Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2024/0129

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Г-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа        

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Х  аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , П.Д , Б.Ц нар, түүний өмгөөлөгч Г.Х ,

Х  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , өмгөөлөгч Н.О

Нэхэмжлэлийн шаардлага: “...Х  аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн Ж.Г-д холбогдох хэсэг, Х  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Х  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 40 дугаартай шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э

Хариуцагч Х  аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , П.Д , Б.Ц,

Хариуцагч Х  аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч Г.Х

Хариуцагч Х  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б ,

Хариуцагч Х  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 125/2023/0023/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Г нь Х  аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжийн Ж.Г ад холбогдох хэсэг, Х  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.   

2. Х  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 40 дугаартай шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Г-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Х  аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн Ж.Г ад холбогдох хэсэг, Х  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Хариуцагч Х  аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , П.Д , Б.Ц нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. “... Х  аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/208 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн бөгөөд уг шийдвэрийг үндэслэж газар эзэмшигчтэй байгуулсан гэрээгээр газрын төлбөр төлөх үүрэг нь нэхэмжлэгчид 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 08401-2021/00146 тоот газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдрөөс эхэлсэн. Гэрээний 2.3-д “Газрын төлбөрийг нэхэмжлэхийн дагуу Татварын албанд тушаана. Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлын төлбөрийг урьдчилж төлж болно” 4.5-т “Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь бүрэн төлнө” гэж тус тус заасан. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан бөгөөд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй, энэ үүргээс зөвхөн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр л чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх эрхтэй бөгөөд маргаан бүхий газрыг ашиглах хүсэл сонирхол байгаа тохиолдолд хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд энэхүү үүргийг өөр нөхцөл байдалтай холбогдуулан биелүүлэхгүй байх боломжгүй юм.

3.2. Гэтэл нэхэмжлэгч Ж.Г нь гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2023 оны 96,560 төгрөгийн газрын төлбөрөө төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон бөгөөд нэхэмжлэгч эдгээр газрын төлбөрөө захирамж гарах өдрийн байдлаар төлөөгүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон. Гэтэл 1-р улирлын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан бөгөөд хэдий хугацааны төлбөр төлөөгүй бол гэдгийг биш гагцхүү хугацаанд бүрэн төлсөн байхыг шаарддаг. Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.3. ...  анхан шатны шүүх “Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, 34.5-д “Улсын бүртгэлд эрхийн гэрчилгээг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэх бөгөөд эрхийн гэрчилгээтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна” гэж заасан ба 34.6.1-34.1.11-д заасан газар эзэмших гэрээнд тусгах зүйл дотор гэрээний үүргийг тайлагнах талаар зохицуулаагүй байна. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж зааснаар нэхэмжлэгч 2022 оны гэрээгээ дүгнүүлээгүй гэх үндэслэл нь “гэрээний нөхцөл болзлын удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэдэгт хамаарахгүй гэж үндэслэлгүй дүгнэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

3.4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч Х  аймгийн Жаргалант сумын Засаг даргын өмгөөлөгч Г.Х гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч нэхэмжлэгч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлсөн  эсэх дээр өөрөөр хэлбэл маргаан бүхий актад дурьдсан үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр актад тусгагдаагүй буюу ногдуулалт хийгээгүй гэх үйл баримтад шүүх дүгнэлт хийж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч газрын төлбөр төлөх үүргээ 2023 онд биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Х  аймгийн татварын албаны 2023 оны газрын төлбөр төлөлтийн талаарх лавлагаагаар нэхэмжлэгч газрын 93.560 төгрөгийн төлбөрөө төлөөгүй нь нотлогддог.

4.2. Шүүх газрын төлбөрийг төлөх үүргийг нэхэмжлэгчид мэдэгдээгүй тул 2023 оны татвараа төлөх үүрэггүй, нөгөө талаас газрын төлбөрийг хуульд зааснаас хугацаанд нь бус дараа улиралд бөөнөөр нь төлж болох мэтээр хуульд байхгүй үндэслэлээр шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

4.3. … Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу Газрын төлбөр төлөх үүрэгтэй байдаг. Газрын төлбөрийг хугацаа хожимдуулж төлөх талаар хуульд тусгайлан заагаагүй бөгөөд харин ч эсрэгээрээ газрын төлбөрийг хугацаанд нь төлөх талаар хуульчилсан байдалд шүүх дүгнэлт хийгээгүй. Газрыг ашиглаж байгаагаас үл хамаарч газрын төлбөрийг хугацаанд төлөх үүрэгтэй байдалд шүүх дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч өөрийн эзэмшил газраа ашиглах, эзэмших талаар хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлж, ашигт чанарыг бүрэн гаргаж, газраа эзэмшиж ашиглаж байгаа талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан бөгөөд тухайн газрыг бүрэн дүүрэн ашиглаж байгаа, эсвэл ашигласан эсэхээс үл хамаарч хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд энэхүү үүргийг өөр нөхцөл байдалтай холбогдуулан биелүүлэхгүй байх ямар ч боломжгүй.

4.4. Газар эзэмших гэрээний үүргээ нэхэмжлэгч тайлагнах үүргээ биелүүлээгүй … хариуцагч газар эзэмших гэрээний үүргээ тайлагнах үүргийг нэхэмжлэгчээс шаардахаас өмнө түүнд газар эзэмшүүлэх үед талууд харилцан тохирч, газар эзэмшигчийг жил бүр гэрээний үүргээ тайлагнах үүргээ биелүүлээгүй талаар гэрээнд тусгайлан нэрлэн заасан. Гэтэл энэ үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй … Маргаан бүхий Х  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндөж, түүнд газар олголт хийхээр төлөвлөсөн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд өөрчлөлт хийгээгүй, Х  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шинээр нэмэлт оруулсан болно. Тиймээс маргаан бүхий Х  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй юм.

4.5. … Шүүх хоорондоо хамаарал бүхий биш этгээдүүд болох хариуцагч нарт холбогдох маргааныг нэгтгэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүх хамтран хариуцагчаар татсан захирамж гаргаагүй атлаа хамтран хариуцагч мэтээр хэргийг нэгтгэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.6. Иймд Х  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Х  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , өмгөөлөгч Н.О нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. ... Нэхэмжлэгч Ж.Г-н газар эзэмших эрх хүчингүй болгосон хуулийн заалт буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн зөрчлийн тухайд нэхэмжлэгч Ж.Г-д 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Г.О нь мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлэн өгчээ. Ж.Г-тай газрын албаны мэргэжилтэн Д.С газар эзэмшүүлэх гэрээг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулжээ. Тус гэрээний 2.3-д газрын төлбөрийг нэхэмжлэхийн дагуу татварын албанд тушаана, Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно, 3.1-д гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших, ашиглах, 4.14-д газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх, 4.19-д эзэмшил, ашиглалтад байгаа болон орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай ногоон байгууламжид тохижилт, арчилгаа хийх, 5.4-д газар эзэмшүүлэх гэрээг бил бүр дүгнэх, 7.2-д газар эзэмшүүлэх гэрээг талууд жил бүр дүгнэх ба газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07 дугаар сарын 01-ний дотор багтаан дүгнэнэ.

5.2. Мөн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээнд дээр дурдсан гэрээний зүйлүүдийг тусгаж өгсөн байна. Хавтаст хэрэгт 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх актаар гэрээний үүргээ зөрчсөн болох нь харагдаж байна.

5.3. Дээр дурдсан гэрээнүүдэд тусгагдсан заалтуудыг нэхэмжлэгч Ж.Г биелүүлээгүй, мөрдөөгүй, нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн болох нь харагдаж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй болохын тухайд хавтаст хэргийн 69 дүгээр хуудсанд нотлох баримтын шаардлага хангасан Х  аймгийн татварын хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 268 дугаартай албан тоот авагдсан бөгөөд албан тоотоор нэгж талбарын 8414007273 дугаартай газар эзэмшигч Ж.Г-н 2020-2023 онуудын газрын төлбөр төлсөн эсэх лавлагааг хүргүүлэв гээд хавсралтад 2022 онд 62,440 төгрөг төлсөн баримт авагдсан. Харин 2020, 2021, 2023 онуудад газрын төлбөр төлөөгүй болох нь харагдаж байна. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тул Х  аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 40 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, Ж.Г-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Х  аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, өмгөөлөгч, Х  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ж.Г нь Х  аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/208 дугаар захирамжаар иргэн Г.О-с Х  аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг, Ойн бүсэд байрлалтай 2414 кв метр талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч, мод үржүүлгийн зориулалтаар 11 жилийн хугацаатай эзэмшсэн бөгөөд маргаан бүхий Х  аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаартай захирамжаар газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн хэмээн Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд газар эзэмшигч 36 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч Ж.Г-н газар багтжээ.

2.2. Анх нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн “Х  аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн Ж.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Х  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 дугаар тогтоолуудын Ж.Г ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

2.3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 02-32-04/102/02 дугаартай дүгнэлт гарсан ба уг дүгнэлтэд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д зааснаар газрын төлбөрөө төлсөн, тухайн газрын хашаа хамгаалалтыг шинэчилж өнгө үзэмжийг сайжруулсан, хашаа хамгаалалт хийсэн, шар хуайс, халаас, үхрийн нүд, мойл, нохойн хошуу, бэсрэг алим, чавга, газрын алим, сакура, агч, интоор зэрэг гоёлын болон жимсний мод тариалсан, 2022 онд шар хуайс үрээр 100 ширхэг, газрын алим үрээр 810 ширхэг, бургасны мөчир харандаа 200 ширхэгийг тус тус тариалсан. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1-д заасны дагуу газраа зориулалтын дагуу ашиглаж байна” гэсэн дүгнэлт гаргаж надад танилцуулсан … Би тус газрыг эзэмших эрхтэй болсноос хойш газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж байсан, газраа зориулалтын дагуу ашиглаж ирсэн, ажлын хэсгийн дүгнэлтээр газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа талаар дүгнэсээр байтал миний эзэмшлийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонд гомдолтой байна ... газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Х  аймгийн Жаргалант сумын Засаг даргын захирамжийн асуудлаар шүүхээр маргаж байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гаргаж миний эзэмшлийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах тогтоол гарсанд гомдолтой” гэж тайлбарлан маргажээ.

 

2.4. Анхан шатны шүүх  “... 2023 оны газрын төлбөрийн тухайд  нэхэмжлэгч нь 2023 оны бүтэн жилийн ногдуулалтаас эхний улиралд ногдох төлбөрийг төлөөгүй ч дараа улиралд бөөнөөр төлөх буюу урьдчилж төлөх боломжтой байхад энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж тайлбар гаргах боломж олгохгүйгээр зөвхөн 1 дүгээр улирлын газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь Газрын тухай хуулийн агуулга, зорилтод үл нийцнэ нэхэмжлэгчийг 2022 оны гэрээгээ дүгнүүлээгүй гэх үндэслэл нь “гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэдэгт хамаарахгүй … нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус болох нь тогтоогдож байх тул уг газрыг нийтийн эзэмшлийн талбайд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулах үндэслэлгүй” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

2.5. Тодруулбал, нэхэмжлэгч газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба Х  аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар 2023 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 96.560 төгрөгийн үлдэгдэлтэй, анхан шатны шүүхээс хийсэн үзлэг хийсэн тэмдэглэлээс үзвэл 2023 оны 03 дугаар сарын 21-ний байдлаар “... нэхэмжлэгчийн бүтэн жилийн ногдуулалт хүлээгдэж байгаа гэх төлөвтэй”, 2022 оны газрын төлбөрийг төлсөн байсан болох нь тогтоогдож байна.

2.6. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ”, 4-д “Татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина,  5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан.

2.7. Нэхэмжлэгч Ж.Г нь 2023 оны газрын төлбөрийн эхний улиралд ногдох төлбөрийг төлөөгүй байх ба зөвхөн 1 дүгээр улирлын төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр буюу нэхэмжлэгчид уг төлбөрийг төлөх боломж олголгүйгээр шууд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

2.8. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бичгээр, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цахимаар байгуулсан байх ба  нэхэмжлэгч нь газрыг эзэмшээд 2 жил болоогүй, газар эзэмшүүлэгчээс гэрээг дүгнэх талаар мэдэгдээгүй атлаа гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх баримт үйлдсэн нь бодит байдалд нийцээгүй гэж үзэхээр байна.   

2.9. Түүнчлэн, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Х  аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар  захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа энэ тохиолдолд уг газрыг нийтийн эзэмшлийн талбайд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулах үндэслэлгүй тул Х  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

2.10. Мөн нэхэмжлэгч Ж.Г-д сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэлээс үзэхэд “... Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн, газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа тул газрыг хүчингүй болгох захирамж гарч байгаа” талаар мэдэгдсэн болохоос түүнийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй талаар мэдэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.

2.11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х  аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, түүний өмгөөлөгч, Х  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

1. Х  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х  аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, түүний өмгөөлөгч, Х  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагуудаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

  

ШҮҮГЧ                                                          Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ