Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 297

 

Д.А, А.Х нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин,

аялал жуулчлалын сайдад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:              Танхимын тэргүүн М.Батсуурь,  

Шүүгчид:                 Л.Атарцэцэг

                                  Г.Банзрагч

                                  Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:       П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжийн “Р н к” ХХК, 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжийн “И” ХХК, 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийн иргэн Д.Б нарт холбогдох хэсгээс нэхэмжлэгч нарын эзэмшлийн газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 

Гуравдагч этгээд “И” ХХК-ийн бие даасан шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын А.Х, Д.А нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0798 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0256 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гуравдагч этгээд “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,  өмгөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээд Д.Б нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0798 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 17 дугаар зүйлийн 17.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжийн “Р н к” ХХК, 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжийн “И” ХХК, 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийн иргэн Д.Б нарт холбогдох хэсгийн нэхэмжлэгч талуудын эзэмшлийн газартай давхацсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох иргэн А.Х, Д.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 44 дүгээр зүйлд заасныг баримтлан иргэн Д.А, А.Х нарт Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд аялал жуулчлалын зориулалтаар олгосон тус бүр 5.0 га талбай бүхий газрын “И” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцаж буй хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалын А.Х, Д.А нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0256 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0798 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны...” гэснийг “...Байгаль орчны...” гэж, “...А.Х, Д.А нарт холбогдох хэсэг илт хууль бус...” гэснийг “...”А.Х, Д.А нарт холбогдох хэсгийн “И” ХХК-ийн эзэмшлийн газартай давхацсан хэсэг илт хууль бус...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, Б.А нарын гомдлын агуулгад: Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн шүүхэд гаргасан шаардлага нь маргаан бүхий газар Нийслэлийн нутаг дэвсгэр эсхүл Богд Хан-Уулын дархан цаазат газрын алиных нь хилийн заагт хамаарч байгааг тогтоолгохтой холбоотой байна. Гэтэл нөхцөл байдлыг хангалттай нотлох баримтаар тогтоогоогүй. Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 239 дүгээр тогтоолын 8 дахь талд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч нь БОНХАЖЯ, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Газрын харилцаа, геодези зураг зүйн газартай хамтарсан ажлын хэсгийн тодотгосон гэх Богд Хан-Уулын хилийн цэсийн зургийг үндэслэж дүгнэлт гаргасан байх тул уг шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Учир нь томилогдсон шинжээч нь өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд хилийн заагийг өөрсдөө тодруулах байтал ажлын хэсгийн тодотгосон гэх зургийг үндэслэж байгаа нь ойлгомжгүй, шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д заасантай нийцэхгүй байна, ...дахин шинжээч томилох шаардлагатай” гэж дүгнэсэн байтал анхан шатны шүүхээс тухайн ажиллагааг хийгээгүй, ГЗБГЗЗГ-ын ирүүлсэн албан бичигт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн.

4. Мөн маргаан бүхий газрын хилийн заагийг тогтоох 3 цэг /Айц уул/1735.2/, 1624.0, 1338.0 тоот/ 3 өөр байдлаар илэрсэн байхад яагаад зөвхөн эдгээр цэгийг зөв гэж үзсэн, бусад цэгүүд ямар учраас УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд заасан цэгүүд биш гэдгийг шүүхийн шийдвэрт тусгаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шинжээч нь уг цэг бүрд шаардлагатай хэмжилтийг хийж, тэдгээрийн дугаар, тоотыг тогтоосон тохиолдолд маргааныг нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан.

5. Түүнчлэн тухайн газар орныг мэдэх, уг газарт Богд уулын байгаль хамгаалагчаар хилийн заагийн дагуу ажиллаж байсан гэрчүүдийг асуух замаар тодруулах, Засгийн газрын архиваас 26 дугаар тогтоолын төслийг хэрэгт нотлох баримтаар авсан боловч маргаан бүхий газар буюу Богдхан уулын хилийг харуулсан зураг үүнд авагдаагүй, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1/755 дугаартай Нийслэлийн өмчийн харилцааны газарт илгээсэн албан бичгийн хавсралтад “1:50 000 масштабтай зураг ашиглан” 3 цэгийг тогтоосон болон Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1/406 дугаартай албан бичгийн хавсралт дахь “1:100 000 машстабтай зурагт тэмдэглэгдсэн эргэлтийг солбицолжуулан ирүүлсэн /Айц уул/ 1735.2, 1624.0, 1338.0 тоот цэгүүдийн солбицолын минут, секундууд зөрүүтэй байгаа ба эдгээр зөрүү нь хэдэн метр газарт зөрүүтэй байгаа нь тогтоогдохгүй, түүнээс хамаарч хилийн цэс өөрчлөгдөх нь тодорхой байхад дан ганц ГЗБГЗЗГ-ын албан бичигт ирүүлсэн зургийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

6. Иймд дээрх асуудлуудыг бүрэн тодруулж, маргааныг шийдвэрлэх боломжтой тул шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

8. Маргааны үйл баримт нь газрын байршилтай холбоотой буюу Нийслэлийн Засаг даргын эсхүл Байгаль орчны сайдын шийдвэр гаргах нутаг дэвсгэрт хамаарах газар мөн эсэхийг тогтооход оршиж байх бөгөөд Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тусгай хэрэгцээний газрыг хил заагийг тогтоох эрх Улсын Их Хуралд олгогдсон байна.

9. Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогчоос уг хил заагийг газарт буулгасан цэг солбицолтой холбогдуулан өөр өөр хил заагаас тооцон маргаж, шүүхээс газрын кадастр, зураглалын асуудлаар нарийн мэдлэг эзэмшсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий газрыг нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарч байгааг тогтоож, шийдвэрлэжээ.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ба тухайн тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутаг болон нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах газрын нутгийн хилийн заагийг зааглах цэг, солбицлыг газар нь дээр нь тэмдэгжүүлж буулгасан ажиллагааг буруу тогтоосон эргэлзээтэй үйл баримтууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй, Нийслэлийн болон Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн сангийн зургууд өөр өөр, зөрүүтэй байсан тул шүүхээс энэхүү эргэлзээг арилгах үүднээс шинжээч томилж, улмаар шүүхүүд хэрэгт авагдсан олон удаагийн хэмжилт, шинжээчийн дүгнэлтээс хамгийн сүүлд үйлдэгдсэн хил зааг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг буюу тухайн асуудлаар мэргэшсэн этгээдийн цэг солбицлыг газарт буулгасан хэмжилтийг үнэн зөвд тооцож, нотлох баримтын шаардлага хангасанд тооцож, үнэлснийг буруутгах боломжгүй юм. Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “зөрүү нь хэдэн метр газарт зөрүүтэй байгаа нь тогтоогдохгүй, түүнээс хамаарч хилийн цэс өөрчлөгдөх нь тодорхой байхад дан ганц ГЗБГЗЗГ-ын албан бичигт ирүүлсэн зургийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн” тухай гомдлыг хангах үндэслэлгүй байна.

11. Нөгөө талаар, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/1825 дугаар албан бичигтэй холбогдуулан урьдчилсан хэлэлцүүлгийн үед ямар нэг санал хүсэлт гаргаагүй, тухайн цаг хугацаанд “цэг, солбицол зөрүүтэй” талаар маргаагүй, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд нотлох баримттай холбоотой хүсэлт гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт зааснаар шүүхийг нотлох баримт дутуу цуглуулсан гэж үзэх үндэслэл болохгүй, харин нэхэмжлэгч талд хамааралтай бөгөөд тухайн цаг хугацаанд нотлох баримт бүрдүүлэх асуудлаар үндэслэл бүхий тайлбар гаргаж мэтгэлцэх эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй байна.    

12. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар шинжээч нь өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцах бөгөөд өөрийн мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах тул нэхэмжлэгчийн “томилогдсон шинжээч нь өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд хилийн заагийг өөрсдөө тодруулах байтал ажлын хэсгийн тодотгосон гэх зургийг үндэслэж дүгнэлт гаргасан” гэх гомдол үндэслэлгүй, шинжээч ямар баримтыг иш үндэс болгон дүгнэлт гаргахаа өөрөө мэдэх эрхтэй, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт гаргахад шаардагдах бичиг баримтыг үнэн зөвд тооцон сонгон ашиглах, цэг солбицлыг тодорхойлох бүрэн эрхтэй болно.

13. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн засаг дарга нь өөрийн эрх хэмжээнд хамаарах, нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах газарт газар эзэмшүүлэх захирамж гаргасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдэл зөв болжээ.

14. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д зааснаар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгохдоо төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны журмаар аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг хүчин чадал, стандарт, түвшинд хүрсэн байдлыг харгалзан сонгон шалгаруулах замаар олгох атал нэхэмжлэгч нарын тухайд хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, зөвхөн газар ашиглах хүсэлтийг үндэслэн газар ашиглуулах шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх хуулийн дагуу үүсээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

15. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0256 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ    

ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ