Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/02216

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 30 181/ШШ2024/02216

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15-45 тоот хаягт оршин суух Б овогт Т-н У /РД:УУ91040402/,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15-45 тоот хаягт оршин суух Б овогт А-н О /РД:ЦБ66041509/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 46 дугаар гудамж, 57 тоот хаягт оршин суух Г овогт Г-н У /РД:УК93072522/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 46 дугаар гудамж, 57 тоот хаягт оршин суух Б овогт С-н Н /РД:ЦБ66020361/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 57,808,860 төгрөг, хохиролд 4,871,405.81 төгрөг, нийт 62,680,266 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, А.О болон С.Ннарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.О,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төл Д.Ж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б,

Хариуцагч С.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.О, Т. нар нь хариуцагч С.Н, Г.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57,808,860 төгрөг, хохиролд 4,871,405.81 төгрөг, нийт 62,680,266 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: А.О нь Солонгос Улсад ажиллаж байх үед 10-н жилийн ангийн охин болох С.Н нь би чацарганын тос шүүс гаргаж авч байгаа, миний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн хүндрэл учраад байна, мөнгө зээлээч ямар ч асуудалгүй буцааж өгнө гэж гуйсны дагуу зөвшөөрч, Монгол Улсад байгаа өөрийн охин Т.У-р дамжуулан 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 450,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1,660,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 500,000 болон 3,200,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 3,200,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 230,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 8,500,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 100,000 төгрөгийн зээлийг тус тус олгосон.

Мөн С.Н-н гуйлтын дагуу түүний хүү Г.Т-т 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 125,000 төгрөгийн зээлийг олгож, нийтдээ 17,965,000 төгрөгийг С.Н-н заасан этгээдүүдийн дансанд шилжүүлсэн байдаг.

Энэ хугацааны явцад А.О, С.Н нар анх тохиролцсон нөхцөлөөр олгох зээлийг баталгаажуулж, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээг өөрсдийн охин Т.У, Г.У нарын хооронд байгуулуулсан.

Уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 7,000 ам.долларыг хүүгүйгээр, 13 сарын хугацаанд олгох, зээлдэгч нь зээлийг төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, нотариатчаар гэрчлүүлсэн.

Гэвч С.Н, Г.У нар нь нэг төгрөгийн ч төлөлт хийгээгүй тул гэрээнд заасны дагуу үндсэн төлбөр 7,000 ам.доллар буюу 17,965,000 төгрөгийг алданги 8,982,500 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.

Түүнчлэн А.О Монгол Улсад ирсний дараа 2017 оны 12 дугаар сарын сүүлээр С.Н нь охин Г.У хамт Япончуудтай хоолонд орж байна, Япончууд 100 литр чацарганын тос авахаар боллоо, миний олон жилийн ажлын үр дүн одоо л гарах гэж байна, дахиад мөнгө зээлээч гэж гуйгаад араас хөөцөлдөөд байхаар нь итгэж 2018 оны 01 дүгээр сарын 03-наас 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд түүний заасан этгээдүүдийн дансанд нийт 30,861,360 төгрөгийг шилжүүлсэн.

С.Н нь дээрх мөнгийг өөрөө болон гэр бүл, төрөл садан, бизнесийн хамтрагч зэрэг хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан авч ашигласан.

Өнгөрсөн хугацаанд А.О нь гадаад улсад ажиллаж олсон мөнгөө ийнхүү бусдад шилжүүлснээс амьжиргааны эх үүсвэргүй болж, улмаар банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх газраас зээл авч амьжиргаагаа залгуулж байсан тул эдгээр байгууллагуудад төлсөн хүү болох 4,871,405.81 төгрөгийг нэмж, нийтдээ 62,679,765.81 төгрөгийг С.Н, Г.У нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч С.Н, Г.У нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

 

2.1. Хариуцагч С.Н: ... миний бие чацарганын үрсэлгээ хийх, чацаргана жимс боловсруулах ажил хийдэг. А.О бид хоёр нэг байранд амьдарч, нэг ангид сурч байсан эртний танил. А.О чацарганын үйл ажиллагаа явуулдаг гэж материал бүрдүүлэн АНУ-руу явах визэнд орох гэсэн юм гэснээр анх энэ ажлыг мэдэх болсон.

Миний бие А.О ятгаж гуйгаад хөөцөлдөж холбогдож байгаагүй. А.О Солонгос Улсаас холбогдон хамтарч чацарганын үрсэлгээ хийе, АНУ-д амьдардаг өөрийн үеэл дүү Явуухулан хөрөнгө оруулахаар болсон, эхэлье гэсэн. Ингээд энэ хамтын ажил эхэлсэн.

А.О-н охин Т.У ажилд хэрэглэгдэх зүйлд мөнгө гарган ажил явагдаж байсан. Энэ үед авсан мөнгийг баримтжуулах гарын үсэг хэрэгтэй байна гэхээр нь миний бие бүх ажлыг зааварчлан явуулж байгаа, ажлын талбайгаас холдох боломжгүй байгааг хэлэхэд охин чинь байж болно гэсний дагуу охин Г.У-г мөнгө авсан гээд очоод гарын үсэг зурчих гээд гуйсан. Т.У, Г.У хоёр ээж нарынхаа гуйлтаар л гарын үсэг зуралцсан. Бие биедээ 7,000 ам.доллар өгч авалцаагүй. Дансаар ажилд шаардлагатай мөнгийг шилжүүлснээс өөр оролцоогүй. Бүх тооцоог А.О бичиж тэмдэглэж, Я-д тайлагнаж байгаа гэдэг байсан учир надаас илүү А.О зардлын тооцоог мэднэ.

Ажлын үр дүнд 2 наст суулгацтай болсон. Суулгацыг миний 10 гаруй жил хамтран ажилласан түнш байгууллагад борлуулсан. А.О намайг ажиллуулаад, Я-р мөнгө гаргуулаад, хамтарч ажиллая гэснээрээ ажил хийхгүйгээр ашгийг 3 хуваан авах зорилготой болох нь надад таалагдаагүй.

Иймээс А.О-д мөнгө өгөөгүй, мөнгөний эзэн Я-д үрсэлгээ борлуулсан мөнгө очилгүй үрэгдэхээс болгоомжилж Явуухуланг холбогдохыг хүлээсэн. Удалгүй Я 2018 оны 10 сард надтай холбогдсон. Борлуулалтын орлого 10,000,000 төгрөгийг өгье гэхэд Ц.Пү-д шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн.

Цаашид А.О-н оролцоогүйгээр Я-тай Батсүмбэрийн газарт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахаар тохиролцон мөнгөний тооцоог дуусгавар болгохоор миний бие ажиллаж байна.

А.О, Т.У нараас 30,861,360 төгрөг зээлж аваагүй. Чацаргана жимс авч боловсруулан цэвэр тос, шүүс гаргаж борлуулан ашгийг А.О, Я (А.О үеэл дүү), С.Н бид гурав тэнцүү хуваан хүртэх хамтын ажил байсан.

Санхүүгийн эх үүсвэрийг Явуухулан гаргаж, зарцуулалт, зохицуулалтыг А.О биечлэн хариуцахын хамт борлуулалтыг хариуцах болсон. Миний бие чацаргана жимс боловсруулан шүүс, тос гаргах, савлаж борлуулалтад бэлэн болгох ажлыг А.О-н хяналтад гүйцэтгэсэн.

Ингэж энэ ажил хугацаандаа үр дүнтэй хийгдэж чадсан боловч борлуулалт амжилтгүй болсноос эрсдэл бий болсон ... гэжээ.

 

2.2. Хариуцагч Г.У: ... миний бие ээж С.Н хэлсний дагуу А.Он охин Т.У-тай хамт нотариат дээр очиж Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээнд 7,000 ам.доллар гэж бичсэн байсан. Гэвч миний бие энэ мөнгийг Т.У-с аваагүй. Ээж ажлын талбайд ажил ихтэй, холбогдох боломжгүй байсан тул миний дансаар мөнгө өвч авалцсан. Өөрөө энэ асуудалд би оролцоогүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ асуудалд би холбоогүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч С.Н нь нэхэмжлэгч А.О-д холбогдуулан хамтран ажиллах явцад хүртэх байсан ашиг 10,000,000 төгрөг, олох байсан орлого 60,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа А.О болон С.Н нарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох гэж өөрчилсөн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: С.Н би болон А.О бид хоёр тус тусдаа тооцож болох хоёр хэсэг ажил дээр хамтарч ажилласан.

Эхнийх нь 2017 оны намар буюу 8 сараас эхлэн чацарганын үрсэлгээ тарьж суулгах, хоёр дахь 2018 оны эхэнд чацаргана жимс бусдаас худалдан авч. боловсруулан шүүс гаргаж борлуулах ажил байсан.

Чацарганын үрсэлгээ тарьж суулгах ажлын тухайд, С.Н би хөрш Энхтуяагийн хашаанд өөрийн ус цахилгааны түшиглэн 6x20 м хэмжээтэй хүлэмжид 40,000 ширхэг ногоон мөчир суулгах, арчлах, үржүүлэх ажил хийсэн.

С.Н би мөчир суулган үржүүлэх, арчлах ажлыг өөрийн олон жилийн мэдлэг, дадлага, туршлага дээр үндэслэн бие даан хийх, хүч хөдөлмөрөө зарцуулах, харин А.О энэ ажилд шаардлагатай хөрөнгө мөнгийг гаргах, бүх ажилд хяналтаа тавьж, санхүүгээ барьж ажиллахаар харилцан тохиролцсон.

Энэ хамтын ажлын хүрээнд юуны түрүүнд хүлэмжийн хөрс буюу чацарганын суулгац суулгах хөрсөө технологийн дагуу бэлтгэх, хүлэмж худалдан авч суурилуулах. цаашид ургаж үржих боломжтой чацарганын ногоон мөчрийг худалдан авч суулгах, арчилж тордож ургуулах ажлуудыг хийсэн.

Нэхэмжлэгч А.О нь хамтын ажиллах гэрээний дийлэнх үр дүнг өөрөө хүртэж авсан. мөн хамтын ажиллагаанд оруулсан. авч болох эд хөрөнгийг бүгдийг буцаан авсан. Миний хувьд өөрийн оруулсан хүч хөдөлмөр. цаг хугацааг алдаж хохирсон. Ийм байхад А.О зээлийн гэрээ нэрээр их хэмжээний мөнгийг гаргуулахыг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүйгээс гадна шударга бус байгаа учир түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

 

4. Нэхэмжлэгч А.О сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...

С.Н нь 2017 оны 08 дугаар сард өндөр ашигтай бизнес эрхэлж байгаа мөнгө зээлээч ямар ч асуудалгүй буцааж өгнө гэж гуйсны дагуу хар багаасаа найзалж явсан учир итгэн мөнгөө зээлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадахгүй хохирч байна. С.Н нь сөрөг нэхэмжлэлд дурдсан өндөр ашигтай гэж надад итгүүлэн мөнгө зээлсэн, одоо үүнийгээ хамтын ажиллагаа байсан мэтээр зээлсэн мөнгөө өгөхгүй арга саам хийж, шүүхийг төөрөгдүүлэх, өөртөө ашигтайгаар хугацаа хожихоор санаархаж байгаа арга гэж үзэж байна. Иймд С.Н-н гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн итгэмжлэл, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээний хуулбар, А.О-н иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Арвин үр хадгаламж зээлийн хоршооны зээл тооцооллын хүснэгтийн хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд тус тус гаргаж өгсөн.

 

6. Хариуцагчаас Хаан банкны дансны хуулга, 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Модны суулгац худалдах, худалдан авах гэрээ, 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Модны суулгац худалдах, худалдан авах гэрээ, дансны хуулга, 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Модны суулгац худалдах, худалдан авах гэрээ , 2013 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Модны суулгац худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Модны суулгац худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Модны суулгац худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Модны суулгац худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Модны суулгац худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Модны суулгац худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Модны суулгац худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрэл зургууд зэргийг нотлох баримтаар шүүхэд тус тус гаргаж өгсөн.

 

7. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Б овогт С  Н 66020361/-ийн Хаан банкны 5007111436 тоот дансны хуулгыг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд битүүмжилсэн байсан эсэх талаарх лавлагаа болон 5007111436 дугаар дансны хуулгыг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаагаар, Б овогт А О /РД:ЦБ66041509/-ийн Хаан банкин дахь 5029202920 дугаар дансны хуулгыг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар, С.Н-н 5007771436 тоот дансны хуулгыг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаагаар тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.О-н нэхэмжлэлээс 36,900,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 25,780,265.81 төгрөг болон хариуцагч Г.У-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Т.У, А.О нарын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: С.Н-д 17,965,000 төгрөг буюу 7,000 ам.долларыг зээлдүүлж, зээлийн гэрээг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан. Зээлдэгч нар зээлийг эргүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 7,000 ам.доллар буюу 17,965,000 төгрөгийг алданги 8,982,500 төгрөгийн хамт шаардах эрхтэй. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 30,861,360 төгрөгийг нэмж А.О-д зээлдүүлж, түүний заасан этгээдүүдийн дансанд шилжүүлсэн.

А.О нь гадаад улсад ажиллаж олсон мөнгөө ийнхүү бусдад шилжүүлснээс амьжиргааны эх үүсвэргүй болж, улмаар банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх газраас зээл авч амьжиргаагаа залгуулж байсан тул эдгээр байгууллагуудад төлсөн хүү болох 4,871,405.81 төгрөгийг нэмж, нийтдээ 62,680,266 төгрөгийг С.Н, Г.У нараас гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч нараас ямар нэгэн зээлийн мөнгө аваагүй. Хамтран ажиллах гэрээний хүрээнд гарсан тооцоог баталгаажуулах зорилгоор зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгч А.О, Т.У нараас 30,861,360 төгрөг зээлж аваагүй, чацаргана жимс худалдан авсан. Энэ ажлын хувьд А.О жимсээ өөрөө худалдаж авах, тооцоо санхүүгээ өөрөө бүрэн хянах, борлуулалтаа А.О хариуцан хийхээр, харин би өөрийн тоног төхөөрөмж, хүч хөдөлмөрөө зарцуулж жимсийг боловсруулж, шүүс, тос гаргах ажлыг хариуцан хийхээр тохиролцсон гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. А.О нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5029202920 дугаартай дансаар болон охин Т.У-н эзэмшлийн 5429391569 дугаартай дансаар дамжуулан С.Н-н хамаарал бүхий буюу нэрлэн заасан этгээдүүдийн дансанд 2017 оны 08 дугаар сарын 03-наас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 17,965,000 төгрөгийг газар, хүлэмж, бэлх, цалин, бордоо, Х-с гэсэн утгатайгаар шилжүүлж, уг төгрөгтэй дүйцэх 7,000 ам.долларын дүнтэй зээлийн гэрээг нэхэмжлэгч Т.У, хариуцагч Г.У нар 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан болох нь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон бичгээр байгуулагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

6. Мөн нэхэмжлэгч Т.У, А.О нарын дансаар 2018 оны 01 дүгээр сарын 03-наас 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 25,965,500 төгрөгийн жимс, тос, жин авах, жүүс, нүүрс, ажлын хөлс гэсэн утга бүхий шилжүүлэг хийгдсэн нь Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон.

 

7. Нэхэмжлэгч С.Н дээрх мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний дагуу зээлдэгчид шилжүүлэн өгсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагчаас зээлийн мөнгөн хөрөнгө бус хамтран ажиллах гэрээний хураамжид шилжүүлсэн буюу хамтын үйл ажиллагаанд зарцуулагдсан мөнгөн хөрөнгө гэж нэхэмжлэлийг татгалзсан.

 

8. Нэхэмжлэгч А.О, Т.У нар нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 17,965,000 төгрөг, алданги 8,982,500 төгрөг, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 4,123,878.81 төгрөгийг хариуцагч С.Н, Г.У нараас, нэхэмжлэгч А.О нь хариуцагч С.Н-с 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд зээлдүүлсэн нийт 30,861,360 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

9. Хариуцагч С.Н-с нэхэмжлэгч А.О-д холбогдуулан хамтын үйл ажиллагаанаас хүртэх ашиг 10,000,000 төгрөг, олох байсан орлого 60,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.О болон С.Н нарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн болохыг тогтоолгох гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

 

10. Энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бие даасан шаардлага бус хариуцагчийн татгалзлын үндэслэл гэж үзэхээр байх тул шүүх тухайлан нэхэмжлэлийн шаардлага хэлбэрээр шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэв.

 

11. Талуудын хооронд зээлийн, эсхүл хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн эсэх талаар зохигч маргаж байна.

 

12. Хариуцагч С.Н нь нийт 18,000 доллартой тэнцэх төгрөг буюу нэхэмжлэгчийн тодорхойлсноор 48,826,360 төгрөгийг хүлээн авч хамтын үйл ажиллагаанд зарцуулсан болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

13. Хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч А.О, хариуцагч С.Н нарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

14. Тодруулбал, нэхэмжлэгч А.О нь өөрийн дансаар хамтран ажиллах гэрээний хүрээнд гарах зардлыг санхүүжүүлж, тухай бүр хамтын үйл ажиллагаанд биечлэн оролцож байсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулга болон нэхэмжлэгч А.О-с 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч С.Н, Г.У нарт шуудангаар илгээсэн А.О миний бие С.Н-д мод үрсэлгээ болон чацарганын бизнест хөрөнгө оруулах, мөнгө зээлүүлэх удаа дараагийн хүсэлтийн дагуу 7,000 ам.долларыг У"д зээлийн гэрээгээр, 11,000 ам.долларыг хамтран ажиллах нөхцөлтэйгөөр тус тус өгсөн гэсэн агуулгатай бичиг /1-р хх-175/-ийн баримтаар тогтоогдсон.

 

15. Түүнчлэн хариуцагчаас эд мөрийн баримтаар гаргаж өгсөн Увсын 100% чацарганын цэвэр шүүс гэх хүнсний бүтээгдэхүүний шошго дээр нэхэмжлэгч А.О-н 94767540 гэсэн дугаарын утас хэвлэгдсэн байгаа нь талууд хамтын үйл ажиллагааны хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулж байсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч энэхүү савлагаа дээрх шошгыг хариуцан захиалж хийлгэсэн талаар шүүх хуралдаанд тайлбарласан.

 

16. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ 476.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж зааснаар талуудын хооронд хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

17. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна, 477.2-т Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж заасан.

 

18. Хэргийн үйл баримтаас дүгнэвэл хамтран ажиллах гэрээний хураамжийг нэхэмжлэгч тал мөнгөн хэлбэрээр, хариуцагч нь үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр буюу гэрээний дагуу хийгдэх хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагааг биечлэн хийж гүйцэтгэх хэлбэрээр төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.

 

19. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна гэж зааснаар талууд хураамжийг хэрхэн өмчлөх талаар тодорхой зааж, тохиролцсон зүйлгүй байх тул талуудын төлсөн хураамжийг дундаа өмчлөх хөрөнгө гэж үзнэ.

 

20. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна, 478.11-д Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж зохицуулсан.

 

21. Хамтын үйл ажиллагааны хураамж, түүний үр дүнд бий болсон үр шимийг талуудын хэн алин ямар хэмжээгээр хуваарилсан болох нь тодорхой бус, хариуцагчаас тодорхой эд хөрөнгө, үр шимийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

22. Талууд 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан тооцоогоор гэрээний хэрэгжилтийн үр дүнд 18,000,000 төгрөгийн цэвэр тос, 45,000,000 төгрөгийн чацарганын суулгац, 7,500,000 төгрөгийн чацарганын шүүс, нийт 70,500,000 төгрөгийн бүтээгдэхүүн буюу үр шим бий болсон талаарх үйл баримтыг үгүйсгээгүй бөгөөд энэхүү тооцоо /2-р хх-187/-г хоёр тал нийлж гаргасан болохоо шүүх хуралдаанд тайлбарласан.

 

23. Нэхэмжлэгч А.О болон хариуцагч С.Н нарын тодорхойлсноор 2017 оны 8 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд талууд хамтран ажилласнаар гэрээ дуусгавар болжээ.

 

24. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-д Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна гэж зааснаар хамтын үйл ажиллагааны үр шим тэнцүү хэмжээгээр гэрээний талуудад хуваарилагдана.

 

25. Нэхэмжлэгч нь А.О нь 1,500,000 төгрөгийн шүүсийг, хариуцагч нь 20 литр 3,000,000 төгрөгийн тос, 150,000 төгрөгийн цахилгаан жинг өөрт авч үлдсэн болохыг харилцан зөвшөөрсөн тул энэхүү дүнг хуваарилах үр шимээс хасаж тооцно.

 

26. Хамтын үр шим нийт 70,500,000 төгрөгийн тал хувь болох 35,250,000 төгрөг, түүн дээр хариуцагчийн авч үлдсэн 3,000,000 төгрөгийн тос, 150,000 төгрөгийн цахилгаан жинг нэмж тооцвол 38,400,000 төгрөг болох ба үүнээс нэхэмжлэгчийн авсан 1,500,000 төгрөгийн шүүсийг хасаж, үлдэх 36,900,000 төгрөгийг хариуцагч С.Н-с гаргуулж, нэхэмжлэгч А.О-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

27. Зохигч талууд болох Т.У, Г.У нарын хооронд зээлийн гэрээ бодитоор байгуулагдаагүй буюу тухайн зээлийн гэрээнд заасан 7,000 ам.долларыг шилжүүлэн өгөөгүй, харин А.О болон С.Н нарын хамтын үйл ажиллагааны явцад төлсөн хураамжтай холбоотойгоор, тэдгээрийн хүсэлтээр дээрх зээлийн гэрээг байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул зээлийн гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус зааснаар байгуулагдаагүй гэж үзнэ.

 

28. Иймд нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт нийт 57,808,360 төгрөг, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэх 4,871,405.81 төгрөгийг шаардах эрхгүй байна, харин хамтран ажиллах гэрээний үүрэгт нэхэмжлэгч А.О нь 36,900,000 төгрөгийг хариуцагч С.Н-с шаардах эрхтэй байх тул энэхүү хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,780,265.81 төгрөг болон хариуцагч Г.У-д холбогдуулан гаргасан Т.У, С.Н нарын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

29. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Н-с 36,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,780,265.81 төгрөг болон хариуцагч Г.У-д холбогдох нэхэмжлэгч Т.У, С.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697,837 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Н-с улсын тэмдэгтийн хураамжид 342,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.О-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТХУЯГ