Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 259

 

 

Д.Ж  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатныйн,

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02583 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Ж  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З ОНӨААТҮГ  холбогдох,

 

Лицензийн төлбөрт 1 576 200 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн патент лицензийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: О.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ж , С.Э  болон Ч.А  нар нь 2006 онд троллейбус JEA-800, тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF & N систем, JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур, хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус “Дуобус-МЛ”, троллейбус JEA-800 зэрэг оюуны бүтээлийг бүтээж, 2007 он болон 2008 онуудад троллейбус JEA-800 бүтээлд 2927 дугаар, JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур бүтээлд 3178 дугаар, тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF & N систем бүтээлд 3177 дугаар, хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус “Дуобус-МЛ” бүтээлд 3181 дугаар, троллейбус JEA-800 бүтээлд 1801 дугаартай патентуудыг тус тус авсан. Улмаар 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дээрх 2927 дугаартай патенттай троллейбус JEA-800, тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF & N систем, JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур, хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус “Дуобус-МЛ” зэрэг шинэ бүтээлд Цахилгаан тээвэр компанитай патентийн лицензийн гэрээ байгуулсан. Уг гэрээний 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “лиценз авагч нь шинэ бүтээлийг ашигласны төлбөрийг лиценз өгөгчид төлөх ба төлбөрийн хэмжээ талууд харилцан тохиролцсон шийдвэрлэснээс хойш 4-5 жилийн дотор бэлнээр төлнө” гэж заасан. Тодруулбал 2009-2012 оныг дуустал энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шинэ бүтээлүүдийн жил бүрийн төлбөрийг шинээр троллейбус, дуобус, электробус, монбусуудыг үйлдвэрлэснээр олсон орлого, цахилгааны хэмнэлт зэрэг бусад үр ашгаас тооцож олгоно” гэж, 6.4 дэх хэсэгт “лицензээр ашиглах шинэ бүтээлийн үнэт чанар, төрөл, ашиглах хэлбэр, үйлдвэрлэлийн хэмжээ, тооцоологдож байгаа эдийн засгийн үр ашиг, бодит орлогыг харгалзан лиценз шинээр троллейбус, дуобус, электробус, монбусуудыг үйлдвэрлэснээр олсон орлого болон хэмнэлтээс олсон орлогыг жил тутамд 25%-тай тэнцэх хэмжээний шимтгэлт төлбөрийг лиценз авагч лиценз өгөгчид жил бүр төлөх үүрэгтэй” гэж заасан. Ц Т ОНӨААТҮГ  2014 оны аудиторын тайланд тусгагдсанаар 2006-2013 онуудад 50 ширхэг, 5.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий троллейбус, дуобус үйлдвэрлэж ашиглалтанд оруулсан ба өөрийн нөөц бололцоогоо ашиглан дотооддоо троллейбус үйлдвэрлэн гаргаснаар дэлхийн зах зээлийн үнийн зөрүү, ашиглалтын үеийн цахилгааны зарцуулалтын хэмнэлт, нийт орлогын нийлбэрээр 21,3 тэрбум төгрөгний өгөөжтэй ажилласан байна гэж үзсэн. Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь хэсэгт шинэ бүтээл бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогч нь “шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах эрхтэй” гэж заасан. Патент эзэмшигч нар харилцан тохиролцсоны дагуу Д.Ж  нь төлбөрийн 37 хувийг авахаар тохиролцсоны дагуу 1 576 200 000 төгрөгийг гаргуулахаар З ОНӨААТҮГ  хандахад  боломжгүй гэсэн хариуг өгсөн. Аудитын дүгнэлтийг шинжлэн судлахад 21.3 тэрбум төгрөгөөс 2006, 2007, 2008 оны хэмнэлт, олсон орлогыг, 2009-2014 оны хооронд хэдэн троллейбус үйлдвэрлээд, үүнээс хэдий хэмжээний ашгийг З ОНӨААТҮГ  олсон бэ гэдгийг тооцож гаргасан байна. Өгөөжтэй ажилласан гэдэг нэр томьёо ойлгомжгүй байна гэж тайлбарлаж байна, олсон орлогоос ашгаа тооцно гэж байгаа ч талуудын хооронд байгуулсан патент лицензийн гэрээнд олсон орлого болон цахилгааны хэмнэлтээс гэсэн байгаа. Цахилгааны хэмнэлт гэж юуг хэлээд байна вэ гэвэл хэрвээ Монгол улс ОХУ-с троллейбус авдаг байсан бол одоо Монгол улсаас авснаар хэдий хэмжээний цахилгаан хэмнэж зарцуулаад байгаагаар оюуны бүтээлийг үнэлж, хэдий хэмжээний хэмнэлт хийсэн бэ гэдэг нь гарч ирэх боломжтой. Ийм учраас гэрээнд цахилгааны хэмнэлтээс тооцож болохоор заасан байсан. Московский загвар аудитын дүгнэлтэнд тусгагдсан гэж тайлбарлаад байна. Энэ дүгнэлтэнд зөвхөн Монголд үйлдвэрлэсэн троллейбусын дүгнэлт байгаа. Энд дурдаад байгаа 50 орчим троллейбус нь дотооддоо үйлдвэрлэсэн троллейбус юм. Иймд аудитын дүгнэлтэнд дурьдсан 21,3 тэрбум төгрөгийн 20 хувь буюу 1 576 200 000 төгрөгийг хариуцагч З ОНӨААТҮГ -аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт “..энэ хуулийн 16.7 дахь хэсэгт зааснаар зохиогч өөрийн нэр дээр патент, гэрчилгээ авсан тохиолдолд ажил олгогч тухайн бүтээлийг ашиглахдаа патент, гэрчилгээ эзэмшигчид гэрээний үндсэн дээр зохих төлбөр төлнө” гэж заасан. Патентийн лизензийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт лизенцийн төлбөрийн хэмжээг талууд харилцан тохиролцож шийдвэрлэснээс хойш 4-5 жилийн дотор төлбөрийг бэлнээр төлж эхэлнэ. Тодруулбал 2009-2012 оныг дуустал энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шинэ бүтээлүүдийн жил бүрийн төлбөрийг шинээр троллейбус, дуобус, электробус, монбус үйлдвэрлэснээр олсон орлого, цахилгааны хэмнэлт зэрэг бусад үр ашгаас тооцож олгоно. Лицензийн төлбөрийг 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эсхүл 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлнө. Лицензийн төлбөрийг 2009-2012 он эсхүл 2009-2013 оныг дуустал олсон орлого ба хэмнэлтээс 4-5 жилээр нь нийлүүлэн бодож олгоно гэжээ. Энэхүү нэхэмжлэл нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт эдийн бус хөрөнгөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж заасан зохицуулалт хамаарахгүй бөгөөд 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 3 жилээр тооцоход дууссан байна. Мөн энэхүү 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан лицензийн гэрээг Оюуны өмчийн газарт хэзээ 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүсэлт өгч бүртгүүлсэн нь Патентийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт лиценцийн гэрээг бичгээр үйлдэх бөгөөд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасантай нийцэхгүй. Мөн хуулийн 19.7 дахь хэсэгт энэ хуулийн 19.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасантай нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талуудын хооронд байгуулагдсан патентийн гэрээ болон үр ашиг хуваах гэрээнд 2008-2012 эсхүл 2009-2013 гэсэн хоёр тоо байгаа. Алийг нь баримталж шийдвэрлэх вэ гэдэг нь ойлгомжгүй. Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т “2012 оныг дуустал жил бүр төрөл бүрийн троллейбус үйлдвэрлэсэн олсон орлого, цахилгааны хэмнэлтээс тооцож олгоно” гэсэн. Гэтэл аудитын дүгнэлтийн 3 дахь хэсэгт Ц ОНӨААТҮГ  нь 2006-2014 оны хооронд 50 ширхэг 5.5 тэрбум төгрөгийн троллейбус, дуобус автобусыг ашиглалтанд оруулсан, 21.3 тэрбум төгрөгийн өгөөжтэй ажилласан байна гэж бичсэн тайлангаас харахад 2006-2013 оны үр ашгийг тооцсон юм шиг харагдаж байна. Энэ талаар тодруулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээн авсангүй. Өөр нэг дүгнэлтэд байгаа үндэслэл нь 2009-2013 оны санхүүгийн баримт, үр ашгийн тооцоог үндэслэн явуулав гэж нүүрэн дээр бичсэн байгаа. Гэтэл цахилгаан тээвэр компани нь төрийн өмчийн оролцоотой. 2009-2013 оны санхүүгийн тайланд хараат бус аудитын тайлан гэж жил бүр гаргаж улсад өгдөг. Эдгээр тайлангаас харвал 2009-2013 оны хооронд нэг ч удаа ашигтай ажилласан зүйл байдаггүй. Их хэмжээний сэлбэгийн зардал, ажилчдын зардал, урсгал зардалд өгсөн зардал нь байгууллагын алдагдал хүлээх эх үүсвэр нь болсон баримтууд байгаа. Гэтэл ямар байдлаар өгөөжтэй гэж бичиж байгаа нь ойлгомжгүй. Мөн хавстралт хэсгээс харахад 50 ширхэг троллейбус үйлдвэрлэсний үр ашгийн тооцоог гаргасан байгаа боловч үүнд Московский завод JEA800 гэж патентийн эрх авсан троллейбус байхад үүнтэй хамааралгүй нэмээд олон тооны буюу 13 ширхэг московский загварын троллейбусыг оруулан тооцсон, он сарыг нь 2006 оноос эхлэн тооцсон, санхүүгийн үр ашгийн тооцоонд дандаа алдагдалтай ажилласан харагдаж байгаа. Мөн 21,3 тэрбум төгрөгийн өгөөжтэй гэсэн байгаа ч өгөөж гэдэг санхүүгийн хэллэг байхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд үр ашгаас тооцно гэсэн. Үр ашиг гэдэг нь орлогоос зарлагыг хасаад гарсан цэвэр ашгаас гарсан 20 хувь. Гэтэл энэ дүгнэлтэд нийт орлого олсон буюу 21,3 тэрбум төгрөгөөр нь бичсэн байгаа нь учир дутагдалтай тул дахин шинжээч томилохгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Э , Ч.А  нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...Уг патенттай холбоотой асуудлаар өмнө нь шүүхээр шийдвэрлүүлж шүүхийн шийдвэр гарч энэ асуудал шийдвэрлэгдсэн тул бид уг хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй оролцох шаардлагагүй юм. Иймд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З ОНӨААТҮГ  нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц ОНӨААТҮГ  нь хариуцагч Д.Ж тай 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр патентийн лицензийн гэрээг байгуулсан. Энэ гэрээг байгуулах үед гэрээний нэг тал болох лиценз өгөгч тал Д.Ж  нь гэрээний нөгөө тал болох лиценз авагч хуулийн этгээдийн захирлын албан тушаалыг хашиж байсан байдаг. Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ” гэснийг зөрчиж захирал Д.Ж  нь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх үүрэг бүхий үр дүнгийн гэрээгээ үл тоон оюуны өмчийн газраас янз бүрийн гэрчилгээг гаргуулан авсан байдаг. Өөрөөр хэлбэл байгууллагынхаа эдийн засгийг сайжруулах гэрээгээр хүлээсэн үүрэгтэй атлаа эдийн засаг сайжруулах нэрийдлээр хувьдаа гэрчилгээ гаргуулж авах биш байгууллагадаа гэрчилгээ авах эрхийг олгох ёстой байсан гэж үзэж байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр цор ганцаар төлөөлөх эрхтэй этгээд атал өөрөө өөртэйгээ гэрээ байгуулахаас зайлсхийх зорилгоор хуулийн этгээдийг хэлцэлд төлөөлөх эрхгүй, итгэмжлэлгүйгээр компанийн орлогч захирал Я.Л гэгчээр лиценз авагчийг төлөөлүүлэн гарын үсэг зуруулсан. Уг хүн нь байгууллагын дүрэм, ажлын байрны тодорхойлолтоор захирлыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд юм. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байдаг. Авилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж дээрхи урьдчилан сэргийлэх хуулийг дагаж мөрдөх ёстой байдаг. Уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байгаа ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхол гэдгийг тодорхойлж өгсөн байдаг. Улмаар гэрээ байгуулахыг хориглохоос гадна уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.11 дэх хэсэгт “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргах ёстой байдаг. Гэтэл өөрөө захирал байж аудитын компанид үүрэг чиглэл захиалга хүртэл өгч, ашгийн хэмжээг 4 тэрбумаар гаргуулаад зогсохгүй Оюуны өмчийн газраар үнэлгээг баталгаажуулж, тэрхүү үнийн дүнгээ байгууллагынхаа 2 этгээдтэй нийлж ашиг хүртэх байдлаар иргэнийхээ хувьд өөрийн хувийн ашиг сонирхлын үүднээс байгуулж байгаа нь хууль тогтоомж болон ёс зүйг зөрчсөн асуудал юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг, 56.1.8 дахь хэсэгт зааснаар 2008 оны 12 дугаар сарын 25-ны  өдрийн Патентийн лицензийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “...Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д “ажил олгогч шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг бүтээснээс хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрх эдэлнэ” гэж хуулинд заасан байгаа тул Д.Ж  энэ үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон авлигын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж тайлбарлаад байна. Энэ урт нэртэй хууль 2012 онд батлагдсан, манай харилцаа бол 2006-2008 оны хооронд болсон болохоор энэ хууль болон авлигатай тэмцэх тухай хуульд заасан үүргээ биелүүлэх ёстой гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэдээд авлигатай тэмцэх газар гаргаж өгөх боломжгүй. Тиймээс энэ гэрээ хууль ёсны дагуу байгуулагдсан учраас хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Патент лицензийг Д.Ж  ганцаараа эзэмшээгүй, Д.Ж аас гадна хоёр иргэн байгаа. Тус гэрээг өөрөө эзэмшээд, өөртэйгээ гэрээ хийсэн зүйл байхгүй. Энэ хоёр хүн Д.Ж  гэдэг хүнтэй хамтарч бүтээл хийгээд, хамтарч эзэмшиж байгаагаараа энэ хоёр хүн хохирч болохгүй. Тиймээс патент лицензийн гэрээ үндэслэлтэй, олгосон гэрчилгээ нь үндэслэлтэй, үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч З ОНӨААТҮГ азраас 1 576 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ж д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул З ОНӨААТҮГ азрын Д.Ж д холбогдуулан гаргасан патентийн лицензийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 038 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8 038 950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Тодруулбал тус шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч талд 1 576 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн ба энэхүү мөнгөн дүнгээс 472 208 234 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэл нь шүүх шийдвэр гаргахдаа “Дөлгөөн Хайрхан Уул аудит “ ХХК-ийн тайланг үндэслэсэн байх ба шүүхийн шийдвэрт хариуцагч талыг уг аудитын тайланг няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэж тайлбарласан нь шүүхийн шийдвэрийг бодитой гараагүй гэдгийг харуулж байна. Учир нь хариуцагч талаас Ц Т ОНӨААТҮГ  2009-2013 онуудын татварын болоод санхүүгийн тайлангуудыг, түүнчлэн хараат бус аудитын тайлангуудыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн. Уг баримтуудаас харахад хариуцагч байгууллага нь тухайн оюуны өмчийн бүтээлийг ашиглаад 21,3 тэрбумын өгөөжтэй ажиллах нь байтугай алдагдалтай ажилласан байдаг юм. Тиймдээ ч давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдлын хүрээгээр хязгаарлагдахгүй бүхэлд нь хянах нь шударга ёсонд нийцнэ. Улмаар нэхэмжлэгч талын гаргаж өгсөн “Дөлгөөн Хайрхан Уул аудит” ХХК-ийн тайлангийн шинээр үйлдвэрлэгдсэн троллейбусны гүйлт, орлого гэх нэртэй ажлын хүснэгтэнд 1-2 дугаарт, мөн 8 дугаарт бичигдсэн троллейбуснууд нь талуудын хооронд байгуулагдсан лицензийн гэрээ байгуулагдахаас өмнө үйлдвэрлэгдсэн. Мөн уг хүснэгтийн 3-7, 9-16 дугаарт бичигдсэн троллейбуснууд нь талуудын харилцан тохиролцсон гэрээний зүйл болох JEА 800 загварынх бус москвагийн троллейбусны үйлдвэрт үйлдвэрлэгдсэн МТрЗ-6223 маркийн троллейбуснууд байдаг. Өөрөөр хэлбэл дээрхи 12 ширхэг троллейбуснууд нь нэхэмжлэгчийн оюуны өмчийн үр дүнд үүсч, үйлдвэрлэгдсэн техник биш гэдэг нь цаг хугацаа, марк дугаараас илтэд харагдаж байхад шүүх хэргийн бодит байдлыг тогтоолгүй, тооцоо хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул гомдолтой байна. Дээрхи тооцооллоор бол бодит хэмнэлт нь 12 троллейбусны үнийг бодож үзэхэд 3 211 849 080 төгрөг болж байгаа ба нийт хэмнэлт гэгдэж буй 12 936 868 290 төгрөгнөөс хасахаар 9 725 019 210 төгрөг болж байгаа гэж үзэж болох ба бодит орлогын тухайд 12 троллейбусны орлого гэж бичигдсэн 2 844 544 940 төгрөгийг нийт орлого болох 8 038 333 370 төгрөгөөс хасахаар 5 193 788 430 төгрөг болох юм. Ингээд нийлбэр болох 14 918 807 640 төгрөгнөөс талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан 20 хувийг тооцохоор 2 983 761 528 төгрөг болж байхаас, нэхэмжлэгчид ногдох 37 хувийг бодохоор 1 103 991 765 төгрөг болно. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын гаргаж өгсөн аудитын дүгнэлтийг үндэслэж байгаа бол ядаж гэрээнд хамааралгүй троллейбусны тооцоог хасах ёстой ба энэ нь шүүх 472 208 234 төгрөгийг нэхэмжлэгч талд үндэслэлгүйгээр гаргасан байна гэж үзэхээр байна. Ингээд зогсохгүй нэхэмжлэгч Д.Ж  нь 2003-2014 онуудад Ц Т ОНӨААТҮГ  захирлаар ажиллаж байх хугацаандаа Зам тээвэр хөгжлийн яамнаас зарласан тендерт оролцож, 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 12 ширхэг дуобусыг угсрах ажлыг 2012 оны 12 дугаар сарын 20-нд дуусгахаар гэрээ байгуулсан байдаг. Улмаар 2 ширхэг дуобусыг хугацаандаа угсраагүйн улмаас манай хариуцагч байгууллага эрх залгамжлагчийнхаа хувиар захиалагч талд 237 942 166 төгрөгийн өр төлбөртэй болсон. Ийнхүү өртэй болсон шалтгаан нь Ц ОНӨААТҮГ  нь сонгон шалгаруулалтын журмаар өөрөө санал гаргаж, 12 ширхэг дуобусыг угсарч нийлүүлэх гэрээ байгуулчихаад түүнийгээ биелүүлээгүй явдал ба эрсдэлээ тооцоолоогүй гэрээ байгуулсан захирлын буруутай үйл ажиллагаа байгааг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 866 049 599 төгрөгийг гаргуулж, зөрүү болох 710 150 401 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Ж  нь хариуцагч З ОНӨААТҮГ  холбогдуулан лицензийн төлбөрт 1 576 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн лицензийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Д.Ж , Ч.А , С.Э  нарын шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, түүнийг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, Төрийн эрх бүхий байгууллагаас “троллейбус JEA-800” бүтээлд 1801 тоот, “хосолмол тэжээлийн үүсгэвэрт тролейбус “Дуобус-МЛ” бүтээлд 3181 тоот, “троллейбус JEA-800” бүтээлд” 2927 тоот,  “JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур” бүтээлд 3178 тоот, “тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF N систем” бүтээлд 3177 тоот патентыг тус тус олгосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

                                                                                                                        /хх11-15 дахь тал/

 

Талууд 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “троллейбус JEA-800” нэртэй 1801 тоот патент бүхий бүтээгдэхүүний загварыг ашиглуулахаар лицензийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр “дээрх бүтээгдэхүүний загварыг ашиглуулсны төлбөрийг шинээр троллейбус үйлдвэрлэснээр орсон орлого, цахилгааны хэмнэлт бусад үр ашгаас тооцож ...2009-2013 оныг дуустал 20-25 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг  төлөх”-өөр харилцан тохиролцсон үйл баримт, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. /хх5-8 дахь тал/ Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд Патентийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан лицензийн гэрээний харилцаа үүссэн талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.

 

“Д” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14/7-01 тоот аудиторын дүгнэлтэд “...Ц ОНӨААТҮГ  нь 2006-2013 онуудад 50 ширхэг 5.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий троллейбус, дуобус үйлдвэрлэж, ашиглалтад оруулснаар зах зээлийн үнэ, цахилгааны зарцуулалт, нийт орлогын хэлбэрээр 21.3 тэрбум төгрөгийн өгөөжтэй ажилласан” гэжээ. Уг дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч Д.Ж  нь лицензийн төлбөрт дээрх аудитын дүгнэлтээр тогтоогдсон 21.3 тэрбум төгрөгийн 20 хувь буюу 4 860 000 000 төгрөгөөс патент эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээний дагуу 37 хувь болох 1 576 200 000 төгрөгийг шаардах эрхтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ”Д” ХХК-ийн тайлан дах троллейбуснаас 12 ширхэг троллейбус нэхэмжлэгчийн “JEA 800” загварынх бус Москвагийн троллейбусны үйлдвэрт үйлдвэрлэгдсэн “MTp3-6223” маркийн троллейбус байхад шүүх бодит байдлыг тогтоолгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь буруу 472 208 234 төгрөгийг хасч тооцуулна” гэх давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах боломжтой.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 42-43 дугаар тал дах “шинээр үйлдвэрлэсэн троллейбусны гүйлт, олсон орлого гэх хүснэгтийн” 1-2, 8 дугаарт бичигдсэн троллейбуснууд нь лицензийн гэрээ байгуулагдахаас өмнө үйлдвэрлэгдсэн троллейбус, 3-7, 9-16 дугаарт бичигдсэн троллейбуснууд JEA-800 загварынх бус болох нь тогтоогдсон  бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргахгүй байна. Хариуцагч нь дээрх 12 троллейбусны бодит хэмнэлтийг тооцож үзвэл 472 208 234 төгрөг илүү гаргуулсан гэж гомдлын үндэслэлээ тайлбарласныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд зөвшөөрсөн тул дээрх мөнгийг хасч, шүүхийн шийдвэрт 1 103 991 765 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлээр тогтоосон мэтгэлцэх зарчимд нийцнэ.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийг тус компанид захирлаар ажиллаж байх хугацаандаа 2 ширхэг дуобусыг хугацаандаа угсраагүйн улмаас байгууллагад 237 942 166 төгрөгийн хохирол учируулсныг хасч тооцуулна гэх давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад З ОНӨААТҮГ  учруулсан хохиролд 237 942 166 төгрөг гаргуулахаар хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, энэ талаар анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцээгүй тул уг гомдлыг хангах боломжгүй. Уг асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргах, харилцан мэтгэлцэх, маргаан үүсгэхэд энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

З ОНӨААТҮГ  нь Д.Ж д холбогдуулан 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн лицензийн гэрээг хууль зөрчиж төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Дээрх лицензийн гэрээг байгуулах үед тус байгууллагын захирлаар Д.Ж  ажиллаж байсан тул тэрээр хуульд зааснаар байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, бусдад итгэмжлэл олгох эрх бүхий этгээд байжээ. Иймээс талуудын байгуулсан лицензийн гэрээнд байгууллагыг төлөөлж орлогч захирал Я.Лхагвасүрэн гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй талаар шүүх зөв дүгнэжээ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02583 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1 576 200 000” гэснийг “1 103 991 766” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч З ОНӨААТҮГ -аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 708 710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ