Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2019/03309

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х ХХК -д холбогдох

21,600,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б.Ц-ийн нөхөр П.Т нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Х ХХК-д ажлаа хийж яваад тус компанийн уурын шугам задарч, халуун ууранд цохиулсны улмаас нас барсан. Тус компанийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комисс нь уг ослыг үйлдвэрлэлийн осол гэж үзэн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр акт тогтоосон байдаг. Гэтэл хариуцагч компани нь өнөөдрийг хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2.1-д заасан үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг өгөөгүй байна. Анх нэхэмжлэл гаргахдаа П.Т-ийг сарын 600,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан гээд 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 21,600,000 төгрөг гэж гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар талийгаач 600,000 төгрөгөөс илүү цалин авч байсан. Гэвч бид нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэхгүйгээр цалин хөлсний хэмжээг 600,000 төгрөгөөр тооцон нөхөн төлбөрт 21,600,000 төгрөгийг Х ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай П.Т 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үйлдвэрийн үйл ажиллагаанд хэрэглэх уурыг Дулааны Цахилгаан Түгээх Станц 4-өөс М ХК-ийн дулаан дамжуулах төвөөр дамжин тус компанид ирдэг уурын шугамыг нээх албан үүргээ гүйцэтгэхээр явж байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэхүү үйлдвэрлэлийн ослыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газрын холбогдох ажилтнууд ирж газар дээр шалган Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн 180803305 дугаартай хэрэг нээгдэн шалгагдаж байгаа болно.

Нэгэнт эрдэнэт хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан тул компанийн зүгээс гүнээ эмгэнэлтэй хандаж, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажилд үнэн зөв мэдүүлэг өгч ямар нэгэн байдлаар хэргээс өөрсдийгөө хамгаалах буруугүй мэт нотлохыг хүсээгүй бөгөөд зөвхөн хуулийн хүрээнд асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэгдэхийг хүсэж асуудалд хүлээцтэй хандаж байна.

Талийгаачийн буяны ажилд компанийн зүгээс оршуулгын зардалд 2,970,000 төгрөг, будаалгын ажилд 1,680,000 төгрөг, тухайн хугацаанд ажилласан цалин 416,155 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 1,000,000 төгрөг, МИГ даатгалаас 1,000,000 төгрөг, Х ХХК-ийн хамт олны зүгээс хандив цуглуулсан 1,650,000 төгрөг тус тус хандив тусламж болон хуулийн дагуу олгогдох нөхөн төлбөр болгож олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд манай байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас үйлдвэрлэлийн осол болсон гэж бичсэнд бид их гомдолтой байгаа. Талийгаачийн эхнэр Б.Ц-д 15,000,000 төгрөгийг манайхаас өгье, үлдсэн хэсгийг нь М ХХК-аас гаргуулан өгье гэсэн санал тавьсан боловч хүлээн авахгүй байгаа. Гол нь талийгаач манай ажилтан мөн боловч М ХК-ийн мэдлийн шугам хоолойг засварлахдаа шаардлага хангаагүйн улмаас уг осол гарсан. Иймээс Х ХХК-ийн үйлдвэрлэлийн осол биш, М ХК-ийн үйлдвэрлэлийн осол юм. Манай байгууллага ажиллах хугацаанд гарсан том осол тул бид туршлагагүй байсан. Цагдаа болон Онцгой байдлын газрынхан ирээд бүх зүйлийг лацдаж ломбодоод, бичиг баримтаа хурдан гаргаж өг гээд яаруулаад байсан тул бид үйлдвэрлэлийн осол мөн гэсэн акт гаргасан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын улмаас хүн нас барсан тул 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрт 21,600,000 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талийгаач П.Т нь Х ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс сантехникчээр ажиллаж байсан, 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр М ХК-ийн 52 дугаар цехэд тухайн өдрийн үйлдвэрлэлд бэлтгэх явцад шугам хагарч, халуун ууранд амьсгал боогдон нас барсан үйл баримтад талууд маргаагүй ба хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Ц нь талийгаач П.Т-тэй 1991 онд гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа ажил олгогч олгоно гэж заасны дагуу нөхөн төлбөрийг шаардах эрхтэй.

Хариуцагч тал нь М ХК, түүний ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас осол гарсан тул Х ХХК-ийн үйлдвэрлэлийн осол гэж үзэхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, эрүүгийн хэргийг хянан шалгах явцад гарсан 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Н-2018-26 тоот шинжээчийн дүгнэлтийг иш үндэс болгожээ.

Хүн нас барсан үйлдэлд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байх бөгөөд ажиллагааны явцад ослын талаар 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Н-2018-26 тоот шинжээчийн дүгнэлт гарчээ. Энэхүү бичгийн баримтад М ХК-ийн эзэмшлийн Ф400 мм-ийн уурын шугам хоолойд техникийн үзлэг, засвар үйлчилгээ хийгээгүй, техникийн магадалгаа хийлгээгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, ашиглах зөвшөөрөл аваагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй шугам хоолойг ашигласан. Мөн М ХК-ийн ажилтан Ү.Т нь Цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан-механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм-ийн 2.9.18, 2.9.19-д заасныг зөрчиж, шугам хоолойд уур өгч халаах, залгах үйлдлийг буруу хийж уурын шугамд үүссэн усыг зайлуулах арга хэмжээг аваагүй шалтгааны улмаас осол гарсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу М ХК-ийн ажил олгогч, мөн дулаан, уур усны асуудал хариуцсан албан тушаалтнууд нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна гэжээ.

Х ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 01/100 дугаар тушаалаар байгуулагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комисс 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар . . . Энэ осол нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2.1.3, 2.1.6-д заасан нөхцөл байдалтайгаар үйлдвэрлэлийн осолд орж амь насаа алдсан байна гэж үзээд зохих журмын дагуу осол бүртгэн холбогдох байгууллагад хүргүүлэв, мөн дээр дурдсан Шинжээчийн дүгнэлтэд . . . дээрх үйлдэл нь үйлдвэрлэлийн осол мөн гэж үзэж байна гэжээ. /хх-175-178, 158-160/

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно гэж, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 2 дугаар зүйлд ямар тохиолдлыг үйлдвэрлэлийн осолд хамруулахыг заажээ.

Хууль, дүрмийн дээрх зохицуулалтаас үзэхэд ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртөхөд гуравдагч этгээдийн буруутай үйлдлээс үл хамааран үйлдвэрлэлийн осолд тооцдог байна.

Осол гарсан даруйд Х ХХК-ийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комисс Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт үйлдэн, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч актыг зөвшөөрч баталгаажуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна., 29.3-т Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана., 29.4-т Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: 29.4.1.ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах; 29.4.2.ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах. гэж заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Ц-ийн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар нь үйлдвэрлэлийн ослоор нас барсан нөхөр талийгаач П.Т-ийн 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг ажил олгогч Х ХХК-аас шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсний дундажаар тооцохоор заасан. Талийгаач П.Т-ийн 2018 оны 4, 5, 6 дугаар сарын цалин хөлсний дундаж нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 600,000 төгрөгөөс илүү байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлэхгүй хэмээн тайлбарлаж байх тул нэхэмжилсэн үнийн дүн болох 600,000 төгрөгөөр нэг сарын цалин хөлсийг тооцсон болно.

Иймд П.Т үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан байх тул түүний эхнэр нэхэмжлэгч Б.Ц-д 21,600,000 төгрөгийн нөхөн төлбөрийг ажил олгогч, хариуцагч Х ХХК-аас гаргуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-д заасныг баримтлан Х ХХК-аас 21,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,000 төгрөгийн 265,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 265,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж, хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН