Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2019/03662

 

 

 

 

2019 оны 12 сарын 20 өдөр          Дугаар 101/ШШ2019/03662          Улаанбаатар хот

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Х

Хариуцагч: Б.Д

Хариуцагч: П.Н/ нарт холбогдох

Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Их тойруу гудамж, 192 дугаар байр 00 тоотод байрлах орон сууцыг иргэн З.Х, Б.Д, П.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э, өмгөөлөгч Ө.Амарбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, Б.Амундра, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:миний бие С.Э нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр З.Х-тай Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан үндэслэлээр харилцан тохиролцож 000196659 тоот гэрчилгээний дугаартай Ү-000000000 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Их тойруу 192-05 тоот 69.6 м.кв гурван өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийж 54,600,000 төгрөгөөр худалдаж авсан. Дээрх орон сууцны хөлсийг гэрээ хийсэн өдрөө шилжүүлсэн болно. Гэвч иргэн З.Х 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүсэлт гарган дээрх худалдан борлуулсан орон сууцаа буцаан худалдаж авах талаар надтай ярилцаж, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ хийж хүү, алданги тооцуулах нөхцөлтэйгээр С.Э надтай тохиролцож С.Э-аас З.Хд байрны төлбөрт шилжүүлсэн 54,600,000 төгрөгийг зээл болгож 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд 1 сарын 5 хувийн хүүтэй эргүүлэн төлөх.

Энэ нэмэлт нөхцөлд нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр талуудын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг шууд хүчингүй болгох эрх зүйн үйлчлэл бүхий хэлцэл биш болно. З.Х нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдээнэ. Гэрээт хугацаанд С.Э авсан 54,600,000 төгрөгийг бүрэн төлж чадаагүй тохиолдолд төлсөн хүүг тооцохгүй үндсэн төлбөрийг эргүүлэн авч З.Х байрыг султгаж өгөх үүрэгтэй гэсэн нөхцөлтэйгээр дахин баримт бичиг үйлдэн гарын үсэг зурсан болно. Үүнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрээний хугацаа дуусч иргэн З.Х нь надад дахин хүсэлт гаргаж зээл бүтэж байгаа хугацааг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл сунгаж өгнө үү гэсний дагуу түүний аргагүй байдлыг ойлгож гэрээний хугацааг сунгаж өгсөн.

Ингээд өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар тухайн худалдсан орон сууцаа буцааж авсан зүйлгүй, миний өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгөхгүй намайг хохироож байна. Иймд З.Х нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул С.Э миний өмчлөлд шилжүүлсэн 000588506 гэрчилгээний дугаартай Ү-000000000 эрхийн улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Их тойруу гудамж 192 дугаар байр 15 тоот 63.6 м2 талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг З.Х, Б.Д, П.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч З.Х шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Э-ын нэхэмжлэлтэй, З.Х, Б.Д, П.Н нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч З.Хгийн төлөөлөгчөөр оролцож байгаа Т.Сайнбаяр дараах тайлбарыг гаргаж байна. Зохигчид 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд зээлдүүлэгч нь Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Их тойруу 192-05 тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны гэрээ байгуулаагүй өөрийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүсмэгц худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээг сайн харвал хоёр гэрээнд хоёуланд нь 54,600,000 төгрөг үнийн дүнд бичигдсэн байдаг. Нэхэмжлэгч удаа дараа тайлбар бичүүлж аваад зээлийн төлбөрт хүү гэж өөрийн дансанд 1,900,000 төгрөгийг авсан байдаг. Зээлийн гэрээг ямар нэгэн байдлаар хүчингүй болгосон зүйлгүй байдаг. Энэ бүгдээс харахад худалдах худалдан авах гэрээ зохигчдын хооронд үүсээгүй.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Д, П.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Э-ын гаргасан нэхэмжлэлд Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Их тойруу 192-05 тоотод байрлах орон сууцыг иргэн З.Х, Б.Д, П.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэсэн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодоруулбал: 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр С.Э болон З.Х нар Зээлийн гэрээ болох Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч миний охин З.Х байраа барьцаанд тавьж зээл авсан болохоос байраа зарах ямар ч зорилго байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

З.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие З.Х 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр С.Э Зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээний дагуу 46,000,000 төгрөгийг Хаан банкны 528688578 тоот дансаар хүлээн авсан. Мөн зээлийн хүү болгож 1,900,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зээлдүүлэгчид С.Э-ын Хаан банкны 5003406070 тоот дансанд шилжүүлэн өгсөн. Энэ зээлийн гэрээ бол хүчин төгөлдөр гэрээ юм. Талууд ямар нэгэн байдлаар энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус болгоогүй. Зээлийн гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгөө барьцаалах болох үед зээлдүүлэгч С.Э-ын орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаардсан.

Түүний шаардлагын дагуу би өөрийн аав, ээж хоёроос итгэмжлэл аваад С.Э-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Манай байр хамгийн багадаа 100,000,000 төгрөгийн үнэлгээтэй. Энэ үнэлгээний 50 хувьд нь болж бид зээл авсан.С.Э худалдан авч байгаа орон сууцаа очиж үзээгүй ч үгүй зөвхөн үл хөдлөх эрхийн гэрчилгээг хараад зээл олгосон. Манай аав ээж хоёр ч гэсэн намайг зээл авах зорилготой л гэрээ хэлцэл хийсэн гэж ойлгож байгаа одоо ч гэсэн ойлгосоор байгаа С.Э-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг зээл авахын тулд дүр үзүүлж хийсэн Иймд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах хулдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

С.Э шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Данс руу шилжүүлсэн мөнгийг мэдэж байгаа. Дансаар баталгаажих учраас түүнд ач холбогдол өгөөгүй. Хоёрт дүр эсгэсэн худалдах, худалдан авах гэрээг байгуулж, зээл авах зорилготой байсан гээд байна. Мөн намайг хоёр жилийн хугацаан яагаад байраа аваагүй гээд байна. Би хоёр жилийн хугацаанд надад яаж худлаа ярьж байсан бүх мессежүүд нь байна. Танд хүү гээд өгсөн байна гэж байна. Хүү гэж өгснөөр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болгоно гэх ойлголт байхгүй байх гэж бодож байна. Би хямдхан байр байна гээд авъя гэж бодсон. Би хариуцагчийн зээл авъя гээд ирэхэд танд зээл өгөх боломжгүй байна. Мансарттай байр чинь үнэтэй биш юм байна гэж хэлсэн.

Гэтэл хоёр хоногийн дарааг над дээр ирээд байраа зарахаар болчихлоо гэсэн. Зээл авах гээд халхавчилсан зүйл байхгүй. Тухайн үед З.Х нь сальфетканы үйлдвэр болж байна. Байраа буцааж худалдаж авъя гэж хүсэлт гаргасан. Намайг хүүтэй мөнгө авсан гэдгийг З.Х болон түүний ээж мэдэж байсан учраас З.Х танд мөнгийг чинь хүүтэй өгье гэсэн. Таны өгсөн мөнгийг зээлийн гэрээ хэлбэрээр хүүг нь бодож өгье гэсэн. Тэгээд өмнөх зээлийн гэрээг сэргээсэн. Зээлийн гэрээний дагуу мөнгийг өгөхгүй би байрыг авдгаараа авна гэсэн тохиролцоо байсан. Үүнийг та нар гуйвуулаад байна.

Би гэрт хоёр гурван удаа очиж үзсэн. Би байраа султга гэж очсон. Миний утсан дээр бичлэг нь байгаа. Гэрээний нэмэлт нөхцөл дээр маш тодорхой байгаа. З.Хулангийн хүсэлт нь байгаа. Би та нар мөнгөө өгөх юм бол байраа буцаагаад ав, би та нарын байранд шунахгүй гэж би ярьж байсан. Надад хүний байранд шунасан сэтгэл байсан бол шүүхэд нэхэмжлэл аль эрт өгөх байсан. Би хоёр жил хүлээсэн. Та нар үл хөдлөх хөрөнгийг 100,000,000 төгрөгийн үнэтэй гэж харагдуулахын тулд нөхрөөрөө зохиомол гэрээ хийлгэсэн байна.

Худалдах, худалдан авах гэрээг 100,000,000 төгрөгөөр хийж, 70,000,000 төгрөг авахгүй бол болохгүй байна. Алтай шагналын мөнгө өгөхгүй бол болохгүй байна гээд бүх зүйлээ ярьж байсан. Мансартын 5 давхар байр 100,000,000 төгрөгийн үнэтэй байж чадахгүй. Хүний юмыг үнэлэх эрх надад байхгүй. Худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа урьдчилгаа 30,000,000 төгрөгийг н.Алтай эгч банканд зохицуулж байгаа. 70,000,000 төгрөгийг аваад, таны мөнгийг өгөөд н.Алтай эгчид бас шагналын мөнгө өгөхгүй болохгүй байна. Худалдах, худалдан авах гэрээг 100,000,000 төгрөгөөр хийе гэж гуйсан. Та нар дахин худалдах, худалдан авах гэрээг 100,000,000 төгрөгөөр хийж, мөн хүү гэж миний данс руу хийснээр та нар энэ асуудлыг гуйвуулах гэж оролдож байна гэдэг нь тодорхой харагдаж байна гэв.

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э нь эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаар бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Их тойруу 192 дугаар байрны 05 тоот хаягт байршилтай 69.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч З.Х, Б.Д, П.Н нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар бид зээл авах зорилготой тухайн орон сууцыг С.Э-н нэр дээр шилжүүлж, зээлийн болон худалдах худалдан авах гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч З.Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Эт холбогдуулан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг С.Э хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

1. Хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Их тойруу 192 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай 69.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч С.Э хариуцагч З.Х нар 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 54,600,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 02 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нэг сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн хүүтэй алданги тооцохоор харилцан тохиролцож “Зээлийн гэрээ”-г байгуулжээ./хх-ийн 9 дүгээр тал/

Зохигчид 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн      Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Их тойруу 192 дугаар байрны 05 тоот хаягт байршилтай, 69.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 54,600,000 төгрөгөөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж,  2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ С.Эын нэр дээр гарч тэрээр хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж, тухайн орон сууцанд хариуцагч нар амьдарч байгаа талаар нэхэмжлэгч үгүйсгээгүй./хх-ийн 6, 8 дугаар тал/

Нэхэмжлэгч С.Э-аас хариуцагч З.Х-гийн Хаан банкны 5028688578 тоот дансанд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 3 удаагийн үйлдлээр 54,600,000 төгрөгийг шилжүүлсэн байна./хх-ийн 52 дугаар талууд/

С.Э, З.Х нар 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хийгдсэн талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр болгох нөхцөл “ гэсэн гэрээг хэлцлийг байгуулжээ.

Энэхүү гэрээний 1 дүгээр зүйлд байрны төлбөрт авсан 54,600,000 төгрөгийг хүүтэйгээр буцаан төлөх ингэхдээ 2017 оны 7 дугаар сарын 04-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр болгож мөрдөх, 1.1.-д “Худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж буцаан худалдах, худалдан авах нөхцөл тохирох”,  2 дугаар зүйлийн 2.1-д “С.Эаас З.Хд байрны төлбөрт 2017.07.06-ны өдөр Хаан банкны 5028688578 тоот дансанд шилжүүлэн өгсөн 54,600,000 төгрөгийг зээл болгож 6 сар /2017.07.04-ний өдрөөс 2018.01.04-ний өдрийг хүртэл 1 сарын 5 %/-ийн хүүтэй эргүүлэн төлнө.“ гэж гэрээний гэж гэрээний зорилгоо тодорхойлжээ.

Улмаар хариуцагч З.Х 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр С.Э-т уламжлан “Байрны төлбөрт төлсөн 54,600,000 төгрөгийг хүүтэйгээр буцаан төлөх. Ингэхдээ 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр мөрдөх”, “2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэрээний нэмэлт нөхцөлийн дахин 6 сараар сунгаж 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл сунгаж өгнө үү“ гэсэн хүсэлтүүдийг гаргаж байжээ./хх-ийн 11-12 дугаар талууд/

Хариуцагч З.Х-гаас 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр С.Э-ын Хаан банкны 5003406070 тоот дансанд 1,900,000 төгрөгийг зээлийн хүү гэх утгатай шилжүүлсэн, энэ талаар талууд маргаагүй./хх-ийн 51 дүгээр тал/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “ Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний гол шинж бол зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгоно.

 Талуудын хооронд “Зээлийн гэрээ” байгуулагдсан байх ба хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийсэн атлаа 2017 оны 7 дугаар сарын 17-ний өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр болгох нөхцөл гэсэн гэрээнд “……З.Х миний бие анх С.Эаас зээл авах хүслийн үндсэн дээр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн барьцаанд тавих гэж байсан орон сууцаа барьцаалахаа болж зарах шийдвэр гэнэт гарган С.Эт худалдсан.

Тодруулбал бидний хооронд хийгдсэн зээлийн гэрээний дагуу зээл шилжээгүй байсан тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр болоогүй байсан тухайн үед З.Х миний бие С.Э-ын өмчлөлд орон сууцаа шилжүүлж Зээлийн гэрээгээ худалдах худалдан авах гэрээ болгон өөрчилсөн. Байраа зах зээлийн үнээс хямд зарсан гэдэг утгаараа миний зүгээс боломж нь олдвол сууцаа буцаан авах хүсэлтэй байна.” гэж үндэслэлээ заажээ.

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд үзэхэд З.Х зээл авахын тулд орон сууц өмчлөх эрхээ нэхэмжлэгчийн өмчлөлд, нэхэмжлэгч С.Э нь хариуцагчийн дансанд 54,6000,000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр нэхэмжлэгчийн Хаан банкны дансанд 1,900,000 төгрөгийг зээлийн хүү гэж хариуцагч шилжүүлсэн болох нь тогтоогдов.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, мөн хуулийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд зохигчдын хооронд зээлийн гэрээний үүргийг зөрчсөн тул зээлийн гэрээнд заасан байрны өмчлөх эрх С.Э-ын нэр дээр хүчин төгөлдөр үргэлжлэх болзолт нөхцөл бүрдсэн байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нарын хууль бус өмчлөлөөс үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

З.Х нь С.Э-т холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г дүр үзүүлсэн гэрээ тул хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасныг С.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч С.Э хариуцагч З.Х нар 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 54,600,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 02 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нэг сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн хүүтэй алданги тооцохоор харилцан тохиролцож “Зээлийн гэрээ”-г байгуулж, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Их тойруу 192 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, 69.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцож, үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 7 дугаар сарын 06-ны өдөр С.Э-ын нэр дээр гарч, тэрээр хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж, тухайн өдрөө З.Хгийн Хаан банкны 5028688578 тоот дансанд 54,600,000 төгрөгийг шилжүүлж, тухайн орон сууцанд хариуцагч нар амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон.

С.Э, З.Х нар 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хийгдсэн талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр болгох нөхцөл“ гэсэн гэрээг хэлцлийг байгуулжээ.

Дээрх гэрээний агуулгаас үзэхэд зээлдэгч хугацаандаа зээлээ төлж барагдуулаагүй бол байраа барьцаанд өгнө гэсэн агуулгатай байгаа болохоос биш орон сууцыг зээлдүүлэгчид худалдана гэсэн санаа зорилго агуулаагүй байна.

Тухайлбал талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж зээлдэгч З.Х нь 3 өрөө орон сууцыг барьцаа болгож байгаа нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт заасан заалтад нийцсэн тул энэ хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3-т зааснаар талууд барьцааны гэрээг бичгээр байгуулах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ нь хүчин төгөлдөр бус байхаар хуулиар зохицуулсан атал зээлдүүлэгч С.Э зээлдэгч З.Х-тай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” бичгээр байгуулжээ

Хэрвээ нэхэмжлэгч нь орон сууцаа худалдсан тохиолдолд С.Э нь улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан үйлдэл нь хууль зөрчөөгүй байх юм.

Гэтэл бодит байдал дээр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байхад энэ хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн мэтээр гэрээ байгуулсан үйлдэл нь энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт заасан “ дүр үзүүлсэн ” гэх заалтад нийцэж байна гэж шүүх үзэв.

 Өөрөөр хэлбэл хүсэл зоригоо илэрхийлэгч хүсэл зоригоо дүр үзүүлэх төдийгөөр илэрхийлсэн болохыг хэлцлийн нөгөө тал мэдэж байсан тохиолдолд уг хэлцэл хүчин төгөлдөр бус байхыг ойлгоно.

 С.Э нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, 7 дугаар сарын 06-ны өдөр, тухайн өдөр З.Хгийн дансанд 54,600,000 төгрөгийг шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон талаар тайлбарлах боловч зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн.

Түүнчлэн зээлдүүлэгч нь зээлдэгчтэй барьцааны гэрээг бичгээр байгуулах атал түүнтэй “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан нь зээлдэгчийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчжээ.

 

Иймд шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө” , Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “…энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заажээ.

С.Э нь эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Их тойруу 192 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, 69.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөлийг буцаан шилжүүлэх үүрэгтэйг дурдав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Хгаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, З.Х-д тус тус олгохоор шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116,118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, Б.Д, П.Н, З.Х нарын хууль бус эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Их тойруу 00 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай, 69.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр С.Э/РД:/, З.Х/РД:/ нарын хооронд байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, З.Хгаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгч С.Э-аас гаргуулж З.Х-д олгосугай.

3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т.ГАНЧИМЭГ