Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 523

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/00157 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан улсын бүртгэлийн Ү-2205003137 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дүгээр байрны 00 тоот орон сууцанд холбогдох 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн албадан дуудлага худалдаатай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Э- нь өөрийн байрыг барьцаанд тавьж, Хаан банкнаас зээл авсан бөгөөд авсан зээлээ цаг хугацаанд төлж чадаагүйн улмаас зээлийн гэрээний маргаан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж, одоо шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон бөгөөд шинжээчийн гаргасан үнэлгээг миний бие эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Миний гаргасан нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхээс хүсэлт шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай 102/ШЗ2018/12794 тоот захирамж гарсан.

Барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргаан анхан шат, давж заалдах шатны шүүхүүдээр тус тус хянан шийдвэрлэгдэж, хөрөнгийн үнэлгээг хэвээр үлдээсэн бөгөөд миний бие хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд шүүхийн шийдвэр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Улсын Дээд шүүхийн тогтоолыг миний бие дахин эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд уг гомдлын хариуг надад ирүүлээгүй байгаа болно. Иймд Ц.Э- миний өмчид холбогдох дуудлага худалдааны ажиллагааг түдгэлзүүлсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШЗ2018/12794 тоот захирамж одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа гэж үзэж байна. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ц.Э- миний өмчлөлийн, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 43 тоот хаягт байрлах, эрхийн Ү-2205003137 тоот бүртгэлийн дугаартай, орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү ажиллагаанд миний бие зохих журмын дагуу уг газарт гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авахаас татгалзаж, дуудлага худалдааг зохион байгуулсан байна. Нөгөө талаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШЗ2018/12794 тоот захирамж нь хэдий хугацаанд үйлчлэх, түүний хүчингүй болох хугацааны талаар заагаагүй. Өөрөөр хэлбэл, энэ захирамжийг хүчингүй болгосон шийдвэр гараагүй тул одоо ч уг захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа болох нь тодорхой байгаа. Гэтэл НШШГГт энэ талаар мэдэгдсээр байтал энэ бүхнийг үл тоож, дураараа аашлан, дуудлага худалдааг явуулсанд миний бие гомдолтой байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зөрчиж явуулсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн албадан дуудлага худалдааны Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах, эрхийн Ү-2205003137 тоот бүртгэлийн дугаартай орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Ц.Э-ын өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол 00 дүгээр байрны 00 тоот орон сууцыг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилон 69 287 400 төгрөгөөр үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэхэд, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар Ц.Э- нь өөрийн хөрөнгөө 1 сарын хугацаанд худалдан борлуулах хүсэлт гаргаж, 1 сарын хугацаандаа хөрөнгөө худалдан борлуулж төлбөрийг төлж барагдуулаагүй.

Анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цагт оруулах мэдэгдлийг өгөхөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШЗ2018/12794 дугаартай түдгэлзүүлэх захирамж ирсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03404 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 105 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2019/00768 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Иймд төлбөр төлөгч Ц.Э-ын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол 00 дүгээр байрны 00 тоот орон сууцыг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар НШШГГт холбогдох 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн албадан дуудлага худалдааны улсын бүртгэлийн Ү-2205003137 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо 24 дүгээр байрны 43 тоотод байрлах орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай Ц.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Э- давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэж гомдол гаргаж байна. Учир нь шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12797 тоот шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэвээр атал захирамжийн биелэлт дуусгавар болсон гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Э- нь хариуцагч НШШГГт холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2205003137 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 24 дүгээр байрны 43 тоотод байрлах орон сууцанд холбогдох 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн албадан дуудлага худалдаатай холбоотой хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/05315 дугаар шийдвэрээр хариуцагч “Анукост” ХХК, Ц.Э- нараас 56 378 794 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 167 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1951 дугаар магадлалаар хэвээр үлдээн шийдвэрлэсэн ба Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2017/00152 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч Ц.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2017/04515 дугаар захирамжийн дагуу мөн өдөр 512 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэгджээ.

 /хх 24-32 дугаар тал/

 

            Хариуцагч байгууллага барьцааны зүйл болох Ү-2205003137 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 24 дүгээр байрны 43 тоотод байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 17/5-12 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 17250539/6 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Дээрх хураагдсан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоолгохоор 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 140 дугаар тогтоолоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн байна.

 

            Төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03404 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 105 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2019/00768 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

            Нэхэмжлэлийг гурван шатны шүүхээр хэлэлцэж шийдвэр хүчин төгөлдөр болсон тул уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шүүгчийн 102/ШЗ2018/12794 дугаар захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт тус тус зааснаар дуусгавар болсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Иймд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11/09 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4/23324 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч нарт анхны албадан дуудлага худалдаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 200 тоот өрөөнд зохион байгуулах талаар баталгаат шуудангаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн хугацаа хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1762 дугаар зүйлд зааснаар хяналтын шатны шүүхийн шийдвэрт Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргахад мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан арга хэмжээг хэвээр үлдээх зохицуулалт үгүй болно.

 

            Мөн анхны албадан дуудлага худалдаанд санал болгосон үнэд хүрэх санал гаргаагүй үндэслэлээр 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/512 дугаартай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахаар тогтоож, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4/26577 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч нарт хоёр дахь албадан дуудлага худалдаа 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагт болохыг тус газрын 200 тоот өрөөнд зохион байгуулах талаар баталгаат шуудангаар мэдэгджээ.

 

Дээрхээс дүгнэвэл хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасанд нийцэх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад ажиллагаа явуулсан гэж үзэхгүй юм.

 

Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/00157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ