Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01355

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

                   иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02726 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 430 дугаар магадлалтай, 

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох, 

Түрээсийн гэрээний төлбөрт 20,822,581 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Л.Атарцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 3 сарын 06-ны өдрийн 01/14 дүгээр тушаалаар DOOSAN 3000 маркийн 8526 УБ улсын дугаартай экскаваторыг түрээслүүлэх гэрээний дагуу *******-ийн гүйцэтгэх захирал Б.Баяндүүрэнтэй харилцан тохиролцож, 2018 оны 5 сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 сарын 13-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар DOOSAN 3000 маркийн 8526 УБ дугаартай экскаваторыг *******-ийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт орших алтны уурхайд 1 сарын 24,000,000 төгрөгөөр түрээслүүлэх гэрээ байгуулж, техникийг алтны уурхайд хүргэж өгсөн. Гэтэл *******-ийн алтны уурхайн үйл ажиллагаа доголдож, экскаваторыг 2018 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэл нийт 34 хоног ажиллуулсан. Автомашин түрээслэх гэрээний 5.2-т Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээг нэг талын санаачилгаар цуцалж болно гэж заасны дагуу хариуцагч компани нь гэрээг цуцлах санал гаргаж, 2018 оны 6 сарын 16-ны өдөр тус автомашиныг өөр алтны уурхай руу шилжүүлэн ажиллуулсан. Хариуцагч нь төлбөл зохих нийт дүн 26,322,581 төгрөгөөс түрээсийн төлбөрт 2018 оны 5 сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Иймд *******-аас автомашин түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 20,822,581 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь Монгол од ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан техникийг ашиглаагүй болно. *******-ийн гүйцэтгэх захирал нь Б.Баяндүүрэн гэгч биш ба тус компанийн гүйцэтгэх захирлаар Ц.Нандинцэцэг 2018 оны 4 сарын 02-ны өдөр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Б.Баяндүүрэн гэгч нь *******-ийг төлөөлөх эрхгүй этгээд төдийгүй, манай компанийн ажилтан ч биш байхад түүний байгуулсан Автомашин түрээсийн гэрээг *******-ийн байгуулсан гэж үзэх нь хууль бус юм. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, төлөөлүүлэгч этгээд зөвшөөрөл хүчин төгөлдөрт тооцож болохоор зохицуулсан ба хариуцагч зөвшөөрөхгүй байх тул төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Иймд Б.Баяндүүрэн нь *******-ийг төлөөлөх эрхгүй этгээд бөгөөд тус компанийн зүгээс түүнд эрх олгоогүй, Б.Баяндүүрэн нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш, талуудын байгуулсан гэх гэрээнд Б.Баяндүүрэн гарын үсэг зурсан, гэрээний төлбөрийг Б.Баяндүүрэн хувь хүний дансаар төлсөн, Монгол од ХХК-ийн түрээсэлсэн гэх экскаваторын Хааны харгүй ХХК хүлээн авч ашиглаагүй, тоног төхөөрөмж хүлээлцсэн акт байдаггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02726 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 20,822,581 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,063 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 262,063 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монгол од ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 430 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02726 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/Ш32019/07777 дугаар захирамжаар гэрчээр тухай үед гэрээ байгуулсан Б.Баяндүүрэнг асуусан бөгөөд түүний гэрчийн мэдүүлэг хэрэгт хавсаргагдсан байхад, хэргээ сайтар нягталж үзэхгүй Б.Баяндүүрэнг гэрчээр асуух захирамжийн биелэлт хангагдаагүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэнд гомдолтой.

Магадлалд гэрээний дагуу тээврийн хэрэгслийг шилжүүлж ашиглаж эхэлснээс хойш гэрээ байгуулагдсан эсэхийг тодруулах... гэжээ. Гэтэл энэ нөхцөл байдлыг тодруулж, гэрч Алтангэрэл, гэрч Б.Баяндүүрэн нарыг асуусан бөгөөд гэрч Алтангэрэл гэрээг хариуцагчийн ажлын байранд буюу тухайн үед хариуцагчийн ажил хэргээ явуулдаг НВЦ-ын ажлын байранд гэрээг байгуулсан, хариуцагч одоо ч энэ хаягт үйл ажиллагаа явуулдаг хэвээр байгаа болно. Өөрөөр хэлбэл хариуцагч татгалзлаа Эрх бүхий биш этгээд гэрээг байгуулсан хэмээн маргасан байхад хариуцагчийн татгалзалд хамааралгүй асуудал болох гэрээ байгуулсан он цаг хугацаа бүхий асуудалд дүгнэлт хийж, энэ байдлыг тодруулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэнд гомдолтой. Нөгөө талаас гэрч Алтангэрэл маргаан бүхий тээврийн хэрэгслийг зөөж тээвэрлэхэд байлцсан, тээврийн хэрэгслийг хариуцагчийн алтны уурхайд ашиглаж байсан, ашиглаж байх хугацаанд нэхэмжлэгчээс гэрч Алтангэрэл цалин авч байсан баримт хэрэгт байсаар байтал үүнд дүгнэлт хийлгүй, шийдвэрийг хүчингүй болгосонд гомдолтой. Мөн Б.Баяндүүрэн, н.Мөнхтогтох нар хамтарч экскеваторыг түрээсэлж байгаа гэх нөхцөл байдал огт тогтоогдоогүй бөгөөд, хэрвээ хариуцагч тэднийг хамтарч автомашин түрээсэлсэн гэж үзэж байгаа бол хариуцагч татгалзлаа өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад хариуцагчийн үүргийг шүүхийн үүрэг мэтээр ойлгож, шийдвэрийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах үед нягтлан Баярмагнай байлцсаныг хариуцагч татгалздаггүй, гэрчүүд мэдүүлдэг, одоо ч ажиллаж байгааг үгүйсгэдэггүй, энэ талаарх баримтыг хариуцагч өөрөө шүүхэд гаргаж өгсөн зэргээс энэхүү гэрээг эрх бүхий этгээд байгуулсан болох нь харагддаг.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 430 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02726 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай байна.

 

Нэхэмжлэгч Монгол од ХХК нь 2018.5.31-ний өдрийн Авто машин түрээслэх тухай гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, *******-иас 85-26 УБ улсын дугаартай DOOSAN 3000 загварын автомашин ашигласны түрээсийн төлбөрт 20,822,581 гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч ...уг гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл,...манайх уг машиныг хүлээн авч ашиглаагүй... гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх ...талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан..., ...түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй... гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн... нотлох баримт дутуу ... гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

 

Хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу ******* нь хариуцагч Хааны харгуй  ХХК-иас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

 

...Б.Баяндүүрэн манай компаний ажилтан биш төдийгүй компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш... гэх хариуцагчийн тайлбар нь талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл болохгүй юм.

 

Б.Баяндүүрэн нь *******-д Шарын голын алтны болон баяжуулах үйл ажиллагаа, баримт бичгийн ажлыг хариуцан ажиллаж байсан, компанийн үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Ц.Баатарбилэг, Х.Баттулга нарын зөвшөөрлөөр гэрээнд гарын үсэг зурснаа гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлсэн, түүнд тодорхой эрх олгож, ажил хариуцуулж, тогтсон хөлсийг нь өгдөг байсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн тайлбарласан, Х.Баттулга болон *******-иас Б.Баяндүүрэнгийн дансанд экска, цалин гэх мэт удаа дараагийн гүйлгээнүүдээр орлого хийгдэж байсан зэрэг баримтуудад анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

 

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Нэг этгээд өөрийгээ төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасны дагуу хариуцагч нь гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзах боломжгүй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь ...нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байна.

 

Гэрч Б.Алтангэрэлийн ...******* нь Дархан-уул аймгийн Шарын гол сумаас 10 км-н зайд ажил хийсэн ..., ...НВЦ ХХК-ийн оффис дээр очиж гэрээ хийсэн. .. *******-иас гурван жолооч гаргаж өгсөн бөгөөд нэг нь би байсан. Газраас доош 20-30 метрийн доош газар шорооны ажил хийсэн... гэх мэдүүлгийг хариуцагчийн зүгээс үгүйсгэж маргаагүй, ...түрээслэсэн эксковаторыг манайх хүлээн авч ашиглаагүй, тоног төхөөрөмж хүлээлцсэн акт байхгүй ... гэх тайлбараас өөрөөр хариуцагч нь татгалзлаа нотлоогүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд ...хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчоос гаргасан банкны дансны хуулбар гаргуулах, гэрч асуулгах зэрэг нотлох баримт бүрдүүлэхтэй хамааралтай хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч тухай бүрд нь шийдвэрлэсэн байна.

 

 

 

 

Тухайлбал, Б.Баяндүүрэн, Б.Алтангэрэл нарыг гэрчээр асууж мэдүүлэг авсан, харин хариуцагч *******-ийн нягтлан бодогч Баярмагнайг гэрчээр асуух захирамжийн биелэлт хангаагүй гэх магадлалд заасан үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхгүй.

 

Учир нь, Б.Баярмагнайг гэрчээр асуух хүсэлтийг нэхэмжлэгчийн талаас гаргасан, хариуцагч нь гэрээ байгуулах үед өөрийн ажилтан Б.Баярмагнай байлцсан эсэх тухайд маргаагүйгээс гадна нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцож, шинээр гаргах санал хүсэлт, нотлох баримт байхгүй болохоо илэрхийлсэн нь хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, эдгээр нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 430 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02726 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

Б.МӨНХТУЯА Х.ЭРДЭНЭСУВД