Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 484

 

 

С.Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03662 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Х, Б.Д, П.Н нарт холбогдох,

 

Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Их тойруу гудамж, 192 дугаар байр 15 тоотод байрлах орон сууцыг иргэн З.Х, Б.Д, П.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Батжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Амундра,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр З.Хулантай Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан үндэслэлээр харилцан тохиролцож 000196659 тоот гэрчилгээний дугаартай Ү-2204019518 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Их тойруу 192-05 тоот 69.6 м.кв 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийж 54 600 000 төгрөгөөр худалдаж авсан. Дээрх орон сууцны хөлсийг гэрээ хийсэн өдрөө шилжүүлсэн болно. Гэвч иргэн З.Х 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүсэлт гарган дээрх худалдан борлуулсан орон сууцаа буцаан худалдаж авах талаар надтай ярилцаж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ хийж хүү, алданги тооцуулах нөхцөлтэйгээр С.Э надтай тохиролцож С.Э З.Х байрны төлбөрт шилжүүлсэн 54 600 000 төгрөгийг зээл болгож 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд 1 сарын 5 хувийн хүүтэй эргүүлэн төлөх. Энэ нэмэлт нөхцөлд нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр талуудын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг шууд хүчингүй болгох эрх зүйн үйлчлэл бүхий хэлцэл биш болно. З.Х нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдээнэ. Гэрээт хугацаанд С.Э авсан 54 600 000 төгрөгийг бүрэн төлж чадаагүй тохиолдолд төлсөн хүүг тооцохгүй үндсэн төлбөрийг эргүүлэн авч З.Х байрыг султгаж өгөх үүрэгтэй гэсэн нөхцөлтэйгээр дахин баримт бичиг үйлдэн гарын үсэг зурсан болно. Үүнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрээний хугацаа дуусч иргэн З.Х нь надад дахин хүсэлт гаргаж зээл бүтэж байгаа хугацааг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл сунгаж өгнө үү гэсний дагуу түүний аргагүй байдлыг ойлгож гэрээний хугацааг сунгаж өгсөн. Ингээд өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар тухайн худалдсан орон сууцаа буцааж авсан зүйлгүй, миний өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгөхгүй намайг хохироож байна. Иймд З.Х нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул С.Э миний өмчлөлд шилжүүлсэн 000588506 гэрчилгээний дугаартай Ү-2204019518 эрхийн улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Их тойруу гудамж 192 дугаар байр 15 тоот 63.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг З.Х, Б.Д, П.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зохигчид 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд зээлдүүлэгч нь Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Их тойруу 192-05 тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны гэрээ байгуулаагүй өөрийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүсмэгц худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээг сайн харвал хоёр гэрээнд хоёуланд нь 54 600 000 төгрөг үнийн дүн бичигдсэн байдаг. Нэхэмжлэгч удаа дараа тайлбар бичүүлж аваад зээлийн төлбөрт хүү гэж өөрийн дансанд 1 900 000 төгрөгийг авсан байдаг. Зээлийн гэрээг ямар нэгэн байдлаар хүчингүй болгосон зүйлгүй байдаг. Энэ бүгдээс харахад худалдах, худалдан авах гэрээ зохигчдын хооронд үүсээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Э гаргасан нэхэмжлэлд Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Их тойруу 192-05 тоотод байрлах орон сууцыг иргэн З.Х, Б.Д, П.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэсэн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр С.Э , З.Х нар зээлийн гэрээ болох орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч миний охин З.Х байраа барьцаанд тавьж зээл авсан болохоос байраа зарах ямар ч зорилго байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч З.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие З.Х 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр С.Энхбатаартай зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээний дагуу 46 000 000 төгрөгийг Хаан банкны 528688578 тоот дансаар хүлээн авсан. Мөн зээлийн хүү болгож 1 900 000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зээлдүүлэгч С.Э Хаан банкны 5003406070 тоот дансанд шилжүүлэн өгсөн. Энэ зээлийн гэрээ бол хүчин төгөлдөр гэрээ юм. Талууд ямар нэгэн байдлаар энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус болгоогүй. Зээлийн гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгөө барьцаалах үед зээлдүүлэгч С.Э орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаардсан. Түүний шаардлагын дагуу би өөрийн аав, ээж хоёроос итгэмжлэл аваад С.Э тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Манай байр хамгийн багадаа 100 000 000 төгрөгийн үнэлгээтэй. Энэ үнэлгээний 50 хувьд нь болж бид зээл авсан. С.Э худалдан авч байгаа орон сууцаа очиж үзээгүй ч үгүй зөвхөн үл хөдлөх эрхийн гэрчилгээг хараад зээл олгосон. Манай аав, ээж хоёр ч гэсэн намайг зээл авах зорилготой л гэрээ хэлцэл хийсэн гэж ойлгож байгаа одоо ч гэсэн ойлгосоор байгаа. С.Э тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг зээл авахын тулд дүр үзүүлж хийсэн. Иймд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан орон сууц худалдах хулдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Э шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Данс руу шилжүүлсэн мөнгийг мэдэж байгаа. Хоёрт дүр эсгэсэн худалдах, худалдан авах гэрээг байгуулж, зээл авах зорилготой байсан гээд байна. Мөн намайг хоёр жилийн хугацаанд яагаад байраа аваагүй гээд байна. Би хоёр жилийн хугацаанд надад яаж худлаа ярьж байсан бүх мессежүүд нь байна. Танд хүү гээд өгсөн байна гэж байна. Хүү гэж өгснөөр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болгоно гэх ойлголт байхгүй байх гэж бодож байна. Би хариуцагчийг зээл авъя гээд ирэхэд танд зээл өгөх боломжгүй байна. Мансарттай байр чинь үнэтэй биш юм байна гэж хэлсэн. Гэтэл хоёр хоногийн дараа над дээр ирээд байраа зарахаар болчихлоо гэсэн. Зээл авах гээд халхавчилсан зүйл байхгүй. Тухайн үед З.Х нь сальфетканы үйлдвэр болж байна. Байраа буцааж худалдаж авъя гэж хүсэлт гаргасан. Намайг хүүтэй мөнгө авсан гэдгийг З.Х болон түүний ээж мэдэж байсан учраас З.Х танд мөнгийг чинь хүүтэй өгье гэсэн. Таны өгсөн мөнгийг зээлийн гэрээ хэлбэрээр хүүг нь бодож өгье гэсэн. Тэгээд өмнөх зээлийн гэрээг сэргээсэн. Зээлийн гэрээний дагуу мөнгийг өгөхгүй, би байрыг авдгаараа авна гэсэн тохиролцоо байсан. Үүнийг та нар гуйвуулаад байна. Би байраа султга гэж очсон. Миний утсан дээр бичлэг нь байгаа. Гэрээний нэмэлт нөхцөл дээр маш тодорхой байгаа. З.Х хүсэлт нь байгаа. Би та нар мөнгөө өгөх юм бол байраа буцаагаад ав, би та нарын байранд шунахгүй гэж би ярьж байсан. Надад хүний байранд шунасан сэтгэл байсан бол шүүхэд нэхэмжлэл аль эрт өгөх байсан. Би хоёр жил хүлээсэн. Та нар үл хөдлөх хөрөнгийг 100 000 000 төгрөгийн үнэтэй гэж харагдуулахын тулд нөхрөөрөө зохиомол гэрээ хийлгэсэн байна. Худалдах, худалдан авах гэрээг 100 000 000 төгрөгөөр хийж, 70 000 000 төгрөг авахгүй бол болохгүй байна. Мансартын 5 давхар байр 100 000 000 төгрөгийн үнэтэй байж чадахгүй. Хүний юмыг үнэлэх эрх надад байхгүй. Худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа урьдчилгаа 30 000 000 төгрөгийг н.Алтай эгч банканд зохицуулж байгаа. 70 000 000 төгрөгийг аваад, таны мөнгийг өгөөд н.Алтай эгчид бас шагналын мөнгө өгөхгүй болохгүй байна. Худалдах, худалдан авах гэрээг 100 000 000 төгрөгөөр хийе гэж гуйсан. Та нар дахин худалдах, худалдан авах гэрээг 100 000 000 төгрөгөөр хийж, мөн хүү гэж миний данс руу хийснээр та нар энэ асуудлыг гуйвуулах гэж оролдож байна гэдэг нь тодорхой харагдаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, Б.Д, П.Н , З.Х нарын хууль бус эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019518 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Их тойруу 192 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, 69.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр С.Э /РД:ШЗ74062517/, З.Х /РД:УХ89021847/ нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, З.Хулангаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгч С.Э гаргуулж З.Х олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, маргааны үйл баримтад шууд хамаарах нэхэмжлэгч, хариуцагч нарын тохиролцож байгуулсан гэрээг хүлээж авалгүй буцааж, хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэргийн оролцогчдод тайлбарлаж өгсөн байдаг. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан эрх, үүргийг танилцуулж, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, маргааны үйл баримтад шууд хамаарах нотлох баримтыг гаргаж хэлэлцүүлэх эрхтэй гэсэн атлаа “2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний нэмэлт нөхцөл” гэсэн гэрээг буцаасан. Хариуцагч тал уг гэрээг шүүх хүлээн авбал хариуцагч нарт танилцуулах талаар тайлбараа гаргаж, гэрээ байгуулагдсаныг үгүйсгээгүй байдаг. /Шүүх хуралдааны тэмдэглэл/ Иргэний хэрэг үүсч, анхны шүүх хуралдаан дээр энэхүү нотлох баримт гаргаж өгч байгаа учир шалтгаанаа нэхэмжлэгч тайлбарласан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч нарын энэхүү нэмэлт гэрээ нь нэхэмжпэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн татгалзалын үндэслэлд шууд хамарсан хүсэл зоригийн илэрхийллийг нотлох баримт байх бөгөөд үүнийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2-д “шүүх хэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх гэсэнтэй нийцэхгүй, анхан шатны шүүх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Ийнхүү шүүх нотлох баримтыг хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг тогтоохгүйгээр шийдвэрлэхэд шууд нөлөөлсөн, нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан эрх зөрчигдсөн байна. Дээрх нэмэлт нөхцөлөөр Иргэний хуулийн 265-268 зүйлд заасан “эд хөрөнгө буцаан худалдан авах эрх”-ээ хэрэгжүүлэх нөхцөл, мөн эзэмшил ашиглалтдаа байлгаж, энэ хугацаандаа хөлслөхөөр тохиролцож байжээ. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...зээлийн гэрээнд заасан байрны өмчлөх эрх С.Э нэр дээр хүчин төгөлдөр үргэлжлэх болзолт нөхцөл бүрдсэн байна” гэж дүгнэсэн ойлгомжгүй, худалдахаар тохиролцсон хүсэл зоригийн илэрхийлэл нь давхар “нэмэлт гэрээ”-ний нөхцөл талуудын буцаан худалдан авах талаар мөн П.Н, З.Х нөхөр Б.Д нар гэрээ байгуулж байсан талаарх тайлбар нотлох баримт нь үнэлэгдээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч З.Х, Б.Д, П.Н нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Их тойруу гудамж, 192 дугаар байр 15 тоотод байрлах орон сууцыг иргэн З.Х, Б.Д, П.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ маргааны зүйл болох 3 өрөө орон сууцыг хариуцагчаас 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 54 600 000 төгрөгөөр худалдан авснаа, хариуцагч З.Хулангийн хүсэлтээр 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 54 600 000 төгрөгний зээлийн болгож, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй бол худалдах, худалдан авах гэрээ хэвээр үлдэхээр тохирсон тул орон сууцнаас нүүлгэн гаргуулна гэж тохирсон гэсэн бол, хариуцагч нар нь татгалзлаа нэхэмжлэгчээс 54 600 000 төгрөг зээлсэн, зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүл гэсэн тул худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, орон сууцаа худалдах зорилго байгаагүй гэсэн  зөрүүтэй тайлбар гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний нэмэлт нөхцөл гэх 2 хуудас баримтыг шүүх хуралдааны явцад гаргасныг шүүх хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн хоёр хуудас баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэлгүй өөрт нь буцааж өгсөн нь хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг тогтоох боломжгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ. /хэргийн 57-58 дахь тал/

 

Шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Ийнхүү шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгосон эрх зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүйгээс гадна дээрх нотлох баримтгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй. Учир нь хариуцагч З.Хулан, С.Э өмчлөлд орон сууцаа шилжүүлж, зээлийн гэрээгээ худалдах, худалдан авах гэрээ болгон өөрчилсөн эсэхийг харьцуулан дүгнэх боломжгүй байна.

 

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03662 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ