Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/01412

 

    

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2019/03170 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 487 дугаар магадлалтай,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээ-г цуцалж, 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******-тай №004 тоот худгийн ажил гүйцэтгэх гэрээг 2018.03.17-ны өдөр байгуулсан бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч болох ******* нь захиалагч *******ын эзэмшлийн газар дээр Чингэлтэй дүүрэг 17-р хороо, 15031 чингэлтэй гудамж 29 тоот хаягт байршилтай газарт гүний худгийн ажил гүйцэтгэх, түүний үндсэн дээр захиалагчийг гүний усны эх үүсвэрт холбох ажлыг эхлүүлсэн. Захиалагч нь гэрээнд заасны дагуу 1 м цооног тутам 80,000 төгрөгөөр тооцож, урьдчилгаа төлбөрт 2,800,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцсон. 2018.03.17-ны өдөр 2,800,000 төгрөгийг бэлэн бусаар *******-ийн гүйцэтгэх захирал н.Баярцэцэгийн Худалдаа хөгжлийн банкны 403150916 тоот дансруу шилжүүлсэн. Ингээд гүйцэтгэгч талын инженер, техникийн ажилчид тоног төхөөрөмжийн хамт захиалагчийн байранд 2018.04.27-ны өдөр ирж худгийн ажлыг эхлүүлсэн бөгөөд 80 метрийн гүнээс усны эх үүсвэр илрүүлсэн, одоо танайх гүний усан хангамжтай болсон гээд үлдэгдэл 3,400,000 төгрөг төлөхийг шаардсан тул мөнгийг мөн гүйцэтгэх захирал н.Баярцэцэгийн дансруу шилжүүлсэн. Тухайн үед гүний худгаас ус гарч байсан бололтой орчин тойрон шавар шалбааг болсон байсан учир барилгын материалын дэлгүүрээс урт шланк аваад ирэх хооронд ажлын үр дүнг хүлээлгэж өгөлгүй явсан. Гүний худгаас 5 минут орчим хугацаанд ус гарч байгаад ус тасарсан. Энэ талаар гүйцэтгэгчид мэдэгдсэн бөгөөд тэр өдрийн үдэш нь ирж үзээд нуранга үүссэн байна, компрессортой ирж, үлээлгэж шаланкийг сугалаж авах шаардлага бий болсон байна гээд хэд хоногоос ирнэ гэж хэлээд явсан. Үүнээс хойш ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Нэхэмжлэгч гүний худаг гаргуулах ажилтай зэрэгцэн барилгын ажлыг эхлүүлсэн байсан бөгөөд барилгын ажил усны гачигдлаас болж удааширсан. Зөөврийн ус хэрэглэх байдлаар илүү зардал гаргасан бөгөөд энэ талаар хариуцагч компанийн захирал гэх Баярцэцэгт хэлэхэд хажуу айлаасаа ус зөөгөөд барилгаа барьж байхгүй манай нөхөр мэдэж байгаа, одоогоор бид очих боломжгүй байна, маргааш нөгөөдөр очиж засаж өгье гэх байдлаар хойш тавьдаг, сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Нэгэнт гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан учир миний зүгээс дахин гүний худаг өрөмдүүлэхээр 2018.06.20-ны өдөр Максспийд ХХК-тай ажлын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч нь 80 метр өрөмдлөгийн ажлыг технологийн дагуу гүйцэтгэж, гүний усны хангамжид холбож өгсөн бөгөөд ажлын хөлсөнд 8,000,000 төгрөг төлсөн. Иймд гэрээг цуцалж, ажлын хөлсөнд төлсөн 6,400,000 төгрөг, мөн гэрээг цуцалсантай холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирол болох өөр этгээдээр дахин худаг гаргуулахад төлсөн төлбөрөөс 1,600,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч П.Баярцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн *******ын захиалгаар Чингэлтэй дүүргийн 17-р хороонд 82 метр гүнтэй гүний худаг өрөмдсөн. Гүний худгийг Д.Уртнасан, н.Батсайхан, н.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй өнгөн хөрсийг уулын бэлийг ухаж тэгшилж барьсан тул боржин чулуун хөрс ил гарсан байсан. Бид power-6000 өрөм, Атлас-Сорсо, комперессороор хийн цохилттой аргаар 2018.04.27-ны өдөр өрөмдөж цооногт dron маркийн ус өргөх насос 108 метрийн гүнээс татах 32 мм диаметртай ус дамжуулах хоолой, PVS-ийг цооногт тоноглож худгийн дээд хэсэгт таглаа хийж цорго гарган гагнаж, битүүмжлэн хүлээлгэж өгсөн. ******* нь гүний худгийн гүйцэтгэлийг өөрийн биеэр хүлээн авсан мөртлөө дэлгүүр яваад ирэх хооронд ус гоожсон байдалтай орхиод явсан гэж худал хэлсэн байна. Барилгын ажил явагдаж тог цахилгааны талаас нь масстай, цахилгааны монтаж хийгдээгүй, залгаастай, олон утсаар холбосон байсныг тусгай үзүүр гаргаж, худагт зориулж монтажаа янзалж усаа авахыг сануулж анхааруулсан. Сүүлд очиж үзэхэд энэ дутагдал нь арилаагүй нөгөөх осолтой, залгаатай утсаар залгасан байсан. Хэд хоногийн дараа худгаас ус гарахгүй байна гээд Уртнасан би өөрийн биеэр очиж үзэхэд цахилгааны масснаас болж насос цооног дотор шатаж буудсан байсан. Улмаар бид машин техниктэй хоёр удаа очиж цооногийг янзлах гэтэл худаг руу очих зам талбайгаа янзлаагүйгээс машин, техник эвдэрч буцсан. 2 дахь удаа очиж 25 мм диаметртэй хоолой цооногт шургуулж үзэхэд усны түвшин 40 метрт ирсэн, хөөрсөн устай байсан нь насос хуурай ажиллаж шатах боломжгүй юм. Иймд ******* болон барилгын ажилчдын анхаарал болгоомжгүй хэрэглээнээс болж насос цооног дотор буудаж шатсан гэж үзэж байна. Цооног одоо болтол устай, ундрагатай байгаа. Захиалагч ******* нь худаг хүлээн авсан гэдэг нь тодорхой. Худгаа хүлээж аваад сайхан худагтай боллоо, баярлалаа гэж хэлээд тооцоо дуусгасан. Захиалагч Энхбатын буруу үйлдэл, зохисгүй хэрэглээнээс болж гүний худагт доголдол гарсан байна. Худгийг хэвийн ажиллагаанд оруулж болно, гэхдээ нэхэмжлэгч гүний худгийн насос, PVS хоолой зэрэг нэмэлт тоноглолыг манайд авч өгөх, нэмэлт төлбөр төлөх шаардлагатайг тайлбарлаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2019/03170 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 6,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөг төлснийг дурдаж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамж 114,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч *******-иас шинжээчийн ажлын хөлс 231,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 487 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2019/03170 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 гэснийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэнгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.05-ны өдрийн 184/ШШ2019/03170 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.02-ны өдрийн 487 магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гэрээг цуцалж, 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс 6,200,000 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулах шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэн давж заалдах гомдлыг хариуцагч талаас гаргасан. Харин давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний хувьд залруулж шийдвэрт өөрчлөлт оруулсан. Гэтэл хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт, мөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт, тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон 40.2-т зааснаар тал бүрээс нь бүрэн бодитойгоор эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээгээр талууд мөн хуулийн 189 дүгээр зүйлийн гэрээний талуудын чөлөөд байдлаар байгуулсан, тухайн худагт /цооног хэсэгт/ бүтэн хамгаалалтын хоолой суулгах үүрэг гүйцэтгэгч тал хүлээгээгүй, шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасан хуулийн тавигдах шаардлагад нийцэхгүйн дээр шүүхээс худгийн ажил гүйцэтгэлд нь дүгнэлт гаргуулахаар Өрөмдлөгийн холбоог томилсон боловч тухайн дүгнэлтийн агуулга нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр тохирсон нөхцөл байдлыг дүгнэсэн. Хариуцагч байгууллагаас *******тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, мөн ажлыг хүлээлгэж өгсөн тухай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа болон хариу тайлбараар илэрхийлсэн. Мөн энэ тухай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан бусад баримтаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Үүнээс гадна нэхэмжлэгч *******ыг бичгээр байгуулсан худгийн ажил гүйцэтгэх гэрээ нь эх хувиараа нэхэмжлэгч талаас, хариуцагч талаас аль аль нь өөрт байсан хувийг гаргаж өгсөн гэрээнд гарын үсэг зураагүй гэсэн бөгөөд энэ тухайд зохигчид маргаангүй, шүүхийн шатанд гэрээний захиалагч тал нь би мөн гэдгээ хэлсэн байхад мөн нэхэмжлэгч гэрээг цуцалж өгнө үү гэсэн шаардлага гаргасан байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа өөрчлөн хүчин төгөлдөр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож нэхэмжлэлийн шаардлагаас давсан зүйл шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Талуудын хооронд бичгээр байгуулсан тухайн ажил гүйцэтгэх гэрээний зүйл заалт нэг бүрээр харилцан тохиролцож ажлаа гүйцэтгэсэн, үр дүнг нь хүлээлгэж өгсөн, гэрээгээ дүгнээд ажлын хөлсийг төлсөн маргаангүй гэж үзэж байна. Хариуцагч *******-иас Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээг зохицуулсан хуулийн зохицуулалтад бүрэн нийцүүлэн үүргээ биелүүлсэн бөгөөд харин ч нэхэмжлэгч ******* мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-т заасан үүргээ үл биелүүлж ...үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авах гэсэн заалтыг зөрчсөн юм. Талууд сайн дурын үндсэн дээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу Гэрээний талууд чөлөөт байдлын хүрээндээ 2018.03.17-ны өдрийн 004 дугаартай Худгийн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан бөгөөд гэрээний 2.3-т захиалагч талын нэмэлт зардал, 3.1 дүгээр зүйлүүдэд захиалагч талын үүргийг, 4 дүгээр зүйлд баталгааны нөхцөл болон хугацаа гэх мэт зүйлсийг тодорхой тохирон бичгээр гэрээ байгуулсан байдаг. Харин шүүхэд хариуцагч байгууллагаас бичгээр хариу тайлбартаа гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээндээ буюу баталгаат хугацаанд нь засвар үйлчилгээ хийх бүрэн боломжтой, үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад худгийг ашиглагч талын буруутайгаар нуралт үүссэн гэдгийг харгалзан үзсэнгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан Монгол Улсын өрөмдлөгийн холбоо ТББ-аас гаргасан шинжээчийн дүгнэлт нь 1-рт шүүгчийн захирамжид дурдсан нөхцөл байдлаас илүүтэйгээр талуудын хооронд байгуулсан худгийн ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн, 2-рт шинжээчээр томилогдсон эрх бүхий этгээд нь гарын үсэг зурж албажуулж, баталгаажуулаагүй, нөхөж гарын үсэг зурсан, 3-рт өөрийн байгууллагын хамаарал бүхий гишүүн байгууллагад хамаарах нөхцөл байдалд шинжээчээр ажилласан, 4-рт шүүхээс томилогдсон хуулийн этгээдийн албан ёсны гэрчилгээ, дүрэм, төлөөлөх эрхтэй этгээдийн лавлагаа мэдээллийг тус тус дүгнэлтэд хавсаргаагүй учир дутагдалтай дүгнэлтийг үндэслэж байгаад гомдолтой байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээ-г цуцалж, 8,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 6,200,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...худаг хүлээж аваад худгаас 5 минут орчим хугацаанд ус гарч байгаад ус тасарсан, энэ талаар гүйцэтгэгчид мэдэгдсэн, тэр өдрийн үдэш нь ирж үзээд ...нуранга үүссэн байна, компрессортой ирж үлээлгэж шаланкийг сугалж авах шаардлага бий болсон байна, хэд хоногоос ирнэ... гэж хэлээд үүнээс хойш ямар нэг арга хэмжээ аваагүй, ирээгүй, утсаа авахүй алга болсон. ...гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан учир 2018.06.20-ны өдөр Максспийд ХХК-тай гэрээ байгуулж, 80 метр өрөмдлөгийн ажил хийж, гүний усан хангамжтай холбож өгсөн, ажлын хөлсөнд 8,000,000 төгрөг төлсөн тул өмнө байгуулсан гэрээг цуцалж, ажлын хөлсөнд өгсөн 6,400,000 төгрөг, өөр этгээдээр худаг гаргуулахад төлсөн 1,600,000 төгрөгийг хохиролд тооцож, нийт 8,000,000 төгрөгийг нэхэмжилнэ... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...*******ын захиалгаар 2018.04.27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооонд 82 метрийн гүнийн худгийг өрөмдөж, тус цооногт DRON маркийн ус өргөх насос, 108 метрийн гүнээс татах 32 мм диаметртэй цэвэр ус дамжуулах хоолой, PVS-ийг цооногт тоноглож, худгийн дээд хэсэгт таглаа хийж, цорго гарган гагнаж, битүүмжлэн хүлээлгэж өгсөн. ...тухайн талбайд барилгын ажил явагдаж, тог цахилгааны талаас нь масстай, цахилгааны монтаж хийгдээгүй, залгаастай, олон утсаар холбосон байсныг бид зөвхөн гүний худагтаа зориулж цахилгааны монтаж хийж үзүүр гаргаж усаа авахыг анхааруулсан. ...худгийг хүлээлгэн өгснөөс хойш ус гарахгүй байна гэх дуудлагаар очиж үзэхэд цахилгааны гэмтлээс насос цооног дотроо шатаж, буудсан байсан. ...захиалагчийн буруу зохисгүй хэрэглээнээс худагт доголдол гарсан, бид доголдлыг засварлаж, хэвийг ажиллагаатай болгохоор бол нэмэлт төлбөр төлөх тухай захиалагчид тайлбарласан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

Зохигч 2018.03.17-ны өдөр Худгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч ******* Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Чингэлтэй гудамж 29 тоот хаягт байршилтай газарт гүний худаг өрөмдөх, захиалагч 1 метр цооног тутамд 80,000 төгрөгөөр тооцож ажлын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон, гэрээний дагуу гүйцэтгэгч худгийг гаргаж захиалагч ажлын хөлсийг төлж гэрээг дуусгавар болгосон боловч тэр өдөртөө худгаас ус гарахгүй болж, гүйцэтгэсэн ажил доголдолтой болох нь Монгол Улсын өрөмдлөгийн холбооноос томилсон шинжчээийн дүгнэлтээр ...цооногийн 0.9-6 метр, 58-71 метрийн интервалийн хооронд бэхэлгээ хийгдээгүйн улмаас нуралт үүсэн уст үеийг хааж, улмаар ус өргөх шахуургыг ажиллагаагүй болгосноор худгийн ус гарахгүй үндсэн шалтгаан болсон... гэж тогтоогдсон, гүйцэтгэгч доголдлыг засаагүй үндэслэлээр гуравдагч этгээдээр дахин худаг гаргуулсан үйл баримт тогтоогджээ.

 

2.   Хоёр шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ажлын доголдолтой холбогдуулан захиалагч гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1., 355 дугаар зүйлийн 355.1.-д нийцсэн байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэг арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй болохыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 355 дугаар зүйлийн 355.2.1., 355.2.2.-т зохицуулжээ.

 

Гүйцэтгэсэн ажил доголдолтой байгаа талаар захиалагч гүйцэтгэгчид мэдэгдсэн боловч доголдлыг арилгах ямар нэг арга хэмжээ аваагүй үндэслэлээр захиалагч гуравдагч этгээдээр дахин худаг гаргуулж, өмнөх гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 

Шүүх зохигчийн хооронд байгуулсан гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн ажлын хөлс 6,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, харин доголдолтой холбогдуулан гарсан хохирлыг баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр хохирол нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

3.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэнгүй, ...хуульд заасан шаардлага хангаагүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан... гэжээ.

 

Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, хариуцагч ******* өрөмдсөн худгаа баталгаажуулаагүй, цооногийн хийцийн зураг бүхий техникийн паспортыг гаргаагүй, нуралт үүсч худгийн ундарга, ус өгөлтийг хаах магадлалыг тооцож, бэхэлгээ хийгээгүй, хамгийн гол нь хэрэглэгчийн хүсэлт захиалга биелэгдээгүй гэх шинжээчийн дүгнэлтийг баримтаар үгүйсгээгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, шүүх нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40 2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн, шүүх 2019.02.19-ний өдрийн 184/ШЗ2019/02098 дугаар Шүүгчийн захирамжаар Монгол Улсын өрөмдлөгийн холбоо ТББ-ыг шинжээчээр томилсон ба холбоо дүгнэлт гаргах ажлын хэсгийг томилж, шинжээчийн дүгнэлтийг Монгол Улсын өрөмдлөгийн холбоо ТББ шүүхэд ирүүлсэн, шинжээч гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарсан боловч бичиглэлийн техник алдаа гаргасныг зассан залруулгад шинжээч Б.Мөнх-Эрдэнэ гарын үсгээ зураагүй байсныг нэмэлт шинжилгээ хийхээр томилогдсоны дараа дахин зөвтгөж, нэг шинжээч гарын үсгээ зураагүй нь шинжилгээний мөн чанарт нөлөөлөхгүй, өмнө гаргасан дүгнэлт зарчмын хувьд зөв, өөрчлөх боломжгүй гэсэн хариу өгснөөр зөрчил засагдсан байх тул шаардлага хангаагүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргасан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

4.   Анхан шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар татгалзлыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зөв дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүй талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч алдааг засахдаа хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглээгүй байх тул хяналтын шатны шүүхээс магадлалд өөрчлөлт оруулж, хууль хэрэглээний алдааг засах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 487 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...352 дугаар зүйлийн 352.2.2. гэснийг ...343 дугаар зүйлийн 343.1., 355 дугаар зүйлийн 355.1. гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******-иас 2020.04.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

П.ЗОЛЗАЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Х.ЭРДЭНЭСУВД