Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 313

 

 

 

 

 

 

 

 

 

Х-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/02564 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х-ын хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гаргасан хуулиар хүлээсэн үүрэгт 9 456 666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, Ц.Н, хариуцагчийн өмгөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль, Засгийн газрын 2009 оны Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах тухай 151 дүгээр тогтоол, Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгуулсан гэрээ болон дээрх хууль тогтоомжуудтай холбогдон гарсан бусад дүрэм, журам, тогтоол, шийдвэрийг удирдлага болгон харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажилладаг. Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд нь ХХЗХ-с жил бүр тогтоосон хэмжээгээр Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 66 тоот тогтоолоор 2008 онд төвлөрүүлэх хэмжээг 800 000 төгрөг, 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 39 тоот тогтоолоор 2009 онд төвлөрүүлэх хэмжээг 800 000 төгрөг, 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар тогтоолоор 2010 онд төвлөрүүлэх хэмжээг 1 000 000 төгрөг, 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 48 тоот тогтоолоор 2011, 2012, 2013 онд төвлөрүүлэх хэмжээг 1,500,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 65 тоот тогтоолоор 1,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 56 тоот тогтоолоор 2015, 2016 онд төвлөрүүлэх хэмжээг 1 130 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 тоот тогтоолоор 2017 онд төвлөрүүлэх хэмжээг 900 000 төгрөг байхаар тус тус тогтоосон. “Т” ХХК нь ХХЗХ-ны 2005 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 тоот тогтоолоор 2005-2018 оны хооронд тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд Дээрх хөрөнгийг төвлөрүүлэхийг шаардаж хариуцагчид 2013 оны 3 дугаар сарын 13-ны 7/289 тоот, 2015 оны 3 дугаар сарын 17-ны 7/225 тоот, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний 6/91 тоот, 2017 оны 02 сарын 03-ны 6/121 тоот, 2017 оны 5 дугаар сарын 18-ны 6/416 тоот, 2017 оны 10 сарын 03-ны 6/800 тоот, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны 6/801 тоот албан бичгүүдээр тус тус шаардлагыг нэхэмжлэлийн хамт хүргүүлж байсан ч өнөөг хүртэл хөрөнгөө төвлөрүүлээгүй байна. “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг ХХЗХ нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр цуцалсан. Иймд “Т” ХХК-аас 2008-2017 оны 9 456 666 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би ихэвчлэн Германд амьдарч, тэндээс илгээмж явуулдаг байсан. Төлж чадахгүй гэдгээ илэрхийлж байсан. Урьд нь 300 000 төгрөг байх үед зөвшөөрөөд төлж байсан. Гэтэл санд хуримтлуулах төлбөр 1 000 000 төгрөг, 1 500 000 төгрөг болж өссөнөөс төлөх боломжгүй болсон. Би Монголоос Герман руу ачаа огт явуулж байгаагүй. Зөвхөн Германаас ирсэн ачааг энд тарааж, эгчийгээ цалинжуулан үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна бид шуудангийн холбоонд бас 1 000 000 төгрөгийн хураамж төлөх ёстой. 2 газар хураамж төлөх санхүүгийн ямар ч боломжгүй. Санхүүгийн алдагдалтай ажиллаж байгаа бидний хувьд энэ маш хүнд асуудал ба холбогдох эрх баригчдад бичиг хүргүүлж байсан. Манай шуудангийн ачааг гаргаж өгөхгүй барьцаанд авсан учраас үйлчлүүлэгчдийнхээ төлөө зээл аваад хэд хэдэн удаа төлж байсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу ямар хууль, ямар үүрэг зөрчсөнийг тодорхой тайлбарлах ёстой. Гэтэл энэ нэхэмжлэлд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хуулиар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд хандаж байна. Нэхэмжлэгчийн шаардах эрх тэр дундаа хариуцагч хэрхэн яаж хариуцах үүрэгтэй талаар, шаардах эрхийг тодорхойлсон тодорхой баримтгүйгээр тайлбар хийж байна. Хариуцагчид хариуцлага хүлээлгэх үндэслэл тодорхойгүй байна. Шуудангийн тухай болон Харилцаа холбооны тухай хууль, журам дээр үндэслэж байгаа боловч хуулийн заалтыг үг өгүүлбэрээр харвал 2 хувийн татварын талаар байгаа, гэхдээ нэхэмжлэлийн үндэслэлд энэ талаар тайлбарлаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон хууль эрх зүйн үндэслэл тодорхойлогдсонгүй. Хариуцагч ачаагаа авахын тулд аргагүйн эрхэнд төлбөр хэдэн удаа төлснөө хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлага захиргааны журмаар тогтоогдох байтал иргэний хэргийн шүүхэд хандсан, Иргэний хуулийн 8, 186, 187 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргах байтал мөрдүүлэх гэдгийг үүрэг гээд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шуудангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг баримтлан Трансевро ази ХХК-д /РД:2873435/ холбогдох, хуулиар хүлээсэн үүрэгт 9 456 666 /есөн сая дөрвөн зуун тавин зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулах тухай Х-ын /РД:5202965/ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нар давж заалдах гомдолдоо:

... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Уг шийдвэрт Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-д тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсийг тогтоох журмыг батлах, бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэн зориулалтын дагуу зарцуулах, биелэлтийг Ерөнхий сайдад тайлагнах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заажээ хэмээн тус газрын хэрэгжүүлэх чиг үүргийг зөв тодорхойлсон хэрнээ ... Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолыг үндэслэн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийг шаардах эрхгүй байна, мөн нэхэмжлэгчээс шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төвлөрүүлэх хөрөнгийг Шуудангийн тухай хуулийн 9.1.2, Харилцаа холбооны тухай хуулийн 6.1, Засгийн газрын 2009 оны 151 дүгээр тогтоолыг үндэслэн нэхэмжилснийг Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолыг үндэслэсэн мэтээр, тус тусдаа чиг үүрэгтэй Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх хэмжээг Засгийн газрын тохируулагч агентлаг Х-ын чиг үүрэгтэй хольж хутган хуулийг буруу тайлбарласан, 2019 онд Шуудангийн тухай хуульд орсон өөрчлөлтийг шийдвэрийн үндэслэлээ болгож Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө төвлөрүүлэх мэтээр хуулийн буруу тайлбарласан, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй, Харилцаа холбооны зохицуулах хорооны бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх тогтоолыг үндэслэн төрийн захиргааны байгууллагын хувьд манай шаардлага гаргасан гэж нэхэмжлэгчийн байр суурийг илтэд гуйвуулан шийдвэрийнхээ үндэслэлээ болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн нийцэхгүй байгаа тул уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Х-ын нь “Т” ХХК-д холбогдуулан бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх үүрэгт 9 456 666 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,  маргажээ.

 

            Харилцаа холбооны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтаар Засгийн газарт Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах эрх олгогдсоны дагуу “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам”-ыг Засгийн газрын 2009 оны 151 дүгээр тогтоолоор баталжээ. Уг журмын 2.1-д сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газарт хариуцуулахаар зааж, сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2, 22.1, 22.2-т заасны дагуу бүрдүүлэх гэж заасан байна. Иймд нэхэмжлэгч нь сангийн хөрөнгийг бүрдүүлүүлэхээр үүрэг бүхий этгээдэд хандах шаардлага гаргах эрхтэй бөгөөд 9 456 666 төгрөгийг шаардсан үндэслэлээ хариуцагч компанийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлсон.

 

Хариуцагч “Трансевро ази” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2005 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолын дагуу шуудангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу бүх нийтийн үүргийн үйлчилгээний санд хөрөнгө төвлөрүүлэх үүргийг Шуудангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.6-д зааснаар хүлээсэн этгээд байна.

 

Харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Засгийн газрын сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “тухайн этгээдийн албан татвар ногдуулах орлогын 2 хувьтай тэнцүү байна” гэж заажээ.

 

Шуудангийн үйлчилгээ эрхэлж байгаа этгээдээс санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хороо жил бүр шинэчлэн тогтоосон гэж нэхэмжлэгч тайлбарлан, тухай бүр тогтоосон хэмжээгээр хөрөнгийг санд төвлөрүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж 2008-2017 онд хамаарах нийт  9 456 666 төгрөгийг шаардсан боловч төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг татвар ногдох орлогынх нь 2 хувьтай тэнцүү хэмжээгээр тогтоосон гэх нөхцөл байдал баримтаар нотлоогүй байна.

 

Иймд нэхэмжлэлээр шаардаж буй мөнгөн дүн буюу хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг хуульд заасан журмын дагуу тогтоогоогүй, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүйгээс гадна санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ бодитой биш гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Харин шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой зөв хэрэглээгүйг зөвтгөж шийдвэрийн тогтоох хэсэгт Харилцаа холбооны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, Шуудангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.6, Засгийн газрын сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг баримталсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/02564 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шуудангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг” гэснийг “Шуудангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.6-д заасныг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ