Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 394

 

 

Б.Б  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02676 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Б  нэхэмжлэлтэй,

Хариуцагч С ХХК-д холбогдох

Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Цэвээн, Б.Чулуунцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 399 дүгээр захирамжаар иргэн Б.Б  надад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамтын хэрэгцээнд амины орон сууцны зориулалтаар 700 м.кв газрыг анх эзэмшүүлсэн бөгөөд мөн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар захирамжаар тухайн газрын эзэмших эрхийг 40 жилийн хугацаатай олгосон. Миний бие өөрийн эзэмшил газраа гэрээ, гэрчилгээнд заасан зориулалтын дагуу ашиглаж, амины орон сууц барихаар Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраар 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр МЗХ2018/24-18 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, эксиз зураг зэргийг батлуулж барилгын ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Гэвч С ХХК нь миний эзэмшил газар дээр надаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүй, хууль бусаар 2*400 кВа чадалтай 10/0.4 кВ-ын трансформаторууд бүхий ХТП барилга, байгууламж барьж ашиглаж байна. Миний бие өөрийн эзэмшил газраа албадан чөлөөлүүлж, зориулалтын дагуу эзэмшиж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар Нийслэлийн Засаг даргад 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус тус хандсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Түүнчлэн миний зүгээс бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт тус тус хандаж гомдол гаргасан. Гомдлын дагуу С ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгасан боловч зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож,  иргэн миний газар эзэмших эрхэд халдсан С ХХК-д хуульд заасан хариуцлага хүлээлгэсэнгүй. Иймд миний эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай газрыг С ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан тайлбартаа: С ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны гадна цахилгаан хангамж, 6/0.4 кв 2*400 кв чадалтай хаалттай дэд өртөөг барьж байгуулахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн эрх бүхий байгууллагуудаас зохих зөвшөөрлүүдийг авч барьсан бөгөөд улсын комисст  2015 онд хүлээлгэн өгсөн байдаг. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас нийтийн эзэмшлийн газар дээр дэд өртөөг барих зөвшөөрөл авсан. Манай компанийг нэхэмжлэгч Б.Б  2008 оны 05 дугаар сарын 09-ний өдөр олгосон 0180820 дугаар бүхий гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг дэх өөрийн эзэмшлийн газар дээр хууль бусаар халдаж ашигласан хэмээн  тайлбарлаж байгаа ч С ХХК-ийн барилга байгууламж барьсан талбай нь Б.Б  дээрх эзэмшлийн газар дээр үйл ажиллагаа явуулж халдсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл С ХХК-ийн дэд өртөө барьсан газар нь нэхэмжлэгч Б.Б  эзэмшлийн газар мөн эсэх, тус газартай холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь нэхэмжлэгчийн өгсөн баримт мэдээллээр тогтоогдохгүй байна. Манай дэд өртөөг барих зөвшөөрлийг өгсөн эрх бүхий байгууллага нь хууль журмыг баримтлан энэхүү асуудлын хүрээнд нарийн нягтлан ямарваа нэгэн эрхийн зөрчилгүй тул зөвшөөрлийг олгосон гэж үзэж байна. Иргэн Б.Б  нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх үүрэгтэй байжээ. Тус үүргээ биелүүлээгүй болох нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б  2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсандаа “ хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн Засаг даргын 399 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 700 м.кв эзэмшүүлсэн газар нь нэгж талбарын 186433096580358 дугаартай кадастрын зурагтай боловч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн 1/270 тоот албан бичгээр тухайн газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэж Б.Б  гаргасан гомдолд хариу өгсөн байна. Төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр барилга байгууламж барьсан тул бусдын эзэмшлийн газарт нь хууль бусаар үйл ажиллагаа явуулсан хэмээн үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тухайн газрыг иргэн Б.Б  эзэмшлийн газар мөн эсэхийг мэдэх боломжгүй юм. Иймд Б.Б  С ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б  эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо нэгж талбарын 1780610323 дугаар бүхий, 699.0 м.кв газрыг хариуцагч С ХХК / 2*400 кВа чадалтай 10/0.4 кВ-ын трансформаторууд/ -ийн эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх дээр дурдсаны дагуу шүүхээс шийдвэрлэхдээ газар эзэмших эрхтэй субъект яагаад Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасан өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх боломжтой болсныг шүүхийн шийдвэрт тайлбарлаагүй билээ. Учир нь өмчлөх эрх бол туйлын эрх бөгөөд өмчлөлийн зүйлээ бусад этгээдийн хууль бус эзэмшил, ашиглалтаас шаардах эрх ганц өмчлөгчид хадгалагдах нь зүйн хэрэг билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар тус газрын хувьд цор ганц өмчлөгч нь төр байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зохицуулсан бөгөөд хуулийн агуулгаас авч үзвэл дараах нөхцөл байдлыг тодруулж шалгасны дараа хуулийн энэхүү зохицуулалтыг хэрэглэн шийдвэрлэх боломжтой байна. Б.Б  тус газрын өмчлөгч байх, тус газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байх, энэ эзэмшиж ашиглаж буй үйлдэл нь хууль бус байх гэсэн нөхцөлийг шалгаж тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зохимжтой билээ. Б.Б  тус газрын хувьд өмчлөгч биш. Тодруулбал хэрэгт авагдсан 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн тус үеийн газар ашиглах гэрээ, Нийслэлийн газрын албанаас ирүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 дугаар захирамжаар тус газрыг эзэмших эрхтэй болохыг нотолсон баримтууд байдаг. Иргэн Б.Б  эзэмших эрхтэй газарт нь манай компанийн барьсан ХТП байгаа эсэх тодорхойгүй байдаг. Манай компанийн барьсан ХТП иргэн Б.Б  эзэмших эрх бүхий газар баригдсан эсэх, мөн ямар хэмжээний талбайд баригдсан, газар ашиглалтын талбайг ямар хэмжээгээр бууруулсан болохыг нотолсон баримт байдаггүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ С ХХК нь миний эзэмшлийн газар дээр надаас ямар нэг зөвшөөрөл авалгүй хууль бусаар 2*400 кВа чадалтай 10/0,4 кВ-ын трапсформаторууд бүхий ХТП барилга, байгууламж барьж, ашигласан байна” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлан маргаж буй нэхэмжлэгчийн хувьд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон талбайн давхцлын хэмжээг харуулсан зураг, хэмжилт хийсэн баримтаа шүүхэд гарган өгөх нь түүний үүрэг билээ. Эзэмшил, ашиглалт хууль бус болох нь тогтоогдоогүй. Манай компанийн хувьд бусдын эзэмшлийн газарт ХТП хууль бусаар барьсан үйлдэл байхгүй. Учир нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд С ХХК-ийн захиалгаар 10 автомашины зогсоолтой үйлчилгээтэй 32 айлын орон сууцны барилга байгууламжийг барихдаа 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 318/2013 дугаар барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны даргаас авсан. Уг зөвшөөрлийн эхний хэсэгт барилга байгууламж түүний туслах барилгуудын нэр төрол, хүчин чадал, хэмжээ, үндсэн хийц бүтээц гэсэн хэсэгт С ХХК 2x400 кВа 6/0,4 кв-ын хаалттай дэд станц гэсэн хэсгийг оруулсан байдаг. Ийнхүү төрийн эрх бүхий байгууллагаас ХТП барих зөвшөөрлийг бидэнд олгосон тул бусдын эзэмшлийн газар дээр ХТП давхцуулан бариагүй болохыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, манай компанид ХТП барих эрх олгосон төрийн эрх бүхий байгууллага хууль журмыг баримтлан энэхүү асуудлын хүрээнд нарийн нягтлан ямарваа нэгэн эрхийн зөрчилгүй гуравдагч этгээдийн эрхийн зөрчилгүй тул зөвшөөрлийг олгосон. Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ” гэж зохицуулсан бөгөөд бидний зүгээс шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг цаг тухай бүр авч барилга байгууламжийг барьсан. Мөн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр, магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт, магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт хийгдсэний дараа, тус баримтыг үндэслэн олгогддог билээ. Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б  2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19/712 дугаар “Хариу мэдэгдэх хуудас”-аар "Хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн засаг даргын 399 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 700 м.кв талбай эзэмшүүлсэн газар нь нэгж талбарын 186433096580358 дугаартай кадастрын зурагтай боловч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн 1/270 тоот албан бичгээр тухайн газар нь газрын кадастрын мэдээллийн сапд бүртгэлгүй байна. С ХХК нь батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийп 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны гадна цахилгаан хангамж 6/0,4кв 2*400ква чадалтай хаалттай дэд өртөөг барьж байгуулан 2015/63 дугаартай улсын комиссын актаар хүлээлгэн өгсөн байх ба С ХХК нь Газрын тухай хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байх тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ” гэсэн байдаг. Үүнээс авч үзвэл иргэн Б.Б  нь тус газрын өмчлөгч биш, мөн манай компани түүний эзэмшлийн газар ХТП барьсан болох нь нотлогдоогүй, мөн ХТП барихдаа төрийн байгууллагын зөвшөөрлийг авсан байгаа нь манай компани хууль зөрчсөн үйлдэл байхгүй болохыг илтгэж байна. Гэтэл шүүхээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж зохицуулсан бөгөөд хуулийн агуулгаас авч үзвэл дараах нөхцөл байдлыг тодруулсны шалгасны дараа хуулийн энэхүү зохицуулалтыг хэрэглэн шийдвэрлэх боломжтой байна. Өмчлөгч байх /эзэмших эрх нь зөрчигдөөгүй байх/, Эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн байх, Зөрчлийг бий болгосон этгээд байх, Өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон үйлдэл хийсэн байх. Дээр дурдсан нөхцөлүүдийг тус бүрд нь тодруулж, баримтын хүрээнд нотлогдож буй эсэхэд дүгнэлт хийвэл иргэн Б.Б  хувьд өмчлөгч биш. Түүний эзэмших эрх бүхий газар ХТП баригдсан гэж үзэж байгаа нөхцөлд түүний газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал үүснэ. Учир нь тус газарт үйл ажиллагаа явуулах, ашиглах боломжгүй байдал бий болно. Иймээс нэхэмжлэгч нь эзэмших эрх нь зөрчигдсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлан маргаж буй, эзэмших эрхийг зөрчигдсөн гэж шүүх тогтоож шийдвэрлэж буй тохиолдолд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна. Эрх нь зөрчигдсөн талаар нотолж чадаагүй. Эрх нь ямар байдлаар хэрхэн хөндөгдөж зөрчигдсөн талаарх баримтаа шүүхэд гаргаж нотлоогүй байдаг. Зөрчлийг бий болгосон этгээд нь манай компани биш. Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс газар ашиглах эрхтэй холбоотой зөрчил бий болсон хэмээн үзэж буй бол тэр манай компанийн шийдвэр, үйл ажиллагаанаас болоогүй. Учир нь барилгын ажил бол дээр дурдсанчлан төрийн байгууллагын зөвшөөрөл, шийдвэрийн үндсэн дээр баригддаг. Тиймээс манай компанид ХТП барих зөвшөөрлийг олгосон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тус асуудлыг тодруулах шаардлагатай. Өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон үйлдэл байхгүй. Манай компанийн зүгээс иргэн Б.Б  зүгээс эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон үйлдэл хийгээгүй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2018/24-18 дугаар архитектор төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг батлуулж барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна” гэсэн бөгөөд бидний зүгээс мөн адил барилгын ажлыг эхлүүлэхээс өмнө дээрх зөвшөөрлүүдийг авч байсан тул дээрх төрийн байгууллага өмнө нь ХТП барих зөвшөөрөл өгсөн газраа дахин иргэн Б.Б д барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр зөвшөөрөл давхардуулан өгөх боломжгүй билээ. Үүнээс авч үзвэл нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, эрхийг зөрчсөн ямар үйлдэл байгааг тодорхойгүй, мөн зөрчлийг бий болгосон үйлдэл нь манай компанийн шийдвэр, үйл ажиллагааг биш байхад Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүхээс үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн байдаг. Шүүхээс нотлох баримтын тусламжтайгаар хэргийн нөхцөл байдлыг тогтоож, хэрэглэвэл зохих материаллаг хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэж, хэргийн бодит үнэнийг тогтоох боломжтой билээ. Манай компанийн зүгээс хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулах зорилгоор иргэн Б.Б  газрын түүхчилсэн лавлагааг гаргуулах, газрын кадастрын мэдээллийн санд газар нь бүртгэлтэй байсан эсэх талаарх мэдээллийг бидний хувьд шүүхэд гарган өгөх боломжгүй мэдээлэл тул шүүхийн журмаар гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч хэрэгт хамааралгүй баримт хэмээн шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Ийнхүү хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд бүрдээгүй улмаас хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүй шийдвэр гаргасан. Мөн дээр дурдсаны дагуу нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлээгүйн улмаас тайлбар татгалзлаа нотлох баримтаар үндэслэн мэтгэлцэх зарчим хэрэгжих боломжгүй болсон.

Шүүхээс ХТП буулгах шийдвэр гаргах боломжтой эсэх, ийнхүү шийдвэр гаргаснаар гуравдагч этгээдийн ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг үл хайхран хэргийг шийдвэрлэсэн. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 318/2013 дугаар барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь барилгын ажлыг хийж гүйцэтгэх эрх олгосон захиргааны акт билээ. Энэхүү шийдвэрийг үндэслэн ХТП барьсан, тус шиидвэрийг өөрчилж, хүчингүй болгоогүй тул хэрэв газрын хувьд тодорхой давхцал байсан ч өөр тийш нүүлгэн шилжүүлэх боломжгүй. Учир нь барилга байгууламж хүний аюулгүй байдлыг хангасан байх шаардлагатай, мэргэжлийн байгууллага, төрийн байгууллагын шийдвэрийг үндэслэл болгодог бөгөөд барих эрх олгосон шийдвэр байхад бид дур мэдэн өөр тийш шилжүүлэх боломжгүй. Нэгэнт дээр дурдсаны дагуу төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу XIII барьсан бөгөөд барилгын ажил бол нэг өдрийн дотор хийж гүйцэтгэдэг ажил биш тодорхой хугацаа шаарддаг. Гэвч барилгын ажил дуусгавар болсны дараа цагдаа шүүхийн байгууллагаар миний эзэмшлийн газар дээр барилга байгууламж барьсан хэмээн гомдол гаргаж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болдог. Хэрэв тухайн газрыг хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглаж байсан бол барилгын ажлыг эхлэх үед, мөн дуусгавар болохоос өмнө энэхүү шаардлагыг гаргах боломжтой байсан. Гэвч ХТП нэгэнт баригдаж ашиглалтад орж, орон сууцны барилгыг цахилгаан, дулааны эх үүсвэрээр хангаж байх үед ХТП буулгаж газрыг чөлөөл хэмээн шаардлага гаргаж байгаа нь олон айл өрхүүдийг тог цахилгаангүй болгох, харанхуй өвлийг угтах нөхцөл байдлыг үүсгэх үр дагаврыг бий болгох билээ. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн өөрийн эзэмшлийн газрыг бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг нь чөлөөлүүлэхээр шаардаж байна уу гэдгийг тодруулахгүйгээр мөн хэргийн зарим үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б  нь хариуцагч С ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв талбай бүхий газраас хариуцагч С ХХК-ийн 2х400 кВа чадалтай 6/0.4 кв-ын трансформаторууд бүхий ХТП /хаалттай дэд станц/-г чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас нийтийн эзэмшлийн газар дээр зохих зөвшөөрөл авч уг хаалттай дэд өртөөг барьж 2015 онд улсын комисст хүлээлгэн өгсөн” гэж тайлбарласан байна.

 

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т зааснаар дээрх хаалттай дэд станц бүхий трансформаторууд нь эрчим хүчний байгууламжид хамаарах талаар, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.3, 12.1.4-т зааснаар хаалттай дэд станц нь тухайн орон сууцны цахилгаан, дулааныг дамжуулах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл дээр үндэслэн эрхлэхээр тус тус зохицуулагджээ.

Түүнчлэн хэргийн 48 дугаар талд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар С ХХК-д 6/0,4 кв-ын 2х400 кВа чадалтай хаалттай дэд станц бүхий трансформаторыг барих ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр олгосон баримт байх боловч уг зөвшөөрөлд хаалттай дэд станц бүхий трансформаторыг барих газрын байршил тодорхойгүй байна.

 

Дээрх байгууламжид олгосон тусгай зөвшөөрөл хэний нэр дээр байгаа, мөн газар эзэмших, ашиглах эрх олгосон эрх бүхий байгууллагын шийдвэрээс хамаарч хариуцагчийн эрх зүйн байдал тодорхой болно.

 

Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газар дээр хариуцагчийг хаалттай дэд станц бүхий трансформаторыг барьсан гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын хэдий хэмжээний газар дээр бодитойгоор хариуцагч хаалттай дэд станц бүхий трансформатор барьсан, хариуцагч нь хаалттай дэд станцыг барихдаа маргааны зүйл болох газар дээр газар ашиглах, эзэмших зөвшөөрөлтэй байсан эсэх, хэрэв газар эзэмших зөвшөөрөлтэй байсан бол уг газар хариуцагчийн газартай давхацсан эсэх нь тодорхойгүй, зохигчид энэ талаар хангалттай мэтгэлцээгүй байна.

 

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй, зохигчид бүрэн мэтгэлцэж чадаагүй тул хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02676 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ                                                                                     

                          ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ