Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2019/00038

 

 

 Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн  хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух, Б- овогт М.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-д холбогдох 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 187 дугаар тушаалыг хүчингүй болгож, Салбарын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингийн зөрүү 8.063.241.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч П.Туяагаас  2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.О итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Ш-, нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч М.О- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М.О- миний бие 2015 оны 12 дугаар сараас эхлэн БЗӨБЦТСС--ын даргын албан тушаалд томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2017 оны 04 сарын 24-ний өдрийн өглөө ажилдаа очиход ажлаас чөлөөлсөн гэж ажил хүлээлцүүлсэн. Ямар учраас ажлаас чөлөөлсөн талаар асуухад тодорхой зүйл яриагүй, захирал ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан учир ажлаа өг гэсэн. Миний бие ажлаа хүлээлгэн өгсөн, ажлаас халагдсан тушаалаа гардан авах гэсэн боловч өгөхгүй байсаар 2019 оны 09 сарын 25-ны өдөр тушаалаа гардан авч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие өөрийн эрхэлж байсан ажлаа хангалттай сайн хийж байсан ба намайг Хөдөлмөрийн тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг барьж ажлаас халсан. Гэтэл миний бие захирал Тавинбэхтэй тохиролцсон зүйл байхгүй. Н.Тавинбэх нь 2017 оны 05 сарын 05-ны өдрийн Б/218 дугаар тушаал гаргаж дотоод хяналтын хэлтэст түгээх үйл ажиллагаа хариуцсан хяналтын инженерээр томилсон. Н.Тавинбэх дарга нь 2019 оны 04 сарын 04-ний өдрөөс намайг өвчтэй хэвтэрт байх хугацаанд 4 удаа тушаал гарган ажил албан тушаалыг өөрчилсөн. 2019 оны 10 сарын 01-ний өдрийн Б/219 дугаар тушаалаар Дотоод хяналтын хэлтэст Хангах үйл ажиллагаа хариуцсан хяналтын инженерээр томилогдон ажиллаж байна.

           Иймд БЗӨБЦТСС-ТӨХК-ийн захирлын  2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 187 дугаар тушаалыг хүчингүй болгож, салбарын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: М.О- нь БЗӨБЦТСС--ын даргын ажлыг 2015 оны 12 сараас эхлэн гүйцэтгэж эхэлсэн. Гэтэл 2017 оны 04 сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Тушаалаа гаргахдаа талууд харилцан тохиролцсон гэж дурдсан байсан, Хөдөлмөрийн тухай хуульд тодорхойлсноор харилцан тохиролцсон гэдэг нь энэ талаар талуудын хооронд бичгээр хэлцэл байгуулсан байхыг шаарддаг, гэтэл харилцан тохиролцсон гэрээ байхгүй байхад гэрээг мөн хуулийн 37.1.1 дэх заалтыг үндэслэн дуусгавар болгосон. Бичгээр байгуулсан гэрээг цуцлах, өөрчлөх, дуусгавар болгоход тэр хэлбэрээр гэрээ байгуулах ёстой. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2017 оны 04 сарын 24-ний өдрийн тушаалаа М.О- өөрөө хүсэлт гаргаж байгаад 2019 оны 09 сарын 25-нд авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-д зааснаар ажилтан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор гомдлоо шүүхэд гаргана гэж заасныг үндэслэн шүүхэд гаргасан. Тушаалдаа хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай гэчихээд тушаал дээрээ ажил хүлээлцэх комиссыг томилсон нь хууль хэрэглээний болон бичвэрийн хувьд алдаатай тушаал байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэхээр заасан. Гэтэл тушаал дээрээ гэрээг цуцлах, комисс томилох, ажил хүлээлцэх нөхцөлүүдийг бүгдийг нэг дор хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийг анхааралтай уншвал шийдвэрийг хүлээн авснаас хойш гэж заасан байгаа, тушаалыг хүлээлгэж өгөх үүрэг ажил олгогчид байгаа, энэ хугацаа шүүхэд гомдол гаргах хугацаа, хүн ажил хийж цалин хөлс авч өрх гэрээ тэжээдэг, ажилгүй суухаар гэр бүлээ хэрхэн тэжээх вэ, өгсөн ажлыг нь хийгээд байгаа нь эцгийн үүргээ гүйцэтгэж байгаа хэлбэр, ажилтан ажил олгогчид гомдол гаргахгүй, шүүхэд гомдлоо гаргана, шүүх дээр тэгш эрхийн зарчим хэрэгжинэ. Иймд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалыг хүчингүй болгож, 8.063.241.78 төгрөгийн цалингийн зөрүүг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч байгууллага шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус компанийн Багануур дүүргийн Цахилгаан түгээх сүлжээ салбарын даргаар ажиллаж байсан М.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгийг үндэслэн ажилтантай харилцан тохиролцож 2017 оны 04 сарын 24-ний өдрийн Б/187 дугаар тушаалаар дуусгавар болгож, 2017 оны 05 сарын 05-ны өдрийн Б/218 дугаар тушаалаар Дотоод хяналтын хэлтэст түгээх үйл ажиллагаа хариуцсан хяналтын инженерээр 2017 оны 04 сарын 25-ны өдрөөс томилж ажиллуулсан ба өнөөдөр ч нэхэмжлэгч ажлаа хийсээр байгаа. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: М.О- нь 2017 оны 04 сарын 24-нд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож өөр ажилд томилогдоод одоог хүртэл ажил үүргээ үргэлжлүүлэн хийж байгаа. Энэ хугацаанд буюу 2 жил 6 сарын хугацаанд намайг ажлаас халлаа, өөр ажилд томиллоо гэж нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй. Анх байгууллагын даргатай тохирохдоо салбарын даргын ажлаа өгөөд инженерийн ажил албан үүргийг гүйцэтгэх, байгууллагаас Удирдлагын академид байгууллагын зардлаар суралцуулах, суралцах 1 жилийн хугацаанд цалинтай чөлөө олгож байхаар тохиролцсон юм байна лээ. Энэ тохиролцооны дагуу 2017 оны 04 сарын 24-ний өдрийн тушаал гарсан. Байгууллагын зүгээс сургалтын төлбөрт 2.625.000 төгрөгийг Удирдлагын академи руу шилжүүлж суралцаж төгссөн. Суралцах хугацаанд нь цалинг нь олгож байсан, ажилласан хугацаа нь өнөөдрийг хүртэл огт тасраагүй. М.О- нь үнэхээр өөр ажилд томилогдоод хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөд байсан юм бол тушаалаа аваагүй ч шүүхэд нэхэмжлэл гаргаж эрхээ сэргээлгэх бүрэн боломжтой байсан. Шүүхээр тушаалаа манай байгуулагаас шаардаж гаргуулж болно. Манай байгууллагыг шаардаад байхад тушаалаа өгөхгүй байсан гэж худал ярьж байна, энэ талаар ямар баримт байгаа юм бэ, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалыг 2017 оны 04 сарын 24-ний өдрөө өөрт нь болон түүний ажлыг хүлээж авсан Алтансүх нарт танилцуулсан, ажил хүлээлцсэн акт дээр гарын үсгээ зурсан, энэ үед тушаалаа гардуулж өгсөн, ажлаа хүлээлгэж өгөх, өөр ажилд ажиллахаа өөрөө хүлээн зөвшөөрч байсан, энэ талаар ямар ч гомдол гаргахгүй 2 жил гаран явчихаад гэнэт шүүхэд хандсаныг хүлээн зөвшөөрөхгүй, манай байгууллагад одоог хүртэл ажиллаад байгаа өөрийн үйлдлээрээ гаргасан тушаалыг хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр нэхэмжлэгч М.О-ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, БЗӨБЦТСС-ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 сарын 24-ний өдрийн Б/187, 2017 оны 02 сарын 13-ны өдрийн А/106, 2019 оны 03 сарын 29-ний өдрийн А/96, 2018 оны 01 сарын 31-ний өдрийн А/22 дугаартай  тушаалууд, хариуцагч талын хүсэлтээр Компанийн зардлаар суралцуулах тухай 2017 оны 09 сарын 01-ний өдрийн гэрээ, нэхэмжлэх, төлбөрийн даалгавар зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч М.О- нь хариуцагч БЗӨБЦТСС-ТӨХК-д холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 187 дугаар тушаалыг хүчингүй болгож, салбарын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингийн зөрүү 8.063.241.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

          Хариуцагч БЗӨБЦТСС-ТӨХК-нь “Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг 2017 оны 04 сарын 24-ний өдөр дуусгавар болгосон, 2017 оны 04 сарын 25-ны өдрөөс  Дотоод хяналтын хэлтэст Түгээх үйл ажиллагаа хариуцсан хяналтын инженерээр томилогдон, өөр ажил албан тушаалд томилсныг хүлээн зөвшөөрч одоог хүртэл ажиллаж байгаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэсэн үндэслэлүүдийг зааж шаардлагыг  бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

        Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

       Нэхэмжлэгч М.О- нь 2015 оны 12 сараас Багануур Цахилгаан түгээх сүлжээ салбарын даргын ажил албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд БЗӨБЦТСС-ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 04 сарын 24-ний өдрийн Б/187 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 04 сарын 24-ний өдөр дуусгавар болгожээ. /ХХ-ийн 18 дугаар тал/

       Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Талууд харилцан тохиролцсон” гэх заалтыг баримталсан байна.

        Ажил олгогч нь М.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 04 сарын 24-ний өдөр дуусгавар болгож, 2017 оны 05 сарын 05-ны өдөр Б/218 дугаартай “М.О-ыг ажилд томилох тухай“ тушаал гаргаж, түүнийг 04 сарын 25-ны өдрөөс Дотоод хяналтын хэлтсийн Түгээх үйл ажиллагаа хариуцсан хяналтын инженерээр томилон, албан тушаалын үндсэн цалинг 885.384 төгрөг байхаар тогтоосон, 2017 оны 04 сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Дотоод хяналтын хэлтэст инженерээр ажиллаж байгаа болох нь талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, 2017 оны 05 сарын 05-ны өдрийн Б/218 дугаартай тушаал, 2017-2019 оны орон тоо, цалингийн фондын төлөвлөгөө, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна. /ХХ-ийн 11-15, 17, 19-22, 56-59, 61- 69 дүгээр тал/

        Ажилтан М.О- нь 2017 оны 04 сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа, ажиллах хугацаандаа байгууллагтайгаа 2017 оны 09 сарын 01-ний өдөр “Компанийн зардлаар суралцуулах гэрээ”-г байгуулан 2017 оны 09 сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 сарын 01-ний өдөр  хүртэл Удирдлагын академи УТҮГазрын “Төрийн захиргааны удирдлага”-ын ангид суралцсан, сургалтын төлбөрийг байгууллага төлсөн, суралцаж байх хугацаандаа ажилласан жил нь тасраагүй, цалингаа бүрэн авч байсан үйл баримт нь 17/06 дугаартай гэрээ, нэхэмжлэх, сургалтын төлбөрт 2.625.000 төгрөг төлсөн төлбөрийн даалгавар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар  зэргээр нотлогджээ./ ХХ-ийн 19-22, 29-34 дүгээр тал/

 

           Нэхэмжлэгч М.О- нь Багануур Цахилгаан түгээх сүлжээ салбарын даргын үүрэгт ажлаас 2017 оны 04 сарын 24-ний өдөр чөлөөлөгдөн 04 сарын 25-ны өдрөөс Дотоод хяналтын хэлтсийн Түгээх үйл ажиллагаа хариуцсан хяналтын инженерээр одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд салбарын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гардан авсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар гомдлоо шүүхэд хуульд заасан хугацаанд гаргасан гэж тайлбарласан.

         Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтад ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэжээ. М.О- нь 2017 оны 04 сарын 24-ний өдрийн Б/188 дугаар тушаалыг  2017 оны 04 сарын 24-ний өдөр мэдсэн, тухайн өдрөө ажил хүлээлцэх актаар салбарын даргын ажлыг Б.Алтансүхэд хүлээлгэн өгч ажлаа хүлээлцэн гарын үсэг зурсан, Дотоод хяналтын хэлтсийн Түгээх үйл ажиллагаа хариуцсан хяналтын инженерээр томилогдсон ажил албан тушаалаа 2017 оны 04 сарын 25-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 2 жил 8 сар гүйцэтгэж, тохирсон цалин хөлсөө авч байгаа, өөр ажил албан тушаалд шилжүүлсэнд гомдол гаргаагүй, байгууллагын зардлаар 1 жил суралцсан, суралцаж байх хугацаандаа цалин хөлсөө авч байсан зэрэг үйл баримтуудаас харахад хариуцагчийн талууд харилцан тохиролцож гэрээг дуусгавар болгосон, ажилтан өөрөө үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн гэсэн тайлбарыг үгүйсгэх боломжгүй, үгүйсгэх өөр нөхцөл байдлууд тогтоогдсонгүй.

         Нэхэмжлэгч М.О- нь 2 жил 6 сар ажилласны дараа  “2017 оны 04 сарын 24-ний өдрийн Б/188 дугаар тушаалыг 2019 оны 09 сарын 25-ны өдөр гардаж авсан, энэ өдрөөс шүүхэд гомдол гаргах эрх нээгдсэн учраас хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаж байна” гэсэн түүний тайлбар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, хуульд заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй, ажилтан  тушаалаа гардаж аваагүй ч шүүхэд гомдол гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрх нь нээлттэй байсан,  ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасан “ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр…”-ийг халагдсан өдөрт нь хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, тушаалыг хүлээлгэж өгөөгүй нь ажилтны шүүхэд гомдол гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийг нь хязгаарласан, хаасан, шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэхэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

          Иймд шүүх нэхэмжлэгч М.О-ын хариуцагч “БЗӨБЦТСС-ТӨХК”-д холбогдуулан гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 187 дугаар тушаалыг хүчингүй болгож, салбарын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингийн зөрүү 8.063.241.78 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хуульд заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.О-ын шүүхэд хандаж гаргасан гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдөнө.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 , 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан Б- овогт Махранзын О-ын нэхэмжлэлтэй, БЗӨБЦТСС-ТӨХК-д холбогдох гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 187 дугаар тушаалыг хүчингүй болгох, салбарын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингийн зөрүү 8.063.241.78 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.О- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ЦЭЦЭГДУЛАМ