүргээ тайлагнаагүй гэх зөрчлийн тухайд: Гэрээг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бичгээр 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр цахимаар тус тус байгуулжээ.

17. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, 34.5-д “Улсын бүртгэлд эрхийн гэрчилгээг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэх бөгөөд эрхийн гэрчилгээтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна.”гэж заасан ба 34.6.1-ээс 34.1.11-д заасан газар эзэмших гэрээнд тусгах зүйл дотор гэрээний үүргийг тайлагнах талаар зохицуулаагүй байна.

18. Харин Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” гэж тусгайлан зохицуулсан ба энэ нь гэрээний нөхцөл, болзол гэдэгт үл хамаарна.

19. Түүнчлэн нэхэмжлэгч нь газрыг эзэмшээд 2 жил болоогүй байх ба газар эзэмшүүлэгчээс гэрээг дүгнэх талаар мэдэгдээгүй атлаа гэрээний үүргийн биелэлтийн дүгнэх акт гэх баримт үйлдсэн нь хуульд үндэслээгүй хэлбэрийн төдий, бодит байдалд нийцээгүй гэж үзэхээр байна.   

20. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; гэж зааснаар нэхэмжлэгчийг 2022 оны гэрээгээ дүгнүүлээгүй гэх үндэслэл нь “гэрээний нөхцөл болзлын удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэдэгт хамаарахгүй гэж дүгнэв.

21. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хуралдсан Аймгийн Иргэдийн Хурлын  Төлөөлөгчдийн 13 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд цэцэрлэгт хүрээлэн байгуулах 32.6 га газрыг тусгахаар санал хүргүүлснийг хэлэлцэж баталжээ.

22. Хариуцагчаас тогтоолыг баталсан үндэслэлээ тайлбарлахдаа “тус газарт газар эзэмшиж байсан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байсан тул аймгийн хэтийн бодлого, хөгжлийн хөтөлбөрт туссан арга хэмжээг хэрэгжүүлэх, ногоон байгууламж бүхий газрын нийтийн эзэмшилд авч иргэдийн амрах аятай тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн” гэжээ.

23. Аймгийн Засаг дарга болон хурлын төлөөлөгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон иргэд, хуулийн тэгээд шүүхэд хандан маргаан үүсгэсэн байгаа талаар мэдээлэлтэй байсан энэ талаар хуралдаан дээр зарим төлөөлөгч нар тодруулж асуусан талаар хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ч захирамж хүчин төгөлдөр болсон гэж тайлбарлан шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.      

24. Уг газарт нэхэмжлэгчийн маргаан бүхий газар хамаарч байх ба газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус болох нь тогтоогдож байх тул уг газрыг нийтийн эзэмшлийн талбайд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулах үндэслэлгүй.

25. Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар  захирамж хууль бус болох нь тогтоогдсон, маргаан бүхий тогтоолуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх бүрэн сэргэх боломжтой байх тул Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй  байна.

26. Маргаан бүхий актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй гэж дүгнэж, нэхэмжлэгч Ж.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар  захирамжийн Ж.Г-д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв .

27.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3.1, 106.3.12 дахь заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн Ж.Г-д холбогдох хэсэг, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Г-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНГЭРЭЛ