Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 487

 

 

Н.Э  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2019/03170 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Э  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д ХХК -д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Э ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Гантөмөр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ү.Чойжилсүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Батзоригт

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д ХХК -тай №004 тоот худгийн ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч болох Д ХХК  нь захиалагч Н.Э  эзэмшлийн газар дээр Чингэлтэй дүүрэг 17-р хороо, 15031 чингэлтэй гудамж 29 тоот хаягт байршилтай газарт гүний худгийн ажил гүйцэтгэх, түүний үндсэн дээр захиалагчийг гүний усны эх үүсвэрт холбох ажлыг эхлүүлсэн. Захиалагч нь гэрээнд заасны дагуу 1 м цооног тутам 80 000 төгрөгөөр тооцож, урьдчилгаа төлбөрт 2 800 000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцсон. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2 800 000 төгрөгийг бэлэн бусаар Д ХХК -ийн гүйцэтгэх захирал н.Б  Худалдаа хөгжлийн банкны 403 150 916 тоот дансруу шилжүүлсэн. Ингээд гүйцэтгэгч талын инженер, техникийн ажилчид тоног төхөөрөмжийн хамт захиалагчийн байранд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ирж худгийн ажлыг эхлүүлсэн бөгөөд 80 метрийн гүнээс усны эх үүсвэр илрүүлсэн, одоо танайх гүний усан хангамжтай болсон гээд үлдэгдэл 3 400 000 төгрөг төлөхийг шаардсан тул мөнгийг мөн гүйцэтгэх захирал н.Б  дансруу шилжүүлсэн. Тухайн үед гүний худгаас ус гарч байсан бололтой орчин тойрон шавар шалбааг болсон байсан учир барилгын материалын дэлгүүрээс урт шланк аваад ирэх хооронд ажлын үр дүнг хүлээлгэж өгөлгүй явсан. Гүний худгаас 5 минут орчим хугацаанд ус гарч байгаад ус тасарсан. Энэ талаар гүйцэтгэгчид мэдэгдсэн бөгөөд тэр өдрийн үдэш нь ирж үзээд “нуранга үүссэн байна, компрессортой ирж, үлээлгэж шланкыг суглаж авах шаардлага бий болсон байна” гээд хэд хоногоос ирнэ гэж хэлээд явсан. Үүнээс хойш ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Нэхэмжлэгч гүний худаг гаргуулах ажилтай зэрэгцэн барилгын ажлыг эхлүүлсэн байсан бөгөөд барилгын ажил усны гачигдалаас болж удааширсан. Зөөврийн ус хэрэглэх байдлаар илүү зардал гаргасан бөгөөд энэ талаар хариуцагч компанийн захирал гэх Баярцэцэгт хэлэхэд хажуу айлаасаа ус зөөгөөд барилгаа барьж байхгүй манай нөхөр мэдэж байгаа, одоогоор бид очих боломжгүй байна, маргааш нөгөөдөр очиж засаж өгье гэх байдлаар хойш тавьдаг, сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Нэгэнт гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан учир миний зүгээс дахин гүний худаг өрөмдүүлэхээр 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Максспийд” ХХК-тай ажлын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч нь 80 метр өрөмдлөгийн ажлыг технологийн дагуу гүйцэтгэж, гүний усны хангамжид холбож өгсөн бөгөөд ажлын хөлсөн 8 000 000 төгрөг төлсөн. Иймд гэрээг цуцалж, ажлын хөлсөнд төлсөн 6 400 000 төгрөг, мөн гэрээг цуцалсантай холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирол болох өөр этгээдээр дахин худаг гаргуулахад төлсөн төлбөрөөс 1 600 000 төгрөг нийт 8 000 000 төгрөгиийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Д ХХК  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Э  захиалгаар Чингэлтэй дүүргийн 17-р хороонд 82 метр гүнтэй гүний худаг өрөмдсөн. Гүний худгийг Д.Уртнасан, н.Батсайхан, н.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй өнгөн хөрсийг уулын бэлийг ухаж тэгшилж барьсан тул боржин чулуун хөрс ил гарсан байсан. Бид power-6000 өрөм, Атлас-Сорсо, комперессороор хийн цохилттой аргаар 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өрөмдөж цооногт dron маркийн ус өргөх насос 108 метрийн гүнээс татах 32 мм диаметртай ус дамжуулах хоолой, PVS-ийг цооногт тоноглож худгийн дээд хэсэгт таглаа хийж цорго гарган гагнаж, битүүмжлэн хүлээлгэж өгсөн. Н.Э  нь гүний худгийн гүйцэтгэлийг өөрийн биеэр хүлээн авсан мөртлөө дэлгүүр яваад ирэх хооронд ус гоожсон байдалтай орхиод явсан гэж худал хэлсэн байна. Барилгын ажил явагдаж тог цахилгааны талаас нь масстай, цахилгааны монтаж хийгдээгүй, залгаастай, олон утсаар холбосон байсныг тусгай үзүүр гаргаж, худагт зориулж монтажаа янзлаж усаа авахыг сануулж анхааруулсан. Сүүлд очиж үзэхэд энэ дутагдал нь арилаагүй нөгөөх осолтой, залгаатай утсаар залгасан байсан. Хэд хоногийн дараа худгаас ус гарахгүй байна гээд Уртнасан би өөрийн биеэр очиж үзэхэд цахилгааны масснаас болж насос цооног дотор шатаж буудсан байсан. Улмаар бид машин техниктэй хоёр удаа очиж цооногийг янзлах гэтэл худаг руу очих зам талбайгаа янзлаагүйгээс машин, техник эвдэрч буцсан. 2 дахь удаа очиж 25 мм диаметртэй хоолой цооногт шургуулж үзэхэд усны түвшин 40 метрт ирсэн, хөөрсөн устай байсан нь насос хуурай ажиллаж шатах боломжгүй юм. Иймд Н.Э  болон барилгын ажилчдын анхаарал болгоомжгүй хэрэглээнээс болж насос цооног дотор буудаж шатсан гэж үзэж байна. Цооног одоо болтол устай, ундрагатай байгаа. Захиалагч Н.Э  нь худаг хүлээн авсан гэдэг нь тодорхой. Худгаа хүлээж аваад сайхан худагтай боллоо, баярлалаа гэж хэлээд тооцоо дуусгасан. Захиалагч Энхбатын буруу үйлдэл, зохисгүй хэрэглээнээс болж гүний худагт доголдол гарсан байна. Худгийг хэвийн ажиллагаанд оруулж болно, гэхдээ нэхэмжлэгч гүний худгийн насос, PVS хоолой зэрэг нэмэлт тоноглолыг манайд авч өгөх, нэмэлт төлбөр төлөх шаардлагатайг тайлбарлаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д ХХК -аас 6 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Э  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 800 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 142 950 төгрөг төлсөнийг дурдаж, хариуцагч Д ХХК -иас улсын тэмдэгтийн хураамж 114 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Э  олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Д ХХК -иас шинжээчийн ажлын хөлс 231 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Э  олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс 6 200 000 төгрөгийг хариуцагч Д ХХК -г гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болжээ. Д ХХК -ийн зүгээс иргэн Н.Э тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсөн талаар холбогдох нотлох баримтанд тулгуурлан шүүх хуралдаанд хууль зүйн үндэслэлтэй тайлбарлан мэтгэлзэж оролцсон. Мөн түүнчлэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Шүүхээс ажил гүйцэтгэх гэрээг, талуудын хүлээх үүргийг тодорхойлсон дүгнэлт хийсэн боловч 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Худгийн ажил гүйцэтгэх гэрээнд” гэрээний нэг тал болох нэхэмжлэгч Н.Э  гарын үсэг зураагүй байх тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт нь ойлгомжгүй үндэслэлгүй байна. Худгийн ажил гүйцэтгэх гэрээний эх хувийг нэхэмжлэгч, хариуцагч талаас нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн бөгөөд талууд шүүхэд гэрээнд гарын үсэг зурсан, зураагүй эсэх талаар зохигчид маргаангүй, харин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч “гэрээг цуцалж өгнө үү” гэсэн шаардлага гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлээгүй ба дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн шүүгч нь санаачлагаараа нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа өөрчлөн хүчин төгөлдөр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас давж шүүх хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэн, ажил гүйцэтгэх гэрээний зүйл, заалт нэг бүрээр харилцан тохиролцож ажлаа гүйцэтгэсэн, ажлын үр дүнг нь хүлээлгэж өгсөн бөгөөд нэхэмжлэгч Н.Э  нь зөвшөөрч ажлын хөлсний үлдэгдлийг тухайн өдөр төлсөн баримт хавтаст хэрэгт байгаа болно. Нэхэмжлэгч Н.Э  нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө нотлох хуулиар хүлээсэн үүрэгтэй атал шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэмэгдүүлсэн, үндэслэл нь эргэлзээтэй буюу шүүх хуралдаанд ч нэхэмжлэлийн үндэслэлээ зөвөөр тодорхойлж, нотлож, тайлбарлаж, мэтгэлзэж чадаагүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-т заасан үүргээ үл биелүүлж “...үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авах,” гэсэн заалтыг зөрчсөн юм. Талууд сайн дурын үндсэн дээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний талууд чөлөөт байдлын хүрээндээ 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 004 дугаартай “Худгийн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Хариуцагч Д ХХК -ийн зүгээс Иргэний хуулийн 350 зүйлийн 359.1.6-т зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу үүргээ гүйцэтгэж доголдолгүй ажлыг хүлээлгэж өгсөн. Гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээндээ буюу баталгаат хугацаанд нь засвар үйлчилгээ хийх бүрэн боломжтой, үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад худгийг ашиглагч талын буруутайгаар нуралт үүссэн гэдгийг өөрсдөө тогтоогоод үүнийг баталдаг юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээчээр томилогдсон Өрөмдлөгийн холбооноос гаргасан шинжээчийн дүгнэлт нь 1-рт шүүгчийн захирамжид дурьдсан нөхцөл байдлаас илүүтэйгээр талуудын хооронд байгуулсан худгийн ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн, 2-рт томилогдсон шинжээч нь гарын үсэг зураагүй дүгнэлтийг ирүүлэн нөхөж гарын үсэг зурсан, 3-рт Өрөмдлөгийн холбооны гишүүн хамаарал бүхий хуулийн этгээдтэй холбоотой дүгнэлт гаргаж, ашиг сонирхолын зөрчилтэй шинжээчид дүгнэлт гаргасан. 4-рт шүүхээс томилогдсон хуулийн этгээдийн албан ёсны гэрчилгээ, дүрэм, төлөөлөх эрхтэй этгээдийн лавлагаа мэдээлийг тус тус дүгнэлтэд хавсаргаагүй тул учир дутагдалтай дүгнэлт гаргасан байхад анхан шатны шүүх Өрөмдлөгийн холбооны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн № 01/18 дүгнэлтийг үндэслэн Д ХХК  нь гүний худаг өрөмдөх ажлыг гүйцэтгэхдээ тухайн ажилд баримтлах стандарт, хэм хэмжээг баримтлаагүй буюу ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс ажлын үр дүнд чанарын доголдол гарч худгаас ус гарахгүй болсон нь тогтоогдож байна гэж буруу тайлбарлан дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн байна. Мөн түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй дүгнээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Э  нь хариуцагч Д ХХК -д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 8 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр худгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй гудамж 29 тоот хаягт байршилтай газарт гүний худаг өрөмдөх, нэхэмжлэгч нь 1 метр цооног тутам 80 000 төгрөгөөр тооцож 6 200 000 төгрөгийн ажлын хөлс төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан худгийн ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байна. /хх 5 дахь тал/

 

Ажил гүйцэтгэх гэрээ нь нэг тал нь өөрийн буюу захиалагчийн материалаар ажил гүйцэтгэх, нөгөө тал нь уг ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлөхөөр харилцан үүрэг  үүсгэхээр хоёр тал аль, аль нь хүсэл зоригоо илэрхийлснээр хийгддэг хэлцэл юм.

 

Дээрх гэрээний талаар гаргасан хүсэл зоригийн илэрхийлэл талуудын хэн аль нь хүлээн авсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Талууд хийсэн ажлын үр дүн доголдолтой байсан уу эсхүл хэрэглэгчийн ашиглалтай холбоотой эвдрэл үүссэн үү гэх үйл баримтын талаар маргасан байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ “...хариуцагч 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр худгийн ажлыг эхлүүлсэн, тухайн үед гүний худгаас ус гарч байсан, орчин тойрон шавар шалбааг болсон учир барилгын материалын дэлгүүрээс урт шланк аваад ирэх хооронд ажлын үр дүнг хүлээлгэж өгөлгүй явсан, гүний худгаас 5 минут орчим ус гарч байгаад тасарсан” гэх, хариуцагч нь татгалзлаа “нэхэмжлэгчид 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 82 м-ийн гүнтэй худгийг өрөмдсөн, тус цооногт DRON маркийн ус өргөлтийн насос, 32 мм диаметртэй цэвэр ус дамжуулах хоолойгоор тоноглон, худгийн дээд хэсэгт таглаа хийж, цорго гарган гагнаж битүүмжлээд хүлээлгэн өгснийг Н.Э  хүлээн авч, гэрээнд тэмдэглэл хийсэн, ус гарахгүй байна” гэж дуудлага өгөхөөр нь очтол цахилгааны гэмтлээс насос нь цооног дотроо шатаж буудсан байсан гэх зөрүүтэй тайлбар гаргажээ.

 

Хэргийн 1, 5-7, 12-14, 22-24, 32-34 дүгээр талд авагдсан бичгийн гэрээ, мөнгө төлсөн баримтууд, талуудын тайлбар зэрэг баримтаас үзвэл гүний худаг гаргах ажил гүйцэтгэсэн, ажлын хөлс 6 200 000 төгрөг төлсөн үйл баримтууд тогтоогдсон байна.

 

Ажлын үр дүн гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй гэж үздэг байна.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас 6 сарын дотор гаргахаар зохицуулсан бөгөөд хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байгаа талаар 2018 оны 05 дугаар сард мэдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон тул ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаар гомдлын шаардлагыг хугацаандаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

 

Хариуцагч нь дээрх ажлын үр дүнгийн доголдлыг арилгаагүй тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэг арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой гүний худгаас ус гарахгүй байсны улмаас нэхэмжлэгч Н.Э  нь “худгаа ирж янзалж өг” гэсэн агуулгатай мессежийг хариуцагч Д ХХК -ийн төлөөлөгч н.Баярцэцэгт мэдэгдэж түүнтэй харилцаж байсан нь хавтаст хэргийн 49 дүгээр талд авагдсан 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон талуудын тайлбараар нотлогдсон.

 

Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан болох нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг дүгнэлтэд “...цооногийн 0.9-6 м, 58-71 м-ийн интервалийн хооронд бэхэлгээ хийгдээгүйн улмаас нуралт үүссэн уст үеийг хааж улмаар ус өргөх шахуургыг ажиллагаагүй болгосноор худгийн ус гарахгүй байх үндсэн шалтгаан болсон магадлалтай” гэж дүгнэжээ.

 

Дээрх шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх хуульд нийцүүлэн үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ. Харин хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд шүүх 6 200 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Иймээс талуудын зарчимд нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв тул шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээг анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримталсныг залруулж, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүх хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнээгүй, гэрээнд гарын үсэг зураагүй асуудлын талаар шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Шинжээчийн дүгнэлтийг хууль бус, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Шүүх шинжээчээр Өрөмдлөгийн холбоог томилсон бөгөөд тус холбооноос Д.Ганлхагва, Б.Мөнх-Эрдэнэ нарыг томилсон, уг шинжээч нар дүгнэлтдээ гарын үсэг зураагүй байсан гэх хэлбэрийн зөрчлийг арилгаж, улмаар уг дүгнэлтийг шүүх үнэлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2019/03170 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1” гэснийг “Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэнгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ