Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 430

 

М ХХКнэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02726 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М ХХКнэхэмжлэлтэй,

Хариуцагч Х ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний төлбөрт 20 822 581 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Хандмаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Буянбадрал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК-ийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/14 дүгээр тушаалаар тус компанийн ерөнхий нягтлан бодогч Б.Энхзаяад DOOSAN 3000 маркийн 8526 УБ улсын дугаартай экскаваторыг түрээслүүлэх гэрээ байгуулах эрх олгосны дагуу Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б харилцан тохиролцож, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар DOOSAN 3000 маркийн 8526 УБ дугаартай экскаваторыг Х ХХК-ийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт орших алтны уурхайд 1 сарын 24 000 000 төгрөгөөр түрээслүүлэх гэрээ байгуулж, техникийг алтны уурхайд хүргэж өгсөн. Гэтэл Х ХХК-ийн алтны уурхайн үйл ажиллагаа доголдож, экскаваторыг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 34 хоног ажиллуулсан байдаг. Х ХХК-ийн уурхайн үйл ажиллагаа доголдож, ажил нь тасалдаж хийгдээгүй тул экскаваторыг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон. Автомашин түрээслэх гэрээний 5.2-т “гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээг нэг талын санаачилгаар цуцалж болно” гэж заасны дагуу хариуцагч компани нь гэрээг цуцлах санал гаргаж, 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус автомашиныг өөр алтны уурхай руу шилжүүлэн ажиллуулсан. Хариуцагч компанийн захирал Б.Б Хаан банкин дахь 5017237470 тоот данснаас төлбөл зохих нийт дүн 26 322 581 төгрөгөөс түрээсийн төлбөрт 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагчид удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч удахгүй өгнө, хүлээж бай гэж хэлдэг байсан боловч сүүлийн үед утас нь холбогдохгүй, хариуцах эзэнгүй болсон. Түүнчлэн автомашин түрээслэх гэрээний 4.1.1-т “энэхүү гэрээтэй холбогдон гарч болзошгүй бүх санал зөрөлдөөн, маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Зөвшилцлөөр шийдвэрлэж чадахгүй тохиолдолд санал зөрөлдөөн маргааныг түрээслүүлэгчийн харъяа шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна. Иймд Х ХХК-иас автомашин түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 20 822 581 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь М ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжлэлд дурдьсан техникийг ашиглаагүй болно. Х ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Б.Б гэгч биш ба тус компанийн гүйцэтгэх захирлаар Ц.Н2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Б.Б гэгч нь Х ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд төдийгүй, манай компанийн ажилтан ч биш байхад түүний байгуулсан автомашин түрээсийн гэрээг Х ХХК-ийн байгуулсан гэж үзэх нь хууль бус юм. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт “гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасан. Түүнчлэн Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болдог ч Б.Б гэгчид хэлцэл хийх гэрээ байгуулах компани төлөөлөх зэрэг эрх олгосон итгэмжлэл нь Х ХХК-ийн зүгээс олгоогүй болно. Иймд Х ХХК-ийг төлөөлж гэрээ хэлцэл хийх эрх гагцхүү гүйцэтгэх захирал Ц.Нандинцэцэгт хадгалагдаж байна. Нэхэмжлэгч М ХХК нь Х ХХК-ийг төлөөлөх эрхгүй, компанид ямар ч хамааралгүй Б.Б гэгчтэй түрээсийн гэрэ байгуулсан нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8 дахь заалтуудыг зөрчиж байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, төлөөлүүлэгч этгээд зөвшөөрөл хүчин төгөлдөрт тооцож болохоор зохицуулсан ба хариуцагч зөвшөөрөхгүй байх тул төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Иймд Б.Б нь Х ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд тус компанийн зүгээс түүнд эрх олгоогүй, Б.Б нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш, талуудын байгуулсан гэх гэрээнд Б.Б гарын үсэг зурсан, гэрээний төлбөрийг Б.Б хувь хүний дансаар төлсөн, М ХХК-ийн түрээсэлсэн гэх экскаваторыг Х ХХК хүлээн авч ашиглаагүй, тоног төхөөрөмж хүлээлцсэн акт байдаггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 20 822 581 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 063 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 262 063 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянбадралын давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрт: "... гэрч Б.Б, Б.А гэрчийн мэдүүлэг, гэрч Б.Б дансны хуулга, М ХХК-ийн захирал Н.Мөнхзоригийн дансны хуулга зэргээр талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ооозап 3000 маркийн экскаватор Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт алтны уурхайд түрээслэн авч ашигласан, түрээсийн төлбөрт 5 500 000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна. Түрээсийн төлбөрийн дутуу 20 822 581 төгрөгийг төлөх үүрэгтэй байна, нөгөөтэйгүүр, хариуцагчийн төлөөлөгчийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байгааг талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ дуусгавар болж, талууд түрээсийн гэрээгээр шилжүүлж өгсөн эд хөрөнгөө буцаан авсан үйл баримтад хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

1. Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Х ХХК нь тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээг байгуулаагүй, гэрээнд дурдаад байгаа Ооозап 3000 маркийн экскаваторыг авч ашиглаагүй талаар дурдсан. Хариуцагч Х ХХК нь тухайн гэрээг байгуулаагүй, экскаваторыг "авч ашиглаагүй, харин Б.Б нь өөрөө М ХХК-тай гэрээ байгуулж, экскаваторыг хувьдаа ашигласан боловч төлбөрийг Х ХХК-аар төлүүлэх гэж байна” гэх хариу татгалзлаа нотлоход тус гэрээг компанийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан болохыг тогтоох, тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нь чухал ач холбогдолтой юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт гэрч Б.Б, Б.А гэрчийн мэдүүлэг, гэрч Б.Б дансны хуулга, 4. Нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Н.Мөнхзоригийн дансны хуулгыг тус тус нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, зөвхөн дээрх баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх ямар ч боломжгүй юм. М ХХК нь Х ХХК-тай байгуулсан гэх гэрээний дагуу экскаваторыг хэрхэн Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хүргэн өгсөн, хаана ямар ажил хийсэн талаар ямар ч баримт байдаггүй ба зөвхөн гэрч Б.А , Б.Б нарын мэдүүлгэд үндэслэсэн. М ХХК нь анх шүүхэд 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагч Х ХХК-д нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүссэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс хүнд даацын тоног төхөөрөмж зөөвөрлөсөн байж болзошгүй үйл баримтыг тодруулах зорилгоор Цагдаагийн байгууллагаас 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацаанд Х ХХК нь Дархан-уул аймгийн Шарын гол сум руу зөөрлөсөн эсэх талаар холбогдох цагдаагийн байгууллагаас нотлох баримт гаргуулахад Х ХХК нь хүнд даацын тоног төхөөрөмж зөөвөрлөөгүй болохыг тодорхойлсон баримт нотлох баримтаар ирсэн байдаг. Гэрчүүдийн мэдүүлгийг эс тооцвол хэрэг дээрх үйл баримтыг нотлох ямар ч баримт авагдаагүй, харин гэрч Б.Б, Б.А нь шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй боловч өөрсдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор болсон үйл баримтын талаар шүүхэд худал тайлбар гаргасан. Тухайлбал: гэрч Б.Б нь мэдүүлэгтээ Х ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байсан, 2018 оны 04 дүгээр сард үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдсон, н.Б , н.Баттулга нар томилсон, Х ХХК-аас санхүүжилт хийж тэр мөнгөөр нь экскаватор түрээсэлсэн, тус экскаватор Х ХХК-ийн Шарын голын алтны уурхайд ажиллаж байсан” гэх мэдүүлгүүд нь үндэслэлгүй болох нь Х ХХК-аас ирүүлсэн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/21 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан тоот баримтаар “Б.Бг үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллуулж байгаагүй болох нь тогтоогдсон. Мөн Х ХХК-ийн захирал нь Ц.Нажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан тус компанийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байх тул н.Б , н.Баттулга нар нь Б.Бг үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилох ямар ч боломжгүй, худал мэдүүлэг өгсөн болох нь тогтоогддог. Гэрч Б.Ань мэдүүлэгтээ “2019 оны 03 дугаар сард М ХХК -д ажилд орсон, 2018 оны 03 дугаар сард “Монгол Од ХХК-д ажилд орсон бөгөөд тэр хугацаанд Б.Б экскаватор хэрэгтэй байна гэсэн ... гэрээ хийхэд манай компанийн нягтлан н.Энхзаяа, “НВЦ” ХХК-ийн нарийн бичиг н.Б байсан, ... манай захирал Мөнхзориг бид хоёр гадаа байсан, ... Б.Б экскаватор түрээсэлнэ гэж надтай яриад би захиралдаа хандсан, ... Х ХХК түрээсэлсэн ... экскаваторыг 05 дугаар сарын 24-ний өдөр авч явсан, ... 05 дугаар сарын 14-ний өдрөөс 6 сарын дунд үе хүртэл түрээслэсэн ..." гэх мэт өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгийг өгсөн нь түүнийг бодит үйл баримтын талаар мэдэхгүй худал мэдүүлэг өгснийг гэрчилж байна гэж үзэж байна. Мөн гэрч Б.Б дансны хуулгыг авч үзвэл хэдийгээр Х ХХК- аас, Х ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Х.Б тодорхой хэмжээний орлогын гүйлгээ орж, тухайн үнийн дүнгээр тус компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тохиолдол байдаг боловч Б.Б нь албан ёсоор Х ХХК-д ажиллаж байгаагүй болох нь хариуцагчаас хавтаст хэрэгт гаргаж өгсөн тус компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн хуулбараар нотлогддог. Х ХХК-ийн зүгээс шүүхэд тайлбар гаргахдаа Б.Бг огт танихгүй мэдэхгүй гэх худал тайлбар гаргаагүй бөгөөд тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Х.Баттулгын үеэл дүү учир түүнд тодорхой хэмжээнд тухай бүрт нь эрх олгож, үүрэг болгосны дагуу компанийн зарим үйл ажиллагааг хийж гүйцэтгүүлдэг байсан талаар дурдаж байсан боловч яг энэхүү маргаантай асуудал буюу М ХХК-тай гэрээ байгуулж, экскаватор түрээслэх эрх олгоогүй, экскаватор түрээслэх зорилгоор мөнгө шилжүүлээгүй, экскаваторыг хүлээн авч Шарын голын Хуурай 1 уурхайд ашиглаагүй юм. Харин Б.Б хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаас үзэхэд экскаваторын нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Мөнхзоригийн данс руу экскаваторын түрээсэнд 5 500 000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн гүйлгээнээс нэг гүйлгээний өмнө Б.Б Хаан банкны 5017237470 дугаарын дансанд мөн Хаан банкны 5007398086 гэх Хөхөө овогтой Мөнхтогтох гэх иргэний данснаас “ekeskevator” гэх утгаар орлогын гуйлгээ орсон байдаг. Өөрөөр хэлбэл Х ХХК нь тус экскаваторыг түрээслэх байсан бол Х ХХК-ийн мөнгөөр түрээсийн төлбөрийг төлөх ёстой байхад Б.Б нь Х ХХК-д ямар ч хамааралгүй өөр этгээдийн шилжүүлсэн мөнгөөр экскаваторыг хувьдаа түрээслэн ашигласан болох болох нь тогтоогдож байгаа гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу “тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүй, хэт нэг талыг баримталж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 20 822 581 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х ХХК-иас 20 822 581 төгрөгийг шаардах үндэслэлээ “...талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан автомашин түрээслэх гэрээний дагуу шаардсан төлбөр” гэж,  хариуцагч Х ХХК нь “...уг гэрээ нь хууль зөрчиж, зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл тул зөвшөөрөхгүй” гэж зөрүүтэй тайлбар гаргасан байна.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс маргааны зүйлд хамааралтай үйл баримт дараах үндэслэлээр бүрэн тогтоогдоогүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч М ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “...тухайн үед түрээсийн мөнгө Б.Б дансанд орж ирсэн ч ямар утгаар орж ирснийг санахгүй байна. Компаниас миний дансанд орж ирээд танай компанид өгсөн” гэх тайлбарыг гаргаж, Б.Бг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2019/07777 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Гэвч уг захирамжийн биелэлт хангагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан ажиллагааг дутуу хийсэн гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг байна.

 

Хариуцагч Х ХХК-иас Дархан-Уул аймгийн шарын гол сумын Цагдаагийн газарт 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөр огноолсон DOOSAN 3000 маркийн экскаваторыг тээвэрлэхтэй холбоотой зөвшөөрөл хүсч байсан баримтын хуулбар хэрэгт авагджээ. Уг баримт бодитойгоор цагдаагийн газарт илгээгдсэн эсэх,  хэрэв илгээгдсэн бол дээрх баримт цагдаагийн газарт эх хувиар байх боломжтой. Энэ баримт дээр компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан эсэх, үүний дагуу ямар тээврийн хэрэгслийг тээвэрлэсэн бэ гэх нөхцөл байдал хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний  дагуу гэрээнд гарын үсэг зурсан этгээд нь  компанийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц баримтууд хэрэгт авагдсан байна. Тодруулбал, улсын бүртгэлийн гэрчилгээний ар талд тус компанийг төлөөлөх эрхтэй этгээдээр тэмдэглэгдсэн этгээд нь гэрээнд гарын үсэг зурсан Б.Б биш байна.

 

Түрээсийн гэрээг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэсэн огноотой атлаа доторх агуулгад “2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл үйлчилнэ” гэж зааснаас үзвэл гэрээний дагуу тээврийн хэрэгслийг шилжүүлж, ашиглаж эхэлснээс хойш гэрээ байгуулагдсан, эсхүл өөр тээврийн хэрэгслийг хариуцагч компани ашиглаж байсан эсэх нөхцөл байдал хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ. Энэ талаар хариуцагч компанийн зүгээс “...Б.Б нь уг экскаваторыг хувь хүний зүгээс өөр бусад этгээдтэй хамтран түрээсэлж, уг төлбөрийг компаниар төлүүлэхийн тулд энэ гэрээг нөхөж гүйцэтгэсэн гэж үзэж байна. Энэ бол хавтаст хэрэгт авагдсан Б.Б дансны хуулгаар, мөнгийг М ХХКданс руу 5 500 000 төгрөг шилжүүлсэн гэх 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дансны хуулганд Б.Б хамтарч экскаваторыг түрээсэлж байгаа н.Мөнхтогтох гэх хүний данснаас 7 500 000 төгрөг орлогын гүйлгээ хийгдэн, уг гүйлгээнээс хэдхэн минутын дараа Б.Б уг мөнгийг М ХХК руу шилжүүлсэн нөхцөл байдлууд тогтоогддог“ тайлбар шүүх хуралдаанд гаргаж мэтгэлцсэн байна. /хх-138/

 

Түүнчлэн, түрээсийн гэрээнд хариуцагч байгууллагын тэмдэг дарагдсан  тохиолдолд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй этгээдээр төлөөлүүлсэн гэх ойлголтыг нөгөө талд төрүүлсэн эсэх нөхцөл байдалд шүүхээс дүгнэлт хийх шаардлагатай. Нэхэмжлэгчийн тайлбарт дурдагдсан хариуцагч байгууллагын тэмдэгийг нягтлан бодогч н.Б хариуцаж байсан, гэрээг компанийн байранд очиж байгуулах үед нягтлан бодогч байсан мэдсэн гэх агуулга бүхий тайлбар гаргасны дагуу шүүхээс нягтлан бодогчоор ажиллаж байсан н.Б гэрчээр асуухаар шийдвэрлэсэн байна. Гэвч уг захирамжийн биелэлтийг хангалгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь нотлох баримтыг дутуу бүрдүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн зөрчилд хамаарна.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, дурдсан зөрчлийг залруулах замаар алдааг залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дээрх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02726 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                        

                         ШҮҮГЧИД                                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ