Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 201

 

Д.Б , Д.Г  нарын нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02035 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Б , Д.Г  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрин 00597 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн Д.Б оос 130 000 000 төгрөг гаргуулж, Д.Г ад олгох ажиллагааг зогсоох буюу зөвхөн шүүгчийн захирамж гүйцэтгэх хуудсанд дурьдсан асуудлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг даалгах тухай,

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болохыг тогтоон уг ажиллагааг хүчингүй болгуулах,

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар шийдвэртэй гүйцэтгэх ажиллагаатай нэгтгэн явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д.Г ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н гийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Г  болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ичинхорол,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Б ийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г  нь зээл авах зорилгоор хүү Г.С ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Андууд хотхоны 14- тоотын 252 м.кв 8 өрөө орон сууцыг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр Д.Б  миний нэр дээр шилжүүлж, уг орон сууцыг барьцаалж, миний нэр дээр “Капитал банк” ХХК-иас 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 315 000 000 төгрөгийг, 1.55 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлж авсан. Д.Г  нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамжаар Д.Б , Д.Г  нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, “Капитал банк” ХХК-ийн зээл төлөгдмөгц орон сууцны өмчлөлийг өмнөх өмчлөгч Г.С ын өмчлөлд буцааж шилжүүлэх, Д.Б оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 150 төгрөгийг Д.Г ад олгохоор шийдвэрлэсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1347 тоот захирамжийг албадан гүйцэтгэх, 00594 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Д.Б тод холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж эхэлсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүгчийн захирамж болон шүүхийн гүйцэтгэх хуудсанд огт тусгагдаагүй асуудлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Д.Б ийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, дансуудыг хаах гэх мэт хуульд заасан ажиллагаануудыг явуулж байгаа нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсанд заагаагүй, дурдагдаагүй үндэслэлээр явуулж байгаа нь хууль бус ажиллагаа юм. Энэ нь иргэн Д.Б ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл нь Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 1347 дугаар захирамж, 00597 тоот гүйцэтгэх хуудас болж байна. Энэ захирамжаар Д.Б , Д.Г  нар нь “Капитал банк” ХХК-иас авсан зээлээ өөр өөрийнхөө авсан хэмжээнд хариуцна. Зээл дуусахаар Г.С ын өмчлөл шилжүүлэхээр тохиролцсон байдаг. “Капитал банк” ХХК-иас авсан 315 000 000 төгрөгөөс Д.Г  нь 130 000 000 төгрөгийг авсан. Д.Б оос 130 000 000 төгрөгийг гаргуулж, хэнд олгох талаар тусгаагүй, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 150 төгрөгийг гаргуулж, Д.Г ад олгосугай гэсэн захирамжилсан шийдвэр байгаа. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Д.Б оос 130 000 000 төгрөгийг гаргуулж, Д.Г ад олгосугай гэсэн захирамжилсан шийдвэр байгаа мэтээр үндэслэлгүй, хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Дээрх ажиллагааг хууль бус гэж үзэж байгаа учраас 2013 оны 1347 дугаар захирамжийг үндэслэн гарсан 2017 оны 00594 дугаартай гүйцэтгэх хуудсанд дурдсан асуудлаар буюу зөвхөн улсын тэмдэгтийн хураамжид 261 150 төгрөгийг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ирсэн. Дээрх захирамжийн дагуу 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 173007359 дугаар үүсгэх тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамжаар хариуцагч Д.Б  банкнаас зээл авах зорилгоор Д.Г ын хүү Г.С ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарын бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Андууд хотхоны 14-1-14 тоотын 252 м.кв, 8 өрөө орон сууцыг Д.Б ийн өмчлөлд 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч, “Капитал банк” ХХК-иас 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 315 000 000 төгрөгийг авч, уг зээлээс Д.Г  185 000 000 төгрөг, Д.Б  130 000 000 төгрөгийг тус тус авсан тул уг зээлийг Д.Г , Д.Б  нар нь өөр өөрийн авсан хэмжээнд төлөхөөр, банкны зээл төлөгдмөгц өмчлөлийг өмнөх өмчлөгч Г.С ын өмчлөлд буцааж шилжүүлэх, улсын тэмдэгтийн хураамжийн 261 150 төгрөг гаргуулж, Д.Г ад олгохоор шийдвэрлэсэн байдаг. Тус газар нь шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсанд заагдсаны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шүүгчийн захирамжид дурдагдаагүй ажиллагааг хийгээгүй. Хариуцагч Д.Б ийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, арилжааны банкнуудын харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг хаах зэрэг ажиллагааг явуулж байгаа болно гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Г ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь талуудын тэгш байдлыг хангах ёстой байдаг. Гэтэл Д.Г ыг ор тас орхигдуулсан. Энд гуравдагч этгээдийн өмч хөрөнгө яригдаж байна. 185 000 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байхад, битүүмжлэх, хураах, дуудлага худалдаанд оролцуулах санал авах ажиллагаанд оролцуулаагүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2013 оны 1795 дугаар шийдвэр болон 2013 оны 1347 дугаар шүүгчийн захирамжийн дагуу явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн явуулах үүргээ биелүүлээгүйгээс болж өнөөдөр Д.Г  болон түүний хүү Г.С  нар нь өмч хөрөнгө болох 8 өрөө орон сууцыг алдах байдалд хүрч байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх үүрэгтэй. Д.Г ын эрхийг хангаагүйгээс түүний эрх ашиг хөндөгдсөн учраас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Г ын нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.Б оос 358 979 000 төгрөг гаргуулж, “Капитал банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр гарахаас 15 хоногийн өмнө Д.Б , Д.Г  нар эвлэрч, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнд маргах асуудал байхгүй. Барьцаа хөрөнгө нь Д.Г ын хүү Г.С ын хөрөнгө мөн. Харилцан үүрэг хүлээнэ гэсэн утга агуулга бүхий шийдвэр гарсан. Д.Г ын зүгээс тухайн үед дээрх хоёр ажиллагааг нэгтгүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гүйцэтгэх хуудсыг хүлээн авахгүй, 2 удаа буцааж байсан зэргээс болоод шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэх асуудал орхигдсон. Нэгтгээгүйгээс болоод шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль ёсны өмчлөгчийг оролцуулахгүйгээр, хөрөнгийг битүүмжлэх, хураах, албадан дуудлага худалдаанд оруулах, “Капитал банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх зэрэг ажиллагааг хууль бусаар явуулсанд гомдолтой байна. Д.Б  төлбөртөө 8 өрөө орон сууцыг “Капитал банк” ХХК-д шилжүүлэхийг өөрөө хүлээн зөвшөөрч, “Капитал банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн1347 дугаар захирамжийн харилцан үүрэг хүлээнэ гэсэн заалтаа зөрчсөн. Үүнээс Д.Г , түүний хүү Г.С  нарын Үндсэн хуульд заасан өмчлөх эрхэд халдсан асуудал үүсч байна. Бид шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд удаа дараа гомдол гаргасаар байхад, хууль бус үйлдлээ зөвтгөхгүй, эрх ашгийг хохироож, сүүлд гарсан шүүхийн шийдвэртэй гүйцэтгэлийн ажиллагааг түрүүлэн явуулж, “Капитал банк” ХХК-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан Г.С , Д.Г  нарт мэдэгдэлгүйгээр тус банкны өмчлөлд шилжүүлсэн ажиллагаа явуулсанд гомдолтой байна. Иймд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг тогтоон, уг ажиллагааг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг, Чингэлтэй дүүргийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар шийдвэртэй гүйцэтгэх ажиллагаатай нэгтгэн явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.Б оос 358 779 000 төгрөгийг гаргуулж “Капитал банк” ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Д.Б оос 358 979 000 төгрөг гаргуулах гүйцэтгэх баримт бичгийг 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус газар хүлээн авсан. Д.Б  нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул түүний өмчлөлийн /нэг хүний/ эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 14/1 дүгээр байрны  тоотын 252 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн, хураах зэрэг ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан. Д.Б  өөрийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 630 000 000 төгрөгөөр үнэлсэнийг, төлбөр авагч талтай харилцан тохиролцож, зөвшөөрсөн тул 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч, худалдан борлогдоогүй. 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон боловч санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 1/3085 тоот албан бичгийг Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлж, барьцаа хөрөнгийг “Капитал банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Үүний дараа Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 9226 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул дээрх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох тухай албан бичгийг Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байдаг. Дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Д.Г ын хүү Г.С  өмчлөх эрх хөндөгдсөн гэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хариуцагчаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрыг татаж, маргаан үүсгэсэн. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01846 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 00083 дугаар тогтоолоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч “Капитал банк” ХХК-д шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, худалдан борлогдоогүй орон сууцыг төлбөр авагчид төлбөрт тооцон шилжүүлэх ажиллагааг явуулсанаас хойш 3 жилийн дараа төлбөр авагч Д.Г  нь төлбөр төлөгч Д.Б тод холбогдох гүйцэтгэх баримт бичгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 10 дугаар зүйлийн 10.1.1, 10 дугаар зүйлийн 10.2, 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтуудыг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Чингэлтэй дүүргийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 00597 дугаартай гүйцэтгэх хуудсанд дурдсан асуудлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Д.Б ийн нэхэмжлэлийг, Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаартай шийдвэрийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг тогтоон, уг ажиллагааг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар шийдвэртэй гүйцэтгэх ажиллагаатай нэгтгэн албадан биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэгч Д.Г ын нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, Д.Г ын төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Г ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус болохыг тогтоон, уг ажиллагааг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай нэгтгэн албадан биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Д.Б  банкнаас зээл авах зорилгоор Д Ганбатын хүү Г.С ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 хороо, андууд хотхон 14 тоотын 252 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Д.Б тын өмчлөлд 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж, “Капитал банк” ХХК-иас 2012 оны 01 дүгээр сарын 02-нд 315 000 000 төгрөгийг авч, уг зээлээс Д.Г  185 000 000 төгрөг, Д.Б  нь 130 000 000 төгрөгийг тус тус авсан тул уг зээлийг Д.Г , Д.Б  нар нь өөр өөрийн авсан хэмжээнд төлөхөөр, банкны зээлийг төлөгдмөгц өмчлөлийг өмнөх өмчлөгч Г.С ын өмчлөлд буцааж шилжүүлэхээр тохиролцсоныг баталж шийдвэрлэсэн. Д.Б  нь уг захирамж гарсаны дараа Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.Б оос 353 979 009 тагрөг гаргуулж, “Капитал банк” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Г.С ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлүулсэн байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар шүугчийн захирамжийн дагуу Д.Б тоос 130 000 000 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа яаагдаж байгааг мэдсээр байж уг шийдвэрийн дараа гарсан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийн дагуу гүйцэтгэлийн ажиллагааг түрүүлэн явуулж, банкны нэр дээр эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээдэд мэдэгдэлгүй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн. Энэ талаар бидний зүгээс шат дараалан гомдол гаргасан боловч хууль бус үйлдлээ зөвтгөхгүй, бидний эрх ашгийг зөрчсөөр байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болсн Хууль зүйн дотоод хэргийн яаманд хандаж, гомдол гаргасан боловч дээд шатны байгууллагынхаа шийдвэрийг үл тоон ажиллагааг явуулсан. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар шүүгчийн захирамжийг биелүүлэх ажиллагааг үндэслэлгүйгээр хойшлуулж, ажиллагаа хийхээс зайлсхийн хугацаа алдуулж, гуравдагч этгээдийн эрх ашгийг хохироож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар явуулсан. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааны төлбөр төлөгч нь нэг хүн байхад энэ хоёр ажиллагааг нэгтгэн явуулах ёстой байтал “Капитал банк” ХХК-ийн эрх ашгийг тэргүүнд тавьж, сүүлд гарсан шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг яаравчлан хийсэн байдаг. Гэтэл шүүх үүнийг анхаарч үзэлгүй Д.Г ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин Д.Б ийн гаргасан 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгч Д.Г ын гаргасан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-нь өдрийн 1347 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай нэгтгэн албадан биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлелт оруулж гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрин 00597 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн Д.Б оос 130 000 000 төгрөг гаргуулж, Д.Г ад олгох ажиллагааг зогсоох буюу зөвхөн шүүгчийн захирамж гүйцэтгэх хуудсанд дурьдсан асуудлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулах тухай, нэхэмжлэгч Д.Г  нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болохыг тогтоон уг ажиллагааг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар шийдвэртэй гүйцэтгэх ажиллагаатай нэгтгэн албадан биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Б ийн нэхэмжлэлийн тухайд:

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамжаар хариуцагч Д.Б т банкнаас зээл авах зорилгоор Д.Г ын хүү Г.С ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Андууд хотхоны 14 дүгээр байрны 4 тоотын 252 м.кв 8 өрөө орон сууцыг Д.Б тын өмчлөлд 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж, “Капитал банк” ХХК-иас 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 315 000 000 төгрөгийг авч, уг зээлээс Д.Г  185 000 000 төгрөг, Д.Б  130 000 000 төгрөгийг тус тус авсан тул уг зээлийг Д.Г , Д.Б  нар өөр өөрийн авсан хэмжээнд төлөхөөр, банкны зээлийг төлөгдмөгц өмчлөлийг өмнөх өмчлөгч Г.С ын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсоноор зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

       /хх-149-150 дахь тал/

 

Дээрх шийдвэр гарсны дараа Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Д.Б оос 358 979 000 төгрөг гаргуулж, “Капитал банк” ХХК-д олгох, Д.Б  үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 14/1 дүгээр байрны  тоот дахь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000177320 дугаар гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн Ү-2206007184 дугаарт бүртгэлтэй орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Зохигчдын эвлэрлийг баталсан 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар шүүгчийн захирамжийн талууд “Капитал банк” ХХК-иас авсан 315 000 000 төгрөгний зээлээс Д.Г  185 000 000 төгрөг, Д.Б  130 000 000 төгрөг тус тус авснаа  төлөөгүйгээс Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Андууд хотхоны 14 дүгээр байрны  тоотын 252 м.кв 8 өрөө орон сууцыг Капитал банкны 358 979 000 төгрөгний төлбөрт тооцож өмчлөх эрхийг шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь /2002 оны/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36, 37, 43, 48 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна.

 

Ийнхүү Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэр гүйцэтгэгдсэний дараа төлбөр авагч Д.Г аас Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 182/ГХ2017/00597 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, уг гүйцэтгэх хуудсыг үндэслэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа Д.Б ийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, арилжааны банкууудын харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг хаах зэрэг хуульд заасан ажиллагааг явуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд энэхүү ажиллагаа нь /2002 оны/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1-12.3, 13 дугаар зүйлийн 13.1, 13.9, 13.10 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй талаар шүүх зөв дүгнэжээ. Шийдвэр гүйцэтгэгч нь дээрх хуульд заагдсан эрх хэмжээнийхээ хүрээнд төлбөр барагдуулах ажиллагаа явуулсныг буруутгах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч Д.Б  нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл бол шүүхийн шийдвэрийн үндсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудас байдаг бөгөөд уг хуудаст ямар ажиллагаа явуулах талаар тодорхой заагдаагүй байхад буюу Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамжид 130 000 000 төгрөгийг надаас гаргуулж хэнд олгох талаар тусгаагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан нь хууль зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Д.Б  нь Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамжаар 130 000 000 төгрөгийг төлбөр авагч Д.Г ад гаргуулах ёсгүй, шүүхийн шийдвэрт дурьдаагүй гэж маргаж байгаа тохиолдолд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт заасны дагуу “Шүүхийн шийдвэрийн зарим заалт үндэслэлийг ойлгоогүй бол хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс түүнийг тайлбарлахыг хүсэх эрхтэй” байх бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох үндэслэл болохгүй юм.

 

Иймээс нэгэнт хүчин төгөлдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаартай зохигчдын эвлэрэл баталсан шүүгчийн захирамжийн дагуу олгогдсон гүйцэтгэх хуудсаар Д.Б оос 130 000 000 төгрөг гаргуулахаар хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй тул уг ажиллагааг буруутгах боломжгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Г ын нэхэмжлэлийн тухайд:

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрээр Капитал банкинд Д.Б оос 358 979 000 төгрөг гаргуулах, Д.Б  үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 14/1 дүгээр байрны 4 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалган шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрт Капитал банкны хүсэлтээр 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 266 дугаар гүйцэтгэх хуудас олгогдож, 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийн дагуу хариуцагч нь  төлбөр төлөгч Д.Б тод төлбөр төлөх хугацаа тогтоосон, уг хугацаанд төлбөрөө төлөөгүй тул барьцааны зүйлийг битүүмжлэн хурааж, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгийг дуудсан боловч худалдан борлогдоогүй тул уг барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцож, шилжүүлэх санал гаргасныг төлбөр авагч зөвшөөрсөн тул төлбөрт тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлсэн нь /2002 оны/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасантай нийцсэн тул уг ажиллагааг хүчинтэй гэж үзэх бөгөөд энэ талаархи хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгч Д.Г ад 2014 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3/6065 тоот мэдэгдлээр төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг талуудын тохиролцсон 630 000 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг, 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 3/6925 тоот мэдэгдлээр анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг тус тус мэдэгдсэн,  мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Г.С ын гаргасан гомдолд 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3/225 тоот мэдэгдэх хуудсаар, 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 3/285 тоот мэдэгдэх хуудсаар хариу өгч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

               /хх-85-86, 92-93, 101-103, 114-115 дугаар тал/

 

Мөн Г.С ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1627 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 513 дугаар магадлал, Г.С ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг даалгах тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1846 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2094 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 83 дугаар тогтоол тус тус хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч Д.Г ын нэхэмжлэлд дурьдсан үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх бөгөөд нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй тул түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамжаар Д.Г , Д.Б  нарын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийн эд хөрөнгө түүний эрхийн бүртгэлийн талаар улсын бүртгэлийн газарт хандаж, лавлагаа тодорхойлолт авах, банкин дах мөнгөн хадгаламж, харилцах дансны мэдээлэл авах, суутгал хийх, дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг битүүмжлэх зэрэг хуульд заасан ажиллагаа явуулсныг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч байгууллага нь гүйцэтгэх хуудас ирсэн дараалалын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Д.Г ын сүүлд гарсан шийдвэрийг эхэлж гүйцэтгэсэн, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар шүүгчийн захирамжийг биелүүлэх ажиллагааг үндэслэлгүйгээр хойшлуулж, ажиллагаа хийхээс зайлсхийсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хохироож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар явуулсан, төлбөр төлөгч нэг байтал хоёр ажиллагааг нэгтгээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Мөн Г.С , Д.Г  нар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1795 дугаар шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар удаа дараа гомдол гаргаж байсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах, нэгтгүүлэхээр нэхэмжлэл удаа дараа гаргасныг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч Д.Г ын эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээдэд мэдэгдэлгүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Иймд анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Чингэлтэй дүүргийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1347 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 00597 дугаартай гүйцэтгэх хуудсанд дурдсан асуудлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг даалгах тухай Д.Б , Д.Г  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул энэ талаарх нэхэмжлэгч Д.Г ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Г ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Г ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ