Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 393

 

 

Н.Г нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн даргалагч шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/03318 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Г -тхолбогдох

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2019/00147 дугаартай захирамжаар Н.Г , Н.Г нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 42 859 868 төгрөгийг гаргуулж, П. ББСБ-д олгох, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, 0119 цэргийн анги, 2 дугаар гудамж, 9 тоот хаягтай, 18636313060944 нэгж талбай дугаартай 490 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах гэрчилгээний дугаар 000549338, Ү-2201012269 дугаартай 60.83, 91.3 м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалгаж шийдвэрлэсэн. Уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Н.Г өгсөн үнийн саналыг төлбөр авагч П. ББСБ хүлээн аваагүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолоор шинжээч томилсон. Шинжээч нь дээрх хөрөнгийг 95 700 000 төгрөгөөр үнэлсэн байна. Өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд өгсөн төлбөр авагч Н.Г үнэлгээ ба шинжээчийн тогтоосон үнэлгээний зөрүү дэндүү их байгаа, үнэлгээний компани үл хөдлөх хөрөнгийг бодитой үнэлээгүй гэж үзэж байгаа. Тухайлбал мэдээллийн эх сурвалж нь тодорхойгүй, зарах гэж байгаа үнээс 5 хувийг хасна гэснийг үндэслээд нэгдсэн жишиг үнэлгээг гаргаж ирсэн байна. Үнэлгээ гаргаж байгаа газар нь өөрөө сууцны болон иргэний зориулалттай байхад жишиг болгож байгаа газрууд нь хоосон хашаа болон үнэлж байгаа газрын байрлалаас хол, хэмжээний хувьд өөр газрыг сонгосон байсан. Үл хөдлөх хөрөнгийн хувьд харьцуулж болохооргүй газруудыг хооронд нь харьцуулсан нь үнэлгээ үндэслэлтэй болсон дээр эргэлзээ төрүүлж байна. Сонгож авсан үнэлгээтэй газрууд нь янз, янзын үнийн саналтай, тэнгэр газар шиг ялгаатай үнийн саналтай газруудыг манай үнэлүүлэх гэж байгаа дэлгүүрийн жишиг болгоод оруулж ирсэн. Зарах магадлалтай үнэ гээд 10 хувь нь хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй байна. Энэ 10 хувийг үндэслээд бүх тооцооллуудаа гаргасан байсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.3, 9.3, 9.3.8-т заасан зүйлүүд нь байхгүй учраас хийсэн үнэлгээ үндэслэлтэй, тодорхой гэж хэлэхэд учир дутагдалтай гэж үзэж байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Байрлалын хувьд өөр, өөр газруудыг хооронд нь харьцуулсан нь үндэслэлгүй. Үнэлгээг ингэж гаргах бол шийдвэр гүйцэтгэгч өөрөө үнэлгээ гаргаж чадна. Мэргэжлийн хүнээр хөрөнгийн үнэлгээ хийлгэх гэсэн болохоос биш, Б.Э олон жилийн ажлын туршлага, хандлагаар үнэлгээ гаргуулах гээгүй юм. Шинжээч Б.Э гаргасан тооцоолол нь бусдын эрх ашгийг зөрчиж байгаа нь мөн үнэлгээний тайлан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2019/00147 дугаартай захирамжаар Н.Г , Н.Г нараас 42 859 868 төгрөгийг гаргуулж, П. ББСБ-д олгох, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр гудамж, 9 тоот хаягтай, 18636313060944 нэгж талбай дугаартай 490 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах гэрчилгээний дугаар  000549338, Ү-2201012269 дугаартай 60.83, 91.3 м.кв талбайтай сууцны болон дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Н.Г , Н.Г нар нь 2019 онд 19270687/01, 19270684/2, 170/03, 170/04, 19270687/6, 19270687/08, 19270687/09 дугаартай мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 19270687/05 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал бүхий үнэ, төлбөр төлөгч нараас хөрөнгө гаргуулах тухай 150 000 000 төгрөгөөр үнэлсэн бол П ХХК нь тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй мэргэжлийн шинжээчээр үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 95 700 000 төгрөгөөр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4/19804, 4/19806 дугаартай мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ буюу 95 700 000 төгрөгийн 70 хувиар тооцоод 66 990 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаагаар оруулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар тул Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0019 Цэргийн анги 2 гудамж,  тоот хаягт байршилтай 18636313060944 нэгж талбарын дугаартай, 490 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2201011022 дугаартай газар, мөн хаягт байршилтай 60.83, 91.3 м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай гэрчилгээний 000549338 дугаартай, өмчлөх эрхийн Ү-2201012269 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний М ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Г д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардаж гаргасан болно. Шүүгчийн дээр дурдсан үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно”, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт “Шүүх хуралдааны завсарлагаар зохигчийг гарч явахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгч шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” гэж заасныг үндэслэн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Г  нь хариуцагч Н.Г -тхолбогдуулан, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, 2 дугаар гудамж, 9 тоот хаягтай, 18636313060944 нэгж талбарын дугаартай, 490 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах гэрчилгээний дугаар 000549338, Ү-2201012269 дугаартай 60.83, 91.3 м.кв талбайтай хувийн сууц болон дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 95 700 000 төгрөгөөр тус тус үнэлсэн М ХХК-ийн 2019 оны 09 дугаар сарын 09-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэл зааж маргасан байна.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2019/00147 дугаартай захирамжаар Н.Г , М.Г нараас 42 674 206,59 төгрөгийг гаргуулж, П. ББСБ-д олгох, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, 2 дугаар гудамж, 9 тоот хаягтай, 18636313060944 нэгж талбарын дугаартай, 490 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах гэрчилгээний дугаар 000549338, Ү-2201012269 дугаартай 60.83, 91.3 м.кв талбайтай хувийн сууц болон дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-20-21, 27, 28 дахь тал/

 

Хариуцагч Н.Г  дээрх захирамжид заасан төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүйн улмаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2019/00147 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийн дагуу /хх20-21/ хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна. /хх-18, 37-41, 43-46 дахь тал/

 

Улмаар барьцааны эрхээр хязгаарлагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг төлбөр төлөгчөөс авахад 150 000 000 төгрөг гэж, төлбөр авагч П. ББСБ-ийн хувьд хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ. /хх50/ Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзэх бөгөөд хариуцагч байгууллага төлбөр авагч талын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтэд үндэслэн М ХХК-ийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 268 дугаар тогтоолоор шинжээчээр томилсон /хх51/ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч болон төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 240 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох М ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр буюу 7 хоногийн хугацаанд дүгнэлт гаргах хугацаа тогтоон ирүүлэхийг даалгажээ.

 

Шинжээчээр томилогдсон М ХХК нь Иргэний хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, 2 дугаар гудамж, 9 тоот хаягтай, 18636313060944 нэгж талбарын дугаартай, 490 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах гэрчилгээний дугаар 000549338, Ү-2201012269 дугаартай 60.83, 91.3 м.кв талбайтай хувийн сууц болон дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 95 700 000 төгрөгөөр /хх78/ тус тус үнэлж, тайланг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр үйлдсэн байна.

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу дээрх үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4/19804, 4/19805, 4/19806, 4/19807 дугаар албан бичгүүдээр мэдэгдэж, улмаар төлбөр авагч буюу П. ББСБ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар дээрх үнэлгээний талаар 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мэдсэн бөгөөд эс зөвшөөрсөн гомдлоо шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзнэ. /хх-1-2, 92-93, 95-96/

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгө үнэлэх шинжээчээр М ХХК-ийг томилсон боловч хөрөнгийн үнэлгээчин Б.Э үнэлгээг гаргасан, М ХХК-ийг хөрөнгийн үнэлгээчин Б.Э төлөөлөх эрхтэй болох нь баримтаар тогтоогдоогүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд М ХХК болох нь тодорхойгүй, тухайн хуулийн этгээдийн эрх бүхий үнэлгээчин Б.Э мөн эсэхийг урьдчилан тодруулаагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14, 17, 18 дугаар зүйлд заасан журмыг баримтална гэж заасныг зөрчсөн тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж зөв дүгнэжээ. 

 

 М ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 170/11 тоот үнэлгээний дүгнэлт хүлээлцсэн тухай актаар шийдвэр гүйцэтгэгч Г.Ганбаатарт шинжээч Б.Э нь хүлээлгэн өгөхдөө дүгнэлт гаргах хугацааг 2 хоногоор хэтрүүлэн тогтоолд заасан хугацаанд дүгнэлтээ гаргаагүй мөн үл хөдлөх хөрөнгийг 5-10 хувиар бууруулсан шалтгаанаа тайлбарлаж чадаагүй, тайланд дурьдсан засвар тохируулгын нэгж талбайн үнийг зөрүүтэй тооцсон, үнэлгээг ямар аргачлалаар тооцон үнэлсэн болон нэгж дүнгийн тооцооллыг тодорхой тайлбарлаагүй, үржүүлэгчийг тооцохдоо зөв бодитой тооцоологдсон эсэх, тоон болон чанарын боломжийн тохируулга хийгдсэн эсэх, дундажлах аргыг зохистой сонгосон эсэх нь тодорхойгүй байх тул хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл муутай гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг үнэн зөв эргэлзээгүй тогтоосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тус хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүхийн дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...шүүх шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардан гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлгүй, хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/03318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ                                                                                     

                          ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ