Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 303

 

Д.Ж нэхэмжлэлтэй 

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/02012 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Ж нэхэмжлэлтэй,

Хариуцагч У Я-дхолбогдох

Ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 38 651 984 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Жавхланболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Дашдолгор,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд ажиллаж байгаад 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эрхэлж байсан ажлаасаа үндэслэлгүй халагдсан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №147 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0374 дүгээр магадлалаар ажлаас үндэслэлгүй халагдсаныг тус тус тогтоож, ажилд эгүүлэн томилох шийдвэрийг тус тус гаргасан. Гэтэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам анхан болон давж заалдах шүүхийн шийдвэр, магадлалыг үл биелүүлж, намайг одоо хүртэл ажилд томилж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг олгоогүй. Тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалын сарын дундаж цалин 1 183 227 төгрөг, үүнээс нэг өдрийн дундаж цалин 56 344 төгрөг болно. Анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гарснаас хойш ажлын 686 хоног болж байгаа бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 38 651 984 төгрөгийн нөхөх олговор авахаар болж байна. Иймд холбогдох хууль тогтоомж болон Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 38 651 984 төгрөгийг тус яамнаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3 дугаар тушаалаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.О томилон ажиллуулсан. Ц.О  нь Төрийн албаны зөвлөлөөс зарласан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн бөгөөд Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдсэн. Тус албан тушаалд Д.Ж заавал томилох үүрэг яамны Төрийн нарийн бичгийн даргад үүсээгүй. Д.Ж ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжид 2 763 201 төгрөгийг өгсөн. Иймд анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн шаардаж буй нэхэмжлэлийн үнэ болох мөнгөн дүн нь доор дурдсан үндэслэлээр бодитой биш бөгөөд тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах саналтай байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ. Иймд, нэхэмжлэгч нь энэ хугацаанд ажиллаж байсан эсэх талаар лавлагаа гаргуулах шаардлагатай байна. Учир нь нэхэмжлэгч НҮБ-д гэрээт ажилчнаар ажилласан мөн Уул уурхай хөнгөн үйлдвэрийн яамнаас зарлагддаг геологийн судалгааны ажлын тендерт нэхэмжлэгчийн хамаарал бүхий М ХХКшалгарч, гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд нэхэмжлэгч нь цалин хөлс авдаг эсэхийг тодруулах шаардлагатай байна. Энэ тохиолдолд тус яамны зүгээс нэхэмжлэгчийн шаардаж буй цалинг бүхэлд нь эсхүл зөрүүг олгох эсэхийг тодорхой болгох шаардлагатай. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 147 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөх цалингийн хэмжээг 6 807 446 төгрөг буюу ажилгүй байсан 149 хоногийн цалин хөлсийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь ажилгүй байсан нэг хоногийн цалин хөлс нь 45 687 төгрөг байхаар шүүхээр тогтоон шийдвэрлэсэн байдаг. Хэрэв нэхэмжлэгч энэ хугацаанд огт ажил хийгээгүй гэж үзэх бол дээр заасан үндэслэлээр өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааг 686 хоногоор тооцоход 31 341 664.13 төгрөгийн үнийн дүн болж тооцогдохоор байна. Түүнчлэн ажилгүй байсан хугацаа гэдэг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 146 хоног хамаарч байгаа эсэхийг тодорхой болгох шаардлагатай бөгөөд нэгэнт шүүхээс буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн хугацааны цалингийн олговрыг энэхүү нэхэмжлэлийн шаардлагад давхардуулсан байх эрсдэлтэй байна. Иймд, нэхэмжлэлийн үнийн дүнг холбогдох нотлох баримтуудад үндэслэн тодорхой болгож шийдвэрлүүлэх шаардлагатай тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 34 138 404 төгрөгийг хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргуулан нэхэмжлэгч Д.Ж олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 513 580 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 328 642 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ж олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг бүрэн шинжилж судлаагүй байх тул дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно" гэсэн хэсгийг иш татсан бөгөөд хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай зохицуулалтыг орхигдуулан хуулийг буруу хэрэглэсэн байна. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь уг хугацаанд өөр ажил эрхэлж байсан тохиолдолд цалингийн зөрүүг олгохоор хуульчилсан боловч шүүх уг хуулийг буруу хэрэглэж, тайлбарлан шүүхийн шийдвэрийг гаргасан нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Нөгөө талаас хариуцагч нэхэмжлэгчийг буцаан томилох асуудлаар ямарваа маргаан үүсгээгүй болно. Шүүхээс хэрэгт шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлээгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь өөр ажил, албан тушаал эрхэлж, цалин хөлс авч байсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу төрөөс түүнд буцаан төлөх ажилгүй байсан хугацааны цалингийн хэмжээнд өөрчлөлт орох шаардлага зүй ёсоор бий болно. Гэвч, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг өөр ажил эрхэлж байсан эсэх, түүний авч байсан цалинг мэдэх боломжгүй бөгөөд энэ нь хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл тул уг мэдээллийг албан ёсоор тогтоон, хэргийг тал бүрээс нь бодитой, шуурхай хянан шийдвэрлэх чиг үүргийнхээ хүрээнд шүүхээс холбогдох мэдээллийг тодруулж, нотлох баримтыг бүрэн хангах үүрэгтэй. Гэвч, анхан шатны шүүх энэ асуудлаар аливаа оролдлого хийгээгүй нь хэргийг тал бүрээс нь бүрэн судлах боломжийг бүрдүүлээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч У я-дхолбогдуулан ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 38 651 984 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

             Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 147 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0374 дүгээр магадлалаар нэхэмжлэгч Д.Ж У я-д Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. /хх7-18, 19-23/

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Шүүхийн шийдвэрээр ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр олгоно. Ажил олгогчийн буруугаас ажилтан цалин хөлсөөр хохирсон тул тэрээр ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацааны олговрыг шаардах эрхтэй.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд түүний эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байснаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрээр хөдөлмөрийн гэрээ сэргээгдсэн ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хууль бус шийдвэр гаргаж халсан ажил олгогч нөхөн олгохоор зохицуулсан.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа, ажилтны дундаж цалин хөлсийг зөв тодорхойлж, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 606 хоногийг, нэг өдрийн дундаж цалин 56 344 төгрөгөөр тооцон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 34 144 464 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын дундаж цалин хөлс тодорхойлох журамтай нийцжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь нэхэмжлэгчийг өөр ажил эрхэлж байсан эсэх, түүний авч байсан цалинг мэдэх боломжгүй бөгөөд энэ нь хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл тул холбогдох мэдээллийг тодруулж нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн судлах боломжийг бүрдүүлээгүй гэж гомдол гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, хэргийн баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч хариуцагчийн хууль бус шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд өөр ажил эрхэлж байсан нь түүнд буруу халсан үеийн олговрыг олгохгүй байх үндэслэл болохгүй. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Мөн хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан “... хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан тул нэхэмжлэгч нь уг хугацаанд өөр ажил эрхэлж байсан тохиолдолд цалингийн зөрүүг олгохоор хуульчилсныг шүүх хууль буруу тайлбарлаж шийдвэр гаргасан гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Ажил олгогч нь ажилтны ажил албан тушаалыг буруу шилжүүлж, цалин хөлс буурсан бол цалингийн зөрүүг нөхөн олгохоор хуульчилсан тул анхан шатны шүүхийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/02012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Ч.ЦЭНД

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ