Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/01276

 

 

 

 

 

 

 

 

      2022 оны 04 сарын 28 өдөр

              Дугаар 183/ШШ2022/01276

                          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Д.Хулан, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: Б овогтой, М.Б-д холбогдох,

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 592.706.000 төгрөг гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Д.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Т.

Хариуцагчийн өмгөөлөгч О.М.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Х.

/Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагч М.Б-ы эзгүйд хэргийг хянан хэлэлцэв. Мөн иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулав./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “И” ХХК нь М.Б д холбогдуулан гэм хорын хохиролд 592.706.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “И” ХХК-ийн захирал Н.М нь өөрийн компанийн өмчлөлийн 0500 ХОА улсын дугаартай, Мерседес бенз маркийн автомашиныг жолоодон 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 5 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Алтай сумын Хонхор заг гэх газарт явж байтал Ж.А нь М.Б-ы өмчлөлийн 5860 УНЛ улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг жолоодож яваад урсгал сөрж мөргөж, зам тээврийн осол гаргасан. Хуулийн байгууллагаас М.Б-ы өмчлөлийн 5860 УНЛ улсын дугаартай, Норд бенз маркийн автомашиныг жолоодож явсан Ж.А нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохыг тогтоосон. Иймд уг автомашины өмчлөгч М.Б-аас гэм хохиролд нийт 592.706.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 1.“И” ХХК-ийн өмчлөлийн 0500 ХОА улсын дугаартай, Мерседес бенз маркийн автомашиныг дахин ашиглах боломжгүй болсон тул автомашиныг худалдан авсан 120.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2.Уг зам тээврийн ослын улмаас хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын дуудсанаар Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт очсон замын зардал, буудалд байрлахад зарцуулсан зардал 1.022.000 төгрөгийг гаргуулах. 3.“И” ХХК нь 0500 ХОА улсын дугаартай, Мерседес бенз маркийн автомашин эвдэрсний улмаас зам тээрийн осол гарсан 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл буюу 2 жилийн хугацаанд олох ёстой байсан орлого 471.684.000 төгрөгийг гаргуулах гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.А нь М.Б-ы өмчлөлийн 5860 УНЛ улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг жолоодож яваад “И” ХХК-ийн өмчлөлийн 0500 ХОА улсын дугаартай, Мерседес бенз маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан талаар маргаагүй. Харин уг зам тээврийн ослыг Ж.А гаргасан тул М.Б нь хариуцагч биш этгээд юм. Мөн нэхэмжлэгч нь 0500 ХОА улсын дугаартай, Мерседес бенз маркийн автомашиныг ашиглах боломжгүй болсон гэх боловч энэ талаарх нотлох баримт байхгүй, мөн 120.000.000 төгрөгөөр уг автомашиныг худалдан авсан гэх боловч хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй. Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт очсон замын зардал, зочид буудалд байрлахад зарцуулсан зардал 1.022.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Харин олох ёстой байсан орлогод 471.684.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хавтаст хэрэгт “...И ХХК нь 3-4 автомашинтай байх бөгөөд 0500 ХОА улсын дугаартай автомашинаар орлого олж байсан талаарх баримт нь байхгүй” гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Говь-алтай аймгийн Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183 дугаар Мэдэгдэх хуудас, Төлбөрийн баримт, “А ” ХХК-ийн Алтай зочид буудлын тасалбар, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, “И” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, “М ” ХХК-ийн баримт, Хөшөөтийн нүүрсний уурхай баримт, “И” ХХК-ийн Хүнд даацын автомашины замын хуудас, “И” ХХК-ийн баяжмал тээвэрлэлт, Хны тодорхойлолт, дансны хуулга, Тээвэр хөгжлийн банкны харилцагчийн дансны хуулга, Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ, “И” ХХК-ийн НӨАТ-ын тайлан, 0500 ХОА улсын дугаартай, Мерседес бенз маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, фото зураг, Тэнгэр даатгал ХХК-ийн албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны хариу хүргүүлэх тухай гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

 

            Нэхэмжлэгчийн хүсэлтээр Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хохирогчоор тогтоосон Мөрдөгчийн тогтоол, Иргэний нэхэмжлэгчээр тогтоосон Мөрдөгчийн тогтоол, Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Иргэний хариуцагчаар татах тухай Мөрдөгчийн тогтоол, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, Монголын хохирол үнэлэгчдийн холбооны шинжээчийн дүгнэлт, “Х” ХХК-иас М.Б-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

            Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн захирамжаар шинжээч томилсон хэдий боловч нэхэмжлэгч тал шинжээч томилуулах тухай хүсэлтээсээ татгалзаж, шинжээч томилуулахгүй гэснийг дурдав.    

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “И” ХХК-ийн гэм хорын хохиролд 592.706.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. 

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ж.А нь М.Б-ы өмчлөлийн 5860 УНЛ улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны жолоодож яваад “И” ХХК-ийн өмчлөлийн 0500 ХОА улсын дугаартай, Мерседес бенз маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Иймд зам тээврийн осол гаргасан автомашины өмчлөгч М.Б-аас  1.“И” ХХК-ийн өмчлөлийн 0500 ХОА улсын дугаартай, Мерседес бенз маркийн автомашиныг дахин ашиглах боломжгүй болсон тул автомашиныг худалдан авсан 120.000.000 төгрөгийг, 2.Уг зам тээврийн ослын улмаас хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын дуудсанаар Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт очсон замын зардал, зочид буудалд байрлахад зарцуулсан зардал 1.022.000 төгрөгийг, 3.“И” ХХК нь 0500 ХОА улсын дугаартай, Мерседес бенз маркийн автомашин эвдэрсний улмаас 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл буюу 2 жилийн хугацаанд олох ёстой байсан орлого 471.684.000 төгрөгийг, нийт гэм хорын хохиролд 592.706.000 төгрөг гаргуулах тухай гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ж.А нь М.Б-ы өмчлөлийн 5860 УНЛ улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг жолоодож яваад “И” ХХК-ийн өмчлөлийн 0500 ХОА улсын дугаартай, Мерседес бенз маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан талаар маргахгүй. Харин уг зам тээврийн ослыг Ж.А гаргасан тул М.Б нь хариуцагч биш этгээд юм. Мөн нэхэмжлэгч нь 0500 ХОА улсын дугаартай, Мерседес бенз маркийн автомашиныг ашиглах боломжгүй, мөн 120.000.000 төгрөгөөр уг автомашиныг худалдан авсан гэх боловч хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй. Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт очсон замын зардал, зочид буудалд байрлахад зарцуулсан зардал 1.022.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Харин олох ёстой байсан орлогод 471.684.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хавтаст хэрэгт “...И ХХК нь 3-4 автомашинтай байх бөгөөд 0500 ХОА улсын дугаартай автомашинаар орлого олж байсан талаарх баримт нь байхгүй” гэжээ.

 

4.1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183 дугаар Мэдэгдэх хуудас, Төлбөрийн баримт, “А ” ХХК-ийн Алтай зочид буудлын тасалбар, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, “И” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, “М ” ХХК-ийн баримт, Хөшөөтийн нүүрсний уурхай баримт, “И” ХХК-ийн Хүнд даацын автомашины замын хуудас, “И” ХХК-ийн баяжмал тээвэрлэлт, Хны тодорхойлолт, дансны хуулга, Тээвэр хөгжлийн банкны харилцагчийн дансны хуулга, Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ, “И” ХХК-ийн НӨАТ-ын тайлан, 0500 ХОА улсын дугаартай, Мерседес бенз маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, фото зураг, Тэнгэр даатгал ХХК-ийн албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны хариу хүргүүлэх тухай, Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хохирогчоор тогтоосон Мөрдөгчийн тогтоол, Иргэний нэхэмжлэгчээр тогтоосон Мөрдөгчийн тогтоол, Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Иргэний хариуцагчаар татах тухай Мөрдөгчийн тогтоол, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, Монголын хохирол үнэлэгчдийн холбооны шинжээчийн дүгнэлт, “Х” ХХК-иас М.Б-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.2. Ж.А нь М.Б-ы өмчлөлийн 5860 УНЛ улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг жолоодож явах үедээ 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн өглөөний 5 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Алтай сумын Хонхор заг гэх газарт Н.Мягмардоржийн жолоодож явсан “И” ХХК-ийн өмчлөлийн 0500 ХОА улсын дугаартай, Мерседес бенз маркийн автомашиныг мөргөж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А, 7.12, 9.2, 9.2-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан гэм буруугийн талаар зохигч маргаагүй болно.

 

4.3. 0500 ХОА улсын дугаартай, Мерседес бенз маркийн автомашины өмчлөгч  нь нэхэмжлэгч “И” ХХК, 5860 УНЛ улсын дугаартай Норд бенз маркийн автомашины өмчлөгч М.Б болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон бөгөөд энэ талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зааснаар хариуцагч М.Б-аас  өөрт учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэгч “И” ХХК нь шаардах эрхтэй юм.

 

5. Уг зам тээврийн ослын улмаас 0500 ХОА улсын дугаартай, Мерседес бенз маркийн автомашиныг дахин ашиглах боломжгүй болсон талаар, мөн “И” ХХК нь уг автомашиныг 120.000.000 төгрөгөөр худалдан авсан талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх бөгөөд Шинжээч Цагдаагийн ахмад Л.Лхагвадоржийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт, Монгол хохирол үнэлэгчдийн холбооны 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...0500 ХОА улсын дугаартай, Мерседес бенз маркийн чирэгч тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, зохих судалгаа явуулсны үндсэн дээр уг автомашинд учирсан хохирлын хэмжээг 55.530.000 төгрөгөөр тогтоов. Автомашиныг ослын өмнөх төрхөнд нь буцааж оруулахын тулд гарах хөдөлмөр, материалын зардал нийт 55.530.000 төгрөг” гэсэнд тухайн үед нэхэмжлэгч “И” ХХК нь гомдол гаргаагүй байх тул “И” ХХК-ийн өмчлөлийн 0500 ХОА улсын дугаартай, Мерседес бенз маркийн автомашинд учирсан хохиролд 55.530.000 төгрөгийг хариуцагч М.Б-аас  гаргуулах нь зүйтэй байна.

6. Мөн уг зам тээврийн ослын улмаас “И” ХХК-ийн захирал Н.Мягмардорж нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын дуудсанаар Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг явсан замын зардал, буудалд байрлахад 1.022.000 төгрөгийг зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон тул хариуцагч М.Б-аас  1.022.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

 

7. Харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн “М ” ХХК-ийн нягтлан бодогчийн тооцоо гаргасан гэх баримт, Хөшөөтийн нүүрсний уурхай “Хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх застав”, “И” ХХК-ийн Хүнд даацын автомашины замын хуудас, “И” ХХК-ийн баяжмал тээвэрлэлт, Хны тодорхойлолт, дансны хуулга, Тээвэр хөгжлийн банкны харилцагчийн дансны хуулга, Ачаа тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ, “И” ХХК-ийн Санхүүгийн тайлан гэсэн баримтаар “...И ХХК нь 0500 ХОА улсын дугаартай, Мерседес бенз маркийн автомашинаар олдог байсан болон олох ёстой байсан орлого”-ыг нотлохгүй байх тул нэхэмжлэгчийн “...2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл буюу 2 жилийн хугацаанд олох ёстой байсан орлого 471.684.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч М.Б-аас  гэм хорын хохиролд автомашиныг засварлах зардалд 55.530.000 төгрөг, замын зардал, зочид буудалд байрлахад зарцуулсан зардал 1.022.000 төгрөг, нийт 56.552.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 536.154.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 440.771 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 540.189 төгрөгийг, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1.818.179 төгрөгийг, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 480.300 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Б-аас  улсын тэмдэгтийн хураамжид 440.710 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч М.Б-аас  гэм хорын хохиролд 56.552.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 536.154.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 440.771 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 540.189 төгрөгийг, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1.818.179 төгрөгийг, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 480.300 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Б-аас  улсын тэмдэгтийн хураамжид 440.710 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.СЭМЖИД

 

     ШҮҮГЧИД                                    Д.ХУЛАН

 

                                                                        Д.МӨНХЦЭЦЭГ