Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 101

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707002500025 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******-ний өдөр*******анд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *******-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ын ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 02 цагийн орчим *******ны******* тоот байрлах өөрийн гэртээ хадам дүү Г.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ж.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.******* нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэн *******,******* тоот гэртээ 2 цагийн орчим хамтран амьдрагч Г.ийн төрсөн дүү Г.ийг “та дуугүй байгаач” гэж хэллээ гээд толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.******* мэдүүлэг өгөхгүй гэв.

Мөрдөн байцаалтад Ж.*******ын яллагдагчаар өгсөн: “Би Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хоёр удаа алгадсанаа санаад байна өөр ямар нэгэн юмаар цохиогүй гараараа цохисон архи уусан байсан болохоор сайн санахгүй байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 34 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Г.ийн өгсөн: “2017.10.11-нээс 2017.10.12-нд шилжих шөнө гэртээ амарч байсан юм тэгсэн шөнө 01 цагийн үед манай эгчийн нөхөр Ж.******* хамт ажилладаг хүний төрсөн өдөр тэмдэглэж байгаад ирлээ гээд согтуу орж ирээд юм яриад байсан би ханиад хүрээд жаахан халуураад унтаж байсан тэгээд гэрт хэрүүл болоод байгаа юм уу гэхээр үгүй ******* ах чанга чанга юм яриад байсан бараг цаг хэртэй юм ярьсан байх би босож бие засах гээд 00-н өрөө ороод буцаад хэвтэх гээд орлуугаа явж намайг Чимгээ гээд дуудсан би та дуугүй байлдаа гэж хэлээд орлуугаа явсан тэгсэн араас босож намайг орон дээр толгой тархигүй гараараа балбаад эхэлсэн дандаа толгой руу  цохисон. Миний толгойноос цус гарсан байсан. Намайг гараа зангидаж байгаад толгой руу 10 гаран удаа цохисон, дараа нь хацар луу 5-6 удаа алгадсан, тэгээд миний ам руу салаавч гаргаж байгаад 2-3 удаа чихсэн. Дараа нь архины шилээр цохих гэж байхад нь эгч барьж байсан архины шилийг авсан. Тэгээд би эгчийн хамт хүүг нь дагуулаад цагдаа дээр ирж болсон асуудлын талаар хэлж дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 7-8 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Г.ийн өгсөн: “Би 2017.10.11-нээс 2017.10.12-ны шилжих шөнө гэртээ өөрийн хүү 6 настай Тогтохтөр мөн миний төрсөн дүү Г.ийн хамт амарч байхад манай нөхөр Ж.******* хамт ажилладаг хүний төрсөн өдөр тэмдэглэж байгаад шөнийн 01 цагийн үед гэрт орж ирээд согтуу чанга чанга нэг цаг гаран юм яриад байсан тэгээд бараг нэг цаг ярьсан байх энэ үед гэрт унтаж байсан бүх хүн сэрсэн манай дүү босож 00-н өрөө ороод гарахдаа та дуугүй байгаач дээ гээд хэлсэн тэгсэн ******* чи намайг дуугүй бай гэлээ чи миний дууг хорьдог хэн бэ та нар намайг дээрэлхэх болоогүй шүү гээд манай дүүг зодоод эхэлсэн би дүүгээ салгаж аваад цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 3 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 509 дүгээр:

“1. Г.ийн биед тархи доргилт, зүүн чамархайд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт, /хх-ийн 14 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн түүнийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Г.тэй эвлэрсэн гэсэн үндэслэлээр хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/” гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан байхад мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар Ж.*******оос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргуулсан нь ойлгомжгүй байна.

Шүүгдэгч Ж.*******од холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.*******од 451 /дөрвөн зуун тавин нэг/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 /дөрвөн зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.*******од мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.*******од оногдуулсан 451 /дөрвөн зуун тавин нэг/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 /дөрвөн зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Ж.*******од оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ