Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2019/02676

 

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2019/02676

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо,  19 дүгээр хороолол, 43 дугаар байрны 9 тоот хаягт оршин суух, Хөтчин овогт Багабандийн Э /РД:ЧП72122825/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, 30А – 46 тоот хаягт байрлах С ХХК /РД:5375258/-д  холбогдох,

 

Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э оролцож, нарийн бичгийн дарга Г.Г тэмдэглэл хөтлөв.

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

  

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг дарга 2005.09.26-ны өдрийн 399 дүгээр захирамжаар иргэн Б.Э надад ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамтын хэрэгцээнд амины орон сууцны зориулалтаар 700 м.кв газрыг анх эзэмшүүлсэн бөгөөд мөн Нийслэлийн Засаг даргын 2008.04.17-ны өдрийн 180 дугаар захирамжаар тухайн газрын эзэмших эрхийг 40 жилийн хугацаатай олгосон. Миний бие өөрийн эзэмшил газраа гэрээ, гэрчилгээнд заасан зориулалтын дагуу ашиглаж, амины орон сууц барихаар Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраар 2018.10.12-ны өдөр МЗХ2018/24-18 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, эксиз зураг зэргийг батлуулж барилгын ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Гэвч С ХХК нь миний эзэмшил газар дээр надаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүй, хууль бусаар 2*400 кВа чадалтай 10/0.4 кВ-ын трансформаторууд бүхий  ХТП барилга, байгууламж барьж ашиглаж байна.

Миний бие өөрийн эзэмшил газраа албадан чөлөөлүүлж, зориулалтын дагуу эзэмшиж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар Нийслэлийн Засаг даргад 2018.11.28-ны өдөр, 2019.04.16-ны өдөр тус тус хандсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Түүнчлэн миний зүгээс бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр 2019.01.14-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт, 2019.03.29-ний өдөр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт тус тус хандаж гомдол гаргасан. Гомдлын дагуу С ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгасан боловч зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож,  иргэн миний газар эзэмших эрхэд халдсан С ХХК-д хуульд заасан хариуцлага хүлээлгэсэнгүй. Иймд миний эзэмшлийн ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай газрыг С ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан тайлбартаа: С ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны гадна цахилгаан хангамж, 6/0.4 кв 2*400 кв чадалтай хаалттай дэд өртөөг барьж байгуулахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн эрх бүхий байгууллагуудаас зохих зөвшөөрлүүдийг авч барьсан бөгөөд улсын комисст  2015 онд хүлээлгэн өгсөн байдаг. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас нийтийн эзэмшлийн газар дээр дэд өртөөг барих зөвшөөрөл авсан. Манай компанийг нэхэмжлэгч Б.Э 2008.05.09-ний өдөр олгосон 0180820 дугаар бүхий гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг дэх өөрийн эзэмшлийн газар дээр хууль бусаар халдаж ашигласан хэмээн  тайлбарлаж байгаа ч С ХХК-ийн барилга байгууламж барьсан талбай нь Б.Эгийн дээрх эзэмшлийн газар дээр үйл ажиллагаа явуулж халдсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл С ХХК-ийн дэд өртөө барьсан газар нь нэхэмжлэгч Б.Эгийн эзэмшлийн газар мөн эсэх, тус газартай холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь нэхэмжлэгчийн өгсөн баримт мэдээллээр тогтоогдохгүй байна. Манайд дэд өртөөг барих зөвшөөрлийг өгсөн эрх бүхий байгууллага нь хууль журмыг баримтлан энэхүү асуудлын хүрээнд нарийн нягтлан ямарваа нэгэн эрхийн зөрчилгүй тул зөвшөөрлийг олгосон гэж үзэж байна.

            Иргэн Б.Э нь кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 “Кадастрын зураглал гүйцэтгэсэн аж ахуй нэгж, байгууллага, иргэн хууль тогтоомжийн дагуу ажлаа нэг бүрчлэн шалгуулж, шалгалтын актаар бүх зураг, мэдээллийн эх хувийг кадастрын зураглалын мэдээллийн санд хүлээлгэн өгнө” гэж заасны дагуу газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх үүрэгтэй байжээ. Тус үүргээ биелүүлээгүй болох нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Бын 2019.04.23-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсандаа “ хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн Засаг даргын 399 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 700 м.кв эзэмшүүлсэн газар нь нэгж талбарын 186433096580358 дугаартай кадастрын зурагтай боловч  Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн  1/270 тоот албан бичгээр тухайн газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэж Б.Эгийн гаргасан гомдолд хариу өгсөн байна.

            Төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр барилга байгууламж барьсан тул бусдын эзэмшлийн газарт нь хууль бусаар үйл ажиллагаа явуулсан хэмээн үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тухайн газрыг иргэн Б.Эгийн эзэмшлийн газар мөн эсэхийг мэдэх боломжгүй юм. Иймд Б.Эгийн С ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Э нь ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 700 м2 газраас хариуцагч С ХХК-ийн эзэмшлийн 2*400 кВа чадалтай 10/0.4 кВ-ын трансформаторуудыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг  шүүхэд гаргажээ.  

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа “... Нийслэлийн Засаг дарга 2005.09.26-ны өдрийн 399 дүгээр захирамжаар иргэн Б.Э надад ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамтын хэрэгцээнд амины орон сууцны зориулалтаар 700 м.кв газрыг анх эзэмшүүлсэн бөгөөд мөн Нийслэлийн Засаг даргын 2008.04.17-ны өдрийн 180 дугаар захирамжаар тухайн газрыг эзэмших эрхийг 40 жилийн хугацаатай олгож, уг газрын зориулалтыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, амины сууц, орон сууц, үйлчилгээ, зочид буудал, контор болгон өөрчилж, Нийслэлийн Засаг даргын  2019 оны 02 дугаар сарын 15-ны А/101 тоот шийдвэрээр 40 жилийн хугацаатай олгож, эзэмшүүлж байхад  С ХХК нь миний эзэмшил газар дээр надаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүй, хууль бусаар 2*400 кВа чадалтай 10/0.4 кВ-ын трансформаторууд бүхий  ХТП барилга, байгууламж барьсан байх тул дээрх газраас С ХХК-ийн эзэмшлийн 2*400 кВа чадалтай 10/0.4 кВ-ын трансформаторуудыг  чөлөөлж өгнө үү...” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь “...Төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр барилга байгууламж барьсан тул бусдын эзэмшлийн газарт нь хууль бусаар үйл ажиллагаа явуулсан хэмээн үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тухайн газрыг иргэн Б.Эгийн эзэмшлийн газар мөн эсэхийг мэдэх боломжгүй юм. Иймд Б.Эгийн С ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж  маргажээ.

 

Маргааны зүйл болох Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, нэгж талбарын 6006/0141 дугаар бүхий, 700 м2  газрыг Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 180 тоот шийдвэрийг үндэслэн, амины орон сууцны зориулалтаар, 40 жилийн хугацаатай олгож, уг газрын зориулалтыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/101 тоот шийдвэрээр худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, амины сууц, орон сууц, үйлчилгээ, зочид буудал, контор болгон өөрчилж, нэгж талбарын 1780610323 дугаар бүхий, 699.0 м.кв газрыг, 40 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр  0180820 тоот, 000011545 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, уг газрын хууль ёсны эзэмшигч нь Б.Э болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна. /х.х-ийн 5-8, 71-73/

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж, 106.2-т “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэснээр нэхэмжлэгч нь хариуцагч  С ХХК-ийн эзэмшлийн 2*400 кВа чадалтай 10/0.4 кВ-ын трансформаторуудыг эзэмшил газраасаа чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч С ХХК-ийн захирал, түүний өмгөөлөгч нар 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 09.00 цагт товлогдсон шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудасд гарын үсэг зурсан, шүүх хуульд заасан журмын дагуу хурлын тов мэдэгдсэн, товлогдсон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хариуцагч, түүний өмгөөлөгч нар хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг хянан шийдвэрлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эгийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо нэгж талбарын 1780610323 дугаар бүхий, 699.0 м.кв газрыг хариуцагч С ХХК / 2*400 кВа чадалтай 10/0.4 кВ-ын трансформаторууд/ -ийн эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ