Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/00157

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 24 дүгээр байр 43 тоотод оршин суух Өндөр овогт Цэдэвийн Энхболд /РД:ЕЙ69121415/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 3 тоотод байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн албадан дуудлага худалдааны улсын бүртгэлийн Ү-2205003137 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо 24 дүгээр байрны 43 тоотод байрлах орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Санчир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Энхболд нь өөрийн байрыг барьцаанд тавьж, Хаан банкнаас зээл авсан бөгөөд авсан зээлээ цаг хугацаанд төлж чадаагүйн улмаас шүүхээр зээлийн гэрээний маргаан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж, одоо шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Гэвч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ц.Энхболдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн шинжээч томилсон бөгөөд шинжээчийн гаргасан үнэлгээг миний бие эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Миний гаргасан нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүсэлт шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай 102/ШЗ2018/12794 тоот захирамж гарсан.

Барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргаан анхан шат, давж заалдах шатны шүүхүүдээр тус тус хянан шийдвэрлэгдэж, хөрөнгийн үнэлгээг хэвээр үлдээсэн бөгөөд миний бие хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд шүүхийн шийдвэр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Улсын Дээд шүүхийн тогтоолыг миний бие дахин эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 2019 оны 08 дугаар сары 30-ны өдөр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд уг гомдлын хариуг надад ирээгүй байгаа болно. Иймд Ц.Энхболд надад холбогдох дуудлага худалдааны ажиллагааг түдгэлзүүлсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШЗ2018/12794 тоот захирамж одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа гэж миний бие ойлгож байна.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ц.Энхболд миний өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 43 тоот хаягт байрлах, эрхийн Ү-2205003137 тоот бүртгэлийн дугаартай, орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү ажиллагаанд миний бие зохих журмын дагуу Нийслэлийн шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авахаас татгалзаж, дуудлага худалдааг зохион байгуулсан байна.

Нөгөө талаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШЗ2018/12794 тоот захирамж нь хэдий хугацаанд үйлчлэх, түүний хүчингүй болох хугацааны талаар заагаагүй. Өөрөөр хэлбэл, энэ захирамжийг хүчингүй болгосон шийдвэр гараагүй тул одоо ч уг захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа болох нь тодорхой байгаа юм. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт энэ талаар мэдэгдсээр байтал, энэ бүхнийг үл тоож, дураараа аашлан, дуудлага худалдааг явуулсанд миний бие гомдолтой байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зөрчиж явуулсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн албадан дуудлага худалдааны Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 43 тоот хаягт байрлах, эрхийн Ү-2205003137 тоот бүртгэлийн дугаартай орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2017/00152 дугаар тогтоолоор “Анукост” ХХК, Ц.Энхболд нараас 56,818,686 төгрөгийг гаргуулж Хаан банканд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Ц.Энхболын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 24 дүгээр байрны 43 тоот орон сууцыг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилон 69,287,400 төгрөгөөр үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдэхэд, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар Ц.Энхболд нь өөрийн хөрөнгөө 1 сарын хугацаанд худалдан борлуулах хүсэлт гаргаж, 1 сарын хугацаандаа хөрөнгөө худалдан борлуулж төлбөрийг төлж барагдуулаагүй.

Анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цагт оруулах мэдэгдлийг өгөхөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШЗ2018/12794 дугаартай түдгэлзүүлэх захирамж ирсэн.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03404 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 105 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2019/00768 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Иймд төлбөр төлөгч Ц.Энхболдын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 24 дүгээр байрны 43 тоот орон сууцыг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Энхболд нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/05315 дугаар шийдвэрээр “Анукост” ХХК болон Ц.Энхболдоос 56,378,794 төгрөг гаргуулж “Хаан банк” ХХК-нд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 24 дүгээр байрны 43 тоот орон сууцыг дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1951 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2017/00152 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх хуудсыг үндэслэн явуулж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 24 дүгээр байрны 43 тоот орон сууцыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 17/5-12 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 17250539/6 дугаартай тогтоолоор хурааж, үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнэлгээний талаар төлбөр төлөгчөөс өгсөн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй үндэслэлээр 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 140 дугаартай тогтоолоор шинжээч томилон орон сууцны үнэлгээг гаргуулж, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11/09 дугаартай тогтоолоор анхны албадан дуудлага худалдаа зарлаж, анхны албадан дуудлага худалдаанд санал болгосон үнэд хүрэх санал гараагүй үндэслэлээр 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/512 дугаартай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахаар тогтоожээ.

 

Төлбөр төлөгч Ц.Энхболд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураан авсан хөрөнгийн үнэлгээний талаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, улмаар шүүх иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШЗ2018/12794 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан” гэж тайлбарласан.  

 

Нэхэмжлэгч Ц.Энхболдын гаргасан төлбөрт хураан авсан хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03404 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т зааснаар Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2019/00768 дугаартай тогтоол гарснаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийн үйлчлэл 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор дуусгавар болсон гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 11/09 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулсан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаанд хамаарахгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн албадан дуудлага худалдааны улсын бүртгэлийн Ү-2205003137 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо 24 дүгээр байрны 43 тоотод байрлах орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай Ц.Энхболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.