Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг,

Улсын яллагч А.Амгалан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Батжаргал

Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Шүүгдэгч А.Баярдаваа, Б.Лхаасүрэн, Х.Сүхбаатар, Э.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтансэлэмийн Баярдаваа, Баянжаргалын Лхаасүрэн, Хүрэлсүхийн Сүхбаатар, Эрдэнэбаатарын Бат-Эрдэнэ нарт холбогдох 201716010020 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эфирийн найруулагч мэргэжилтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 40-608 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тарваган овогт Алтансэлэмийн Баярдаваа /РД:УП89050170/

 

Монгол улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 1-398 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баянжаргалын Лхаасүрэн, /РД:УК90031473/

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 6-118 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Хүрэлсүхийн Сүхбаатар /РД:УК88102332/

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Зоогийн 8-5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ариунсан овогт Эрдэнэбаатарын Бат-Эрдэнэ /РД:НР88110271/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Баярдаваа, Б.Лхаасүрэн, Х.Сүхбаатар, Э.Бат-Эрдэнэ нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нүүрс тээвэрлэнэ гэж бусдыг хуурч мэхлэн “Итайкар” ХХК-ийн 60-42 АЧ дугаарын чиргүүл, 79-72 ӨМА дугаартай Нордбенз маркийн чирэгч тээврийн хэрэгслийг авч бусдад 45,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Баярдаваа мэдүүлэхдээ:” 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Гашуун Сухайтын боомтоор Бат-Эрдэнэ машин гаргаж ирэхэд Лхаасүрэн бид хоёр машиныг тосож аваад Лхаасүрэн машиныг жолоодоод Цогтцэций сум руу явсан. Би 12 дугаар сарын 26-ны өдөр Лхаасүрэнгийн араас Цогтцэций сум руу очиж Лхаасүрэнтэй уулзсан. Сүхбаатар, Бат-Эрдэнэ хоёр араас ирж бид дөрөв уулзсан. Сүхбаатар, Бат-Эрдэнэ хоёр Нямжанцан гэдэг хүнтэй уулзаад, машиныг зарсан ийм үйл явдал болсон. Хэргийн хувьд би энэ хэрэгт санхүүгийн туслалцаа буюу хотоос ирэх, явах унааны зардал мөн найзынхаа машиныг хэрэглүүлж оролцсон. Машин зарах, тохиролцох асуудалд оролцоогүй. Би ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Анх удаа гэмт хэрэгт санамсаргүй байдлаар холбогдсондоо гэмшиж байна. Хэрэгт шалгагдах 7 сарын хугацаанд ажлаа хийгээгүйн улмаас ар гэрийн санхүүгийн байдал хүнд болсон. Эхнэр маань бас ажил хийдэггүй. Хоёр нялх хүүхдээ хараад гэрт байдаг. Бид хэрэг хийсэн нь үнэн. “Итайкар” ХХК-нд хохирол учруулсан нь үнэн. Тийм болохоор хохирлыг ямар нэгэн аргаар төлж барагдуулна. Бид дөрөв ярилцаж байгаад 2018 оны 1 дүгээр сар гэхэд хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байна гэсэн хүсэлт бичиж хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Би Улаанбаатар хотод өдрийн цагаар Да хүрээ зах дээр ажиллаад, шөнийн цагаар дуудлагын жолооч хийдэг.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Лхаасүрэн мэдүүлэхдээ:” Баярдаваа болсон хэргийн талаар үнэн зөв ярьсан. Яг тийм үйл явдал болсон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хэрэгт шалгагдаад ажилаа хийж чадахгүй байсан болохоор ар гэрийн санхүүгийн асуудал хүнд байгаа. Шүүхээс бид дөрөвт боломж олговол 2018 оны 1 дүгээр сар гэхэд хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байна гэсэн хүсэлт бичиж хавтаст хэрэгт хавсаргасан байгаа.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Сүхбаатар мэдүүлэхдээ:” Баярдаваа болсон хэргийн талаар үнэн зөв ярилаа. Би хэрэгт холбогдоод цехийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй олон сар болсон тул санхүүгийн боломжгүй болсон. Аав, ээж хоёроор банкны зээлээ төлүүлж байгаа тул хохирол төлбөрийг яг одоо төлөх боломжгүй байна. Тиймээс бид дөрөв ярилцаж байгаад 2018 оны 1 дүгээр сар гэхэд хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байна гэсэн хүсэлт бичиж хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би санаадгүй явж байгаад ийм хэрэгт холбогдсон.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ:” 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар, Алтантулга бид гурав Ганц мод руу машин авах гэж орсон боловч машин олдоогүй тул 22-ны өдөр буцаж Цагаан хад руу гарч хоноод 23-ны өдөр Сүхбаатар бид хоёр Ганц мод руу гарсан. Тэнд очоод Сүхбаатар бид хоёр Сургагч гэж хөтөчтэй танилцсан. Маргааш нь тэр хүнээс 79-72 ӨМА дугаартай Нордбенз маркийн автомашиныг авсан. 24-ний өдөр 100 юанийн жолооч хөлсөлж Цагаан хад руу машинаа гаргасан. 24-ний өдөр хагас сайн өдөр байсан болохоор Сүхбаатар бид хоёр Хятадад буудалд хоёр хоноод 26-ны өдөр буюу 1 дэх өдрийн өглөө Монгол руу гарч ирсэн. Баярдаваа, Лхаасүрэн хоёр 24-ний өдөр хөлсний жолоочоос машиныг хүлээж аваад Өмнөговь аймгийн Цогтцэций суманд авч очсон. 26-ны өдөр би Алтантулгын машинаар араас нь ирсэн. Тэгэхэд Нямжанцан гэдэг хүнтэй уулзаад 27-ны орой 20 цагийн үед Нордбенз машинаа худалдахаар тохироод Өвөрхангай аймгийн Сант сум хүртэл яваад, Нямжанцан нь 6,700,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Тэндээс Сүхбаатар, Лхаасүрэн, Баярдаваа бид дөрөв Алтантулгын машинаар хот руу орсон. Бидний зүгээс хохирогч талаас уучлалт гуймаар байна. Олон ажил, цаг хугацааг нь алдагдуулсан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахиж ийм хэрэгт холбогдохгүй. Би Ханбогд сумын Өгөөмөр ресторанд тогооч хийж байгаа. Сард 1,000,000 төгрөгийн цалин авдаг. Бид дөрөв 2018 оны 1 дүгээр сар гэхэд хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байна гэсэн хүсэлт бичиж хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Би энэ ажилаа хийж байгаад хохирол төлбөрийг барагдуулна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “Итайкар” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч З.Батжаргал мэдүүлэхдээ: “ Шүүгдэгч нар нь “Итайкар” ХХК-ийн автомашиныг 2016 оны 12 дугаар сард авч зарж борлуулаад, одоог хүртэл хохирол төлбөрийг барагдуулаагүй байна. Шүүгдэгч нарын мэдүүлгээс харахад мөн нүүрс тээвэрт явж байсан машиныг авч зарсан нь тухайн машиныг ажил хийх бүрэн боломжтой, бүрэн бүтэн машин байсан гэдгийг харуулж байна. Машин алга болсноос хойш манай компанийн зүгээс цагдаад хандаж өргөдөл гаргасан. Энэ дөрвөн хүн бүрэн бүтэн байсан машиныг авч яваад 7 сард авч ирэхдээ нүүрс тээвэрлэх ямар ч боломжгүй болтол тоносон машины араам авч ирсэн. /машины фото зургийг харуулав/ Хохирол төлбөр төлөх талаар ямар ч идэвх санаачлага гаргаж компанитай ярьж тохиролцсон зүйл байхгүй. Хэрвээ энэ тээврийн хэрэгсэл манай компанид журмаараа 12 сараас хойш өнөөдрийг хүртэл нүүрс тээвэрлэлт хийж байсан бол хэдэн төгрөгийн ашиг олох байсан тухайг хэлье. Манай компанид ямар хэмжээний хор уршиг учирч байгаа талаар сануулж хэлэх гэсэн түүнээс биш энэ мөнгийг шүүгдэгч нараас албан ёсоор нэхэмжлээгүй. Манай компани нь тээврийн хэрэгслийг түрээсийн гэрээгээр авч явуулдаг. 1 тонн нүүрс 130 юань байдаг. Тухайн тээврийн хэрэгсэл нь 70 тонн нүүрс тээвэрлэж явахад 1 рейс хийхэд түлшний 2000 юань, боомтод 800 юань бусад зардал 1000 юанийг хасаж багаар бодоход 2,340,000 төгрөгийн ажил хийдэг машин байсан. Тэгэхээр энэ машин нь 1 сард дунджаар 7 рейс хийхэд сард нийт 13,238,000 төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Үүнийг 12 сараас 9 сар хүртэл бодож үзэхээр нийт 128,000,000 төгрөгийг олох ёстой байсан. Та нарын ярьж байгааг үзэхэд хохирол төлөх хугацаа урт байна. Хохирол төлбөр төлөх хугацааг наашлуулж манай компанийг хурдан хугацаанд хохиролгүй болгох шаардлагатай байна. 79-72 ӨМА дугаартай Нордбенз машин нь өнөөдрийн байдлаар урд хил дээр засвар хийлгэж байгаа. Энэ тээврийн хэрэгсэлд хийсэн засварыг жагсаалтаар гаргасан. Одоогийн байдлаар нийт 78,801,000 төгрөгийн засвар хийсэн байна. Гэтэл зах зээлийн ханшаар хуучин Шаланз машины үнэ 60,000,000-65,000,000 сая төгрөг болсон байгаа. Нүүрсний үнэ болон нүүрс тээвэрлэлт өссөнтэй холбоотой шаланзны үнэ нэмэгдсэн. Би энэ залуучуудыг Улаанбаатараас зохион байгуулалттай зорьж ирээд машин залилан мэхэлж авсныг маш их гайхаж байна. Залуу хүмүүс ид хийж бүтээх насан дээрээ ийм амар хялбар аргаар мөнгө олох гэж явж байгааг нь ойлгохгүй байна.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд “Итайкар” ХХК-ийн захирал Р.Мөнхбаярын хохирогчоор өгсөн: ”....2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хятадын Ганцмод боомтоос манай компанийн 79-72 ӨМА улсын дугаартай Норд бенз маркийн автомашинийг Даваа гэгч унаж Монгол улсын хил дээр ирээд Бат-Эрдэнэ гэгчид шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш уг машин хаана байгаа нь тодорхойгүй алга болсон. Манай машин нь 2016 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл манай компани дээр ирэхгүй байсан. Мөн уурхай дээрээс нүүрс ачаагүй байсан. Тэгээд алга болсон гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 15-16 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нямжанцангийн өгсөн:”...Би 2016 оны 12 дугаар сарын 20-ны үеэр өөрийнхөө 11-96 ХӨВ улсын дугаартай Нордбенз маркийн машинтай Дарханаас шохой ачаад Оюу толгой ХХК-д буулгачихаад 2016 оны 12 дугаар сарын 27-нд “Энержи ресурс” ХХК-аас 57 тонн нүүрс ачуулаад нүүрс тээвэрлэлтийн засмал замаар явж байгаад Цогтцэций сумын зургаа дахь км-т гуанзан дээр зогсоод хоол идээд машинаа шалгаад байж байхад тэнд байсан хүмүүс энд нэг шалаанз зарна гэж байна гэхээр нь утасных нь дугаарыг хүнээс аваад 80272848 дугаарын утасруу нь залгахад Бат-Эрдэнэ гэдэг залуу над дээр ирж уулзсан. Би машиных нь чиргүүлийг нь авъя гэхэд тэр залуу та толгойтой нь 8 сая төгрөгөөр авчих гээд байхаар нь би тэр машиныг асааж үзэх гэтэл түлшгүй байхаар нь түлш хийгээд асаалгасан. Тэгээд би Бат-Эрдэнэд жаахан доошоо яриач гэхэд за 7,000,000 төгрөгөөр ав гэсэн. Тэгээд би тэр машинд 100 литр түлш хийгээд тэр залуучуудад 150,000 төгрөг бэлнээр өгсөн. Би тэр залууд энэ машины чинь занг мэдэхгүй бүрэн бус гадна талдаа хээтээ муу дугуй тавьчихсан дотор талын дугуйнууд нь хагарсан байна гэж хэлээд та нар намайг Өвөрхангайн засмал зам дээр гаргаж өг гэсэн. Тэгээд тэр залуутай тохиролцоод тэр залуучууд цагаан өнгийн давхар кабинтай портертой би өөрийнхөө машиныг жолоодоод хамт хөдөлсөн. Тэгээд бид нар Цогт-Овоо суман дээр очоод 79-72 дугаартай машинд дахиж 100 литр түлш нэмж хийгээд би өөрийнхөө машиныг Баттулгад өгч Улаанбаатар хот руу явуулаад би 79-72 машиныг өөрөө жолоодоод Дундговь аймгийн Сайхан-Овоо сум руу хөдөлсөн. Нөгөө залуучууд портертойгоо хамт явсан. Тэгээд бид нар шөнөжингөө яваад Өвөрхангай аймгийн Сант сумын хажууханд зогсоод найз Сайнбуян луу яриад Бат-Эрдэнийн өгсөн данс руу 6.700.000 төгрөг хийлгэсэн. Сайнбуян Цэцэг гэдэг хүний данс байна гэсэн. Тэгээд би тэд нараас салаад Хөвсгөл аймаг руу чиглээд явж байгаад машин эвдрээд явахаа болихоор нь би Баттулгад Улаанбаатар хотоос апартур захиж авчруулсан. Тэгээд замдаа болохгүй болохоор нь Булган аймгийн Рашаант сумын Тариа бригад дээр хүнд захиж үлдээчихээд толгойг нь жолоодоод явж байхад Архангай аймгийн Хайрхан сумын Чулуутын голын орчимд усны радиатор задарсан. Тэгээд бид хоёр тэндээ янзлаад 12 сарын 29-ний орой Хөвсгөл аймгийн Рашаант суманд очоод таньдаг айлынхаа хашаанд үлдээчихээд би буцаад Улаанбаатар явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Э.Алтантулгын гэрчээр өгсөн:”...2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр намайг гэртээ байж байхад Баярдаваа надруу утсаар яриад Өмнөговь руу явах ажил байна. 4-5 хоног явна удлаа гэхэд 7 хоног явах ажил байн гэхээр нь би ямар хэргээр явах гэж байгаа юм бэ гэхэд чиний машинтай явах хэрэг байна. Юм ачсан ч гэсэн хэрэгтэй байна чамд хөлсөнд чинь 500.000 төгрөг өгье гэхээр нь би аав ээжээсээ асуучихаад орой хариу хэлье гээд тасалсан. Би орой нь аав ээжид манай ажлын Баяраа гэдэг залуу Өмнөговь руу хамт яваад ирье гэнээ гэхэд манай аав ээж намайг зам мэдэхгүй хөдөө явж үзээгүй юм чинь аавыгаа явуулчих гэсэн. Тэгээд би Баяраад тэр талаараа хэлтэл яах юм бэ хөгшөөн аавтай чинь эвгүйшдээ таньж мэдэхгүй, хүмүүс зам заагаад явчихнаа гээд гуйгаад маргааш явъя хөгшөөн чи багажаа бэлдээрэй гэсэн. Тэгээд 12 дугаар сарын 20-ны өдөр намайг унтаж байхад 13 цагийн үед Баяраа надруу залгаад нэг хүн нь явах үгүй нь мэдэгдэхгүй байна. Үдээс хойш яръя чи гадаад пасспортоо авчихаарай гэсэн. Тэгээд 16 цагийн үед Баяраа надруу яриад манай хадам ах бид хоёрыг Эрдэнэтолгойн клонкоос авчих гэхээр нь би тэр хоёрыг аваад Цайз захын дараагийн буудал дээр Лхаасүрэн гэдэг залуу, Сүхээ гэдэг залуугийн эхнэртэй хамт ирсэн. Тэгээд тэндээсээ хөдлөөд 1-р хороололд эхнэр дээрээ очиж уулзчихаад явах болоход би тэд нарт миний машины аккумлятор муу гэхэд Бат-Эрдэнийн машин хойно байгаа, соната-3 машин дээр очоод Баяраа тэндээс аккумляторыг нь авчихая гээд 3-р хорооллын орчимд хар өнгөтэй соната машин дээр очоод Баяраа тэр машинаар Бат-Эрдэнэ гэдэг залуугийн гадаад паспортыг авна гэж ярьж байсан. Тэгээд бид нар тэндээсээ хөдлөөд Сүхбаатар гэдэг залуугийн эхнэрийг нь хүргэж өгчихөөд Баяраа, Сүхээ, Лхаасүрэн нар 1 шил архи хувааж уучихаад бид нар Налайх руу хөдөлсөн. Тэгээд бид нар Налайхаас Бат-Эрдэнэ гэдэг залууг аваад Төв аймгаар Өмнөговь руу явсан. Тэгээд бид нар шөнөжингөө яваад 12 дугаар сарын 22-ны өглөө 11 цагийн үед Гашуунсухайт хилийн боомт гэдэг газар очсон. Тэгээд тэнд очоод Сүхбаатар, Бат-Эрдэнэ 2 намайг цайны цаг өнгөрөхөөс өмнө хамт орчих гэж гуйгаад байхаар нь би хамт орсон. Бид гурав хамт урагшаа ороод цэнхэр тамгатай бичгээ авчихаад удалгүй буцаад Монгол руу орж ирсэн. Тэгээд бид нар тэр өдөртөө машинаа янзалчихаад Бат-Эрдэнэ, Сүхбаатар нар 12 дугаар сарын 23-нд хятад руу буцаад орсон. Тэгээд Лхаасүрэн, Баяраа бид 3 Цагаанхаданд нэг хоног хүлээгээд хил дээр оччихсон байж байгаад Лхаасүрэн хүнтэй уулзчихаад ирье гээд эргэж ирэлгүй явсан. Тэгээд Баяраа бид хоёр тэрнээс хойш Цагаанхадан дээр машиндаа 1 хоносон. Тэгээд 12 дугаар сарын 25-ны өдөр Бат-Эрдэнэ Хятадаас гарч ирээд Баяраа бид хоёр дээр ирсэн. Тэгээд бид гурав тэндээс хөдлөхдөө Баяраа нэг газраар дайрчихаад хот руу явна гэсэн. Бид нар зургаа гэдэг газар дээр очиход Лхаасүрэн бид нарыг хүлээж байсан. Тэр орой Бат-Эрдэнэ хүнтэй уулзаад утсаар яриад яваад байсан. Тэгээд Сүхбаатар орой 23 цагийн үед ирсэн. Бид нар тэндээсээ Цогтцэций суманд очиж буудалд буугаад удаагүй байтал Бат-Эрдэнэ хүнтэй утсаар ярьчихаад Лхаасүрэн, Сүхбаатар хоёртой хүнтэй уулзчихаад ирье машинаа өгчих гэхээр нь түлхүүрээ өгөөд явуулсан. Бид нар тэндээсээ Зургаа гэдэг газар очоод улаан өнгийн шаланзнаас миний машинд түлш хийсэн. Бат-Эрдэнэ хүнтэй утсаар яриад нөгөөх чинь энд ирчихсэн гэж байна гээд том тэрэгтэй хүнтэй уулзчихаад Өвөрхангай явахаар боллоо гэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэхэд тийшээ нэг машин дагаж явах юмаа гэсэн. Тэгээд бид нар орой 22 цагийн үед тэндээс нөгөө шаланзтай хамт хөдөлсөн. Бид нар засмал замтай суманд очоод машиндаа түлш хийгээд нэг том машин нь тэндээ үлдээд, 79-72 дугаартай шаланзтай хамт шороон замаар Өвөрхангай аймаг руу явсан. Тэгээд бид нар шөнөжингөө яваад Сант гэдэг сумын наана зогссон. Бат-Эрдэнэ тэр шаланзанд сууж байгаад бууж ирэхдээ Хаан банкны данс байгаа билүү гээд ороод ирсэн. Тэгээд Бат-Эрдэнэ нэг хүн лүү яриад байсан. Өөрийнхөө данс руу хийлгэж авсан байх. Тэгээд бид нар тэндээсээ шаланзтай хүнээс салаад Сант суман дээр очиж хоол идчихээд Баяраа намайг дансныхаа дугаарыг өгчих гээд би ээжийнхээ дансыг өгөөд 500.000 төгрөг хийлгэсэн. Тэгээд бид нар Улаанбаатар хот руу явсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд С.Даваагийн гэрчээр өгсөн:”...Би 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хятад руу хүний машин оруулж өгчихөөд буцаад гарах гэтэл 16 цаг 30 минутанд зорчигч гарах цаг болчихсан байсан. Тэгээд манай танил Сүхбаатар гэдэг залуу над руу утсаар яриад энд зөвшөөрөлгүй жолооч нар Монгол руу нүүрсний машин оруулах гээд байна чи машиныг нь аваа гарчихгүй юу гэсэн. Тэгээд над руу танихгүй дугаараас нэг залуу залгаад машин гаргаад өгөөч 100 юань өгье гэхээр нь би тэгье гээд тэр залуутай Хятад цэргийн өмнө тавьчихсан намхан цагаан залуу өөрийгөө Хятадад гуанзанд ажилладаг би найз нартаа машин гаргаж өгч байгаа юм гэсэн. Тэгээд би тэр залуугаас 100 юань аваад Монголын хил гараад гэрчилгээ дардагийн хажууд байж байхад дахиж над руу залгаад та хаана байна гэхээр нь би байгаа газраа хэлтэл над дээр 3 танихгүй залуу ирээд наад машиныг чинь бид нар авч байгаа юм гэхээр нь Хятадад байгаа надад машин өгсөн залуутай яриулж лавлаж асуучихаад машиныг нь өгчихөөд явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн бизнес, үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №48-01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр тооцох тогтоол болон сэжигтнээр өгсөн мэдүүлгүүд, /хх-ийн 31-38 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл /хх-ийн 50-60 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №/93 дугаартай тодорхойлолт, /хх-ийн 82 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа №18 /хх-ийн 64 дүгээр хуудас/

Гадаадын иргэн, харьяатын газрын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16/23 тоот Эрдэнэбаатарын Бат-Эрдэнэ, Сэрээтэрийн Даваа нарын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Гашуун сухайт боомтоор улсын хил нэвтэрсэн дэлгэрэнгүй мэдээлэл /хх-ийн 66-68 дугаар хуудас/

Гадаадын иргэн, харьяатын газрын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16/24 дугаартай 79-72 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2016 оны 12 дугаар сарын 15-аас 31-ний хооронд улсын хил нэвтэрсэн дэлгэрэнгүй мэдээлэл /хх-ийн 70-71 дүгээр хуудас/

Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-95 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 106-109 дүгээр хуудас/

Тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 110 дугаар хуудас/

“Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №115/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 112 дугаар хуудас/

Шүүгдэгч нарын оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 143-151 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч нарын гэм буруу, хохирол төлбөрийн талаар: А.Баярдаваа, Б.Лхаасүрэн, Х.Сүхбаатар, Э.Бат-Эрдэнэ нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нүүрс тээвэрлэнэ гэж бусдыг хуурч “Итайкар” ХХК-ийн 60-42 АЧ дугаарын чиргүүл, 79-72 ӨМА дугаартай Нордбенз маркийн чирэгч тээврийн хэрэгслийг авч бусдад 45,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт болох мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Р.Мөнхбаярын мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/ болон гэрч нарын мэдүүлэг /хх-ийн 17-22 дугаар хуудас/, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн №48/01 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч “Итайкар” ХХК-ийн төлөөлөгч Р.Мөнхбаяр нь тээврийн хэрэгслийн үнийг 45.000.000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн, иргэний нэхэмжлэгч Д.Нямжанцан нь шүүгдэгч нарт холбогдуулан гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

            “Итайкар” ХХК-д учирсан хохирлын тооцоог дараах байдлаар гаргав: “Итайкар” ХХК-ийн 60-42 АЧ дугаарын чиргүүл, 79-72 ӨМА дугаартай Нордбенз маркийн чирэгч тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн бизнес, үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №48-01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/-ээр 45,000,000 /дөчин таван сая/ төгрөгөөр үнэлсэн байх ба Тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 110 дугаар хуудас/-д “... гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан, тоногдсон 79-72 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн нэг ширхэг чирэгч тээврийн хэрэгсэл, 60-42 АЧ дугаарын чиргүүл тээврийн хэрэгслийг хохирогч Р.Мөнхбаярт хүлээлгэн өгөв...” гэсэн байх тул дээрх хүлээлгэн өгсөн тээврийн хэрэгслийг хохирол төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.

            “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №115/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 112 дугаар хуудас/-ийн 1 дэх хэсэгт 79-72 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн тоногдсон тээврийн хэрэгслийн өнөөгийн зах зээл дээрх үнэ дунджаар 10,000,000 /арван сая/ төгрөг, 2 дахь хэсэгт нүүрс тээвэрлэж байсан 60-42 АЧ маркийн тоногдсон чиргүүлийн өнөөгийн зах зээлийн үнэ дунджаар 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр тус тус үнэлэгдсэн байна. Иймд чиргүүл болон тээврийн хэрэгслийн зах зээл дээрх үнэлгээ 45,000,000 төгрөгнөөс хохирогчид хүлээлгэн өгсөн 79-72 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн нэг ширхэг чирэгч тээврийн хэрэгслийн үнэ 10,000,000 төгрөг, 60-42 АЧ дугаарын чиргүүлийн үнэ 3,500,000 төгрөг нийт 13,500,000 төгрөгийг хасч тооцон хохирлын бодит үнэлгээг 31,500,000 /гучин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгөөр тооцож гаргалаа.

            “Итайкар” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч З.Батжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт “... 79-72 ӨМА дугаартай Нордбенз машин нь өнөөдрийн байдлаар урд хил дээр засвар хийлгэж байгаа. Энэ тээврийн хэрэгсэлд хийсэн засварыг жагсаалтаар гаргасан. Одоогийн байдлаар нийт 78,801,000 төгрөгийн засвар хийсэн байна.” гэсэн боловч дээрх зардал төлбөрийн талаар шүүхэд баримт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй болно.

            Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн харицлагын талаар: Шүүгдэгч А.Баярдаваа, Б.Лхаасүрэн, Х.Сүхбаатар, Э.Бат-Эрдэнэ нарыг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан, бусдад 31,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, мөн А.Баярдаваа, Б.Лхаасүрэн, Х.Сүхбаатар, Э.Бат-Эрдэнэ нар нь залилах гэмт хэргийг үйлдэхдээ гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилж тохиролцсон, санаатай нэгдэж хамтран оролцсон байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдэхэд оролцсон байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон тэдний хувийн байдлуудыг харгалзан үзэж, ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын дээрх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйл үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Баярдаваа, Б.Лхаасүрэн, Х.Сүхбаатар, Э.Бат-Эрдэнэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ, Х.Сүхбаатар, Б.Лхаасүрэн, А.Баярдаваа нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тарваган овогт Алтансэлэмийн Баярдаваа, Боржигон овогт Баянжаргалын Лхаасүрэн, Боржигон овогт Хүрэлсүхийн Сүхбаатар, Ариунсан овогт Эрдэнэбаатарын Бат-Эрдэнэ нарыг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан, бусдад 31,500,000 /гучин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Алтансэлэмийн Баярдаваа, Баянжаргалын Лхаасүрэн, Хүрэлсүхийн Сүхбаатар, Эрдэнэбаатарын Бат-Эрдэнэ нарыг тус тус хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар А.Баярдаваа, Б.Лхаасүрэн, Х.Сүхбаатар, Э.Бат-Эрдэнэ нар нь тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч “Итайкар” ХХК-д учирсан 31,500,000 /гучин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн төлүүлж, шүүгдэгч тус бүрээс 7,875,000 /долоон сая найман зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулан 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор “Итайкар” ХХК-д төлүүлэхээр тогтоосугай.

5. Хохирогч “Итайкар” ХХК, иргэний нэхэмжлэгч Д.Нямжанцан нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган тус тус шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

6. Шүүгдэгч Алтансэлэмийн Баярдаваа, Баянжаргалын Лхаасүрэн, Хүрэлсүхийн Сүхбаатар, Эрдэнэбаатарын Бат-Эрдэнэ нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч А.Баярдаваа, Б.Лхаасүрэн, Х.Сүхбаатар, Э.Бат-Эрдэнэ нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Баярдаваа, Б.Лхаасүрэн, Х.Сүхбаатар, Э.Бат-Эрдэнэ нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Баярдаваа, Б.Лхаасүрэн, Х.Сүхбаатар, Э.Бат-Эрдэнэ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН