Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 454

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/03309 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Ц-гийн хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан гаргасан 21 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагчийн өмгөөлөгч П.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Ц-гийн нөхөр П-ийн Т нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “Х” ХХК-д ажлаа хийж яваад тус компанийн уурын шугам задарч, халуун ууранд цохиулсны улмаас нас барсан. Тус компанийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комисс нь уг ослыг үйлдвэрлэлийн осол гэж үзэн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр акт тогтоосон байдаг. Гэтэл хариуцагч компани нь өнөөдрийг хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2.1-д заасан үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг өгөөгүй байна. Анх нэхэмжлэл гаргахдаа П.Т-ийг сарын 600 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан гээд 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 21 600 000 төгрөг гэж гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар талийгаач 600 000 төгрөгөөс илүү цалин авч байсан. Гэвч бид нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэхгүйгээр цалин хөлсний хэмжээг 600 000 төгрөгөөр тооцон нөхөн төлбөрт 21 600 000 төгрөгийг “Х” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х” ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай Пүрэвсүрэнгийн Түвшинтөр 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үйлдвэрийн үйл ажиллагаанд хэрэглэх уурыг Дулааны Цахилгаан Түгээх Станц 4-өөс “М” ХК-ийн дулаан дамжуулах төвөөр дамжин тус компанид ирдэг уурын шугамыг нээх албан үүргээ гүйцэтгэхээр явж байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэхүү үйлдвэрлэлийн ослыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газрын холбогдох ажилтнууд ирж газар дээр шалган Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн 180803305 дугаартай хэрэг нээгдэн шалгагдаж байгаа болно.

Нэгэнт эрдэнэт хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан тул компанийн зүгээс гүнээ эмгэнэлтэй хандаж, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажилд үнэн зөв мэдүүлэг өгч ямар нэгэн байдлаар хэргээс өөрсдийгөө хамгаалах буруугүй мэт нотлохыг хүсээгүй бөгөөд зөвхөн хуулийн хүрээнд асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэгдэхийг хүсэж асуудалд хүлээцтэй хандаж байна.

Талийгаачийн буяны ажилд компанийн зүгээс оршуулгын зардалд 2 970 000 төгрөг, будаалгын ажилд 1 680 000 төгрөг, тухайн хугацаанд ажилласан цалин 416 155 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 1 000 000 төгрөг, МИГ даатгалаас 1 000 000 төгрөг, “Х” ХХК-ийн хамт олны зүгээс хандив цуглуулсан 1 650 000 төгрөг тус тус хандив тусламж болон хуулийн дагуу олгогдох нөхөн төлбөр болгож олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд манай байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас үйлдвэрлэлийн осол болсон гэж бичсэнд бид их гомдолтой байгаа. Талийгаачийн эхнэр Б.Ц-д 15 000 000 төгрөгийг манайхаас өгье, үлдсэн хэсгийг нь “М” ХХК-аас гаргуулан өгье гэсэн санал тавьсан боловч хүлээн авахгүй байгаа. Гол нь талийгаач манай ажилтан мөн боловч “М” ХК-ийн мэдлийн шугам хоолойг засварлахдаа шаардлага хангаагүйн улмаас уг осол гарсан. Иймээс “Х” ХХК-ийн үйлдвэрлэлийн осол биш, “М” ХК-ийн үйлдвэрлэлийн осол юм. Манай байгууллага ажиллах хугацаанд гарсан том осол тул бид туршлагагүй байсан. Цагдаа болон Онцгой байдлын газрынхан ирээд бүх зүйлийг лацдаж ломбодоод, бичиг баримтаа хурдан гаргаж өг гээд яаруулаад байсан тул бид үйлдвэрлэлийн осол мөн гэсэн акт гаргасан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасныг баримтлан “Х” ХХК-аас 21 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 000 төгрөгийн 265 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 265 950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.С давж заалдах гомдолдоо:

... Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэлийн үндэслэл болсон Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн хашаанд “Х” ХХК-ийн ажилтан П.Т- 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр дулааны шугам сүлжээний хонгил дотор халуун ууранд түлэгдсэн байдалтай нас барсан хэрэгт Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Б-2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 180803305 дугаартай хэрэг нээж, эрүүгийн журмаар шалгаж байгаа бөгөөд энэхүү эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогдсон.

Хариуцагч "Хатансүйх импекс" ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа бөгөөд эрүүгийн журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг иргэний хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах”, эсвэл “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” тухай хүсэлт удаа дараа тавьсан боловч анхан шатны шүүх хууль бус үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “... Б.Т-нас барсан шалтгаан”, “Уурын шугам задарсан шалтгаан”, “Х” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа байсан эсэх” зэргийг эрүүгийн журмаар эцэслэн тогтоох учиртай бөгөөд нэхэмжлэлд дурдагдсан энэхүү нөхцөл байдлыг тодорхой болгохгүйгээр иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх “... шугам хагарч, халуун ууранд амьсгал боогдон нас барсан үйл баримтад талууд маргаагүй” гэсэн хууль бус үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хавтаст хэргийн 174 дугаар хуудаснаас 231 дүгээр хуудсанд шинээр авагдсан 56 хуудас нотлох баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн 2019 оны 184/Ш32019/16164 дугаартай шүүгчийн захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газраас холбогдох нотлох баримтуудыг гаргуулахаар захирамжилсан.

Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02-01/5269 дугаартай албан бичгээр 184/Ш32019/16164 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу 56 хуудас нотлох баримтыг анхан шатны шүүхэд хүргүүлсэн байсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хурал болсон өдөр мэдсэн.

Анхан шатны шүүх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн дагуу холбогдох байгууллагаас нотлох баримтууд ирсэн болохыг хариуцагч талд огт мэдэгдээгүй, шинээр ирсэн нотлох баримтуудтай хариуцагч талыг урьдчилан танилцуулах нөхцөл боломжоор хангаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шинээр нотлох баримт ирсэнтэй холбогдуулан шинээр нотлох баримт гаргаж өгөх, шүүх хуралд бэлдэх талаар хуулиар олгогдсон эрхийг бүдүүлгээр ноцтой зорчиж, хүчээр, хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хавтаст хэргийн 174 дүгээр хуудаснаас 231 дүгээр хуудсанд шинээр авагдсан 56 хуудас нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, дутуу хуулбарласны улмаас бүрэн гүйцэд уншигдахгүй баримтууд байна. Шүүгчийн захирамжийн дагуу шинээр бүрдүүлсэн нотлох баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт бүрэн гүйцэд танилцуулаагүйн улмаас нотлох баримтын шаардлага хангуулах ажиллагааг хийгдэлгүйгээр анхан шатны шүүх хурал явагдсан байна гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцох, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хурал хойшлуулах тухай хүсэлтийг хууль бус үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан даргалагч Г.Нямсүрэн шүүгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр татгалзсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт зааснаар дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гарах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргах ёстой. Гэтэл шүүгч Г.Нямсүрэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзан хүсэлт шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй гэж дураараа аашилж, хууль зөрчиж шүүх хурал хийсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүгч Г.Нямсүрэнгээс татгалзаж байна, энэхүү татгалзан гарах хүсэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгчээр шийдүүлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсээр байхад шүүгч Г.Нямсүрэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэр гаргасныг бүхэлд нь эсэргүүцэж байна.

Анхан шатны шүүх Б.Ц-гийн нэхэмжлэлтэй хариуцагч “Х” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүйн улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэлд дурдсан үйл баримтад Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны янцад 2018 опы 9 дүгээр сарын 21-ний өдөр Н-2018-26 тоот “Шинжээчийн дүгнэлт” гарсан.

Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгч Б.Ц-гийн нөхөр талийгч П.Т- нь “М” ХХК, түүний албан тушаалтнуудын буруутай үйлдлийн улмаас үйлдвэрлэлийн ослоор нас барсан нь тодорхой харагдана. Энэхүү үйлдвэрлэлийн осол “Х” ХХК-д болоогүй, уг үйлдвэрлэлийн осолд “Х” ХХК, түүний ажилтан, албан тушаалтнууд буруугүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон байхад анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлийг хянан үзэж Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/03309 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч “Х” ХХК-иас талийгаач нөхөр П.Т-ийн үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсны тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар гаргуулна гэж 21 600 000 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, осол нь “М” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас гарсан, Хатансүйх импекс” ХХК буруугүй гэж маргажээ.

 

            “Х” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр сантехникчээр ажиллаж байсан П.Т- ажил үүргээ гүйцэтгэх явцдаа 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нас барсан үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй.

 

            “Х” ХХК-ийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комисс 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт үйлдэн, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч актыг зөвшөөрч баталгаажуулсан, мөн уг хэргийг эрүүгийн журмаар бүртгэж шалгах явцад гаргасан шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Н-2018-26 тоот дүгнэлтэд “...дээрх үйлдэл нь үйлдвэрлэлийн осол мөн гэж үзэж байна” гэж дүгнэсэн байх бөгөөд хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д заасан “үйлдвэрлэлийн осол” болсон, уг ослын улмаас ажилтны амь нас эрсдсэн нь тогтоогдсон байна.

 

Шүүх хэргийн дээр дурдсан баримтуудыг үнэлж, үйлдвэрлэлийн ослын акт нь  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар гарсан хүчин төгөлдөр акт болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар ажил олгогч нь ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилго бүхий нөхөн төлбөрийг үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны гэр бүлд олгох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч Б.Ц- нь П.Т-ийн хууль ёсны гэр бүл болохоо баримтаар нотолсон тул шүүх түүний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн уг зохицуулалтад нийцсэн байна.

 

Ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн осолд өртөж нас барсан нь тогтоогдсон нөхцөлд 36 сар, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг ар гэрт нь олгох үүргийг Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар ажил олгогч хүлээх тул гуравдагч этгээдийн буруутай үйлдлээс осол шалтгаалсан нь хуульд зааснаар үүссэн нөхөн төлбөр төлөх үүргээс ажил олгогчийг чөлөөлөх үндэслэл болохгүй, хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Мөн шүүгчийн захирамжийн дагуу Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн хэргийн 174-231 дүгээр хуудас дахь нотлох баримт нь хэрэгт урьд нь авагдсан баримтууд байх бөгөөд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө хүсэлт санал гаргах эсэхийг шүүх тодруулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч санал, хүсэлтгүй байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

 

Иймээс шүүх хариуцагчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/03309 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 266 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ