Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2020/00627

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/02203 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 257 дугаар магадлалтай,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК болон иргэн Б.Я нарын хооронд анх 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамж, 487б тоот хаягт байрлах 0004028778 гэрчилгээтэй, 18603139110448 нэгж талбарын дугаартай 399 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Г-2202003033 өмчлөлийн газар мөн хаягт байрлах Ү220202328 дугаартай эд хөрөнгийг барьцаа болгож, 423 927 000 төгрөгийн шатахууныг худалдах худалдан авах гэрээг мөн барьцааны гэрээг байгуулсан. Б.Я нь үүргийн гүйцэтгэлийг хангахгүй байсны улмаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 149 тоот шүүхийн шийдвэр гарсан. Анх “С” ХХК нь иргэн Б.Яын хувийн сууцнууд, газрыг нийлүүлээд өөрийн үнэлгээгээр 400 000 000 төгрөгөөр үнэлж, үнийн дүнд нь шатахуун худалдсан байдаг.

Шүүхийн шийдвэрээр 423 000 000 төгрөгийн шатахуун “С” ХХК-иас авсныг тогтоож, түүний алдангид 200 000 000 төгрөг төлөх ёстой гэж дүгнэн нийт 604 738 367 төгрөгийг “С” ХХК-д олгосон. Энэ шийдвэр биелэгдэхгүй байсан тул тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2527 дугаартай албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж, 201 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн, үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Төлбөр төлөгч Б.Я нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад, шүүхийн шийдвэрийг бүрэн хүлээн зөвшөөрч байна, энэ шийдвэрт заасан 604 738 367 төгрөгт өөрийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлж, “С” ХХК-д шилжүүлэх хүсэлттэй байна гэсэн хүсэлтийг гаргасан. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хууль бусаар үнэлгээг өөрчилж, Б.Я нь барьцааны хөрөнгүүдийг 970 000 000 төгрөгөөр үнэлэх санал гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д заасны дагуу төлбөр төлөгчийн саналыг харгалзаж, шийдвэр гүйцэтгэгч өөрөө тухайн орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэх ёстой байсан. Гэтэл юуг үндэслэж, тухайн үеийн ханшийг харгалзахгүйгээр зөвхөн төлбөр төлөгчийн саналаар энэ үнэлгээг бид нарт тулгаж, улмаар биднийг төөрөгдөлд оруулж, хүлээн зөвшөөрүүлсэн байдаг. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх хуулийн заалтад заасны дагуу эхлээд зах зээлийн ханшаар үнэлж, дараа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4.-т заасны дагуу дуудлага худалдаа явуулах үнийн дүнг тогтоох ёстой байсан. Ингээд анхны дуудлага худалдаа явуулахад нэг ч хүн оролцохгүй бол улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3.-д зааснаар дуудлага худалдаагаар худалдан борлуулагдаагүй эд хөрөнгө нь энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээрээ төлбөр авагчид санал болгохоор байгаа. Гэтэл 970 000 000 төгрөг гэдэг үнэлгээг хаанаас, хэрхэн, яаж, ямар зах зээлийг судалж гаргаж ирсэн гэдэг нь ойлгомжгүй байна.

Манай байгууллагад санал болгосноор худалдан борлуулагдаагүй хөрөнгийн үнэ, гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү үнэтэй бол үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлуулагдаагүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ гэж заасан байдаг. Үүнээс болж манай байгууллага Б.Яаас 604 738 367 төгрөгийн төлбөр авах ёстой байхад эсрэгээрээ 300 000 000 төгрөгийн өрөнд орох эрсдэл үүсээд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн буруу үнэлгээ тогтоосон энэ ажиллагаанаас болж ийм эрсдэлийг манай байгууллага хүлээн авах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Манай байгууллага уг хөрөнгүүдийн бодит зах зээлийн үнэлгээг энэ хугацаанд тогтоолгосон ба үнэлгээний “Х” ХХК-иар үнэлүүлэхэд 313 400 000 төгрөг болохыг тогтоосон. Зах зээлийн үнэлгээ ийм бага байхад шийдвэр гүйцэтгэгч өөрөө сайн дураараа 970 000 000 төгрөг гэж үнэлж байгаа үнэлгээг манай байгууллага яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус ажиллагаа болсон гэж үзэж байгаа учраас шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дэлгэрцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 149 дүгээр шийдвэрээр Б.Яаас 604 738 367 төгрөгийг гаргуулж, “С” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 19300492 дугаартай тогтоолоор үүсгэж, ажиллагааг явуулсан.

Төлбөр төлөгч Б.Яын өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамж, 478б тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220223028 дугаартай, 576 мк.в талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013581 дугаартай 102.6 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2202003034 дугаарт бүртгэлтэй, 339 м.кв талбайтай гэр бүлийн өмчлөлийн зориулалттай газрыг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1930049201 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлээд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 19300492/03 эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан.

Эд хөрөнгийг хураан авснаас хойш талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу үнийн саналыг авахад төлбөр төлөгч Б.Я нь 970 000 000 төгрөгөөр үнэлсэн байдаг бөгөөд үнэлгээг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Энэ үнийг төлбөр авагч “С” ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэхэд мөн өдөр “С” ХХК нь төлбөр төлөгчийн үнэлгээг 19/1792 дугаар албан бичгээр зөвшөөрч, уг албан бичгээ Нт ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т заасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 4/14440, 4/14441 тоот албан үнэлгээг талуудад мэдэгдсэн.

Барьцааны үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу талуудын харилцан тохиролцсон үнэ буюу төлбөр төлөгчийн үнэлгээг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн. Иймээс шийдвэр гүйцэтгэлийн газраас үл хөдлөх хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. Гэтэл уг үнэлгээнд төлбөр авагч гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцсон учир тохиролцсон үнээр албадан дуудлага худалдаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр оруулсан. Түүнээс биш шийдвэр гүйцэтгэгч тогтоогоод байгаа юм биш.

Төлбөр авагч өөрийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байгаа нь төлбөр барагдуулахад хүндрэл үүсгэж байна. Мөн төлбөр авагч үнэлгээтэй холбоотой гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасны дагуу 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах ёстой байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу албадан дуудлага худалдаа явагдаж байх явцад дуудлага худалдааг хойшлуулаад шүүхэд гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. 970 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч үнэлээгүй бөгөөд төлбөр төлөгч болон төлбөр авагч нарын тохиролцож тодорхойлсон үнэлгээ, хуульд зааснаар үнэлгээгээ тохиролцож тогтоосон. Үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн ажиллагаа нь Шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/02203 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасныг баримтлан Нт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 257 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/02203 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Н нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2019/000149 дугаар шийдвэрээр иргэн Б.Яаас 604 738 367 төгрөг гаргуулж, улмаар түүний эзэмшлийн ЧД-ийн 7-р хороо, Хувьсгалчид г гудамж, 4876 тоот хаягт байршилтай 5 769 м.кв талбайтай, Хувийн сууц Зориулалттай үл хөдлөх Ү-2202023028 дугаартай эд хөрөнгө болон мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013581 дугаартай 102.6 м.кв талбайтай хувийн сууц, мөн ЧД-ийн 7-р хороо, Хувьсгалчид г гудамж, 4876 тоот хаягт байршилтай №0004028778 гэрчилгээний дугаартай, 18640313911048 нэгж талбарын дугаартай 399 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2202003034 дугаартай өмчлөлийн газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг гаргуулж “С” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэр, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн тус шүүхийн шүүгчийн 2527 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, 201 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 2-нд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж 19300492 дугаартай тогтоол үйлдэн уг ажиллагааг явуулсан.

Шүүхээс           хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.4.1, 54.1-д заасны дагуу мөн 2019 оны 5 дугаар сарны 10-ны өдрийн “Хураасан тухай” шийдвэр гүйцэтгэгчийн 19300492/01 тоот, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”, 19300492/03 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд хэрэг авагдсан бөгөөд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7, 49, 54-т заасан шаардлагыг хангасан байна гэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгө үнэлсэн байдалд маргаж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байхад шүүхээс эд хөрөнгө хураан, битүүмжилсэн нь хуульд нийцсэн гэх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй процесс ажиллагаанд дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс анх иргэн Б.Яын дээрх эд хөрөнгүүдийг нийт 400 000 000 сая төгрөгөөр үнэлж шатахуун өгсөн бөгөөд шүүхийн шийдвэрээр 423 000 000 төгрөгийн шатахуун “С” ХХК”-иас авсан болохыг тогтоож, түүний алдангид 200 000 000 төгрөг төлөх ёстой гэж дүгнэн нийт 628 180  911,16 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 251 842 төгрөгийг “С” ХХК-д иргэн Б.Я төлөх үүрэгтэйгээр шийдвэрлэсэн.

Иргэн Б.Яын эд хөрөнгүүд нь “Х” ХХК-иар үнэлүүлсэн үнэлгээнээс хархад 313 400 006 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох нь тогтоогдож хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангагдаж авагдсан. /Энэ талаар шүүхээс огт дүгнэлт хийгээгүй/

Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа уг нь хэвийн явагдаж байсан боловч “С” ХХК-ийг төөрөгдөлд оруулж, иргэн Б.Ятай үгсэн хуйвалдаж анх 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад “шүүхийн шийдвэрийг бүрэн хүлээн зөвшөөрч байна” энэ шийдвэрт заасан 604 738 367 дугаар дүнгээр шилжүүлэхийг зөвшөөрч байна гэх албан бичгийг манай компанид огт танилцуулалгүйгээр, улмаар 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.Я үнэлгээгээ өөрчилж 970 000 000 төгрөг болгосон байсныг л танилцуулж бидний эрх ашгийг ноцтой зөрчсөн.

Иргэний хуулийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно...” гэж заасан.

Хуульд нэг зүйлийг маш тодорхой заасан. Энд тухайн эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах хамгийн доод үнийг харилцан тохиролцохоор заасан. Доод үнийг хэрхэн тогтоох вэ гэдэг асуулт гарч ирнэ. Доод үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд маш тодорхой зааж өгсөн. Үүнд:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан. Энд заасны дагуу төлбөр төлөгч иргэн Б.Я өөрийн эд хөрөнгөд ямар ч үнэлгээний санал гаргаж болох бөгөөд гагцхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь тухайн эд хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж доод үнийг тогтоож, Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нар доод үнэ дээр харилцан тохиролцох эсэх саналыг авах ёстой. Дээрх хуулийн заалтыг задруулбал:

1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилж, барьцаалж, хураана. /Эд хөрөнгийг битүүмжилж, хураасан/

2-т Битүүмжилж, барьцаалж, хурааснаас хойш 1 сарын дотор тухайн эд хөрөнгийн чанар, эрэлт, элэгдлийн байдлыг тогтооно. /Шийдвэр гүйцэтгэгчийн энэ ажиллагаа огт хийгдээгүй/

3-т Төлбөр төлөгчийн саналыг харгалзах буюу иргэн Б.Я өөрийн эд хөрөнгөд 970 000 000 төгрөг гэж үнэлгээний санал өгсөн. /Саналыг зөвхөн харгалзана/

4-т Орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, /Энэ ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хийх ёстой байсан боловч огт хийгээгүй/

5-т Энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан. /Энэ талаар тэмдэглэл огт хөтлөөгүй байдаг/

Ингээд дээрх ажиллагааг хийгээгүйгээс болж үнэлгээ буруу гарсан. Үнэлгээ буруу гарсан гэдгийг бид юугаар нотолж байна гэхээр “Х” ХХК-иар үнэлүүлсэн үнэлгээнээс харахад иргэн Б.Яын дээрх эд хөрөнгүүд 313 400 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох нь тогтоогдож, хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангагдаж авагдсан байдлаар бид нотолно.

Нэхэмжлэгч буюу төлбөр авагчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан үйл ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч огт хийгээгүйгээс үүдэж төлбөр авах хугацаа шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1 жил хойшилж, иргэн Б.Яад өгсөн шатахууны төлбөрийг авах хугацаа хойшилж, бидний эргэлтийн хөрөнгө байхгүй болж удааширч, маш ихэд хохирол амсаж байна.

Хэрэв тухайн үед шийдвэр гүйцэтгэгч хуулийн дагуу иргэн Б.Яын эд хөрөнгийн элэгдэл хорогдлыг тооцож, тухайн үеийн зах зээлийн доод үнээр үнэлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөв явуулсан бол өнөөдөр бид ингэж шүүхэд нэхэмжлэл гаргах ямар ч шаардлага байхгүй байсан юм.

Хүн болгон хууль мэдэх албагүй. Шийдвэр гүйцэтгэгч хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой гэх үүднээс бүхэл бүтэн Шүүхийн шийдвэрийг хэрхэн яаж гүйцэтгэх талаар тодорхой зааж өгсөн хууль байхад хуулийг буруу тайлбарлаж, өөрсдийн хийгээгүй ажиллагааг зөв мэтээр тайлбарлаж, бусдын эрх ашгийг ийнхүү хууль бусаар хохироож байгаад, түүнийг нь шүүхээс зөв мэтээр тайлбарлаж байгаад ихэд харамсаж байна.

Магадгүй цаашид хууль мэдээгүйгээрээ ийнхүү төлбөр авагч буюу анхнаасаа л хохирсон иргэн, аж ахуйн нэгжүүд цаашид ингэж хохироод байх юм бол шүүхэд итгэх итгэл алдарч байна.

Хэдийгээр бид хуулийн дагуу тохиролцсон мэт харагдаж байгаа боловч шийдвэр гүйцэтгэгч бидэнд буруу ойлголт төрүүлснээс болж аргагүйн эрхэнд зөвшөөрсөн албан бичиг бичиж өгсөн билээ.

Бодит амьдралд нийцхээргүй үнэ хаанаас яаж гаргаж ирснийг мэдэхгүй, бидэнд худлаа хэлж, төөрөгдөлд оруулж дуудлага худалдаанд оруулсан. Түүнчлэн Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу эд хөрөнгийн доод үнэлгээг тогтоогоогүй, мөн дуудлага худалдаанд оруулахдаа хариуцагчид огт мэдэгдээгүй, шууд дуудлага худалдаан оруулсан зэрэг хууль бус үйл ажиллагааг гаргаж “С” ХХК-ийн эрх ашгийг шууд хөндсөн.

Зүй нь бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч иргэн Б.Я өөрийн эд хөрөнгөд ямар ч үнэлгээний санал гаргаж болох бөгөөд гагцхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь тухайн эд хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж доод үнийг тогтоож, Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нар доод үнэ дээр харилцан тохиролцох эсэх саналыг авах ёстой.

Дээрх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч огт хийгээгүй бөгөөд ганцхан төлбөр төлөгчийн 970 000 000 төгрөг гэх хаанаас хэн тогтоосон, ямар үндэслэлээр тогтоосон үнэлгээ бүү мэд энэхүү үнэлгээг төлбөр авагчид тулгаж, төөрөгдөлд оруулж үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байхад шүүхээс ийнхүү үнэлсэн нь хуульд нийцсэн гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хууль бусаар үнэлсэн үнэлгээний дагуу дуудлага худалдааг зохион байгуулсан бөгөөд зөвхөн иргэн Б.Яад л мэдэгдэж байсан нь хавтаст хэрэгт тодорхой байхад шүүхээс хоёр талд мэдэгдсэн юм шиг нотлох баримтаар үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээрх шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан ажиллагааг хийж хөрөнгийг орон нутгийн зах зээлийн үнэлгээнд тулгуурлан үнэлээгүйгээс болж дуудлага худалдаа явагдаж, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасан “Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ” гэж заасан заалтын дагуу “С” ХХК нь 365 261 633 төгрөгийн зөрүүг Шийдвэр гүйцэтгэлд төлөх эрсдэл бий болоод байна. Ингэж шийдвэр гүйцэтгэгч нар хууль бусаар, үндэслэлгүйгзэр хөрөнгөжихийг завдаж байгаа бөгөөд хөрөнгийг авахгүй тохиолдолд төлбөр авагчид гүйцэтгэх хуудсыг буцаах хүртэл арга хэмжээ авахаар байна.

Шүүхээс мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хууль бус дүгнэлт хийдэг.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байдаг, хуулийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасан.

Гэтэл манай тохиолдолд шинжээч огт томилогдоогүй бөгөөд дүгнэлт гаргасан талаарх ямар нэгэн мэдэгдлийг бидэнд огт өгч байгаагүй байхад шүүхээс бидний эрхийг ийнхүү хязгаарласан дүгнэлт хийж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байгаа.

Иймд шударга үнэн байдлыг тогтоож, Нийслэлийн шүүхийн шийдвэрийн дараа дараагийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, дахин манайх шиг ийм хохиролтой ажиллагаа болгохгүй жишиг тогтоож, анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/02203 дугаар шийдвэр, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 257 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “С” ХХК нь Нт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасанд хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэхээр хуульд заасан байхад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн орон сууцыг дур мэдэн хэт өндөр үнэлсэн...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...төлбөр төлөгч Б.Яын үүргийн гүйцэтгэлд битүүмжлэн, хураасан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамж, 478б тоот хаягт байрлах 102.6 м.кв талбайтай хувийн сууц, 399 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн зориулалттай газрыг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад төлбөр төлөгч Б.Я 970 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “С” ХХК албан бичгээр зөвшөөрсөн тул үнэлгээг талуудад 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй...” гэж маргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, хураагдсан... хөрөнгийн үнэлгээний талаар  төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал олгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн харилцан тохиролцож тогтоосон үнийн, ...70 хувиар тооцож тогтооно гэж зохицуулсан.

Төлбөр төлөгч Б.Я үүргийн гүйцэтгэлд хураагдсан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 970 000 000 төгрөгөөр үнэлэх саналыг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид гаргасныг төлбөр авагч “С” ХХК 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 19/1792 тоот албан бичгээр 970 000 000 төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд оруулах санал гаргасныг зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ.

Шийдвэр гүйцэтгэгч төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг талуудын тохиролцож тогтоосон 970 000 000 төгрөгөөр үнэлсэн тухай талуудад мэдэгдсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хуульд нийцсэн байна

Төлбөр авагч үнэлгээний талаарх мэдэгдлийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан атлаа үнэлгээг эс зөвшөөрч 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасан хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр төлбөр төлөгчөөс төлбөрт хураагдсан эд хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй, мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Шийдвэр, магадал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байх тул  анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, “...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хөөн хэлэлцэх хугацааны талаар хууль бус дүгнэлт хийсэн...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/02203 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 257 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД