Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 392

 

 

С.Л нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны12 дугаар сарын 11-ний өдрийн182/ШШ2019/02242 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Л нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Г холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 87 750 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч М.Г Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, ...-р байрны ...тоот хаягт байрлах 28.6 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан 15 000 000 төгрөгийг, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, ... дугаар байрны  тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг тус тус барьцаалан 30 000 000 төгрөгийг нийт 45 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцон зээлдүүлсэн. Гэтэл М.Г  нь зээлсэн мөнгөө цаг тухайд нь өгөөгүй явсаар өдийг хүрсэн төдийгүй зээлсэн мөнгөний сарын хүүг төлсөн удаагүй юм. Ийм учраас миний бие үндсэн зээл болох 45 000 000 төгрөг, 9 сарын хүү 20 250 000 төгрөг, хугацаа хэтэрсэн 270 хоногийн алдангид 22 500 000 төгрөг нийт 87 750 000 төгрөгийг М.Г оос нэхэмжилж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М.Г оос миний хохирлыг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Г ийн нэр дээр байгаа орон сууцыг барьцаанд тавиад Ж.Б  гэх хүн энэ зээлийг авсан байдаг юм. Хамгийн гол нь хувь хүмүүсийн хооронд байгуулсан 1 жилийн гэрээг тооцохоор хүү, алданги нийлээд 22 500 000 төгрөг нийт 67 500 000 төгрөг төлөх ёстой гэж үзэж байгаа ба төлсөн гэх 31 750 000 төгрөгөө хасахаар 36 000 000 төгрөг үлдээд байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх:Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Г оос зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 44 750 000 төгрөг, алданги 22 375 000 төгрөг, нийт 67 125 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Л д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 625 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Г  төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны 000592000 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, ... байр, .. тоотод байрлалтай 28.6 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, 000608201 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, ...байр, ...тоотод байрлалтай 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцуудыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Л-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 596 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Г оос улсын тэмдэгтийн хураамжид 493 575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Л-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: С.Л  нь М.Г  надаас 87 750 000 төгрөг нэхэмжилж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжпэл гаргасан билээ. Анх миний бие С.Л г танидаггүй байсан бөгөөд манай хамаатан болох Ж.Б нь миний өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавьж зээл аваад удахгүй төлнө гэсэн боловч зээлийн хүүг төлөөд үндсэн зээлийг төлөөгүй байдаг. Миний бие Ж.Б-д  итгэж байсан тул орон сууцаа барьцаанд тавьж өгсөн. Гэтэл зээл төлөөгүйн улмаас барьцаанд тавьсан миний өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа нь надад үнэхээр хүндрэлтэй байна. Хэдийгээр шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн боловч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангавал нэг төгрөг байсан ч хасуулах хүсэлтэй байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг 67 125 000 төгрөгөөр хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Ж.Б  нь нэхэмжпэгч С.Л д нийт 31 750 000 төгрөг төлсөн гэж надад тайлбарладаг. Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас 27 250 000 төгрөг хасч үлдэх 4 500 000 төгрөгийг хасч тооцоогүй боловч миний бие энэ мөнгөнөөс 2 000 000 төгрөг ч гэсэн хасуулах хүсэлтэй байна. Иймд шүүхийн шийдвэрлэсэн 67 125 000 төгрөгөөс дахин 2 000 000 төгрөгийг хасч тооцож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Л  нь хариуцагч М.Г тод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 87 750 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасныг зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, 15 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, 30 000 000 төгрөгийг тус тус 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон зээлдүүлэхээр тохиролцож, орон сууцны зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор М.Г ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж,  дугаар байр, тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2204027618 дугаартай, 28.6 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол,  дугаар байр  тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2204005701 дугаартай, 30 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээл болон барьцааны гэрээнүүдээр тогтоогдож байна. /хх5-10/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул уг барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр албадан худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрх нэхэмжлэгчид Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар олгогдсон тул дээр дурьдсан барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Зохигчид зээл болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлцэлд тавигдах хуулийн шаардлагыг хангасан, учир дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Хэргийн 35-48 дугаар тал дахь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хэргийн 78 дугаар тал дахь шүүх хуралдаанд талуудын тооцооны талаар гаргасан тайлбараар 27 250 000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. Иймээс хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг болох 72 000 000 төгрөгөөс төлөгдсөн 27 250 000 төгрөгийг хасч тооцож, харин хариуцагчийн 31 750 000 төгрөг төлснөөс 4 500 000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх тайлбарыг нотолсон баримтгүй тул хасч тооцох боломжгүй талаар шүүх зөв дүгнэсэн байна. /хх-78/

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч М.Г оос зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 44 750 000 төгрөг, алданги 22 375 000 төгрөг нийт 67 125 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Л д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нь “...31 750 000 төгрөг төлсөн байхад шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас 27 250 000 төгрөг хасч үлдэх 4 500 000 төгрөгийг хасч тооцоогүй орхисон тул дахин 2 000 000 төгрөгийг хасуулна” гэх гомдол гаргасан боловч уг мөнгийг бэлнээр өгсөн талаар нотолсон баримтгүй учир хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул түүний энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/02242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ                                                                                     

                          ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ