Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 257

 

 

 С ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/02203 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Оролжмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч С ХХК -аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК  болон иргэн Б.Я  нарын хооронд анх 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамж, тоот хаягт байрлах 0004028778 гэрчилгээтэй, 18603139110448 нэгж талбарын дугаартай 399 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Г-2202003033 өмчлөлийн газар мөн хаягт байрлах Ү220202328 дугаартай эд хөрөнгийг барьцаа болгож, 423 927 000 төгрөгийн шатахууныг худалдах, худалдан авах гэрээ мөн барьцааны гэрээг байгуулсан. Б.Я  нь үүргийн гүйцэтгэлийг хангахгүй байсны улмаас шүүхэд хандаж, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 149 дүгээр шүүхийн шийдвэр гарсан. Анх С ХХК  нь иргэн Б.Я ын хувийн сууцнууд, газрыг нийлүүлээд өөрийн үнэлгээгээр 400 000 000 төгрөгөөр үнэлж, үнийн дүнд нь шатахуун худалдсан байдаг. Шүүхийн шийдвэрээр 423 000 000 төгрөгийн шатахуун С ХХК -иас авсныг тогтоож, түүний алдангид 200 000 000 төгрөг төлөх ёстой гэж дүгнэн нийт 604 738 367 төгрөгийг С ХХК -д олгосон. Энэ шийдвэр биелэгдэхгүй байсан тул тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2527 дугаартай албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж, 201 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн, үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Төлбөр төлөгч Б.Я  нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад, шүүхийн шийдвэрийг бүрэн хүлээн зөвшөөрч байна, энэ шийдвэрт заасан 604 738 367 төгрөгийн өөрийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлж, С ХХК -д шилжүүлэх хүсэлттэй байна гэсэн хүсэлтийг гаргасан. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хууль бусаар үнэлгээг өөрчилж, Б.Я  нь барьцаа хөрөнгүүдийг 970 000 000 төгрөгөөр үнэлэх санал гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчийн саналыг харгалзаж, шийдвэр гүйцэтгэгч өөрөө тухайн орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэх ёстой байсан. Гэтэл юуг үндэслэж, тухайн үеийн ханшийг харгалзахгүйгээр зөвхөн төлбөр төлөгчийн саналаар энэ үнэлгээг бид нарт тулгаж, улмаар биднийг төөрөгдөлд оруулж, хүлээн зөвшөөрүүлсэнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх хуулийн заалтад заасны дагуу эхлээд зах зээлийн ханшаар үнэлж, дараа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаа явуулах үнийн дүнг тогтоох ёстой байсан. Анхны дуудлага худалдаа явуулахад нэг ч хүн оролцохгүй бол улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдан борлуулагдаагүй эд хөрөнгө нь энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнэрээ төлбөр авагчид санал болгохоор байгаа. Гэтэл 970 000 000 төгрөг гэдэг үнэлгээг хаанаас, хэрхэн, яаж, ямар зах зээлийг судалж гаргаж ирсэн гэдэг нь ойлгомжгүй. Манай байгууллагад санал болгосноор худалдан борлуулагдаагүй хөрөнгийн үнэ, гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү үнэтэй бол үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлуулагдаагүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ гэж заасан байдаг. Үүнээс болж манай байгууллага Б.Я аас 604 738 367 төгрөгийн төлбөр авах ёстой байхад эсрэгээрээ 300 000 000 төгрөгийн өрөнд орох эрсдэл үүсээд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн буруу үнэлгээ тогтоосон ажиллагаанаас болж эрсдэл хүлээх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Манай байгууллага уг хөрөнгүүдийн бодит зах зээлийн үнэлгээг энэ хугацаанд тогтоолгосон ба “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлүүлэхэд 313 400 000 төгрөг болохыг тогтоосон. Зах зээлийн үнэлгээ ийм бага байхад шийдвэр гүйцэтгэгч өөрөө сайн дураараа 970 000 000 төгрөг гэж үнэлж байгаа үнэлгээг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус ажиллагаа болсон гэж үзэж байгаа учраас шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 19300492 дугаартай тогтоолоор үүсгэж, ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч Б.Я ын өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамж, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220223028 дугаартай, 576 мк.в талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013581 дугаартай 102,6 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2202003034 дугаарт бүртгэлтэй, 339 м.кв талбайтай гэр бүлийн өмчлөлийн зориулалттай газрыг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1930049201 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлээд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 19300492/03 эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Эд хөрөнгийг хураан авснаас хойш талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн саналыг авахад төлбөр төлөгч Б.Я  нь 970 000 000 төгрөгөөр үнэлсэн байдаг бөгөөд үнэлгээг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Энэ үнийг төлбөр авагч С ХХК -д 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэхэд мөн өдөр С ХХК  нь төлбөр төлөгчийн үнэлгээг 19/1792 дугаар албан бичгээр зөвшөөрч, уг албан бичгээ Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 4/14440, 4/14441 тоот албан үнэлгээг талуудад мэдэгдсэн. Барьцааны үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын харилцан тохиролцсон үнэ буюу төлбөр төлөгчийн үнэлгээг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн. Иймээс шийдвэр гүйцэтгэлийн газраас үл хөдлөх хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. Гэтэл уг үнэлгээнд төлбөр авагч гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцсон учир тохиролцсон үнээр албадан дуудлага худалдаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр оруулсан. Түүнээс биш шийдвэр гүйцэтгэгч тогтоогоод байгаа юм биш. Төлбөр авагч өөрийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байгаа нь төлбөр барагдуулахад хүндрэл үүсгэж байна. Мөн төлбөр авагч үнэлгээтэй холбоотой гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах ёстой байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу албадан дуудлага худалдаа явагдаж байх явцад дуудлага худалдааг хойшлуулаад шүүхэд гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. 970 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч үнэлээгүй бөгөөд төлбөр төлөгч болон төлбөр авагч нарын тохиролцож тодорхойлсон үнэлгээ байгаа. Иймд үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн ажиллагаа нь Шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн тус шүүхийн шүүгчийн 2527 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай" захирамж, 201 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 02-нд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж 19300492 дугаартай тогтоол үйлдэн уг ажиллагааг явуулсан. Шүүхээс хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.4.1, 54.1-д заасны дагуу мөн 2019 оны 05 дугаар сарны 10-ны өдрийн “Хураасан тухай” шийдвэр гүйцэтгэгчийн 19300492/01 тоот, “Эд хөрөнгө битүүмжпэх тухай”, 19300492/03 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд хэрэг авагдсан бөгөөд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7, 49, 54-т заасан шаардлагыг хангасан байна гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгө үнэлсэн байдалд маргаж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байхад шүүхээс эд хөрөнгө хураан, битүүмжилсэн нь хуульд нийцсэн гэх нэхэмжлэлийн шаардагад дурьдагдаагүй процесс ажиллагаанд дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нэхэмжпэгчээс анх иргэн Б.Я ын дээрх эд хөрөнгүүдийг нийт 400 000 000 сая төгрөгөөр үнэлж, шатахуун өгсөн бөгөөд шүүхийн шийдвэрээр 423 000 000 төгрөгийн шатахуун С ХХК -иас авсан болохыг тогтоож, түүний алдангид 200 000 000 төгрөг төлөх ёстой гэж дүгнэн нийт 604 738 367 төгрөгийг С ХХК -д иргэн Б.Я  төлөх үүрэгтэйгээр шийдвэрлэсэн. Иргэн Б.Я ын эд хөрөнгүүд нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлүүлсэн үнэлгээнээс хархад 313 400 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох нь тогтоогдож хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангагдаж авагдсан. /Энэ талаар шүүхээс огт дүгнэлт хийгээгүй/. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа уг нь хэвийн явагдаж байсан боловч С ХХК -ийг төөрөгдөлд оруулж иргэн Б.Я тай үгсэн хуйвалдаж анх 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад “шүүхийн шийдвэрийг бүрэн хүлээн зөвшөөрч байна” энэ шийдвэрт заасан 604 738 367 төгрөгийн дүнгээр шилжүүлэхийг зөвшөөрч байна гэх албан бичгийн манай компанид огт танилцуулалгүйгээр, улмаар 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.Я  үнэлгээгээ өөрчилж 970 000 000 төгрөг болгосныг тайлбарлахдаа: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 2 удаа дуудлага худалдаа явуулдаг, тэгээд 2 дахь дуудлага худалдаагаар 50 хувь үнэ буурдаг, иймд танай компанид шууд нийлүүлнэ” гэж хэлэн төөрөгдөлд оруулж, хууран мэхэлсэн бөгөөд хурдан зөвшөөрсөн албан бичгээ бичээд явуул гэх зэргээр дарамт шахалтанд оруулсан. /Энэ талаар шүүх хуралдаанд тайлбарласан ч мөн дүгнэлт хийгээгүй. Гэтэл шүүхээс хуулийг буруу тайлбарлаж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг мушгин гуйвуулж, доод үнэ гэх ойлголт байхгүй байхад, харин ч зах зээлийн үнэлгээнээс 3 дахин их үнэлгээ байхад хууль бусаар хүлээн зөвшөөрүүлсэн байхад шийдвэр гүйцэтгэгчийн зөв мэтээр тайлбарлан шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв тухайн үед шийдвэр гүйцэтгэгч буруу ойлголт төрүүлж, төөрөгдөлд оруулж манай компани руу шууд шилжүүлнэ гэж хэлээгүй бол бидний зүгээс шинжээч томилуулж иргэн Б.Я ын байрыг үнэлүүлэх байсан. Энэхүү үнэлгээ нь хэрэв тухайн үед гарсан бол 313 400 000 төгрөгөөр үнэлэгдэж, хуулийн дээрх заалтын дагуу бүр үүнээс 70 хувиар буюу 219 380 000 төгрөгөөр дуудпага худалдаан оруулах байсан. Гэтэл бодит амьдралд нийцэхээргүй үнэ хаанаас яаж гаргаж ирсэнийг мэдэхгүй, бидэнд худалдаа хэлж, төөрөгдөлд оруулж дуудлага худалдаанд оруулсан. Түүчнлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн доод үнэлгээг тогтоогоогүй, мөн дуудлага худалдаанд оруулахдаа хариуцагчид огт мэдэгдээгүй шууд дуудлага худалдаан оруулсан зэрэг хууль бус үйл ажиллааг гаргаж С ХХК -ийн эрх ашгийг шууд хөндсөн. Зүй нь бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 - д заасны дагуу төлбөр төлөгч иргэн Б.Я  өөрийн эд хөрөнгөд ямар ч үнэлгээний санал гаргаж болох бөгөөд гагцхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь тухайн эд хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, доод үнийг тогтоож, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нар доод үнэ дээр харилцан тохиролцох эсэх саналыг авах ёстой. Дээрх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч огт хийгээгүй бөгөөд ганцхан төлбөр төлбөгчийн 970 000 000 төгрөг гэх хаанаас хэн тогтоосон, ямар үндэслэлээр тогтоосон үнэлгээ бүү мэд энэхүү үнэлгээг төлбөр авагчид тулгаж төөрөгдөлд оруулж үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байхад шүүхээс ийнхүү үнэлсэн нь хуульд нийцсэн гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль бусаар үнэлсэн үнэлгээний дагуу дуудлага худалдааг зохион байгуулсан бөгөөд зөвхөн иргэн Б.Я ад л мэдэгдэж байсан нь хавтаст хэрэгт тодорхой байхад шүүхээс хоёр талд мэдэгдсэн юм шиг нотлох баримтаар үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан ажиллагааг хийж хөрөнгийг орон нутгийн зах зээлийн үнэлгээнд тулгуурлан үнэлээгүйгээс болж дуудлага худалдаа явагдаж, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасан заалтын дагуу С ХХК  нь 365 261 633 төгрөгийн зөрүүг шийдвэр гүйцэтгэлд төлөх эрсдэл бий болоод байна. Ингэж шийдвэр гүйцэтгэгч нар хууль бусаар, үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг завдаж байгаа бөгөөд хөрөнгийг авахгүй тохиолдолд төлбөр авагчид гүйцэтгэх хуудсыг буцаах хүртэл арга хэмжээ авахаар байна. Мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хууль бус дүгнэлт хийдэг. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байдаг, мөн хуулийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө" гэж заасан. Гэтэл манай тохиолдолд шинжээч огт томилогдоогүй бөгөөд дүгнэлт гаргасан талаархи ямар нэгэн мэдэгдлийг бидэнд огт өгч байгаагүй байхад шүүхээс бидний эрхийг ийнхүү хязгаарласан дүгнэлт хийж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд шударга үнэн байдлыг тогтоож, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч С ХХК  нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/000149 дугаар шийдвэрээр Б.Я аас 628 180 911,16 төгрөг улсын тэмдэгтийн хураамж 3 251 842 төгрөгийн хамт гаргуулж, С ХХК -д олгож, барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 201 тоот гүйцэтгэх хуудас олгогдсоноор Б.Я ын өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид Г гудамж,тоот хаягт байршилтай 576 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, улсын бүртгэлийн Ү-220223028 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 102.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2202013581 дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2202003034 дугаартай, 399 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 19300492/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 19300492/03 тоот тогтоолоор хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй.

 

Анхан шатны шүүх хариуцагчийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авсан нь Шийдвэр  гүйцэтгэлийн тухай хуулийн 7, 49, 54 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд дуудлага худалдаа явуулах үеийн үнэлгээг тогтоох санал дээр харилцан тохиролцсон бол үнэлгээ хийлгэхээр мэргэжлийн үнэлгээчнийг шинжээчээр томилохгүй, харин төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй бол шинжээч томилон мэргэжлийн үнэлгээчдийн саналыг үндэслэн үнэлгээ тогтоохоор заасан байна.

 

Хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан баримтаас үзвэл хариуцагч байгууллага нь дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч буюу өмчлөгч Б.Я  болон төлбөр авагч “Сод монгол групп” ХХК-иас үнэлгээний санал авахад Б.Я  барьцааны хөрөнгө болох 3 үл хөдлөх эд хөрөнгийг нийт 970 000 000 төгрөгөөр үнэлгээний санал өгснийг “Сод монгол групп” ХХК хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар өгсөн болох нь хэргийн 47, 49, 50-52 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд дуудлага худалдаа явуулах үеийн үнэлгээний саналыг харилцан тохиролцож тогтоосон гэж үзнэ.

 

Энэ тохиолдолд үнэлгээ хийлгэхээр мэргэжлийн үнэлгээчнийг шинжээчээр томилох үндэслэлгүй тул анхан шатны шүүх талуудын тохиролцон үнэлсэн үнэлгээг үндэслэн албадан дуудлага худалдаа явуулах санал болгох доод үнийг 970 000 000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ. Иймд хууль буруу тайлбарлан хэрэглсэн гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Шүүх Б.Я ын 3 үл хөдлөх эд хөрөнгийг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлүүлсэн үнэлгээ 313 400 000 төгрөгний эд хөрөнгө болох нь тогтоогдсон хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан байхад шүүх дүгнэлт хийгээгүй гэх  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлж, хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул шүүх хөндлөнгөөс шинжээч томилох боломжгүй. Талууд үнэлгээний саналыг харилцан тохиролцон тогтоосон байхад нэхэмжлэгч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийлгэсэн гэх хөрөнгийн үнэлгээ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хариуцагч байгууллага явуулахдаа тус компанийг төөрөгдөлд оруулж, Б.Я тай үгсэн хуйвалдаж зах зээлийн үнэлгээнээс 3 дахин их үнэлгээг хүлээн зөвшөөрүүлсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгчийг хариуцагч байгууллага төөрөгдүүлсэн, төлбөр төлөгч Б.Я тай хуйвалдаж үнэлгээг хүлээн зөвшөөрүүлсэн гэх байдал баримтаар тогтоогдсонгүй.

 

Талууд барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулаад худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагч төлбөртөө тооцож авахад шийдвэр гүйцэтгэлийн үнэлгээ тогтоосон ажиллагаа нөлөөлөхгүй, өөрөөр хэлбэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/02203 дугаар шийдвэр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд нөлөөлөх хууль зөрчсөн шийдвэр биш тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч “ С” ХХК нь хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын тохиролцож, тодорхойлсон үнэлгээгээр дуудлага худалдааны санал болгох доод үнэлгээг тогтоосон уг үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн талаар зөв дүгнэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч томилогдоогүй тул хөөн хэлэлцэх хугацааг шүүх буруу дүгнэсэн гэх гомдлыг хүлээн авах боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд талууд эд хөрөнгийн үнэлгээг тохиролцон тогтоосон нөхцөлд гомдол гаргах эрхийг хязгаарласан зохицуулалт үгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай С ХХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцсэн, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/02203 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ