Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2019/02012

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                      

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт оршин суух, А овогт Д ийн Ж ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт оршин байрлах, УУХҮЯ,

“Ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 38,651,984 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Ж миний бие УУХҮЯны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд ажиллаж байгаад 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эрхэлж байсан ажлаасаа үндэслэлгүй халагдсан.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №147 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0374 дүгээр магадлалаар ажлаас үндэслэлгүй халагдсаныг тус тус тогтоож, эгүүлэн ажилд минь томилох шийдвэрийг тус тус гаргасан.

Гэтэл, УУХҮЯ анхан болон давж заалдах шүүхийн шийдвэр, магадлалыг үл биелүүлж, намайг одоо хүртэл ажилд томилж, цалингүй байсан хугацааны нөхөн олговрыг олголгүй байсаар байна.

Тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалын сарын дундаж цалин 1,183,227 төгрөг, үүнээс нэг өдрийн дундаж цалин 56,344 төгрөг болно. Анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гарснаас хойш ажлын 686 хоног болж байгаа бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 38,651,984 төгрөгийн нөхөн олговор болж байна.

Иймд холбогдох хууль тогтоомж болон Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 38,651,984 төгрөгийг тус яамнаас гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч УУХҮЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3 дугаар тушаалаар УУХҮЯны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Ог томилон ажиллуулсан.

Ц.О нь Төрийн албаны зөвлөлөөс зарласан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн бөгөөд Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдсэн байна. Тус албан тушаалд Д.Ж ыг заавал томилох үүрэг тус яамны Төрийн нарийн бичгийн даргад үүсээгүй юм.

Д.Ж д ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжид 2.763.201 төгрөгийг өгсөн.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн шаардаж буй нэхэмжлэлийн үнэ болох мөнгөн дүн нь доор дурдсан үндэслэлээр бодитой биш бөгөөд тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах саналтай байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.

Иймд, нэхэмжлэгч нь энэ хугацаанд ажиллаж байсан эсэх талаар лавлагаа гаргуулах шаардлагатай байна. Учир нь нэхэмжлэгч нь НҮБ-д гэрээт ажилчнаар ажилласан мөн УУХҮЯ-аас зарлагддаг геологийн судалгааны ажлын тендерт нэхэмжлэгчийн хамаарал бүхий М ХХК шалгарч ажил, гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд нэхэмжлэгч нь цалин хөлс авдаг эсэхийг тодруулах шаардлагатай байна. Энэ тохиолдолд тус яамны зүгээс нэхэмжлэгчийн шаардаж буй цалинг бүхэлд нь эсхүл зөрүүг олгох эсэхийг тодорхой болгох шаардлагатай.

Мөн нэхэмжлэгчид хамаарах Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 147 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2016.8.1-2017.2.23-ийг өдрийг хүртэлх хугацаанд төлөх цалингийн хэмжээг 6,807,446 төгрөг буюу ажилгүй байсан 149 хоногийн цалин хөлсийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ нь ажилгүй байсан нэг хоногийг цалин хөлс нь 45,687 төгрөг байхаар шүүхээр тогтоон шийдвэрлэсэн байна.

Хэрэв нэхэмжлэгч эл хугацаанд огт ажил хийгээгүй гэж үзэх бол дээр заасан үндэслэлээр өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааг 686 хоногоор тооцоход 31,341,664.13 төгрөгийн үнийн дүн болж тооцогдохоор байна.

Түүнчлэн ажилгүй байсан хугацаа гэдэг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 146 хоног хамаарч байгаа эсэхийг тодорхой болгох шаардлагатай бөгөөд нэгэнт шүүхээс буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн хугацааны цалингийн олговрыг энэхүү нэхэмжлэлийн шаардлагад давхардуулсан байх эрсдэлтэй байна.

Иймд, нэхэмжлэлийн үнийн дүнг холбогдох нотлох баримтуудад үндэслэн тодорхой болгож шийдвэрлүүлэх шаардлагатай тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч УУХҮЯд холбогдуулан “Ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 38,651,984 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Ж нь УУХҮЯны Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ба, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УУХҮЯны төрийн нарийн бичгийн дарга нарт холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалын УУХҮЯны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар Ц.Ог томилсон нь хууль бус болохыг тогтоолгох, Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 147 дугаартай шийдвэрээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалын УУХҮЯны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.О г томилсон хэсгийг хууль бус болохыг тогтоож, УУХҮЯны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Ж ыг урьд эрхэлж байсан УУХҮЯны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын албан тушаалд эгүүлэн тогтоож, Д.Жод 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,044,245 төгрөгийг олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг УУХҮЯны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 7-18 дугаар тал/

 

Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2017/0374 дугаартай магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 147 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримт зэргээр нотлогдож байна. /хх-ийн 19-23 дугаар тал/

 

Шүүх Д.Жыг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалын УУХҮЯны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.О г томилсон хэсгийг хууль бус болохыг тогтоож, УУХҮЯны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Ж ыг урьд эрхэлж байсан УУХҮЯны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын албан тушаалд эгүүлэн тогтоож, Д.Ж д 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,044,245 төгрөгийг олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг УУХҮЯны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэсэн байх ба шүүхийн дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...УУХҮЯ анхан болон давж заалдах шүүхийн шийдвэр, магадлалыг үл биелүүлж, намайг одоо хүртэл ажилд томилж, цалингүй байсан хугацааны нөхөн олговрыг олголгүй байсаар байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гарснаас хойш ажлын 686 хоног болж байгаа бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 38,651,984 төгрөгийн нөхөн олговор болж байна...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...нэхэмжлэгч нь НҮБ-д гэрээт ажилчнаар ажилласан нь цалин хөлс авдаг эсэхийг тодруулах шаардлагатай байна. Энэ тохиолдолд тус яамны зүгээс нэхэмжлэгчийн шаардаж буй цалинг бүхэлд нь эсхүл зөрүүг олгох эсэхийг тодорхой болгох шаардлагатай.

ажилгүй байсан нэг хоногийг цалин хөлс нь 45,687 төгрөг байхаар шүүхээр тогтоон шийдвэрлэсэн байна... ажилгүй байсан хугацааг 686 хоногоор тооцоход 31,341,664.13 төгрөгийн үнийн дүн болж тооцогдохоор байна.

Түүнчлэн ажилгүй байсан хугацаа гэдэг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 146 хоног хамаарч байгаа эсэхийг тодорхой болгох шаардлагатай бөгөөд нэгэнт шүүхээс буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн хугацааны цалингийн олговрыг энэхүү нэхэмжлэлийн шаардлагад давхардуулсан байх эрсдэлтэй байна...” гэж маргажээ.

 

Ажил олгогч УУХҮЯ нь нэхэмжлэгч Д.Ж ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон шийдвэр гаргаагүй, дээрх шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байдал арилаагүй болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4/25885 дугаар албан бичиг болон зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан учир Д.Ж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч УУХҮЯнаас шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг.

 

Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилоогүй болохыг хариуцагч үгүйсгээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гараагүй, эсхүл давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх хянаад гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гараагүй, эсхүл давж заалдах шатны шүүхийн магадлалд гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн буюу өөрчилсөн тогтоол гаргасан бол анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болдог байна. Энэ утгаар ажил олгогч хууль бус шийдвэр гаргасны үр дагаврыг ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд, түүний дотор гурван шатны шүүхээр тухайн эрх зүйн маргаан хянан шийдвэрлэгдэх хугацааг багтаан хариуцах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан шаардлагад нийцнэ.

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаагүй бол ажилтан шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандах үндэслэл үүсэхгүй байсны адил эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг ажил олгогч хүндэтгэн биелүүлэх, эсхүл эс зөвшөөрч, гомдол гаргах нь түүний эрхийн асуудал тул гомдол гаргасны үр дагаврыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй болно. Харин шүүхээр шийдвэрлэгдсэн маргаантай холбоотой боловч өөр үндэслэлтэй өөр шаардлагыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхэд шүүхийн урьд гарсан шийдвэр саад болох учиргүй юм.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Ж ажлаас үндэслэлгүй халагдсан үйл баримтын талаар тухайн хэргийн оролцогчид дахин маргах эрхгүйгээс гадна түүнийг ажилд эгүүлэн тогтоох, ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг олгох зэрэг асуудлаар шүүх дахин шийдвэр гаргахгүй боловч шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговрын асуудлаар ажилтан шүүхэд хандах эрхтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т “Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно.” гэж заасан байх тул  ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно.

 

Хариуцагч УУХҮЯ нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч Д.Ж д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгох үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч Д.Ж нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэснээс хойш 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт ажлын 606 хоног ажилгүй байсан байна.

 

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу гомдлоо гаргана. 

        

УУХҮЯ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн заалтыг биелүүлээгүй буюу шүүхэд хандсан 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар ажилтны эрх зөрчигдсөн хэвээр байсан тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д  хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн үнэ болон мөнгөн дүн бодитой биш гэх тайлбар гаргаж татгалздаг боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч Д.Ж ыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх нийт ажлын 606 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч УУХҮЯнаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт нэхэмжлэгч Д.Жын сарын дундаж цалинг 1,183,227 төгрөг буюу нэг өдрийн цалин 56,344 төгрөг гэж тооцсон болно.

 

Нэхэмжлэгч Д.Ж 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нь 34,138,404 төгрөг болж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан УУХҮЯнаас 34,138,404 төгрөг гаргуулан Д.Ж д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,513,580 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 34,138,404 төгрөгийг хариуцагч УУХҮЯнаас гаргуулан нэхэмжлэгч Д.Жод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,513,580 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УУХҮЯнаас 328,642 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Жод олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              И.АМАРТӨГС