Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 483

 

 

Ж.З нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03448 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.З нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

 

Дутуу төлөгдсөн 2010 оны 10-12 сар, 2011 оны 1-12 сар, 2012 оны 1-7 сар, 2015 оны 6-12 сар, 2016 оны 1-2 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах, дутуу авсан цалин хөлс 21 219 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ж.Зоригт,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Нямцоож,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Цолмонбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК-д 2010 оноос дэд захирал менежер гэх албан тушаалд зуны цагт 1 000 000 төгрөгөөр, өвлийн цагт 500 000 төгрөгийн цалин дунджаар авч, 2010 оноос хойш 2018 оныг дуустал тасралтгүйгээр Төв аймгийн Эрдэнэ сум, Чингисийн хөшөөт цогцолборын “Алтан-орд” зочид буудлын барилгыг барих ажилд оролцож 8 жил тасралтгүй хөдөө ажиллаж хөдөлмөрлөсөн. Зуны цагт барилгын бүхий л ажлыг удирдаж, харж зохион байгуулж хийлгэдэг, хяналт тавьдаг бөгөөд өвлийн цагт харуул хамгаалалт, халаалтын аюулгүй байдлыг бүрэн хариуцаж ажилладаг байсан. Энэ хугацаанд ганц хүүгээ 12-р анги төгсөж байгаа баярт нь оролцож чадаагүй, хүү эхнэр аваад хүүхэд гаргаж байхад нь ч цуг байж чадаагүй өөрөөр хэлбэл найзынхаа ажлыг хийгээд л байж байсан. Ийнхүү цаг наргүй хөдөлмөрлөж байсны шалтгаан нь М ХХК-ийн захирал С.О"Чи хичээгээд ажиллаад бай чамд 2 өрөө байр авч өгнө, чамд "Алтан-орд" зочид буудлын өөрийн эзэмшдэг хувьцаанаас олгоно гэж амалсан. Түүнчлэн өөрийгөө ерөнхийлөгч Х.Бдотно харилцаатай гээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины тэтгэлгээр хүүг минь ОХУ-д сургуульд сургана, намайг зуслангийн газартай болгоно, АНУ-д ажиллаж, амьдрах боломжтой виз гаргуулж өгнө гэсэн ч эдгээр амлалтуудаас аль нь ч одоог хүртэл биелэлээ олоогүй. 2018 оны 10 сард өвдөж нийгмийн даатгалын дэвтрээ авахад миний ажилласан олон жил тасарсныг мэдээд БЗД-ийи Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандахад хуулийн байгууллагад хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой гэсэн. Улмаар нийгмин даатгалыг нөхөж төлөхийг шаардахад Чи шүүхээр яваад чадвал аваарай гэж тохуурхсан. Ийнхүү С.Отгонбаярын хоосон амлалт, худал үгэнд итгэж найдан М ХХК-д 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд ажиллаж, Алтан-Орд зочид буудлын цогцолбор баригдаж буй газарт байрлан халуунд халж, хүйтэнд хөрж дэд захирлаас зохион байгуулагч, менежер, нярав, хянагч, галч, манаач, харуул хүртэлх бүхий л чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласан. Ажиллаж байх хугацаандаа өөрийн хөдөлмөрийн хөлсөө ч бүрэн авч чадахгүй, С.Отгонбаярын өгсөн цалинг гололгүй авч байсан. Иймд хариуцагч М ХХК 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд хамаарах буюу өнгөрсөн хугацаанд дутуу авсан цалин хөлсөө улсын дунджаар цалин хөлсний хэмжээгээр тодорхойлон 21 219 400 төгрөг гаргуулах, дутуу төлөгдсөн 2010 оны 10-12 cap, 2011 оны 1-12 cap, 2012 оны 1-7 cap, 2015 оны 6-12 cap, 2016 оны 1-2 сарын нийгмийн даатгалыг төлүүлж. бичилт хийхийг М ХХК-д даалгах нэхэмжлэл гаргаж байна. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ яагаад дээрхи 2 шаардлагыг гаргасан талаар дэлгэрэнгүй бичсэн байгаа. 2010 онд С.Онэхэмжлэгч Ж.З Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжинболдог хэмээх газар орших Чингис хааны морьт хөшөө, цогцолборыг түшиглэн баригдаж байгаа. тухайн үеийн “Женко" ХХК-ийн ерөнхий захирал Х.Баттулгын хөрөнгө оруулалтаар баригдаж буй гэх М ХХК-ийн хэрэгжүүлж байгаа 5 одтой, зоорьтой 3 давхар, 6000 гаруй м.кв талбайтай амралт, аялал жуулчлалын зориулалт бүхий “Алтан орд" зочид буудлын цогцолборын барилгын ажилд тусалж хамтран ажиллах саналыг тавьсан. Би улсдаа томоохонд тооцогдох том төсөл, бүтээн байгуулалтад гар бие оролцох нь хэмээн ойлгож мөн найзынхаа итгэл, урмыг хугалахгүй байх үүднээс түүний ажлын саналыг хүлээн авч, М ХХК-д 8 жил тасралтгүй өдөр, шөнөгүй нойр, хоолгүй шахам, амралтгүй морь нохой мэт үнэнчээр зүтгэж, тууштай хөдөлмөрлөсөн. Нийгмийн даатгалын шимтгэл төлөхтэй холбоотой асуудалд Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогч М ХХК нэхэмжлэгч Ж.З ажилд орсон цагаас нь нийгмийн даатгалын дэвтэр нээж, төлөлтүүдийг хугацаанд нь хуульд заасан хувь хэмжээгээр төлөх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлэхгүй 8 жил гаруй хугацаанд ажиллуулсан, шүүхэд ийм тайлбар гаргаж байгаад нь өмгөөлөгч хүний болон хувь хүний хувьд эвлэрэх боломжгүй байна. Тэгэхээр нэхэмжлэгч Ж.З үүнтэй холбоотой шаардлага гаргах эрх байгаа гэж үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгч Ж.З 2012 оны 08 дугаар сард ажилд аваад 2015 оны 05 дугаар сард ажлаас халсан мэт тайлбар ирүүлсэн байна. Хэрэв ажлаас нь халсан бол яагаад 2016, 2017, 2018 онуудад ажиллуулаад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн юм. Нэхэмжлэгчийг доромжилж байгаа мэт утгагүй тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах эрх хариуцагч талд байтал Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллуулаад, ажил дууссаны дараа хувьцаа олгож, хүүхдүүдийг чинь гадаадад сургуульд явуулж өгнө, 2 өрөө байр өгнө гэх амлалт өгсөн учраас 8 жил тасралтгүй ажилласан. Нэхэмжлэгч Ж.З 8 жилийн хугацаанд ажиллаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоно. Хариуцагч тал Хөдөлмөрийн гэрээ байгуулж, сарын цалин хөлсийг нь тогтоож өгсөн бол бид гэрээнд заасны дагуу зөрүү мөнгө нэхэмжилж байна гэж тайлбарлаж болно. Гэтэл ажил олгогч буюу хариуцагч М ХХК-ийн зүгээс хуульд заасан үүргээ биелүүлж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс тохиролцоогүй. Худал амлалтаар нэхэмжлэгчийг 8 жил ажиллуулсан учраас бид зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд тухайн 8 жилд хамаарах улсын дундаж цалинг үндэсний статистикийн хорооны гаргасан хэмжээгээр 96 сараар тооцвол 72 344 400 төгрөг болж байна. Үүнээс нэхэмжлэгчийн өнгөрсөн хугацаанд авсан цалин 51 125 000 төгрөг болж байгаа учраас үүнийг хасахаар 21 219 400 төгрөг гарч байгаа тул 21 219 400 төгрөгийг нэхэмжилж байгаа юм гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. М ХХК, Ж.З 2012 оны 08 дугаар сарын 01-нээс албан ёсоор хөдөлмөрийн харилцаа үүсч 2012 оны 08 дугаар сарын 20-нд нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр харьяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2010, 2011 он болон 2012 оны 7 cap хүртэлх хугацааны нийгмийн даатгалыг төлүүлэх гэж байгаа ба тухайн хугацаанд даатгал төлөх үүрэг хариуцагчид байхгүй юм. Улмаар Ж.З 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол шимтгэл төлөх үүрэг дуусгавар болно” гэж заажээ. Иймд 2015 оны 05 дугаар сарын 31-нээс хойшхи буюу нэхэмжлэлд дурдагдсан 2015 оны 6-12 cap, 2016 оны 1-2 саруудын нийгмийн даатгалын төлөлтийг хийх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргахдаа тодорхой нотлох баримтад үндэслэж, хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шаардлагад 2010 оны 10-12 дугаар сар, 2011 оны 1-12 дугаар сар гэж хугацааг тодорхойлсон байна. Нийгмийн даатгалын тухай хуульд “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноор Нийгмийн даатгалын шимтгэл төлөх ажиллагаа дуусгавар болно” гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс өөрийн ажилд орсон болон чөлөөлөгдсөн хугацаандаа багтаагүй саруудыг нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага гаргасан байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. М ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Ж.З ажиллаж байх хугацаанд нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай баримт хэрэгт хангалттай авагдсан юм. Мөн 21 219 400 төгрөгийн цалин хөлсний асуудал яригддаг бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлийг уншихад болон нэхэмжлэгчийн тайлбараас сонсоход улсын дундаж цалин хөлсний хэмжээгээр цалин авах ёстой байсан, надад бага цалин өгч байсан гэж тайлбарлаж байна. Хөдөлмөрийн тухай хуульд талууд хөдөлмөрийн харилцааны гол нөхцөлийг харилцан тохиролцдог. Гол нөхцөлд цалин ордог бөгөөд цалин бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байх ёстой. Гэвч улсын дундаж цалинтай адилхан байх, эсхүл дунджаас бага цалин өгч болохгүй гэх хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн 2 шаардлагатай холбоотой 1 асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан. 2010 оны хойш цалин хөлсийг дутуу олгосон талаар гомдлыг 3 сарын дотор гаргаж, шийдвэрлүүлэх ёстой байтал 9 жилийн дараа дутуу цалин хөлс авсан гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар хариуцагч М ХХК-иас 16 759 900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.З олгож, нэхэмжлэгч Ж.З нийгмийн даатгалын шимтгэлийг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хугацаагаар тооцон нөхөн төлж бичилт хийхийг хариуцагч М ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс 4 459 500 төгрөгийн болон 2010 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2012 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334 247 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М ХХК-иас 311 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.З олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой бөгөөд 101/ШШ2019/03448 тоот шийдвэр нь энэ шаардлагыг хангаагүй болно. Шүүхийн шийдвэр нь шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байх учиртай бөгөөд нэхэмжлэгчийн шаардаагүй асуудлаар шүүх шийдвэр гаргах эрхгүй. Нэхэмжпэгч нь шүүхэд иргэний хэрэг үүссэний дараа 2010 оны 10-р сарын 1-нээс 2018 оны 9-р сарыг дуустал хугацааны дутуу авсан цалин хөлс шаардан, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Энэ тухай шүүх шийдвэрийнхээ “тодорхойлох" хэсэгт оруулжээ. Харин “үндэслэх” хэсэгтээ нэхэмжлэгч 2010 оны 10 дугаар сарын 01-нээс 2018 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны дутуу авсан цалинг нэхэмжилж байгааг үндэслэлтэй гэсэн хэрнээ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны дутуу авсан цалинг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны дутуу авсан цалин нэхэмжилсэн байхад шүүх 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалинг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн хэргийг шийдвэрлэж ноцтой алдаа гаргасан болно. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хөдөлмөрийн харилцааны явцад эрх нь зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Энэ тохиолдолд уг харилцаатай холбоотой маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар тухайлсан хуулинд ямар зохицуулалт байгааг зайлшгүй авч үзэх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлд эрх нь зөрчигдсөн гэж үзсэн тал нь ямар хугацааны дотор хэрхэн гомдлоо шийдвэрлүүлэх талаар хуульчилсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт "... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгч нь 2010 оны 10 дугаар сараас 2012 оны 07 дугаар сар хүртэл, 2015 оны 06 дугаар сараас 2016 оны- 2 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, бичилт хийхийг даалгах, 2010 оны 08 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацааны дутуу цалинг гаргуулах шаардлагуудыг гаргасан. Нийгмийн даатгалын нөхөн бичилттэй холбоотой нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 10-нд шүүхэд гаргасан бол дутуу цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 20-нд гаргажээ. Гэхдээ анхан шатны шүүх нэхэмжлэгчийг өмнө нь нийгмийн даатгалын байгууллагуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар хандаж, 2019 оны 05, 06 дугаар сард тодорхой хариунууд авч байсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй гэжээ. Нэхэмжлэгч 2 өөр шаардлага гаргасан ба чухам аль шаардлагыг 2019 оны 05 дугаар сард Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс хариу авсан гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сар хэтрээгүй гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхтэй холбоотой гомдол, сүүлд шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн дутуу цалин хөлс гэж шаардаад байгаа аль аль шаардлагууд тэдгээрийн талаар мэдсэн, мэдэх ёстой байсан хугацаанаас 3 сар өнгөрсний дараах асуудал юм. Өөрөөр хэлбэл 2010 оны 10 дугаар сарын 01-нээс 2018 оны 09 дүгээр сар хүртэл өөрийгөө дутуу цалин авч байна, эрх нь зөрчигдөж байна гэж үзэж байсан бол түүнээсээ 3 сарын дотор холбогдох газарт хандах байсан. Энэ тохиолдолд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Мөн нэхэмжлэгч нь “С.Онь надад байр авч өгнө, компанийхаа хувьцааг өгнө” гэх мэт амлалтууд өгсөн учраас би цалин мөнгө харалгүй ажилладаг байсан гэдэг ба энэ тайлбараар бол өөрөө компанид цалингийн талаар бүхий л нөхцөлөө зөвшөөрөөд өөрийнх нь тайлбараар 8 жилийн турш ажилласан болох нь тодорхой байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу хэрэглэн шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.З нь хариуцагч М ХХК-д холбогдуулан дутуу төлөгдсөн 2010 оны 10-12 сар, 2011 оны 1-12 сар, 2012 оны 1-7 сар, 2015 оны 6-12 сар, 2016 оны 1-2 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах, дутуу авсан цалин хөлс 21 219 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.                                                                                                                                                                                                        

 

Нэхэмжлэгч Ж.З нэхэмжлэлээ хариуцагч компанид 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 09 дүгээр сарыг дуустал ажилласан түүний өгсөн цалинг гололгүй авч ажиллаж байсан гэсэн бол, хариуцагч татгалзлаа тус компани Ж.Зоригтой 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсгэсэн, 2010, 2011, 2012 оны 07 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалыг төлөх үүрэг үүсээгүй, 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэсэн зөрүүтэй тайлбар гаргасан байна. /хх-20, 63 дугаар талын ар тал/

 

Хэргийн 6, 40-44 дүгээр тал дахь баримтаас үзвэл нэхэмжлэгч Ж.З нь хариуцагч М ХХК-д 2012 оны 08 дугаар сарын 01-нээс 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл менежерээр ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь Ж.З нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хариуцагчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Талууд бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч тэдгээрийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэнийг хэн аль нь үгүйсгээгүй хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх тодорхойлолт, талуудын тайлбараар нотлогджээ.

 

Ажилтантай хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүдийг тохирч бичгээр хөдөлмөрийн гэрээг байгуулах нь ажил олгогчийн үүрэг бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйд хариуцагчийг буруутай гэж үзнэ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн цалин хөлсийг тодруулахад “тэрээр зуны цагт 1 000 000 төгрөгний, өвлийн цагт 500 000 төгрөгний цалин авч ажиллаж байсан” гэсэн тайлбараас үзвэл хариуцагчийн олгож буй цалин хөлсийг нэхэмжлэгч зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрвээ нэхэмжлэгч нь хариуцагчийг цалин хөлс дутуу олгосон гэж үзсэн бол цалин хөлс өгч эхэлсэн буюу эрх зөрчигдсөн үеэс шүүхэд хандах байжээ. Иймээс нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлсний маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүйгээс гадна хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг дараах байдлаар залруулах боломжтой.

Нэхэмжлэгчийн дутуу авсан цалин хөлс 21 219 400 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагч байгуулагад 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 09 дүгээр сарыг дуустал тасралтгүй ажилласан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй болно.

 

Иймээс нэхэмжлэгчийн дутуу төлөгдсөн 2010 оны 10-12 дугаар сар, 2011 оны 1-12 дугаар сар, 2012 оны 1-7 дугаар сар, 2015 оны 6-12 дугаар сар, 2016 оны 1-2 дугаар сарын нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03448 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч М ХХК-д холбогдох дутуу төлөгдсөн 2010 оны 10-12 сар, 2011 оны 1-12 сар, 2012 оны 1-7 сар, 2015 оны 6-12 сар, 2016 оны 1-2 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах, дутуу авсан цалин хөлс 21 219 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ