Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 453

 

 

 

 

 

 

 

 

 

М.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 103/ШШ2020/00038 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.О-ын хариуцагч “Ц” ТӨХК-д холбогдуулан гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 187 дугаар тушаалыг хүчингүй болгож, салбарын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингийн зөрүү 8 063 241.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.О- миний бие 2015 оны 12 дугаар сараас эхлэн Багануур Зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ салбарын даргын албан тушаалд томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2017 оны 4 сарын 24-ний өдрийн өглөө ажилдаа очиход ажлаас чөлөөлсөн гэж ажил хүлээлцүүлсэн. Ямар учраас ажлаас чөлөөлсөн талаар асуухад тодорхой зүйл яриагүй, захирал ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан учир ажлаа өг гэсэн. Миний бие ажлаа хүлээлгэн өгсөн, ажлаас халагдсан тушаалаа гардан авах гэсэн боловч өгөхгүй байсаар 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тушаалаа гардан авч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие өөрийн эрхэлж байсан ажлаа хангалттай сайн хийж байсан ба намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг барьж ажлаас халсан. Гэтэл миний бие захирал Н.Тавинбэхтэй тохиролцсон зүйл байхгүй. Н.Тавинбэх нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/218 дугаар тушаал гаргаж дотоод хяналтын хэлтэст түгээх үйл ажиллагаа хариуцсан хяналтын инженерээр томилсон. Н.Тавинбэх дарга нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс намайг өвчтэй хэвтэрт байх хугацаанд 4 удаа тушаал гарган ажил албан тушаалыг өөрчилсөн. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/219 дугаар тушаалаар Дотоод хяналтын хэлтэст Хангах үйл ажиллагаа хариуцсан хяналтын инженерээр томилогдон ажиллаж байна. Иймд Багануур Зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 187 дугаар тушаалыг хүчингүй болгож, салбарын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

М.О- нь Багануур Зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ салбарын даргын ажлыг 2015 оны 12 сараас эхлэн гүйцэтгэж эхэлсэн. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Тушаалаа гаргахдаа талууд харилцан тохиролцсон гэж дурдсан байсан. Хөдөлмөрийн тухай хуульд тодорхойлсноор харилцан тохиролцсон гэдэг нь энэ талаар талуудын хооронд бичгээр хэлцэл байгуулсан байхыг шаарддаг, гэтэл харилцан тохиролцсон гэрээ байхгүй байхад гэрээг мөн хуулийн 37.1.1 дэх заалтыг үндэслэн дуусгавар болгосон. Бичгээр байгуулсан гэрээг цуцлах, өөрчлөх, дуусгавар болгоход тэр хэлбэрээр гэрээ байгуулах ёстой. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн тушаалаа М.О- өөрөө хүсэлт гаргаж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор гомдлоо шүүхэд гаргана гэж заасныг үндэслэн шүүхэд гаргасан. Тушаалдаа хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай гээд тушаал дээрээ ажил хүлээлцэх комиссыг томилсон нь хууль хэрэглээний болон бичвэрийн хувьд алдаатай тушаал байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т "ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэхээр заасан. Гэтэл тушаал дээрээ гэрээг цуцлах, комисс томилох, ажил хүлээлцэх нөхцөлүүдийг бүгдийг нэг дор хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийг анхааралтай уншвал шийдвэрийг хүлээн авснаас хойш гэж заасан байгаа, тушаалыг хүлээлгэж өгөх үүрэг ажил олгогчид байгаа, энэ хугацаа шүүхэд гомдол гаргах хугацаа, хүн ажил хийж цалин хөлс авч өрх гэрээ тэжээдэг, ажилгүй суухаар гэр бүлээ хэрхэн тэжээх вэ, өгсөн ажлыг нь хийгээд байгаа нь эцгийн үүргээ гүйцэтгэж байгаа хэлбэр, ажилтан ажил олгогчид гомдол гаргахгүй, шүүхэд гомдлоо гаргана, шүүх дээр тэгш эрхийн зарчим хэрэгжинэ. Иймд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалыг хүчингүй болгож, 8.063.241.78 төгрөгийн цалингийн зөрүүг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Тус компанийн Багануур дүүргийн Цахилгаан түгээх сүлжээ салбарын даргаар ажиллаж байсан М.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгийг үндэслэн ажилтантай харилцан тохиролцож 2017 оны 04 сарын 24-ний өдрийн Б/187 дугаар тушаалаар дуусгавар болгож, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/218 дугаар тушаалаар Дотоод хяналтын хэлтэст түгээх үйл ажиллагаа хариуцсан хяналтын инженерээр 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс томилж ажиллуулсан ба өнөөдөр ч нэхэмжлэгч ажлаа хийсээр байгаа. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

М.О- нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож өөр ажилд томилогдоод одоог хүртэл ажил үүргээ үргэлжлүүлэн хийж байгаа. Энэ хугацаанд буюу 2 жил 6 сарын хугацаанд намайг ажлаас халлаа, өөр ажилд томиллоо гэж нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй. Анх байгууллагын даргатай тохирохдоо салбарын даргын ажлаа өгөөд инженерийн ажил албан үүргийг гүйцэтгэх, байгууллагаас Удирдлагын академид байгууллагын зардлаар суралцуулах, суралцах 1 жилийн хугацаанд цалинтай чөлөө олгож байхаар тохиролцсон юм байна лээ. Энэ тохиролцооны дагуу 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн тушаал гарсан. Байгууллагын зүгээс сургалтын төлбөрт 2 625 000 төгрөгийг Удирдлагын академи руу шилжүүлж суралцаж төгссөн. Суралцах хугацаанд нь цалинг нь олгож байсан, ажилласан хугацаа нь өнөөдрийг хүртэл огт тасраагүй. М.О- нь үнэхээр өөр ажилд томилогдоод хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөд байсан юм бол тушаалаа аваагүй ч шүүхэд нэхэмжлэл гаргаж эрхээ сэргээлгэх бүрэн боломжтой байсан.

Шүүхээр тушаалаа манай байгууллагаас шаардаж гаргуулж болно. Манай байгууллагыг шаардаад байхад тушаалаа өгөхгүй байсан гэж худал ярьж байна. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалыг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөө өөрт нь болон түүний ажлыг хүлээн авсан Алтансүх нарт танилцуулсан, ажил хүлээлцсэн акт дээр гарын үсгээ зурсан, энэ үед тушаалаа гардуулж өгсөн, ажлаа хүлээлгэж өгөх, өөр ажилд ажиллахаа өөрөө хүлээн зөвшөөрч байсан, энэ талаар ямар ч гомдол гаргахгүй 2 жил гаруй явчихаад гэнэт шүүхэд хандсаныг хүлээн зөвшөөрөхгүй, манай байгууллагад одоог хүртэл ажиллаж байгаа өөрийн үйлдлээрээ гаргасан тушаалыг хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул гомдлыг хэрэгсэх болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан Боржигон овогт Махранзын Отгонбаатарын нэхэмжлэлтэй, Багануур Зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдох гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 187 дугаар тушаалыг хүчингүй болгох, салбарын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингийн зөрүү 8 063 241.78 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.О- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч М.О- давж заалдах гомдолдоо:

... Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх шийдвэрийн үндэслэлээ: “Хөдөлмөрийн хуулийн дээрх заалтад ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэжээ. М.О- нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр мэдсэн, тухайн өдрөө ажил хүлээлцэх актаар салбарын даргын ажлыг Б.Алтансүхэд хүлээлгэн өгсөн...” гэсэн дүгнэлт хийжээ.

Энэ дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгч нь хуулийг илт буруу тайлбарласан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд энэ хуулийн шууд тодорхой бөгөөд ойлгомжтой заалтад шүүгч өөрийн санаачилгаар “мэдсэн өдрөөс хойш гэсэн” шинэ заалт нэмж хуулийг өөрийн дур зоргоор тайлбарлан хууль дээдлэх ёсыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Хуульд ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдөр гэж л заасан. Энэ заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэсэн заалттай шууд холбогдох бөгөөд хууль тогтоогч хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр ... өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж тухайлан ажил олгогчийн үүрэг болгож зааснаас гадна Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт мөн хүлээн авсан өдрөөс хойш гэж тодорхой бөгөөд ойлгомжтой зааж зохицуулсан болохыг шүүгч анхаарсангүй.

Нэхэмжлэгч М.О- миний бие ажил олгогчийн шийдвэрийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гардан авч гомдол гаргасан тул шүүхийн хугацаа хэтрүүлсэн гэсэн дүгнэлт нь хуульд нийцэхгүй байна. Мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ М.Отгобаатарын НДШ-д бичсэнээр 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б/188 дугаартай тушаалаар “Түгээх үйл ажиллагаа хариуцсан тэргүүн дэд захирал, Ерөнхий инженерээр ажиллаж байсан хүнийг “Ц” ТӨХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 187 дугаартай тушаалаар Багануур Цахилгаан түгээх салбарын даргын ажлаас гэсэн буруу тушаал гаргасан талаарх нэхэмжлэгч талын мэтгэлцээний үндэслэлд заасан үйл баримтын талаар огт дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч М.О- нь хариуцагч “Ц” ТӨХК-д холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 187 дугаар тушаалыг хүчингүй болгож, салбарын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингийн зөрүү 8 063 241.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

            Хариуцагч Багануур Зүүн өмнөд бүсийн Ц ТӨХК-ийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/187 дугаар тушаалаар  М.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болгож, Багануур Цахилгаан түгээх сүлжээ салбарын даргын албан тушаалаас чөлөөлсөн, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/218 дугаар тушаалаар Дотоод хяналтын хэлтсийн түгээх үйл ажиллагаа хариуцсан хяналтын инженерээр томилсон үйл баримт тогтоогдсон байна.

 

            Нэхэмжлэгч М.О- нь ажлаас чөлөөлөгдсөний дараа өдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн, ажил хүлээлцэх актад гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсанаас гадна 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн шийдвэрийн дагуу хяналтын инженерийн ажил үүргийг гүйцэтгэж иржээ.

 

            Мөн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажил олгогчтой компанийн зардлаар суралцах тухай гэрээ байгуулахдаа техникийн хяналтын инженерийн ажил албан тушаалтны хувиар гэрээнд гарын үсэг зурсан нь хэрэгт баримтаар авагдсан байна.

 

            Дээрх нөхцөл байдал, баримтуудаас үзвэл М.О- нь салбарын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн тушаалыг мэдээгүй, ойлгоогүй, маргах боломжгүй байсан гэх үндэслэлгүй, ажил олгогчийн гаргасан шийдвэр, тушаалын дагуу өөр ажилд шилжин үүргээ гүйцэтгэж, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр цалин хөлсөө авч, бусад баталгаагаар хангагдаж ирсэн, хуульд заасан хугацаанд гомдол гаргаж маргаагүй нь бичгийн баримтуудаар нотлогджээ.

 

            Иймд техникийн хяналтын инженерийн ажлын байранд томилсон шийдвэрийг эсэргүүцэлгүйгээр хүлээн зөвшөөрч ажил үүргээ гүйцэтгэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд ажлаас өөрчилсөн шийдвэрт гомдол гаргаагүй  гэж үзэх бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/187 дугаар тушаалыг бичгээр хүлээн авсан гэж тайлбарлан  шийдвэрийг гардан авснаар шүүхэд хандсан гэх түүний тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй болно.

 

            Анхан шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдал, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг маргааны үйл баримтад хамааралтай, үнэн зөв талаас нь бодитойгоор үнэлэн үзэж, нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийг зөрчихгүй бөгөөд энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 103/ШШ2020/00038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.О- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ