Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 4

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор В.Төгсбаяр /цахимаар/

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Энхтөр /цахимаар/

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас  хянуулах тухай Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/15 дугаар дүгнэлтийг үндэслэн А.Б , Б.Л , Х.С , Э.Б  нарт холбогдох 201716010020 тоот эрүүгийн хэргийг  2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эфирийн найруулагч мэргэжилтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, .................... оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тарваган овогт А.Б  /РД:................./ 

Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ........................ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Б.Л , /РД:......................../

 Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо,  ........................ оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Х.С  /РД:..................................../

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, .................... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ариунсан овогт Э.Б /РД:........................./. 

         А.Б , Б.Л , Х.С , Э.Б  нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нүүрс тээвэрлэнэ гэж бусдыг хуурч, мэхлэн “Итайкар” ХХК-ийн 60-42 АЧ дугаарын чиргүүл, 79-72 ӨМА дугаартай Нордбенз маркийн чирэгч тээврийн хэрэгслийг авч бусдад 45,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         Өмнөговь аймгийн Сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокуророос         А.Б , Б.Л , Х.С , Э.Б  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Тарваган овогт А.Б , Боржигон овогт Б.Л , Боржигон овогт Х.С , Ариунсан овогт Э.Б нарыг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан, бусдад 31,500,000 /гучин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б , Б.Л , Х.С , Э.Б нарыг тус тус хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар А.Б , Б.Л , Х.С , Э.Б  нар нь тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарлаж,

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч “Итайкар” ХХК-д учирсан 31,500,000 /гучин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн төлүүлж, шүүгдэгч тус бүрээс 7,875,000 /долоон сая найман зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулан 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор “Итайкар” ХХК-д төлүүлэхээр тогтоож,

хохирогч “Итайкар” ХХК, иргэний нэхэмжлэгч Д.Н  нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган тус тус шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэж,

 Шүүгдэгч А.Б , Б.Л , Х.С , Э.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч А.Б , Б.Л , Х.С , Э.Б  нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Б , Б.Л , Х.С , Э.Б  нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Хяналтын прокурор В.Төгсбаяр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай бичсэн дүгнэлт болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн 201716010018 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад хавтаст хэрэгт цугларсан Б.Л , Х.С , Э.Б  нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөн тэдний мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар яллагдагч Боржигон овгийн Б.Л , Боржигон овгийн Х.С , Ариунсан овгийн Э.Б нарыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан 31.500.000 /гучин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон байна.

          Яллагдагч Б.Л , Х.С , Э.Б , Ц.Бумчиндорж нарын 2017 оны 01 дүгээр сарын 14-ний орой 21 цагийн орчимд бүлэглэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Таван толгой” уурхайн амны нүүрс ачилтын дараалалд зогсож байсан “МЦУУ” ХХК-ны эзэмшлийн 86-20 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 56-61 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хэрэг нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоол гарсны дараа буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш шинээр илэрсэн нөхцөл байдал болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” гэсэн заалтад хамаарч байна.

          Иймд Б.Л , Х.С , Э.Б  нарыг “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, хэргийг прокурорт буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41. 4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичсэн гэжээ.                                                                                     Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч нар нь 2016 оны 12 сард залилангийн гэмт хэрэгт холбогдож шүүхээр шийдвэрлэгдсэн байдаг. Энэ хэрэг хянан шийдвэрлэгдэхээс өмнө хулгайн гэмт хэрэг үйлдсэн байдаг. Улсын яллагчийн зүгээс шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан. Дүгнэлтийн хувьд өмгөөлөгч миний бие санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Хулгайн гэмт хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэхгүй, тухайн хулгайн гэмт хэрэг нь шүүгдэгч нарын үйлдсэн залилангийн гэмт хэрэгтэй, хамааралгүй, тусдаа үйлдэгдсэн гэмт хэрэг байдаг. Шинээр илэрсэн нөхцөл байдал нь өмнөх үйлдсэн гэмт хэрэгтэй хамааралтай, тухайн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд мэдэгдээгүй байсныг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж ойлгож байна. Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.                                              Миний хувьд прокурорын дүгнэлт хэлснээр шийдвэрлэвэл шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдэхгүй. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэхгүй. Өөр төрлийн нөхцөл байдал үүсэхийг ойлгоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3  цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн гэдгийг би дараах байдлаар ойлгож байна. Тухайн залилангийн үйлдэл нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийн зүйлчлэл нь бүхлээрээ өөрчлөгдөх, нөхцөл байдал үүсэх тохиолдолд  хүнд, хөнгөн ялтай зүйл хэсгийг  хэрэглэнэ гэж ойлгож байна. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, эсхүл хүндэх нөхцөл байдлаар илэрсэн. Тухайлбал Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бол шинээр илэрсэн нөхцөл байдал нь зүйлчлэлээр өөрчлөгдөх нөхцөл байдлууд илэрсэн гэж ойлгож байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.1.гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, хуурамч нотлох баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж шийдвэр гарсан нь тогтоогдсон. Энэ зүйл заалтын дагуу прокурор өөрийн санаачилгаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргах эрхгүй гэж үзэж байна. Прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.                 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Ялтан А.Б , Х.С , Б.Л , Э.Б  нарыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад 31500000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1 –д зааснаар шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох талаар заагаагүй боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт А.Б , Х.С , Б.Л , Э.Б  нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын хил дээрээс “Итайкар” ХХК-ий эзэмшлийн 60-42 Ач дугаарын чиргүүл, 79-72 ӨМА улсын дугаартай чирэгч тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрлэнэ гэж шилжүүлэн авч бусдад зарж “Итайкар” ХХК-д 31500000 төгрөгний  хохирол учруулсан гэж хэргийн нөхцөл байдлыг тодорхойлж, гэмт үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн байна.

Энэ шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар талууд, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй, гомдол эсэргүүцэл бичих хугацаа дууссанаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Х.С , Б.Л , Э.Б  нар нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний орой 21 цагийн үед үйлдсэн гэх Өмнөговь аймгийн Цогц-цэций сумын нутагт байрлах “Тавантолгой” уурхайн амны дараалалд зогсож байсан “МЦУУ” ХХК-ий эзэмшлийн 86-20 БЧ улсын дугаартай чиргүүлтэй, 56-61 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 32000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 201716010018 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэгдэн, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа тухай баримт эрүүгийн  201716010018 дугаар хэрэгт авагдсан байна.

2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үйлдэгдэн, одоо шалгагдаж буй дээрх үйлдэл нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй байсан төдийгүй шүүх мэдэх боломжгүй байжээ.

Эрүүгийн хуулийн /2015 оны шинэчилсэн найруулга/ 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд ялыг хэрхэн нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох талаар Эрүүгийн хуульд заагаагүй байна.

Эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг зохицуулсан Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай хуулийн IV хэсэгт хэд, хэдэн шийтгэх тогтоолыг хэрхэн гүйцэтгэх талаар мөн зохицуулаагүй байна.

Дээрх үндэслэлээр Х.С , Б.Л , Э.Б  нарт хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд нийт эдлэх ялын хэмжээг тогтоох, түүнчлэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн хэд хэдэн шийдвэрийг биелүүлэх арга зам тодорхойгүй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсаныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэсний дагуу хэргийг нэгтгэн шалгаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэсний дагуу хэд хэдэн гэмт хэрэгт нь нэг шийтгэх тогтоолоор ял шийтгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан“...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” гэх нөхцөл байдалд хамаарч байна.

Дээрх зохицуулалтын дагуу Х.С , Б.Л , Э.Б  нарын хэргийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийг үндэслэн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, улмаар нэг шийтгэх тогтоолоор гэм буруу, ялын асуудлыг шийдвэрлэснээр тэдний эрх зүйн байдал дээрдэхээр байна.

Иймд прокурор В.Төгсбаярын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/15 дүгнэлтийг хүлээн авч, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл шийдвэр гаргах тухай заасан боловч шийдвэрийн төрлийг заагаагүй байна. Давж заалдах шатны шүүхээс  захиргааны зөрчил, хэрэг, маргааныг хянан хэлэлцээд магадлал, харин хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан шүүгч захирамж, шүүх тогтоол гаргахаар  Шүүхийн тухай хуульд заажээ. Давж заалдах шатны шүүх нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тухай дүгнэлтээр хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолтой хэргийн талаар хэлэлцсэн тул магадлал гаргах нь Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасантай нийцнэ гэж дүгнээд шүүхээс магадлал гаргахаар шийдвэрлэсэн болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Б , Х.С , Б.Л , Э.Б  нарт холбогдох эрүүгийн 2017160010020 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцаасугай.  
  2. Х.С , Б.Л , Э.Б  нарт холбогдох эрүүгийн 2017160010020 дугаартай 2 хавтас хэрэг, 201716010018 дугаартай хэрэгт холбогдох материалыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.  

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                    

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                 ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                               П.ДОЛГОРМАА