Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 301

 

 

Ч.Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/3157 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.О , Ц.Г , Б.Б нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 20 826 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 5 917 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Энхбаяр,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Аззаяа,

Хариуцагч нарын өмгөөлөгч: Б.Дагиймаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 04 дүгээр сараас эхлээд бэлнээр болон дансаар мөнгө өгч, авч зээлдэг болсон. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Б.Б нь 3 000 000 төгрөгийг Б.О гийн дансаар, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 705 000 төгрөгийг Б.Б дансаар, 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 3 000 000 төгрөгийн 1 000 000 төгрөгийг бэлнээр 2 000 000 төгрөгийг Б.О гийн дансаар, 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 3 000 000 төгрөгийг Б.Б дансаар, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 3 000 000 төгрөгийн 1 680 000 төгрөгийг Б.Б дансаар, 1 320 000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 4 000 000 төгрөгийн 3 500 000 төгрөгийг Б.Б данс руу, 500 000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 3 000 000 төгрөгийн 1 900 000 төгрөгийг Б.О гийн данс руу, 1 100 000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 5 000 000 төгрөгийг Ц.Г , Б.Б нар над дээр ирээд мах авах гэсэн юм гээд бэлнээр авсан. Буцааж яаж өгөх вэ гэхэд нөхөр 60 000 000 төгрөгийн ажил авсан хийж байгаа учраас удахгүй буцаагаад өгнө гэсэн. Би Ч.Энхсаруул эгчтэйгээ хамт гарч өгсөн. Энэ 5 000 000 төгрөгийг өгөөгүй. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 3 000 000 төгрөгийн 2 100 000 төгрөгийг дансаар, үлдсэн 900 000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 300 000 төгрөгийг Б.Б дансаар, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 4 000 000 төгрөгийн 1 685 000 төгрөгийг Б.О гийн дансаар, үлдсэн 2 315 000 төгрөгийг бэлнээр авсан. 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр машин авах гэсэн юм гээд 8 000 000 төгрөгийн 3 000 000 төгрөгийг Б.О гийн дансаар дансаар, 5 000 000 төгрөгийг бэлнээр аваад буцааж өгөөгүй. Энэ мөнгийг Ц.Г  Б.Б нар хамт ирээд удахгүй нөхрийн цалин буулаа, би нөхөртэйгөө машин авч унах гэсэн юм гэж хэлээд авч байсан. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 3 500 000 төгрөгийг Б.Б д бэлнээр өгөөд авсан. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.Б дансаар 1 000 000 төгрөгийг өгөөд буцаагаад төлсөн. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3 000 000 төгрөгийн 1 000 000 төгрөгийг Б.О гийн дансаар, үлдсэн 2 000 000 төгрөгийг бэлнээр аваад, өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3 000 000 төгрөгийн 2 700 000 төгрөгийг Б.Б дансаар, 300 000 төгрөгийг бэлнээр надаас аваад одоо болтол өгөөгүй. Яах гэж байгааг асуухад ээжийнхээ цагаан сарыг хийлгэх гэсэн юм, ах дүү нараараа нийлээд буцаагаад өгнө гэсэн гэж хэлээд надаас авсан. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөгийн 1 750 000 төгрөгийг Б.Б дансаар, үлдсэн 3 250 000 төгрөгийг бэлнээр аваад, өгсөн. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөгийг Б.Б дансаар аваад өгсөн. 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр барааны мөнгө өгөх гэсэн юм гээд 80 000 төгрөг аваад, өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 70 000 төгрөгийг аваад, өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 4 000 000 төгрөгийг Ц.Г  Б.Б тай цуг ирээд хувцас авах гэсэн юм гээд бэлнээр авсан. Одоо болтол эргүүлж өгөөгүй. Өмнөх мөнгөнүүдээ нэхэхэд удахгүй цалин буухаар бүх мөнгөө хүүтэй нь өгнө гээд авсан. Хамгийн сүүлд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөгийг бэлнээр аваад буцааж өгөөгүй. Энэ мөнгийг Автобус бааз цалингаа өгдөггүй. Өдрийнхөө орлогоор төлнө гэсэн. Цалингийн мөнгө нь ордоггүй ээ гээд миний данс руу 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 72 000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 72 000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 30 000 төгрөгүүдийг эргүүлэн өгсөн. Үлдэгдэл нь 826 000 төгрөгийг одоо болтол өгөөгүй. Нийт өгөөгүй мөнгө нь 20 826 000 төгрөг нэхэмжилж байна. Дээрх 20 удаагийн зээлээс махны мөнгө гэж авсан 5 000 000 төгрөг, машин авна гээд авсан 8 000 000 төгрөг, ээжийнхээ цагаан сараар хэрэглэнэ гээд Б.О тай хамт ирээд авсан 3 000 000 төгрөг, нөхөртэйгөө хамт хувцас авна гээд авсан 4 000 000 төгрөг, сүүлийн авсан 1 000 000 төгрөгийн үлдэгдэл 826 000 төгрөг, ингээд нийт 20 826 000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг Б.Б , Ц.Г , Б.О  нараас гаргуулна гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч нартай хамаатан, мах цусны төрөл хүмүүс биш. Б.О гийн нөхрийнх нь талын хүн юм. Б.О  анх Ч.Э мөнгө авдаг байж байгаад дараа нь Б.Б авдаг болж эхэлсэн. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хоорондын харилцаа нь 2017 оноос эхэлсэн нийт 27 855 000 төгрөгийг Б.Б нь Б.О гийн болон өөрийн дансаар дамжуулж авсан. Б.Б нь Б.О гийн картыг ашиглахын тулд дансыг нь ашигладаг байсан. 33 772 000 төгрөгийг эргүүлж өөрийн болон нөхрийн дансаар мөн Б.О гийн дансаар буцааж төлсөн байдаг. Нэхэмжлэгч нь 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг. 3 000 000 төгрөг зээллээ гэхэд урьдчилан 300 000 төгрөгийн хүүг аваад үлдсэн 2 700 000 төгрөгийг дансаар, үлдэгдэл 300 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж хүүнд тооцсон мөнгөө бэлнээр өгсөн гэж бичдэг байсан. Мөн өдөр бүр маш их дарамталдаг байсан. Мөнгө байхгүй гэхэд заавал дансны үлдэгдлээ шалгуулж харуул, нөхөрт чинь хэлнэ шүү гэх мэтээр маш ихээр дарамталдаг байсан. Хариуцагч Б.Б нь авсан мөнгөнөөсөө илүү төлөлтийг байнга хийж явдаг. Дэвтэр дээр бичигдсэн дүнгүүд төлөгдсөн гэж хэлсэн. Одоо яаж ч бодсон 20 826 000 төгрөг байх боломжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай талаас дансаар өгсөн мөнгийг хүүнд шингээж тооцоод байсан учраас манай өгсөн мөнгө бага, нэхэмжлэгчийн өгсөн мөнгө их харагдаад байна. Махны тухайд дүү нь мах зардаг хүн байдаг. Тэр хүнээс нь Б.Б мах худалдан авдаг. Нэхэмжлэгчийн дүүгээс нь мах авдаг учраас дүүгийнхээ данс руу 1 600 000 төгрөгийг нь хийж, Б.Б данс руу 1 400 000 төгрөг хувааж хийснийгээ би чамд 3 000 000 төгрөг өгсөн гэж тэмдэглэдэг. Өдөр бүр бэлэн мөнгө авдаг, хүүний мөнгө тооцдог байсан нь үнэн учраас нэхээд байгаа мөнгийг өгөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн 5 917 000 төгрөгийг хангуулна гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хамаарах 20 удаагийн мөнгөн дүнгийн асуудал яригдаж байна. Өмнө нь авахдаа аваад, өгөхдөө өгөөд дууссан зээлүүд байдаг. Б.Б , Б.О  нарын дансаар мөнгө ордог байсан талаар хариуцагч талаас Б.Б нь Б.О гийн картыг нь ашигладаг байсан учраас дансаар мөнгө авдаг байсан гэж ярьж байна. Махны тухайд хэнээс мах авах нь хэрэгт хамааралгүй. Өдөр бүр дарамтлаад байсан бол яагаад Цагдаагийн байгууллагад хандаагүй вэ, өдөр бүр очиж авдаг байсан бол хэзээ, хэдэн төгрөг авч байсныг тодорхой гаргаагүй. Мөн хар дэвтрийг зохиож гаргах боломжгүй. 20 826 000 төгрөг авсан нь үнэн учраас нэхэмжилж байна. Манай талаас анх гаргаж өгсөн тооцооллоо нэмэх боломж байсан. Гэхдээ бодитоор өгсөн мөнгөө буцааж авахаар л нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжилж байна. 5 хавтас дэвтрийн тухайд хүнд бэлэн мөнгө өгч байгаа учраас өөрөө дэвтэр дээрээ тэмдэглэл хөтөлсөн. Түүнээс мөнгө бэлнээр өгдөг, авдаг байсан талаар маргаагүй. Өгөөгүй гээд байгаа бүх мөнгө, нэхэмжилж байгаа үнийн дүн нь нотлох баримтуудтайгаа байгаа. 8 000 000 төгрөгийн тухайд 800 000 төгрөгийн хүү төлж байя аа гэж өөрсдөө зөвшөөрөөд 10 хувийн хүү төлсөн. Б.Б дансаар орж ирсэн байгаа. Мөнгөө авъя гээд нэхэхэд л өөрсдөө хүү төлнө гээд дансаар хүүгээ төлсөн. Өөрсдөө уулзаад ярилцах боломж байсан хэдий ч Б.Б нь нөхрөөсөө нууж мөнгө авдаг байсан нь үнэн учраас баригдах байх гэж айсан учраас төлөөлөгч оролцуулж байгаа гэж ойлгож байна гэжээ.

 

 Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь бэлнээр мөнгө авч байгаагүй, байнга дансаар авч байсан гэдэг тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэл анх гаргахдаа дэвтрээ өгөөгүй байж, хариуцагчаас хариу тайлбар болон бусад нотлох баримт ирсний дараагаар өөрсдөө дэвтрээ гаргаж өгөөд, нэхэмжлэлийн шаардлагаа яриад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Мөн мөнгө бэлнээр авсан бол яагаад гарын үсэг зурдаггүй нь эргэлзээтэй байна. Өнөөдөр нотлох баримтын хэмжээнд дансны хуулгыг харахад бүх мөнгөө шилжүүлээд үлдэгдэл хүрэлцэхгүй байсан учраас үлдсэн мөнгийг бэлнээр өгсөн гэсэн боловч мөнгө өгсний дараа дансанд нь мөнгө үлдээд яваад байсан нь хүүгээ шингээж авдаг байсан нь харагдаж байгаа юм. 2018 онд мөнгө авсан талаар яриад хэлээд байна. Гэтэл дэвтэр дээр бичигдсэнээс зөрөөд байна. Тэмдэглэл хөтөлдөг дэвтэр байсан юм бол анх гаргаж өгөх хэрэгтэй байсан. Хэрэв үнэхээр энэ дэвтрийг хөтөлдөг байсан бол он сарын дарааллаар бичигдэх ёстой байсан. Өөртөө ашигтайгаар албаар нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй, мөн хуурамч нотлох баримт бүрдүүлээд байгааг эсэргүүцэж байна. Хариуцагч нар нь олон жил хүнээс мөнгө зээлж авч, өгдөг байсан туршлагатай учраас өөрсдийн авсан өгснөө тооцсон байдаг. Дэвтрийг зохиомлоор гаргаж өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлээ дэмжсэн хэвээр байна гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Э зээл авдаг байсан ба зээлсэн мөнгөө богино хугацааны дотор эргүүлэн төлдөг байсан. Би цайны газар ажиллуулдаг учраас зээлсэн мөнгөө цайныхаа газрын үйл ажиллагаанд ихэвчлэн зарцуулдаг байсан. Би өнгөрсөн хугацаанд Ч.Э нийт 27 855 000 төгрөгийг зээлж авсан ба зээлсэн бүх мөнгөө буцаан төлсөн. Зээлийг авахдаа өөрийн данс болон өөрийн төрсөн дүү Б.О гийн дансаар авдаг байсан ба буцаан төлөхдөө өөрийн болон өөрийн нөхөр, мөн дүүгийнхээ дансыг ашиглан буцаан төлдөг байсан. Ч.Э нь шаардлага гарсан үед олон удаа мөнгө зээлдэг байсан учраас түүнд нэхсэн үед нь цайны газрын орлогоосоо шууд төлдөг байсан ба төлөхдөө зарим тохиолдолд хүү гэж хүртэл илүү төлдөг байсан. Гэвч Ч.Э нь ингэж төлсөөр байхад үндэслэлгүйгээр надаас маш их мөнгө нэхэж, ажил дээр ирж дарамталдаг байсан. Би одоо өр төлбөргүй гэж хэлэхээр ажил хийлгэхгүй данснаасаа мөнгө авч өг гэж 2 удаа ажлаас чирч гаргаж, машинд суулган банкан дээр олон хүний өмнө дансыг минь хүртэл шалгаж байсан. Улмаар шүүхэд хандан надаас маш их хэмжээний мөнгө буюу 28 700 000 төгрөгийг нэхэмжилсэн байгаад их гайхаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг гаргахаас аргагүйд хүрч байна. Миний бие өнгөрсөн бүх хугацаанд Ч.Э өөрийн боломжоор мөнгийг маш богино хугацаанд цувуулан төлдөг байсан ба түүнд нийт 33 772 000 төгрөгийг дээрх данснуудаар болон бэлнээр төлсөн байдаг Зээлийг дансаар эргүүлэн төлөхдөө нөхөр болох Ц.Г ын данснаас 1 100 000 төгрөгийг, дүү Б.О гийн данснаас 23 130 000 төгрөгийг, өөрийнхөө данснаас 6 790 000 төгрөгийг тус тус төлсөн. Бэлнээр 2019 оны 05 дугаар сард 800 000 төгрөгөөр, 2019 оны 06 дугаар сарын дундуур 800 00 төгрөгөөр 2 удаа буюу 1 600 000 төгрөгийг 72 000 төгрөгөөр 2 удаа, 30 000 төгрөгөөр нэг удаа гэх мэтээр төлсөн 33 772 000 төгрөг нэхэмжлэгчид шилжүүлсэн байдаг. Энэ нь дансны хуулгаас харагдана. Авсан мөнгөө тооцоод үзэхээр 27 855 000 төгрөг байдаг. Тиймээс илүү өгсөн 5 917 000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б , Б.О , Ц.Г  нараас зээлийн гэрээний үүрэгт 13 383 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э олгож, нэхэмжлэлээс үлдэх 7 443 000 төгрөгийг болон 5 917 000 төгрөг гаргуулах тухай Б.Б сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301 450 төгрөг, Б.Б аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 630 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б , Б.О , Ц.Г  нараас улсын тэмдэгтийн хураамжид 224 865 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн апхан шатпы шүүхээс Иргэний хуулийп 281 дүгээр зүйлийн 281.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Б , Б.О  болоп Ц.Г  нараас 13 383 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Б гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодьтойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг оорийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т хэсэгт “Шийдвэр хууль есны бөгөод үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна. Шүүхээс хариуцагч нараас 13 383 000 төгрөгийг гаргуулах болсон гол үндэслэл нэхэмжлэгчийн 47 155.0 төгрөгийг зээлдүүлсэн гэж үзэж үүнээс хариуцагчдын дансаар төлсөн 33 772.0 төгрөгийг хасч, 13 383 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзжээ. Гэвч нэхэмжлэгч Ч.Э нь шүүхэд гаргаж өгсөн мөнгөний тооцоо гэх баримтад хариуцагч нарын төлөөгүй зээл гэж, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 8 000 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3 000 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 4 000 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөг харин бусад зээлийг буцаан авсан энэ талаар маргаагүй гэдэг. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэгч нарын буцаан аваагүй гэх зээлийг эргэлзээтэй энэ тухай хангалттай нотлогдоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагч нарт бэлнээр дээрх мөнгийг өгөөгүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч нарын маргаагүй буцаан авсан гэх мөнгөнөөс 13 383 000 төгрөгийг хариуцагч нараас төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2. Хариуцагч Б.Б нь өдөр тутам нэхэмжлэгчид тодорхой хэмжээний мөнгийг зээл болон зээлийн хүүнд бэлнээр өгдөг байсан бөгөөд нэхэмжлэгч ийнхүү өдөр тутам бэлнээр мөнгө авч байсан гэдгээ шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрдөг. Энэ ч утгаараа хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хар дэвтэр гэх дэвтэрт дээрх зээлүүдийг бүрэн авч дуусаад хаасан гэж тэмдэглээд мөнгөний тооцоондоо дээрх зээлүүдийг буцаан өгсөн гэсэн тооцоо баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэж бодож байна. Иймээс буцаан төлөгдсөн гэх зээлнээс хариуцагч нарыг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3. Уг хэрэгт Б.О  болон Ц.Г  нар нь тэдний дансаар мөнгө шилжигдсэн байдаг учраас хариуцагчаар оролцож шүүхээс ч ингэж дүгнэсэн. Гэтэл бодит байдал дээр Ч.Э зөвхөн хариуцагч Б.Б нь л мөнгө зээлж авдаг байсан ба харин зээлийг авахдаа өөрийн нөхөр Ц.Г  болон төрсөн дүү Б.О гийн банкны картыг ашигладаг байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Бусад хариуцагч нар ч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийг аваагүй, мэдээгүй гэдгээ илэрхийлдэг тул хариуцагчийг мөн буруу тодорхойлсон гэж үзэж байна.

Эцэст нь хэлэхэд Б.Б нь нэхэмжлэгчээс зээл авч байснаа хүлээн зөвшөөрдөг. Харин зээлсэн мөнгөө буцаан төлөхдөө тэрээр зээлийг хүүгийн хамт өдөр тутам цайны газрын орлогосоо нэхэмжлэгчид төлдөг байсан мөн нэхэмжлэгч нь зарим үед зээл олгохдоо хүүгээ оруулан хүүг зээл өгсөн мэтээр хүртэл тооцдог байсан билээ. Нэхэмжлэгч нь удаан хугацаанд иргэдэд маш өндөр хүүтэй өдрийн зээл гэж өгдөг байсан бөгөөд хариуцагч Б.Б хувьд ч ийнхүү зээлсэн байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д заасны дагуу хариуцагч нь хүү төлөх үндэслэлгүй тул хариуцагч Б.Б нь илүү төлсөн мөнгөнөөс зөвхөн дансаар шилжүүлсэн буюу нотлох баримтын шаардлага хангасан төлбөрийг буцаан авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэл гаргах болсон өөр нэг шалтгаан бол Б.Б нь зээлийг маш богино хугацаанд хүүгийн хамт төлсөөр ирсэн байхад нэхэмжлэгч нь хуульд зааснаар хүү авах эрхгүй гэдгийг мэдмэгцээ маш үндэслэлгүйгээр бэлэн мөнгө өгч байсан гэж худал хэлэн маш их хэмжээний мөнгийг нэхэмжилж байх учир хуульд зааснаар ийнхүү сөрөг нэхэмжилсэн гаргасан билээ. Иймд нэхэмжлэгчийн хувьд өөрийн зээлсэн төлбөрөө бүгдийг эргүүлж авсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч Б.О , Ц.Г , Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж 20 286 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн төлбөрт илүү төлсөн 5 917 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцжээ.

Зохигчид зээлийн гэрээний дагуу дансаар 27 855 000 төгрөг шилжүүлсэн талаар маргаагүй, харин бэлнээр 33 600 000 төгрөг зээлдүүлсэн гэх үйл баримтын талаар маргасан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч нарт дансаар 27 855 000 төгрөг, бэлнээр 33 600 000 төгрөг нийт 61 455 000 төгрөгийг зээлдүүлсэнээс 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр бэлнээр өгсөн 5 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дансаар өгсөн 3 000 000 төгрөг, бэлнээр өгсөн 5 000 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дансаар өгсөн 2 700 000 төгрөг, бэлнээр өгсөн 300 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр бэлнээр өгсөн 4 000 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр бэлнээр өгсөн 1 000 000 төгрөгнөөс 826 000 төгрөг нийт 20 826 000 төгрөгийг буцаан төлөөгүй гэж, хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Ч.Э дансаар 17 685 000 төгрөг авч, дансаар 6 790 000 төгрөг, хариуцагч Б.О  нь нэхэмжлэгч Ч.Э дансаар 10 170 000 төгрөг авч, дансаар 23 130 000 төгрөг, хариуцагч Ц.Г  нь нэхэмжлэгч Ц.Энхцэцэгт дансаар 1 100 000 төгрөг, нийт 31 020 000 төгрөг бэлнээр 1 600 000 төгрөг төлсөн гэж зөрүүтэй тайлбар гаргасан байна. /хх-32-33, 87, 89, 91, 176, 179, 208-209/

Хэргийн 112-147, 148-151, 152-169 дүгээр талд авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл хариуцагч Б.О  нь Хаан банкны 5019758106 тоот данснаас Ч.Э Хаан банкны 5025435585 тоот дансанд 23 555 000 төгрөг, хариуцагч Ц.Г  нь Хаан банкны 5925174743 тоот данснаас Ч.Э Хаан банкны 5025435585 тоот дансанд 1 100 000 төгрөг, хариуцагч Б.Б нь Хаан банкны 5925174743 тоот данснаас Ч.Э Хаан банкны 5025435585 тоот дансанд 6 790 000 төгрөг нийт 31 020 000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хооронд тус тус шилжүүлсэн болох нь нотлогдсон тул нэхэмжлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дансаар авсан 3 000 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дансаар авсан 2 700 000 төгрөгийг төлөөгүй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Хариуцагч нар нэхэмжлэгчээс бэлнээр мөнгө зээлээгүй гэж маргаж нэхэмжлэгч нь бэлнээр мөнгө зээлдүүлсэн гэх байдлаа нотлохоор өөрийн гараар хөтөлсөн 5 хавтас дэвтрийг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг 5 хавтас дэвтэрт Ч.Э бэлнээр өгсөн гэх 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 5 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 8 000 000 төгрөгийн бэлнээр өгсөн гэх 5 000 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 3 000 000 төгрөгийн бэлнээр өгсөн гэх 300 000 төгрөг тэмдэглэгдээгүй, харин 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн бэлнээр өгсөн гэх 4 000 000 төгрөгийг Б.Б д өгсөн гэж тэмдэглэсэн боловч уг мөнгийг хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй, хүлээлгэн өгсөн талаар эргэлзээгүй баримтгүй тул нийт 14 300 000 төгрөгийг хариуцагч нарт зээлдүүлсэн болох нь нотлогдоогүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

Харин 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, 174 000 төгрөг буцааж дансаар өгсөн бөгөөд үлдэгдэл 826 000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй нь талуудын дансны хуулга, нэхэмжлэгчээс гаргасан дэвтэр дээрх тэмдэглэл зэргээр тогтоогдсон тул хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх 61 455 000 төгрөг бэлэн болон дансаар шилжүүлсэн гэж дүгнэж бэлэн өгсөн 33 600 000 төгрөгөөс 14 300 000 төгрөг өгсөн нь нотлогдоогүй гэж хэрэгсэхгүй болгож, 19 300 000 төгрөгийг бэлнээр, 27 855 000 төгрөгийг дансаар нийт 47 155 000 төгрөг зээлсэн гэж буруу дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасантай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн, анхан шатны шүүх зээлийн тооцооллыг буруу хийж хариуцагч нараас 13 383 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт 826 000 төгрөг хариуцагч нараас гаргуулахаар өөрчлөлт оруулах боломжтой.

 

Б.О , Ц.Г , Б.Б нар нь Ч.Э холбогдуулан зээлийн төлбөрт илүү төлсөн 5 917 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Талуудын шилжүүлэн төлсөн мөнгөний баримтаар хариуцагч талаас зөрүү гарч 5 917 000 төгрөг илүү төлсөн гэж тайлбарласан боловч зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөнгөн төлбөрийн үүргийг цувуулан төлж байсан нөхцөл байдлаас үзвэл хариуцагч өөрөө өр төлбөрийг хүлээн зөвшөөрөх замаар мөнгөн хөрөнгийг төлсөн тохиолдолд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт зааснаар үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Иймээс нэгэнт зээлийн гэрээний дагуу хүлээн зөвшөөрч мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн тул нөгөө талыг үндэслэлгүйгээр эд зүйлийг олж авсан, гэрээнээс гадуур эд зүйл олж авсан гэж үзэх боломжгүй. Ийнхүү сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, уг шаардлагын талаар тайлбараа өөрчилсөн байдал, өөрийнх нь хүснэгтээр гаргаж өгсөн тооцоолол зэрэг баримтаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагаас 826 000 төгрөгийг хариуцагч төлөөгүй үлдэгдэлтэй, бусад зээлийг төлсөн, төлөөгүй талаар өөрөө тайлбарлаж хүснэгт гаргасан байх бөгөөд шүүх энэ тооцооллыг давхардуулж хийсэн байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь харьцуулан үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй, тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээ болох 13 383 000 төгрөгөөс 12 557 000 төгрөгийг хасч 826 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч Ч.Э олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан төлсөн зээлийн төлбөрийг давхардуулан гаргасан гэх давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/03157 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “13 383 000” гэснийг “826 000” гэж

2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301 450 төгрөг, Б.Б аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 630 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24 374 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Ч.ЦЭНД

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ