Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00820

 

2021           06            23                                          001/ХТ2021/00820

 

 

 

...................ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/03318 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 393 дугаар магадлалтай,

 

...................ы нэхэмжлэлтэй

...................т холбогдох

 

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.01.09-ний өдрийн 184/ШШ2019/00147 дугаартай захирамжаар ..................., Н.Гантогтох нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 42,859,868 төгрөгийг гаргуулж, Прогресскапитал ББСБ ХХК-д олгох, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, 0119 цэргийн анги, 2 дугаар гудамж, 9 тоот хаягтай, ................... нэгж талбай дугаартай 490 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах гэрчилгээний дугаар ..................., ...................дугаартай 60.83, 91.3 м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалгаж шийдвэрлэсэн. Уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч ...................ы өгсөн үнийн саналыг төлбөр авагч Прогресскапитал ББСБ ХХК хүлээн аваагүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолоор шинжээч томилсон. Шинжээч нь дээрх хөрөнгийг 95,700,000 төгрөгөөр үнэлсэн байна. Өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд өгсөн төлбөр авагч ...................ы үнэлгээ ба шинжээчийн тогтоосон үнэлгээний зөрүү дэндүү их байгаа, үнэлгээний компани үл хөдлөх хөрөнгийг бодитой үнэлээгүй гэж үзэж байгаа. Тухайлбал мэдээллийн эх сурвалж нь тодорхойгүй, зарах гэж байгаа үнээс 5 хувийг хасна гэснийг үндэслээд нэгдсэн жишиг үнэлгээг гаргаж ирсэн байна. Үнэлгээ гаргаж байгаа газар нь өөрөө сууцны болон иргэний зориулалттай байхад жишиг болгож байгаа газрууд нь хоосон хашаа болон үнэлж байгаа газрын байрлалаас хол, хэмжээний хувьд өөр газрыг сонгосон байсан. Үл хөдлөх хөрөнгийн хувьд харьцуулж болохооргүй газруудыг хооронд нь харьцуулсан нь үнэлгээ үндэслэлтэй болсон дээр эргэлзээ төрүүлж байна. Сонгож авсан үнэлгээтэй газрууд нь янз, янзын үнийн саналтай, тэнгэр газар шиг ялгаатай үнийн саналтай газруудыг манай үнэлүүлэх гэж байгаа дэлгүүрийн жишиг болгоод оруулж ирсэн. Зарах магадлалтай үнэ гээд 10 хувь нь хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй байна. Энэ 10 хувийг үндэслээд бүх тооцооллуудаа гаргасан байсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.3, 9.3, 9.3.8-т заасан зүйлүүд нь байхгүй учраас хийсэн үнэлгээ үндэслэлтэй, тодорхой гэж хэлэхэд учир дутагдалтай гэж үзэж байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Байрлалын хувьд өөр, өөр газруудыг хооронд нь харьцуулсан нь үндэслэлгүй. Үнэлгээг ингэж гаргах бол шийдвэр гүйцэтгэгч өөрөө үнэлгээ гаргаж чадна. Мэргэжлийн хүнээр хөрөнгийн үнэлгээ хийлгэх гэсэн болохоос биш, Б.Эрдэнэбаатарын олон жилийн ажлын туршлага, хандлагаар үнэлгээ гаргуулах гээгүй юм. Шинжээч Б.Эрдэнэбаатарын гаргасан тооцоолол нь бусдын эрх ашгийг зөрчиж байгаа нь мөн үнэлгээний тайлан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.01.09-ний өдрийн 184/ШШ2019/00147 дугаартай захирамжаар ..................., Н.Гантогтох нараас 42,859,868 төгрөгийг гаргуулж, Прогресскапитал ББСБ ХХК-д олгох, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр гудамж, 9 тоот хаягтай, ................... нэгж талбай дугаартай 490 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах гэрчилгээний дугаар ..................., ...................дугаартай 60.83, 91.3 м.кв талбайтай сууцны болон дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ..................., Н.Гантогтох нар нь 2019 онд 19270687/01, 19270684/2, 170/03, 170/04, 19270687/6, 19270687/08, 19270687/09 дугаартай мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгийг 2019.05.03-ны өдрийн 19270687/05 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019.08.20-ны өдрийн дотор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал бүхий үнэ, төлбөр төлөгч нараас хөрөнгө гаргуулах тухай 150,000,000 төгрөгөөр үнэлсэн бол Прогресс капитал ББСБ ХХК нь тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй мэргэжлийн шинжээчээр үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 95,700,000 төгрөгөөр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу 2019.09.12-ны өдрийн 4/19804, 4/19806 дугаартай мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ буюу 95,700,000 төгрөгийн 70 хувиар тооцоод 66,990,000 төгрөгөөр албадан дуудлага худалдаагаар оруулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/03318 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар тул Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0019 Цэргийн анги 2 гудамж, 9 тоот хаягт байршилтай ................... нэгж талбарын дугаартай, 490 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ...................дугаартай газар, мөн хаягт байршилтай 60.83, 91.3 м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай гэрчилгээний ................... дугаартай, өмчлөх эрхийн ...................дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...................д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 393 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/03318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл хяналтын гомдолдоо: Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн болно. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардаж гаргасан болно. Шүүгчийн дээр дурдсан үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно”, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т “Шүүх хуралдааны завсарлагаар зохигчийг гарч явахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ................... нь хариуцагч ...................т холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг  хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч,  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн буюу нэхэмжлэлийг хангасан байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан нь эрхээ буруугаар ашигласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн аль ч үндэслэл байхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.01.09-ний өдрийн 184/ШШ2019/00147 дугаартай захирамжаар ..................., М.Гантогтох нараас 42,674,206 төгрөгийг гаргуулж Прогресскапитал ББСБ ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, 2 дугаар гудамж, 9 тоот хаягтай, ................... нэгж талбарын дугаартай, 490 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах 60.83, 91.3 м.кв талбайтай хувийн сууц болон дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалгаж шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийсэн шинжээч Мөнх-Оргил трейд ХХК-ийн тусгай зөвшөөрлийн байдал тодорхойгүй, үнэ тогтоосон аргачлал, харьцуулалт тодорхой бус тул хоёр шатны шүүх 2019.09.09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгожээ.

 

Шүүх Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Шүүх шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14, 17, 18 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан зохицуулалтын дагуу үнэлгээг үндэслэлгүй гэж үзсэн, энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд заасан “...шүүх шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гаргасан...” гэх үйлдэл нотлогдоогүйгээс гадна шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан журмыг зөрчсөн бол зөвлөлдөх тасалгааны шинжийг хангаагүйгээс бусад тохиолдолд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй болно.

 

Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/03318 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 393 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                         Х.ЭРДЭНЭСУВД

                      ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                 Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                 Д.ЦОЛМОН