Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00838

 

Ж.Зоригтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03448 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 483 дугаар магадлалтай,

Ж.Зоригтын нэхэмжлэлтэй,

Мөнххан оргил ХХК-д холбогдох

Дутуу төлөгдсөн 2010 оны 10-12 сар, 2011 оны 1-12 сар, 2012 оны 1-7 сар, 2015 оны 6-12 сар, 2016 оны 1-2 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах, дутуу авсан цалин хөлс 21 219 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Зоригтын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Мөнххан оргил ХХК-д 2010 оноос дэд захирал менежер гэх албан тушаалд зуны цагт 1.000.000 төгрөгөөр, өвлийн цагт 500.000 төгрөгийн цалин дунджаар авч, 2010 оноос хойш 2018 оныг дуустал тасралтгүйгээр Төв аймгийн Эрдэнэ сум, Чингисийн хөшөөт цогцолборын Алтан-орд зочид буудлын барилгыг барих ажилд оролцож 8 жил тасралтгүй хөдөө ажиллаж хөдөлмөрлөсөн. Зуны цагт барилгын бүхий л ажлыг удирдаж, харж зохион байгуулж хийлгэдэг, хяналт тавьдаг бөгөөд өвлийн цагт харуул хамгаалалт, халаалтын аюулгүй байдлыг бүрэн хариуцаж ажилладаг байсан. Ийнхүү цаг наргүй хөдөлмөрлөж байсны шалтгаан нь Мөнххан оргил ХХК-ийн захирал С.Отгонбаяр Чи хичээгээд ажиллаад бай чамд 2 өрөө байр авч өгнө, чамд Алтан-орд зочид буудлын өөрийн эзэмшдэг хувьцаанаас олгоно гэж амалсан. Түүнчлэн өөрийгөө ерөнхийлөгч Х.Баттулгатай дотно харилцаатай гээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины тэтгэлгээр хүүг минь ОХУ-д сургуульд сургана, намайг зуслангийн газартай болгоно, АНУ-д ажиллаж, амьдрах боломжтой виз гаргуулж өгнө гэсэн ч эдгээр амлалтуудаас аль нь ч одоог хүртэл биелэлээ олоогүй. 2018 оны 10 сард өвдөж нийгмийн даатгалын дэвтрээ авахад миний ажилласан олон жил тасарсныг мэдээд БЗД-ийи Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандахад хуулийн байгууллагад хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой гэсэн. Ийнхүү С.Отгонбаярын хоосон амлалт, худал үгэнд итгэж найдан Мөнххан оргил ХХК-д 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацаанд ажиллаж, Алтан-Орд зочид буудлын цогцолбор баригдаж буй газарт байрлан халуунд халж, хүйтэнд хөрж дэд захирлаас зохион байгуулагч, менежер, нярав, хянагч, галч, манаач, харуул хүртэлх бүхий л чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласан. Ажиллаж байх хугацаандаа өөрийн хөдөлмөрийн хөлсөө ч бүрэн авч чадахгүй, С.Отгонбаярын өгсөн цалинг гололгүй авч байсан. Иймд хариуцагч Мөнххан оргил ХХК 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацаанд хамаарах буюу өнгөрсөн хугацаанд дутуу авсан цалин хөлсөө улсын дунджаар цалин хөлсний хэмжээгээр тодорхойлон 21.219.400 төгрөг гаргуулах, дутуу төлөгдсөн 2010 оны 10-12 cap, 2011 оны 1-12 cap, 2012 оны 1-7 cap, 2015 оны 6-12 cap, 2016 оны 1-2 сарын нийгмийн даатгалыг төлүүлж. бичилт хийхийг Мөнххан оргил ХХК-д даалгах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Мөнххан оргил ХХК, Ж.Зоригттой 2012 оны 8 дугаар сарын 01-нээс албан ёсоор хөдөлмөрийн харилцаа үүсч 2012 оны 8 дугаар сарын 20-нд нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр харьяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2010, 2011 он болон 2012 оны 7 cap хүртэлх хугацааны нийгмийн даатгалыг төлүүлэх гэж байгаа ба тухайн хугацаанд даатгал төлөх үүрэг хариуцагчид байхгүй юм. Улмаар Ж.Зоригтыг 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бол шимтгэл төлөх үүрэг дуусгавар болно гэж заажээ. Иймд 2015 оны 5 дугаар сарын 31-нээс хойшхи буюу нэхэмжлэлд дурдагдсан 2015 оны 6-12 cap, 2016 оны 1-2 саруудын нийгмийн даатгалын төлөлтийг хийх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргахдаа тодорхой нотлох баримтад үндэслэж, хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шаардлагад 2010 оны 10-12 дугаар сар, 2011 оны 1-12 дугаар сар гэж хугацааг тодорхойлсон байна. Нийгмийн даатгалын тухай хуульд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноор Нийгмийн даатгалын шимтгэл төлөх ажиллагаа дуусгавар болно гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс өөрийн ажилд орсон болон чөлөөлөгдсөн хугацаандаа багтаагүй саруудыг нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага гаргасан байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөнххан оргил ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Ж.Зоригтыг ажиллаж байх хугацаанд нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай баримт хэрэгт хангалттай авагдсан. Мөн 21.219.400 төгрөгийн цалин хөлсний асуудал яригддаг бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлийг уншихад болон нэхэмжлэгчийн тайлбараас сонсоход улсын дундаж цалин хөлсний хэмжээгээр цалин авах ёстой байсан, надад бага цалин өгч байсан гэж тайлбарлаж байна. Хөдөлмөрийн тухай хуульд талууд хөдөлмөрийн харилцааны гол нөхцөлийг харилцан тохиролцдог. Гол нөхцөлд цалин ордог бөгөөд цалин бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш байх ёстой. Гэвч улсын дундаж цалинтай адилхан байх, эсхүл дунджаас бага цалин өгч болохгүй гэх хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн 2 шаардлагатай холбоотой 1 асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. 2010 оны хойш цалин хөлсийг дутуу олгосон талаар гомдлыг 3 сарын дотор гаргаж, шийдвэрлүүлэх ёстой байтал 9 жилийн дараа дутуу цалин хөлс авсан гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03448 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар хариуцагч Мөнххан оргил ХХК-иас 16 759 900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Зоригтод олгож, нэхэмжлэгч Ж.Зоригтын нийгмийн даатгалын шимтгэлийг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хугацаагаар тооцон нөхөн төлж бичилт хийхийг хариуцагч Мөнххан оргил ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс 4 459 500 төгрөгийн болон 2010 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2012 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334 247 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Мөнххан оргил ХХК-иас 311 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Зоригтод олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 483 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03448 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Мөнххан оргил ХХК-д холбогдох дутуу төлөгдсөн 2010 оны 10-12 сар, 2011 оны 1-12 сар, 2012 оны 1-7 сар, 2015 оны 6-12 сар, 2016 оны 1-2 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах, дутуу авсан цалин хөлс 21 219 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Зоригт, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх ...хариуцагчийн олгож буй цалин хөлсийг нэхэмжлэгч зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрвээ нэхэмжлэгч нь хариуцагчийг цалин хөлс дутуу олгосон гэж үзсэн бол цалин хөлс өгч эхэлсэн буюу эрх зөрчигдсөн үеэс шүүхэд хандах байжээ. Иймээс нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлсний маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзнэ... хэмээн дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхт дүгнэлт өгөх эрх нь шүүхэд бий. Энэ эрхийнхээ хүрээнд анхан шатны шүүх ...Хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр, Нийгмийн даатгалын өрөнхий газраас мөн оны 6 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчтай холбоотой асуудлаар гаргасан өргөдлийн хариуг авсан, хариуцагчийг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулсан тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2444 дугаартай шийдвэр тус тус гарчээ. Мөн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч татгалзсан тухай тайлбар зэрэг баримтаас үзэхэд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар холбогдох этгээдэд гомдлоо гаргаж байсан гэж үзэхээр ба хариуцагч хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлгүй шалтгаанаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгахгүй... гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Өнгөрсөн хугацаанд би өөрийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч хуульд заасан хувь хэмжээгээр тухай бүр, тасалдуулахгүй төлж байгаа хэмээн итгэж, найдаж байсан. Гэвч Мөнххан оргил ХХК-д ажилд орсноос хойш анх удаа өөрийн гар дээр 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эрүүл мэндийн шалтгаанаар зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болж, улмаар эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрээ нягтлан бодогч н.Рагчаагаас тухайн үед авч танилцсанаар тодорхой хугацаанд төлөгдөөгүй тасалдсан, төлсөн ч маш багаар төлсөн, надад огт мэдэгдэлгүйгээр намайг ажлаас халах тушаал хүртэл гаргасан зэрэг ажил олгогчийн хууль бус үйлдлүүдийг олж мэдсэн. Улмаар энэ үеэс эхлэн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн асуудлаар ажил олгогч /хариуцагч/, харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Иргэний хэргийн шүүх зэрэг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад шат дараатай хандаж гомдол гаргаж байсан болно. Тодруулбал, эмнэлэгт хэвтсэний дараах буюу 2018 оны 10, 11, 12 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлсөн байсан тул намайг үргэлжлүүлэн ажиллуулах хүсэл зоригтой байна хэмээн ойлгож, Мөнххан оргил ХХК-ийн захирал С.Отгонбаяраас би өөрийн тодорхой хугацаанд төлөгдөөгүй, тасалдсан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хүсэж, цаашид гүйцэтгэх ажил, авах цалин хөлсөө тохиролцож хуульд нийцүүлэн гэрээ байгуулъя. Мөн надад өгч байсан амлалтуудаа ч баталгаажуулж гэрээ байгуулахыг хүссэн ч тэрээр миний эдгээр саналуудыг хүлээж авахаас зайлсхийж, намайг явдаг газраараа яв гэж басамжилсан үйл явдал болсон. Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхгүйгээр хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж, ажил олгогчийн хууль бус үйлдлийг өөгшүүлж, хайцайлж, хэргийн шийдэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх ...Хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигч 2012 оны 8 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын хугацаанд хөдөлмөрийн харилцаатай байсан нь нэхэмжлэгчийн 000194734 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгап төлөлтийн талаархи тодорхойлолтоор... тогтоогдсон хэмээн дүгнэж, уул хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж, дутуу авсан цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн боловч шүүх нэхэмжлэгч миний хариуцагчтай хөдөлмөрийн харилцаатай байсан хугацааг бүрэн тогтоож чадаагүй болно. Тодруулбал, ...2010 онд Мөнххан оргил ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, өрөнхий захирал С.Отгонбаяр надад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжинболдог хэмээх газар орших Чингис хааны морьт хөшөө, цогцолборыг түшиглэн баригдаж байгаа, тухайн үеийн Женко ХХК-ийн Ерөнхий захирал буюу одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хөрөнгө оруулалт, захиалгаар баригдаж буй гэх Мөнххан оргил ХХК-ийн хэрэгжүүлж байгаа 5 одтой, зоорьтой 3 давхар, 6000 гаруй метр квадрат талбайтай амралт, аялал жуулчлалын зориулалт бүхий Алтан орд зочид буудлын цогцолборын барилгын ажилд тусалж, хамтран ажиллах саналыг тавьсан. Би улсдаа томоохонд тооцогдох том төсөл, бүтээн байгуулалтад гар бие оролцох нь хэмээн ойлгож, нөгөөтээгүүр найзынхаа итгэл, урмыг хугалахгүй байх үүднээс түүний ажлын саналыг хүлээн авч, Мөнххан оргил ХХК-д 8 жил тасралтгүй өдөр, шөнөгүй, нойр, хоолгүй шахам, амралтгүй, үнэнчээр зүтгэж, тууштай хөдөлмөрлөсөн... болно. Дээрх барилга баригдаж буй талбайд 2010 оны 08, 09 дүгээр сард ажил гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай үед Улаанбаатар хотоос хаяа очиж ажиллаж байгаад 2010 оны 10 дугаар сараас эхлэн байрлаж, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр бие өвдөж, Улаанбаатар хотод очиж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр явах хүртэл хугацаанд тасралтгүй ажилласан. Хэрэгт авагдсан хариуцагч компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын вэб сайт дахь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллээс үзэхэд Мөнххан оргил ХХК-ийг 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байдаг тул Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хуулиин этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт зааснаар мөн үеэс тус компанийн иргэний эрх зүйн чадвар үүсэж, эрх зүйн харилцаанд оролцох боломж бүрдэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлд бүртгүүлсэн үеэс эхлэн компани /хариуцагч/ эрх зүйн харилцаан орж, ажилтан авч ажиллуулж байгаа бол Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд заасанчлан сар бүр ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлөх үүрэгтэй. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болсон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Хавтаст хэрэгт авагдсан баримтын хувьд 2012 оны 8 дугаар сараас 2015 оны 6 дугаар сар хүртэл хөдөлмөрийн гэрээний дагуу хөдөлмөрийн харилцаанд орж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна ... 2015 оны 6 дугаар сараас Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байна. 2016-2018 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байна. Энэ хугацаанд Ж.Зоригт гэх хүнтэй хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласан... гэх тайлбар гаргадаг ч миний ...2010 оны 8 дугаар сараас эхлэн барилга дээр ирж очдог байсан. Тэгээд 10 дугаар сарын 01-ний өдрөөс намайг байрлаж ажиллахыг санал болгосон... гэх тайлбарыг үгүйсгэдэггүй болно. Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4. дэх хэсэгт Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан зохицуулалтын хүрээнд авч үзвэл анхан шатны шүүхийн ...2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагчтай хөдөлмөрийн харилцаатай байсан нь нотлогдоогүй..., Давж заалдах шатны шүүхийн ...нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 9 дүгээр сарыг дуустал тасралтгүй ажилласан гэх тайлбараа ...баримтаар нотлож чадаагүй болно... гэх дүгнэлтүүдийг үндэслэлгүй болохыг харуулна. Нөгөөтээгүүр миний бие өмнө дурдсанчлан хариуцагчтай 2010 оны 8 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд эрх зүйн харилцаа үүсгэсэн учир 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацаанд хамаарах дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэх, дэвтэртээ бичилт хийлгүүлэх, мөн хугацаанд хамаарах дутуу авсан цалин хөлсөө хариуцагчаас шаардах эрхтэй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй боллоо. Энэхүү гомдлын өмнөх хэсгүүдэд дурдаж байгаачлан хариуцагч надтай эрх зүйн харилцаа үүсгэсэн 8 жилийн хугацаанд Хөдөлмөрийн болоод бусад төрлийн гэрээг бичгээр нэг ч удаа байгуулж байгаагүй бөгөөд амаар харилцан тохиролцсоны үндсэн намайг ажиллуулдаг байсан. Үүнийг анхан шатны шүүх ...Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т зааснаар ажил олгогч, ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нь нэхэмжлэгчээс шалтгаалсан гэх үйл баримт тогтоогдоогүй..., давж заалдах шатны шүүх ...Ажилтантай хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүдийг тохирч бичгээр хөдөлмөрийн гэрээг байгуулах нь ажил олгогчийн үүрэг бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйд хариуцагчийг буруутай гэж үзнэ... хэмээн дүгнэсэн болно. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн нэгэнт хариуцагч надтай Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг тохиролцож, Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг өгөөгүй тул миний бие улсын дундаж цалин хөлсөөр өнгөрсөн хугацаанд авсан цалин хөлсөө тооцож, зөрүүг нэхэмжилсэн нь хууль, шударга ёсны зарчимд нийцнэ хэмээн үзэж байна. Түүнчлэн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр болсон давж заалдах шатны шүүх хуралдааны үед ...Илтгэгч шүүгч нэхэмжлэгч өвөлдөө 450.000 төгрөгөөс 500.000 төгрөг, зундаа 850.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийн цалинг авдаг байсан гэдэг талаар хэлэх тайлбар байна уу? гэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг хүлээн зөвшөөрдөг гэв... гэж миний гаргасан цалингийн тооцооллыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гардаг ба анхан шатны шүүх хуралдааны явцад ч маргаж байгаагүй болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Ж.Зоригт хариуцагч Мөнххан оргил ХХК-д холбогдуулан дутуу төлөгдсөн 2010 оны 10-12 сар, 2011 оны 1-12 сар, 2012 оны 1-7 сар, 2015 оны 6-12 сар, 2016 оны 1-2 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг  даалгах, цалин хөлсний зөрүү 21.219.400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

1.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1 дэх өгүүлбэрт нэхэмжлэгчийг Б.Оюундарь гэсэн нь алдаатай боловч шийдвэрийн бусад хэсэгт энэ алдаа гараагүй байгааг дурдав.

2.   Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан байна. Зохигчийн хооронд бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

3.   Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн зохицуулалтаас үзвэл, ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл эдгээр гол нөхцөлийг тохирсон бол хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанд тооцдог байна. Нэхэмжлэгч Ж.Зоригт хариуцагч Мөнххан оргил ХХК-д менежерээр ажиллаж улирал, ажлын нөхцөл, гүйцэтгэх ажлын хэмжээнээс шалтгаалж өөрөөр тохиролцсон цалин авч ажилласан нь тогтоогдсон тул зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх тухай хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

4.   Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байна.

а/ Нэхэмжлэгч 2010 оны 10 дугаар сараас 2012 оны 7 дугаар сар хүртэл Мөнххан оргил ХХК-д ажилласан нь тогтоогдоогүй байна. Иймд уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

б/ Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан лавлагаагаар Мөнххан оргил ХХК нь 2012 оны 08 дугаар сараас 2015 оны 06 дугаар сар хүртэл, 2016 оны 02 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл нэхэмжлэгч Ж.Зоригтын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн нь тогтоогджээ.

Харин 2015 оны 06 дугаар сарын 01-нээс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлхи хугацаанд Ж.Зоригтын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, нийгмийн даатгалын дэвтэрт 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халсан тухай тэмдэглэгдсэн хэдий ч дээрх хугацаанд тус компанид ажиллаж, цалин хөлс авч байсан тухай нэхэмжлэгчийн тайлбар, ажлын гүйцэтгэл хөтөлсөн дэвтрийг хариуцагч үгүйсгээгүй байна. Анхан шатны шүүх энэ байдалд зөв дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх, дээрх дүгнэлтийг өөрчлөхдөө нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхой бус байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байна.

Нийгмийн даатгалын дэвтэр ажил олгогчид хадгалагдаж, ажил олгогч ажилтанд олгогдсон цалин хөлстэй тэнцэх орлогоос хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлж, нийгмийн даатгалын байгууллагаар баталгаажуулж зохих бичилт хийлгэх үүрэгтэй. Шимтгэл төлөгдөөгүй тасалдсан талаар 2018 оны 10 дугаар сард мэдэж зохих байгууллагад хандаж хариу авч, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг няцаах үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, эдгээр байдлыг анхан шатны шүүх дүгнэж 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийлгэх үүргийг хариуцагчид даалгасныг буруутгах боломжгүй болно. Харин тухайн хугацааны цалингийн хэмжээг нэхэмжлэгчийн авч байсан цалин хөлсний тооцоог үндэслэн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нь зөв байна. Нэхэмжлэлд, 2015 оны 6-р сард 400.000 төгрөг, 7-р сард 800.000 төгрөг, 8-р сард 1.000.000 төгрөг, 9-р сард 850.000 төгрөг, 10-р сард 660.000 төгрөг, 11-р сард 680.000 төгрөг, 12-р сард 800.000 төгрөг, 2016 оны 1-р сард 500.000 төгрөг, 2-р сард 200.000 төгрөг гэж заасныг дурдав.

5. Цалингийн хэмжээг, зуны цагт 1.000.000 төгрөг, өвлийн цагт 500.000 төгрөгөөр тохиролцсон боловч 2010 оны 10 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэл дутуу олгосон, гэвч Үндэсний статистикийн хорооноос гаргасан аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин хөлсний хэмжээ-нээс сар бүр олгогдсон цалинг хасч, зөрүү 21.219.400 төгрөг гэж нэхэмжлэгч шаардснаас анхан шатны шүүх 16.759.900 төгрөгийг гаргуулсан нь хуульд нийцээгүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д ...эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах... гэж заасан, нэхэмжлэгч цалин хөлсөө сар бүр авсан ба цалин хөлсийг дутуу олгосон бол эрхээ зөрчигдснийг тэр даруйд мэдсэн, энэ талаар хуульд заасан хугацаанд шаардлага гаргах боломжтой байжээ. Энэ байдлыг анхан шатны шүүх хуулийн хэм хэмжээнд нийцүүлэн дүгнээгүй нь учир дутагдалтайг давж заалдах шатны шүүх залруулж цалин хөлсний зөрүү гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Дээр дурдснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 483 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03448 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Зоригтын нийгмийн даатгалын шимтгэлийг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдар хүртэл хугацаагаар, нэхэмжлэлд заасан тухайн сар бүр олгогдсон цалингийн хэмжээгээр тооцон нөхөн төлөхийг хариуцагч Мөнххан оргил ХХК-д даалгаж, тус компаниас 21.219.400 төгрөг гаргуулах болон 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах Ж.Зоригтын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтад 311.950 төгрөг гэснийг 70.200 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Нэхэмжлэгч Ж.Зоригт нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 334.250 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ