Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02583

 

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02583

Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 4 хэсэг, ХКЭ 0 дугаар байр, 0 тоотод оршин суух, Х овогт ДЖ /рд:0000000/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Энгельсийн гудамж, өөрийн байранд оршин байрлах, ЗТН-т холбогдох,

 

1 576 200 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г /ШТЭҮД-0000/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.Ч /ШТЭҮД-0000/гэрч Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 0000 байр, 0000 тоотод оршин суух Ч овогт Б П /рд:00000000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Ж, С.Э болон Ч.А нар нь 2006 онд троллейбус JEA-800, тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF & N систем, JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур, хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус “Дуобус-МЛ”, троллейбус JEA-800 зэрэг оюуны бүтээлийг бүтээж, 2007 он болон 2008 онуудад троллейбус JEA-800 бүтээлд 2927 дугаар, JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур бүтээлд 3178 дугаар, тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF & N систем бүтээлд 3177 дугаар, хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус “Дуобус-МЛ” бүтээлд 3181 дугаар, троллейбус JEA-800 бүтээлд 1801 дугаартай патентуудыг тус тус авсан. Улмаар 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дээрх 2927 дугаартай патенттай троллейбус JEA-800, тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF & N систем, JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур, хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус “Дуобус-МЛ” зэрэг шинэ бүтээлд Цахилгаан тээвэр компанитай патентийн лицензийн гэрээ байгуулсан. Уг гэрээний 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “лиценз авагч нь шинэ бүтээлийг ашигласны төлбөрийг лиценз өгөгчид төлөх ба төлбөрийн хэмжээ талууд харилцан тохиролцсон шийдвэрлэснээс хойш 4-5 жилийн дотор бэлнээр төлнө гэж заасан. Тодруулбал 2009-2012 оныг дуустал энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шинэ бүтээлүүдийн жил бүрийн төлбөрийг шинээр троллейбус, дуобус, электробус, монбусуудыг үйлдвэрлэснээр олсон орлого, цахилгааны хэмнэлт зэрэг бусад үр ашгаас тооцож олгоно” гэж, 6.4 дэх хэсэгт “лицензээр ашиглах шинэ бүтээлийн үнэт чанар, төрөл, ашиглах хэлбэр, үйлдвэрлэлийн хэмжээ, тооцоологдож байгаа эдийн засгийн үр ашиг, бодит орлогыг харгалзан лиценз шинээр троллейбус, дуобус, электробус, монбусуудыг үйлдвэрлэснээр олсон орлого болон хэмнэлтээс олсон орлогыг жил тутамд 25%-тай тэнцэх хэмжээний шимтгэлт төлбөрийг лиценз авагч лиценз өгөгчид жил бүр төлөх үүрэгтэй гэж заасан. Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ын 2014 оны аудиторын тайланд тусгагдсанаар 2006-2013 онуудад 50 ширхэг, 5.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий троллейбус, дуобус үйлдвэрлэж ашиглалтанд оруулсан ба өөрийн нөөц бололцоогоо ашиглан дотооддоо троллейбус үйлдвэрлэн гаргаснаар дэлхийн зах зээлийн үнийн зөрүү, ашиглалтын үеийн цахилгааны зарцуулалтын хэмнэлт, нийт орлогын нийлбэрээр 21,3 тэрбум төгрөгний өгөөжтэй ажилласан байна гэж үзсэн. Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь хэсэгт шинэ бүтээл бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогч нь “шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах эрхтэй” гэж заасан. Патент эзэмшигч нар харилцан тохиролцсоны дагуу Д.Ж нь төлбөрийн 37 хувийг авахаар тохиролцсоны дагуу 1 576 200 000 төгрөгийг гаргуулахаар З ОНӨААТҮГ-т хандахад  боломжгүй гэсэн хариуг өгсөн. Аудитын дүгнэлтийг шинжлэн судлахад 21.3 тэрбум төгрөгөөс 2006, 2007, 2008 оны хэмнэлт, олсон орлогыг, 2009-2014 оны хооронд хэдэн троллейбус үйлдвэрлээд, үүнээс хэдий хэмжээний ашгийг З олсон бэ гэдгийг тооцож гаргасан байна. Өгөөжтэй ажилласан гэдэг нэр томьёо ойлгомжгүй байна гэж тайлбарлаж байна, олсон орлогоос ашгаа тооцно гэж байгаа ч талуудын хооронд байгуулсан патент лицензийн гэрээнд олсон орлого болон цахилгааны хэмнэлтээс гэсэн байгаа. Цахилгааны хэмнэлт гэж юуг хэлээд байна вэ гэвэл хэрвээ Монгол улс ОХУ-с троллейбус авдаг байсан бол одоо Монгол улсаас авснаар хэдий хэмжээний цахилгаан хэмнэж зарцуулаад байгаагаар оюуны бүтээлийг үнэлж, хэдий хэмжээний хэмнэлт хийсэн бэ гэдэг нь гарч ирэх боломжтой. Ийм учраас гэрээнд цахилгааны хэмнэлтээс тооцож болохоор заасан байсан. Московский загвар  аудитын дүгнэлтэнд тусгагдсан гэж тайлбарлаад байна. Энэ дүгнэлтэнд зөвхөн Монголд үйлдвэрлэсэн троллейбусын дүгнэлт байгаа. Энд дурдаад байгаа 50 орчим троллейбус нь дотооддоо үйлдвэрлэсэн троллейбус юм. Иймд аудитын дүгнэлтэнд дурьдсан 21,3 тэрбум төгрөгийн 20 хувь буюу 1 576 200 000 төгрөгийг хариуцагч З ОНӨААТҮГ-аас гаргуулж өгнө үү” гэв.

       

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт “..энэ хуулийн 16.7 дахь хэсэгт зааснаар зохиогч өөрийн нэр дээр патент, гэрчилгээ авсан тохиолдолд ажил олгогч тухайн бүтээлийг ашиглахдаа патент, гэрчилгээ эзэмшигчид гэрээний үндсэн дээр зохих төлбөр төлнө гэж заасан. Патентийн лизензийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт лизенцийн төлбөрийн хэмжээг талууд харилцан тохиролцож шийдвэрлэснээс хойш 4-5 жилийн дотор төлбөрийг бэлнээр төлж эхэлнэ. Тодруулбал 2009-2012 оныг дуустал энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шинэ бүтээлүүдийн жил бүрийн төлбөрийг шинээр троллейбус, дуобус, электробус, монбус үйлдвэрлэснээр олсон орлого, цахилгааны хэмнэлт зэрэг бусад үр ашгаас тооцож олгоно. Лицензийн төлбөрийг 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр эсвэл 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлнө. Лицензийн төлбөрийг 2009-2012 он эсвэл 2009-2013 оныг дуустал олсон орлого ба хэмнэлтээс 4 буюу 5 жилээр нь нийлүүлэн бодож олгоно гэжээ. Энэхүү нэхэмжлэл нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт эдийн бус хөрөнгөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж заасан зохицуулалт хамаарахгүй бөгөөд 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 3 жилээр тооцоход дууссан байна. Мөн энэхүү 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан лицензийн гэрээг Оюуны өмчийн газарт хэзээ 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүсэлт өгч бүртгүүлсэн нь Патентийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт лиценцийн гэрээг бичгээр үйлдэх бөгөөд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасантай нийцэхгүй, 19.7 дахь хэсэгт энэ хуулийн 19.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасантай нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талуудын хооронд байгуулагдсан патентийн гэрээ болон үр ашиг хуваах гэрээнд 2008-2012 эсхүл 2009-2013 гэсэн хоёр тоо байгаа. Алийг нь баримталж шийдвэрлэх вэ гэдэг нь ойлгомжгүй. Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т 2012 оныг дуустал жил бүр төрөл бүрийн троллейбус үйлдвэрлэсэн олсон орлого, цахилгааны хэмнэлтээс тооцож олгоно гэсэн. Гэтэл аудитын дүгнэлтийн гуравдахь хэсэгт цахилгаан тээвэр ОНӨААТҮГ нь 2006-2014 оны хооронд 50 ширхэг 5.5 тэрбум төгрөгийн троллейбус, дуобус автобусыг ашиглалтанд оруулсан, 21.3 тэрбум төгрөгийн өгөөжтэй ажилласан байна гэж бичсэн тайлангаас харахад 2006-2013 оны үр ашгийг тооцсон юм шиг харагдаж байна. Энэ талаар тодруулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээн авсангүй. Өөр нэг дүгнэлтэд байгаа үндэслэл нь 2009-2013 оны санхүүгийн баримт, үр ашгийн тооцоог үндэслэн явуулав гэж нүүрэн дээр бичсэн байгаа. Гэтэл цахилгаан тээвэр компани нь төрийн өмчийн оролцоотой. 2009-2013 оны санхүүгийн тайланд хараат бус аудитын тайлан гэж жил бүр гаргаж улсад өгдөг. Эдгээр тайлангаас харвал 2009-2013 оны хооронд нэг ч удаа ашигтай ажилласан зүйл байдаггүй. Их хэмжээний сэлбэгийн зардал, ажилчдын зардал, урсгал зардалд өгсөн зардал нь байгууллагын алдагдал хүлээх эх үүсвэр нь болсон баримтууд байгаа. Гэтэл ямар байдлаар өгөөжтэй гэж бичиж байгаа нь ойлгомжгүй. Мөн хавстралт хэсгээс харахад 50 ширхэг троллейбус үйлдвэрлэсний үр ашгийн тооцоог гаргасан байгаа боловч үүнд Московский завод JEA800 гэж патентийн эрх авсан троллейбус байхад үүнтэй хамааралгүй нэмээд олон тооны буюу 13 ширхэг московский загварын троллейбусыг оруулан тооцсон, он сарыг нь 2006 оноос эхлэн тооцсон, санхүүгийн үр ашгийн тооцоонд дандаа алдагдалтай ажилласан харагдаж байгаа. Мөн 21,3 тэрбум төгрөгийн өгөөжтэй гэсэн байгаа ч өгөөж гэдэг санхүүгийн хэллэг байхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд үр ашгаас тооцно гэсэн. Үр ашиг гэдэг нь орлогоос зарлагыг хасаад гарсан цэвэр ашгаас гарсан 20 хувь. Гэтэл энэ дүгнэлтэд нийт орлого олсон буюу 21,3 тэрбум төгрөгөөр нь бичсэн байгаа нь учир дутагдалтай тул дахин шинжээч томилохгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй” гэв.  

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Э, Ч.А нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Уг патенттай холбоотой асуудлаар өмнө нь шүүхээр шийдүүлж шүүхийн шийдвэр гарч энэ асуудал шийдвэрлэгдсэн тул би уг хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй оролцох шаардлагагүй юм. Иймд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч З ОНӨААТҮГ нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цахилгаан тээвэр компани нь хариуцагч Д.Ж-тай 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр патентийн лицензийн гэрээг байгуулсан. Энэ гэрээг байгуулах үед гэрээний нэг тал болох лиценз өгөгч тал Д.Ж нь гэрээний нөгөө тал болох лиценз авагч хуулийн этгээдийн захирлын албан тушаалыг хашиж байсан байдаг. Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ гэснийг зөрчиж захирал Д.Ж нь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх үүрэг бүхий үр дүнгийн гэрээгээ үл тоон оюуны өмчийн газраас янз бүрийн гэрчилгээг гаргуулан авсан байдаг. Өөрөөр хэлбэл байгууллагынхаа эдийн засгийг сайжруулах гэрээгээр хүлээсэн үүрэгтэй атлаа эдийн засаг сайжруулах нэрийдлээр хувьдаа гэрчилгээ гаргуулж авах биш байгууллагадаа гэрчилгээ авах эрхийг олгох ёстой байсан гэж үзэж байна. Ингээд зогсохгүй энэ хүн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр цор ганцаар төлөөлөх эрхтэй этгээд атал өөрөө өөртэйгээ гэрээ байгуулахаас зайлсхийх зорилгоор хуулийн этгээдийг хэлцэлд төлөөлөх эрхгүй, итгэмжлэлгүйгээр компанийн орлогч захирал Я.Л гэгчээр лиценз авагчийг төлөөлүүлэн гарын үсэг зуруулсан. Уг хүн нь байгууллагын дүрэм, ажлын байрны тодорхойлолтоор захирлыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд юм. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байдаг. Авилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж дээрхи урьдчилан сэргийлэх хуулийг дагаж мөрдөх ёстой байдаг. Уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байгаа ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхол гэдгийг тодорхойлж өгсөн байдаг. Улмаар гэрээ байгуулахыг хориглохоос гадна уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.11 дэх хэсэгт “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргах ёстой байдаг. Гэтэл өөрөө захирал байж аудитын компанид үүрэг чиглэл захиалга хүртэл өгч, ашгийн хэмжээг 4 тэрбумаар гаргуулаад зогсохгүй Оюуны өмчийн газраар үнэлгээг баталгаажуулж, тэрхүү үнийн дүнгээ байгууллагынхаа 2 этгээдтэй нийлж ашиг хүртэх байдлаар иргэнийхээ хувьд өөрийн хувийн ашиг сонирхлын үүднээс байгуулж байгаа нь хууль тогтоомж болон ёс зүйг зөрчсөн асуудал юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг, 56.1.8 дахь хэсэгт зааснаар 2008 оны 12 дугаар сарын 25-ны  өдрийн Патентийн лицензийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “...Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д “ажил олгогч шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг бүтээснээс хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрх эдэлнэ” гэж хуулинд заасан байгаа тул Д.Ж-ы энэ үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон авлигын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж тайлбарлаад байна. Энэ урт нэртэй хууль 2012 онд батлагдсан, манай харилцаа бол 2006-2008 оны хооронд болсон болохоор энэ хууль болон авлигатай тэмцэх тухай хуульд заасан үүргээ биелүүлэх ёстой гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэдээд авлигатай тэмцэх газар гаргаж өгөх боломжгүй. Тиймээс энэ гэрээ хууль ёсны дагуу байгуулагдсан учраас хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Патент лицензийг Д.Ж ганцаараа эзэмшээгүй, Д.Жаас гадна хоёр иргэн байгаа. Тус гэрээг өөрөө эзэмшээд, өөртэйгээ гэрээ хийсэн зүйл байхгүй. Энэ хоёр хүн Д.Ж гэдэг хүнтэй хамтарч бүтээл хийгээд, хамтарч эзэмшиж байгаагаараа энэ хоёр хүн хохирч болохгүй. Тиймээс патент лицензийн гэрээ үндэслэлтэй, олгосон гэрчилгээ нь үндэслэлтэй, үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү”  гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ж нь З Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан Патентийн лицензийн төлбөрт 1 576 200 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Д.Ж нар 2006 онд ...оюуны бүтээлийг бүтээж, 2007 он болон 2008 онуудад ... патентуудыг тус тус авч, уг шинэ бүтээлд Цахилгаан тээвэр компанитай патентийн лицензийн гэрээ байгуулсан. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.3, 6.4-т заасны дагуу төлбөр гаргуулна” гэж тайлбарласан.

 

Хариуцагч “...гэрээний 6.3-т лизенцийн төлбөрийн хэмжээг талууд харилцан тохиролцож шийдвэрлэснээс хойш 4-5 жилийн дотор төлбөрийг бэлнээр төлж эхэлнэ гэснээс үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. ...2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан лицензийн гэрээг Оюуны өмчийн газарт 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүсэлт өгч бүртгүүлсэн нь Патентийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй. ...гэрээний 6.3-т 2012 оныг дуустал жил бүр төрөл бүрийн троллейбус үйлдвэрлэсэн олсон орлого, цахилгааны хэмнэлтээс тооцож олгоно гэсэн. Гэтэл аудитын дүгнэлтийн 3 дахь хэсэгт “...цахилгаан тээвэр ОНӨААТҮГ нь 2006-2014 оны хооронд ...автобусыг ашиглалтанд оруулсан, 21.3 тэрбум төгрөгийн өгөөжтэй ажилласан байна гэж бичсэн тайлангаас харахад 2006-2013 оны үр ашгийг тооцсон юм шиг харагдана. ...Цахилгаан тээвэр компани нь 2009-2013 оны хооронд нэг ч удаа ашигтай ажиллаагүй, их хэмжээний сэлбэгийн зардал, ажилчдын болон урсгал зардалд зардлаас болж байгууллагын алдагдал хүлээсэн. ...Мөн 50 ширхэг троллейбус үйлдвэрлэсний үр ашгийн тооцоог гаргасан байгаа боловч үүнд Московский завод JEA800 гэж патентийн эрх авсан троллейбус байхад үүнтэй хамааралгүй нэмээд олон тооны буюу 13 ширхэг московский загварын троллейбусыг оруулан тооцсон, он сарыг нь 2006 оноос эхлэн тооцсон, санхүүгийн үр ашгийн тооцоонд дандаа алдагдалтай ажилласан харагдаж байгаа” гэж марган, уг хэлцлийг төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан гэх үндэслэл зааж, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “З” ОНӨААТҮГазрыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүсгэн байгуулж, “Автобус-1”, “Автобус-3” ОНӨААТҮГазар, “Цахилгаан тээвэр” НӨҮГазруудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийг шинээр байгуулагдсан Нийслэлийн “Зорчигч тээвэр нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нийлүүлж, улсын бүртгэлд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн байх тул “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГазрын эрх залгамжлан авсан этгээд болох Нийслэлийн “З” ОНӨААТҮГазар тус хэргийн хариуцагч байна.   

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 59 дүгээр тушаалаар Ч.А, С.Э, Д.Ж нарт Троллейбус JEA-800 бүтээлд 1801 тоот шинэ бүтээлийн патентийг 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 10 жилийн хугацаагаар, Монгол Улсын Шадар сайдын 2008 оны 13 дугаар тушаалаар Ч.А, С.Э, Д.Ж нарт хосолмол тэжээлийн үүсгэвэрт тролейбус “Дуобус-МЛ” бүтээлд 3181 тоот шинэ бүтээлийн патентыг 2008 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 20 жилийн хугацаагаар, Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 59 дүгээр тушаалаар Ч.А, С.Э, Д.Ж нарт Троллейбус JEA-800 бүтээлд 2927 тоот шинэ бүтээлийн патентийг 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 20 жилийн хугацаагаар, Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын 2008 оны 6 дугаар тушаалаар Ч.А, Д.Ж нарт JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур бүтээлд 3178 тоот шинэ бүтээлийн патент патентыг 2008 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 20 жилийн хугацаагаар, Монгол Улсын Шадар сайдын 2008 оны 6 дугаар тушаалаар Ч.А, Д.Ж нарт тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF & N систем бүтээлд 3177 тоот  шинэ бүтээлийн патентыг 2008 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 20 жилийн хугацаагаар тус тус олгожээ. 

 

Улмаар дээрх патент эзэмшигч Д.Ж, Ч.А, С.Э нар болон Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ын хооронд 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 02 тоот Патентийн лицензийн гэрээ байгуулагдсан нь Патентийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Сонирхогч этгээд патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, гэрчилгээ бүхий ашигтай загварыг ашиглах тохиолдолд патент, гэрчилгээ эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулна” гэж заасантай нийцэхээс гадна талууд нэхэмжлэгчийг уг патентыг эзэмших эрхтэй эсэх, патентын хүчинтэй эсэх, хураамж төлсөн эсэхэд маргаагүй  тул шүүх уг гэрээг Патентийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Лицензийн гэрээг бичгээр үйлдэх бөгөөд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэв.  

 

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага, хэргийн баримтаас үзвэл талуудын маргаж буй гэрээний зүйл нь оюуны өмч буюу эдийн бус хөрөнгө байх тул Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хөөн хэлэлцэх хамаарахгүй юм.

 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гаргаж өгсөн “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14/7-01 тоот хараат бус аудиторын дүгнэлтэд: ...”Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГазар нь 2006-2013 онуудад 50 ширхэг 5.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий троллейбус, дуобус үйлдвэрлэж ашиглалтад оруулснаар зах зээлийн үнэ, цахилгааны зарцуулалт, нийт орлогын хэлбэрээр 21.3 тэрбум төгрөгийн өгөөжтэй ажилласан” гэжээ.

 

Нэхэмжлэгч уг дүгнэлтийг үндэслэж, ...21,3 тэрбум төгрөгийн 20 хувь болох 4 260 000 000 төгрөгөөс өөрт ногдох 37 хувь болох 1 576 200 000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан, хариуцагч уг баримтыг няцааж, “...аудитын тайлан бүхэлдээ үндэслэлгүй” гэж маргасан боловч энэхүү татгалзлаа баримтаар нотлоогүй,   “Д аудит” ХХК-ийг аудитын хууль тогтоомж зөрчсөн гэх, мөн түүнд хариуцлага хүлээлгэсэн талаарх баримтгүй тул шүүх уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тус компанийн захирал Б.П-ын “...Тухайн байгууллагын анхан шатны баримтад тулгуурлаж шинэ бүтээл хэрхэн ашигтай ажилласан талаар тооцоолол гаргасан. 21.3 тэрбум төгрөгийн өгөөж бол 2009-2013 оных. Уг дүгнэлтээр гаднаас худалдаж авсан троллейбуснаас дотоодынх нь ашигтай, дотоодод үйлдвэрлэсэн автобус нь цэвэр ашгаа өгсөн байна, 21.3 тэрбум төгрөгийн орлого олсон, энэ хэмжээний үр ашигтай ажилласан байна, цахилгаан зарцуулалт бага гарсан гэдгийг тогтоосон. Харин энэ нь нийт орлого биш учраас санхүүгийн тайлантай тулах боломжгүй” гэх тайлбараас үзвэл хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан “...санхүүгийн тайлангаар компани алдагдалтай гарсан” гэх татгалзал үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, дээрх аудитын дүгнэлтээр нэхэмжлэгчийн патентыг нь эзэмшиж буй шинэ загвар гаргасантай холбоотой болон цахилгаан хэмнэлт нь 21.3 тэрбум төгрөг болох нь тогтоогджээ.  

 

Иймд нэхэмжлэгч нь Патентийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Лицензийн гэрээгээр патент, гэрчилгээ эзэмшигч нь хамгаалагдсан бүтээлийг ашиглах зөвшөөрлийг бүтээл ашиглагчид олгох, бүтээл ашиглагч гэрээгээр тогтоосон төлбөр төлөх болон гэрээгээр тодорхойлсон бусад үүрэг хүлээнэ” гэж заасан болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т “...бүтээгдэхүүний загварын жил бүрийн төлбөрийг шинээр троллейбус үйлдвэрлэснээр олсон орлого, цахилгааны хэмнэлт зэрэг бусад үр ашгаас тооцож олгоно...”, 6.4-т “...лицензээр ашиглаж байгаа бүтээгдэхүүний загварын үнэт чанар, төрөл, ашиглах хэлбэр, үйлдвэрлэлийн хэмжээ, тооцоологдож байгаа эдийн засгийн үр ашиг, бодит орлогыг харгалзан ...шинээр троллейбус үйлдвэрлэснээр жил тутамд олсон орлого, цахилгааны хэмнэлтээс 20-25 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлт төлбөрийг лиценз авагч нь лиценз өгөгчид жил бүр төлөхөөр” тохиролцсоны дагуу 21 300 000 000 төгрөгийн 20 хувийг шаардах эрхтэй гэж үзэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Цахилгаан тээвэр компани нь Д.Ж-тай дээрх патентийн лицензийн гэрээг байгуулах үед Д.Ж нь лиценз авагч хуулийн этгээдийн захирлын албан тушаалыг хашиж байсан. Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ гэснийг зөрчиж, захирал Д.Ж нь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх үүрэг бүхий үр дүнгийн гэрээгээ үл тоон оюуны өмчийн газраас янз бүрийн гэрчилгээг гаргуулан авч, өөрөө өөртэйгээ гэрээ байгуулахаас зайлсхийх зорилгоор хуулийн этгээдийг хэлцэлд төлөөлөх эрхгүй, итгэмжлэлгүйгээр компанийн орлогч захирал Я.Лхагвасүрэн гэгчээр лиценз авагчийг төлөөлүүлэн гарын үсэг зуруулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг, 56.1.8 дахь хэсэгт зааснаар 2008 оны 12 дугаар сарын 25-ны  өдрийн Патентийн лицензийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д “ажил олгогч шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг бүтээснээс хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрх эдэлнэ” гэж хуулинд заасан байгаа тул Д.Ж-ы энэ үйлдэл нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Патент лицензийг Д.Ж ганцаараа эзэмшээгүй, Д.Ж-аас гадна хоёр иргэн байгаа. Тус гэрээг өөрөө эзэмшээд, өөртэйгээ гэрээ хийсэн зүйл байхгүй. Тиймээс патент лицензийн гэрээ үндэслэлтэй, олгосон гэрчилгээ нь үндэслэлтэй тул  сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр хийгдсэн байхыг шаардах бөгөөд талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдож байвал аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг. Хэлцэл гэдэг нь иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэл/-ийг хэлэх бөгөөд өөрөөр хэлбэл хэлцэл хийгч этгээдийн өөрийн хүссэн тухайн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн хүсэл зориг, түүний илэрхийллийг ойлгоно. Хэлцэл нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос шууд шалтгаалдаг. 

 

2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр лиценз өгөгч Д.Ж, Ч.А, С.Э нар болон лиценз авагч Цахилгаан тээвэр компанийн хооронд байгуулагдсан патентийн лицензийн гэрээнд лиценз авагч талыг төлөөлж тус компанийн орлогч захирал Я.Л гарын үсэг зуржээ.

 

1996 оны 5 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18, 20 дугаар зүйлд зааснаар захирал Д.Ж нь байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, мөн итгэмжлэл олгох эрхтэй байна. Маргаж буй дээрх гэрээний нэг тал нь тус байгууллагын захирал Д.Ж байх тул байгууллагыг төлөөлж Я.Л гэрээнд гарын үсэг зурсныг буруутгах боломжгүйгээс гадна Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3-т зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох талаар зохицуулсан, мөн төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн гэж үзвэл Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д төлөөлүүлсэн этгээд маргаагүй бол хүчин төгөлдөр байхаар хуульчилсан байна.

 

Түүнчлэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгож буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан байхаас гадна хариуцагч талаас Д.Ж-ыг хууль зөрчиж гэрээ байгуулсан талаар эрүүгийн журмаар гомдол гаргасан, шийдвэрлэсэн талаар баримтгүй зэргээс дүгнэхэд уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх аливаа нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Патент эзэмшигч Д.Ж, С.Э, Ч.А нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Төлбөр хуваах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр талууд 2927 дугаар патенттай Троллейбус JEA-800, 3177 дугаар патенттай тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF & N систем, 3178 дугаар патенттай JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур, 3181 дүгээр патенттай хосолмол тэжээлийн үүсгэвэрт тролейбус “Дуобус-МЛ”, 1801 дугаар патенттай Троллейбус JEA-800 шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт ноогдох төлбөрөөс 37 хувьд ногдох төлбөрийг Д.Ж авахаар тохиролцжээ. 

 

Иймд Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д “шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах” гэж заасныг баримтлан 4 260 000 000 төгрөгийн 37 хувь болох 1 576 200 000 төгрөгийг хариуцагч З ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Д.Жд олгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.    

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Э, Ч.А нар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул тэдгээрийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, мөн хариуцагчийн маргаж буй Оюуны өмчийн газрын оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, Оюуны өмчийн газрын батламж зэрэг баримтыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.  

  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2-т зааснаар патент, зохиогчийн эрхтэй холбогдсон нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас 8 038 950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 8 038 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч З ОНӨААТҮГазраас 1 576 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ж-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул З ОНӨААТҮГазрын Д.Ж-д холбогдуулан гаргасан патентийн лицензийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 038 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8 038 950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНГӨНТУУЛ