| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 1910003400555 |
| Дугаар | 2020/ДШМ/1510 |
| Огноо | 2020-12-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2020/ДШМ/1510
Ж.М-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Нарангэрэл,
шүүгдэгч Ж.М-, түүний өмгөөлөгч Р.Бадмаа,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/582 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ж.М-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1910003400555 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж.М-, 1987 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Булган аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,
- Булган аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялаа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа хорих 439 дүгээр ангид эдэлж байгаад 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс хорих 461 дүгээр ангид шилжүүлэн цагдан хорьсон,
Ж.М- нь 2019 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө фэйсбүүкээр танилцсан А.О-ийг “манай гэрт хөдөөнөөс ах дүүс ирсэн, тэднийг манайхаас явтал караокед сууж байгаад манай гэр лүү явъя” гэж хэлж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Темп” гэх нэртэй караокед А.О-ийн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа “дүү ирж байгаа, дүүгээр чиний ачааг гэр лүү түрүүлээд хүргүүлье” гэж хэлж түүний 1.800.000 төгрөгийн үнэ бүхий “Дэлл Ай3” загварын зөөврийн компьютер, булган шуба зэрэг эд зүйлсийг нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан авч залилсан,
мөн 2019 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Темп” гэх нэртэй караокед А.О-ийн хамт үйлчлүүлж байхдаа ширээн дээр байсан түүний “Самсунг А6” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ж.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 7 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жил 7 сар 15 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 61 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...илт үргэлжилсэн үйлдэл байхад хоёр шийтгэх тогтоолоор яллаж эрх зүйн байдлыг маань дордууллаа. Мөрдөн байцаалтын явцад буюу 2019 оны 12 сард миний бие эрүүгийн 1910003400555 дугаартай хэргийг 201301051866 дугаартай хэрэгт нэгтгэн шалгаж өгөхийг мөрдөгч, прокуророос хүссэн боловч нэгтгээгүй. Түүнчлэн би хохирогчийн гар утсаар ярьчихаад өгье гэж хэлээд 2-3 удаа гарсан. Гарахдаа халаасандаа хийгээд тэр чигтээ явсан байсан. Энэ үйлдэл минь хулгайлах гэмт хэргийн шинжтэй биш залилангийн шинжтэй үйлдэл байсан. Иймээс миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэн ашигтай байдлаар хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ж.М-ын өмгөөлөгч Р.Бадмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.М-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Учир нь, 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр А.О-т хохирол учруулсан хэрэгтэй холбогдуулж Ж.М-ыг шалгахдаа түүний эрхийг зөрчсөн. Ж.М- өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гээд 2 удаа мэдүүлэг өгөхөөс татгалзахад эрхийг нь зөрчиж мэдүүлэг авсан. Мөн прокурор яллагдагчаар татсан анхны тогтоолдоо зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татсан. Гэтэл дараа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг нэмж зүйлчлэн хүндрүүлсэн боловч яллагдагчаас дахин мэдүүлэг аваагүй. Энэ талаар хүсэлт, гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Хэргийн хувьд хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байна. Цүнхэнд байсан зүйлийг гэрт нь аваачиж өгөх гэсэн нь үнэн. Харин гар утсыг “миний утасны цэнэг дууссан, утсаар чинь яриад өгье” гэж хэлээд авсан байдаг. Энэ нь залилангийн шинжтэй. Шүүх хуралдаанд хохирогч А.О-ээс “таны гар утсыг ширээн дээр байхад нь авсан юм уу, яаж авсан бэ” гэж асуухад “утсаар ярья гэж хэлээд авсан, тэгээд нааш цааш утсаар яриад яваад байсан” гэж хариулсан. Нөгөөтэйгүүр Ж.М- 2015-2018 оны хооронд үргэлжилсэн үйлдэлтэй залилах гэмт хэрэг байгаа талаараа сүүлд шалгагдаж байсан хэргийнхээ мөрдөгч, прокурорт хэлж, нэмж нэгтгүүлэхийг хүссэн боловч хүлээж аваагүй. Үүнээс болж шүүгдэгчийн эрх зүйн байдал дордсон. Нэгтгэж шийдвэрлүүлсэн бол өмнө шийтгүүлсэн 7 жил хорих ялд багтаж ял шийтгүүлэх байсан. Тухайн үед хуулийн байгууллагын хариуцлагагүй ажиллагаанаас болсон гэж үзэж байна. Учир нь, өмнөх хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хянагдаж байхад нэмж нэгтгэх бүрэн боломжтой байсан. Шүүх шударга ёсны зарчмыг баримталж үйлдсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулах ёстой. Мөн энэрэнгүй ёсны зарчмыг баримталж, үүнийг харгалзан үзэх ёстой байсан. Хоригдож байгаа хүний хувьд 1 сар, 1 хоног ч хүнд байдаг тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргүүдийг нэгтгэн шалгуулах боломжтой гэж үзвэл нэмж нэгтгүүлэхээр прокурорт буцаах, нэгтгэн шалгуулах боломжгүй гэж үзвэл түүний эдлэх ялаас багасгаж өгнө үү.” гэв.
Прокурор Н.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ж.М- нь 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн шийтгэх тогтоолд гомдол гаргаж, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдсан. Тухайн үед давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүх түүний гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Үүний дараа энэ хэргийг Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч гар утсыг хулгайлж биш залилж авсан гэж байна. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд хохирогч А.О- биечлэн оролцохдоо “гар утас ширээн дээр байсныг Ж.М- хэзээ, хэдээр авсан, ямар утас юм бэ, гоё утас байна гээд үзээд байсан” гэж мэдүүлдэг болохоос “яриад өгье, утас цэнэггүй байсан” гэх зүйл огт яриагүй. Ярьж байгаад аваад гарсан гэх мэдүүлгийг зөвхөн шүүгдэгч мэдүүлдэг. Анх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татсан. Мөрдөн байцаалт явагдсаны үр дүнд гар утсыг нууц, далд аргаар авсан болохыг тогтоож, яллах дүгнэлт үйлдэх үедээ яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Тухайн үед мөрдөгч яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, мэдүүлэг авах гэхэд Ж.Мөнхбааатар өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэдэг. Харин өмгөөлөгч нь “би хуралтай, завгүй байна, амжихгүй байна” гэдэг. Шүүхийн шатанд өмгөөлөгч авч, өмгөөлөгчтэй дахин мэдүүлэг өгсөн тул түүний өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрх нь зөрчигдөөгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Ж.М- нь 2019 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Темп” нэртэй караокед өөрийн танил А.О-ийн хамт үйлчлүүлж байхдаа “Дүү ирж байгаа, дүүгээр чиний ачааг гэр лүү түрүүлээд хүргүүлье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний “Дэлл Ай3” загварын зөөврийн компьютер, булган шуба зэрэг эд хөрөнгийг шилжүүлэн авч, нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн А.О-ийн хамт ширээн дээр байсан “Самсунг A6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна.
Хохирогч А.О- нь “...тэр залуу өөрийгөө “Мөнхдөл” гэж танилцуулаад “Олимп хотхонд 4 өрөө байранд гарцаараа амьдардаг, хувиараа бизнес эрхэлдэг” гэж ярьж байсан. Харин би тэр залууд “15.000.000 төгрөгт багтсан автомашин худалдан авахаар сонирхож байгаа, цалингийн зээл авч автомашин худалдаж авна” гэж хэлэхэд тэрээр “би саяхан 100.000.000 төгрөгөөр хүнд байр худалдсан чинь тэр хүн надад “Тоёота Харриер” загварын автомашин 2 ширхэг, “Тоёота Приус” загварын автомашин 1 ширхэгийг байрны үнийн дүнд өгсөн, “Тоёота Харриер” загварын автомашиныг би 34.000.000 төгрөгөөр худалдах гэж байгаа юм, чи автомашин авах гэж байгаа бол чамаас урьдчилгаа төлбөр авахгүйгээр, зээлээр 27.000.000 төгрөгөөр “Тоёота Харриер” загварын автомашинаа худалдъя” гэж хэлсэн. ... Мөнхдөл намайг тосохдоо таксигаар ирсэн ба “манай гэрт хөдөөнөөс ах дүүс ирсэн, тэднийг манайхаас явтал караокед сууж байгаад манай гэр лүү явъя” гэж хэлсэн. Ингээд бид хоёр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Темп” нэртэй караокед орсон. ... Тэгтэл Мөнхдөл “дүү ирж байгаа, дүүгээр чиний ачааг гэр лүү түрүүлээд хүргүүлье” гэхээр нь би түүнд итгээд аймгаасаа авч ирсэн хар өнгийн цүнхтэй “Дэлл Ай3” загварын 14 инчийн дэлгэцтэй зөөврийн компьютер, хагас богино урттай хар өнгийн булган шуба, цэнхэр өнгийн цүнхээ өгөөд гаргасан. Мөнхдөл орж ирэхгүй удаад байхаар нь өрөөнөөс гарч ресепшнээс асуутал “цүнх барьсан эрэгтэй хүн гараад явсан, буцаж орж ирээгүй” гэж хэлсэн. ... уг эрэгтэй хүний авч гарсан эд зүйл дунд миний гар утас байсан. Миний гар утсыг ширээн дээр байхад нь аваад гараад явчихсан байсан. ...” /хх-ийн 23/ гэж Ж.М-т эд хөрөнгөө өгөх болсон шалтгаан, өгсөн эд хөрөнгийн болон алдагдсан эд хөрөнгийн шинж чанар, тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:
- шүүгдэгч Ж.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би хохирогчтой танилцаад тухайн өдөр түүний компьютер, гар утсыг залилсан нь үнэн. ... би тухайн үед 2-3 удаа хохирогчийн гар утсаар ярьсан бөгөөд мартаад халаасандаа хийгээд тэр чигтээ аваад явчихсан байсан. ...” /хх-ийн 173/ гэсэн мэдүүлэг,
- Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Темп” караокены хяналтын дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн “...2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 01 цаг 45 минутад А.О- нь гаднаас цайвар саарал өнгийн куртиктэй, хар өнгийн бараан өмдтэй, халимаг үстэй, махлагдуу биетэй, эрэгтэй хүнтэй хамт орж ирж өрөө авах бөгөөд тухайн өрөөнөөс 02 цаг 36 минутад дээрх эрэгтэй нь гартаа хөх өнгийн цүнх мэт зүйл барин гарч байгаа бичлэг байв...” /хх-ийн 14/ гэсэн тэмдэглэл,
- уг бичлэг дээрх эрэгтэйг Ж.М- мөн болохыг таньсан хохирогч А.О-ийн “...зурган дээр байгаа эрэгтэй хүн миний эд зүйлийг авсан хүн мөн байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/,
- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 32/ зэргээр давхар нотлогджээ.
Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилгыг агуулдаг.
Энэ гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэрэг, тухайлбал хулгайлах, дээрэмдэх гэмт хэргээс өмчлөгч хууртагдсан итгэсэн учраас гэмт этгээдэд эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхээ сайн дураараа өгсөн байдгаараа ялгагддаг.
Харин хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс төгссөнд тооцдог.
Хохирогч А.О- нь хууртагдсаны улмаас өөрийн эд хөрөнгө болох зөөврийн компьютер, булган шуба зэргийг сайн дураар шүүгдэгч Ж.М-т өгсөн байх ба Ж.М- нь хэргийн газраас холдохдоо түүнд мэдэгдэхгүйгээр, нууцаар гар утсыг нь авсан үйл баримт тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ж.М-ын санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн байдал зэрэг нь залилах болон хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Хэргийн материалаас үзэхэд, шүүгдэгч Ж.М- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журам/-ийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зохицуулсан.
Шүүгдэгч Ж.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн буюу “Залилах” гэмт хэрэгт удаа дараагийн үйлдлээр холбогдсон байх ба зарим үйлдэлд нь тусдаа мөрдөн шалгах ажиллагаа явагдаж яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр ял шийтгүүлсэн байна.
Түүний үйлдсэн “2019 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Темп” нэртэй караокед өөрийн танил А.О-ийн хамт үйлчлүүлж байхдаа “Дүү ирж байгаа, дүүгээр чиний ачааг гэр лүү түрүүлээд хүргүүлье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний “Дэлл Ай3” загварын зөөврийн компьютер, булган шуба зэрэг эд хөрөнгийг шилжүүлэн авч, нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг нь дээрх шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдож, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэж тус тус зааснаас үзвэл түүний үйлдсэн нэг төрлийн гэмт хэрэг тус бүрийг шүүхээр хянан шийдвэрлэж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь эрх зүйн байдлыг дордуулахаар байх боловч тэрээр зарим хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад өөр бусад гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа асуудлаа мэдэгдээгүй нь өөрийн эрх зүйн байдлыг дордуулах үр дагаварыг үүсгэжээ.
Дээрх байдлуудыг үндэслэн шүүгдэгч Ж.М-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсгүүдэд заасан хэмжээний дотор хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан ялуудыг нэмж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ... цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж заасан байхад шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад тусгахдаа “...ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэж хуульд заагаагүй, ойлгомжгүй үг хэллэгээр бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн шаардлагад нийцээгүй болохыг дурдаж байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гэм буруу болон ялын талаар гаргасан шүүгдэгч Ж.М-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/582 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН