Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Б.Өлзийпүрэв,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

Хохирогч Н.Болдчулуун,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Болортуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөчин овогт Бат-Өлзийн Өлзийпүрэвт холбогдох 201716010119 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Мон-лаа 8 дугаар гудамж, 9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Гөрөөчин овгийн Бат-Өлзийн Өлзийпүрэв /Регистрийн дугаар: РЙ90110816/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Өлзийпүрэв нь 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг, Цагаан хадны орчимд Гашуун сухайт боомт хүртэлх засмал зам дээр Н.Болдчулуунтай хувийн таарамжгүй харьцаанаас буюу тээврийн хэрэгслээр дугаарлаж зогсох асуудлаас маргалдаж, улмаар Н.Болдчулууныг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Өлзийпүрэв мэдүүлэхдээ: “...2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр  “Таван толгой” уурхайгаас Цагаан хад руу явах замд Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дээр очер дарааллаас болж маргалдаж зодолдсон. Би очерлоод явж байтал Н.Болдчулуун очер дайрах гээд  гүйцэж түрүүлж замын хажуу руу шахсан боловч  миний машины чиргүүлийг шүргэн урдуур явж орсон. Би буугаад очер дайрлаа гэсэн чинь битгий хуц гэсэн, Н.Болдчулуун эхлээд миний мөрөнд хүрч түлхсэн тэгэхээр нь би цохисон. Зодоон ингэж эхэлсэн. Шанаа тус газар нь 2-3 удаа цохисон. Тэгээд миний хөлөөс барьж намайг газар унагасан.  Миний дээр гарч намайг боосон. Мөнхтогтох ирж бид хоёрыг салгасан . Ийм л зүйл болсон.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч Н.Болдчулуун мэдүүлэхдээ: ”... 2017 оны 06 дугаар сарын 03-ны орой 17 цаг 30 минутанд очерт орох гээд туслах замаас гол зам руу орох гээд явж байсан. Б.Өлзийпүрэв найзтайгаа явж байхыг би харсан. Яагаад гэвэл компанийн яарликийг хараад таньсан юм. Б.Өлзийпүрэв их удаан яваад байхаар нь би гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Гүйцэж түрүүлэхэд машин өмнө нь орох 200,300 метр зай байсан. Тэгээд урдуураа оруулахгүй гээд энэ намайг шахсан. Ер нь тэгээд ямар ч жолооч урдуураа оруулахгүй гэж шахдаг. Зарим нь бол урдуураа оруулаад явж л байдаг. Би Б.Өлзийпүрэвийн урдуур ороход бензин колонкийн хажууд энэ намайг шахсан. Б.Өлзийпүрэв өөрийн хувийн машин байсан болохоор замаа дагуулаад машинаа тэгшлээд тавьсан. Би шороо руу жоохон ороод гүйцэж түрүүлсэн. Өмнө нь гараад би зогсоод хоёулаа бууж ирж машинаа харсан шүргэлцэж үү, эвдрэл гарч уу гээд харахад аль  аль нь гайгүй байсан. Б.Өлзийпүрэв намайг “чи муу яаж яваад байгаа юм бэ” гэхэд би харин чи муу яаж яваад байгаа юм” гэсэн. Тэгээд учир зүггүй цохиж балбаад эхэлсэн. Би машин доор нь унасан дээрээс дэвсэж байхад нь би хөлийг барьж аваад чиргүүл доороос нь арай гэж гарч ирсэн. Би доор нь л унасан тэгсэн намайг боосон. Би Б.Өлзийпүрэвт нэг ч цохилт ч хийж чадаагүй. Энэ маш хурдан хөдөлгөөнтэй. 2 найз нь  ирээд салгасан. Тэгээд салгасныхаа дараа уур хүрээд нэгэнт зөндөө цохиулчихсан юм чинь би ганц цохиход яадаг юм гээд цохих гэсэн чинь бултаад цохиулаагүй. Манай хүүтэй чацуу учраас хурдан, түргэн хөдөлгөөнтэй. Би ёстой амжих ч үгүй юм байна лээ. Би дараа нь мэдсэн. Нөгөө найз нь намайг яасан овоо муу гар вэ гээд л татаад л унагаасан. Тэгэхэд Б.Өлзийпүрэв намайг олон цохисон. Одоо ингээд больчих байх даа л гэж бодож байсан. Би нүүрэндээ цохиулахгүй гээд нүүрээ хамгаалсан байхад намайг дэвсээд байсан. Гараа цохилоо гэхэд хүний эрүү тийм амархан хугарахгүй байх. Тэгээд хамгийн сүүлд нь дэвссэн. Тэгээд ухаан ороход миний хамаг зүйл цус болчихсон, ам, хамраас цус нөж гоожсон байсан. Миний хиймэл шүдтэй хугарчихсан байдалтай л босож ирсэн. Өөр ярих зүйл байхгүй.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд Н.Болдчулууны хохирогчоор өгсөн:”...Би Гашуун сухайт боомт, Таван толгойн уурхайн хооронд нүүрс тээврийн том оврын автомашин жолооддог юм. Өнгөрсөн 06 дугаар сарын 06-ны орой 17 цаг өнгөрч байх үед Цагаан хад дахь “Эрхэм сүлд Монгол” ХХК-ийн нүүрс ачиж буулгах талбайгаас өөрийн жолоодож явсан 80-26 УНН улсын дугаартай норд бенз маркийн машиндаа нүүрс ачаад засмал замын ачаатай талын оочерлуу орохоор явсан бөгөөд оочерт байсан машинууд бүгд урагшаа явж байсан би ч шороон замаас засмал руу ороход оочер явж байсан. 86-09 УНЗ улсын дугаартай автомашины жолооч маш хурдтай өнгөрөхөөр нь би зам руу орж чадаагүй хүлээж байгаад тэр машины араас зам руу орж очероор явсан. Тэр машин маш удаан яваад байсан учир гүйцэж түрүүлэхээр эсрэг урсгалд ороод хажуугаар нь гүйцэж түрүүлтэл нөгөө машины жолооч зүүн гар тал руугаа шахаад хурдаа нэмсэн би ч мөн адилхан хурдаа нэмээд тэр машиныг гүйцэж түрүүлэн өмнө нь гараад явж байтал оочер зогссон. Тэгээд машинаасаа буугаад арын машин луу очсон тэр машины жолооч залуу бас машинаасаа буугаад ирсэн. Тэр жолооч залуу “та яаж яваад байгаа юм бэ” гэхээр нь би “чи тэнэг юм шиг яасан хурдан явдаг юм бэ” гэсэн тэр залуу миний зүүн, баруун шанаа руу хэд хэдэн удаа цохиод авсан би ч манараад газар унасан тэгээд би тэр залуугийн хөлөөс нь татаад зам дээр унагаад дээр нь гарсан тэр залуу намайг үстээд өөрлүүгээ татсан. Ингээд би боох гээд чадахгүй байж байтал арын машинаас нэг залуу бууж ирээд салгасан. Тэгээд би Өлзийпүрэвийг цохисон чинь оноогүй. Өлзийпүрэв дахин миний зүүн баруун шанаа эрүү рүү цохиж эхэлсэн бараг 9-10 удаа цохисон байх. Нэг сэртэл би газар уначихсан эрүү эвгүй болчихсон ярьж болохгүй шүд хөдөлчихсөн бололтой байсан. Тэгээд босоод иртэл нөгөө машинууд оочероороо жаахан яваад зогссон байсан ба би тэр залууд “чи намайг арай дэндүү зодлоо доо, чамтай эргээд уулзана аа” гэж хэлсэн нөгөө залуу дахин над руу дайрсан боловч зодоогүй ингээд байж байтал цагдаа ирсэн. Тэгээд би болсон зүйлийн талаар хэлээд цагдаа дээр очсон. Тэгээд бичиг баримтаа авахын тулд гомдолгүй гэж бичиг хийж өгөөд тэндээс явж хилээр орж ачаагаа буулгаад буцаж ирээд эрүү болохгүй байхаар нь Улаанбаатар хот орж шүд, эрүү нүүрний эмнэлэгт үзүүлэхэд эрүү гурван хэсэг газарт хугарсан байсан ба түүнээс хойш эмчилгээ хийлгэж байгаад ирлээ. Би эрүүл мэндээрээ хохирсон. Эмчилгээний зардал болон бусад эдийн хохиролд 2,000,000 төгрөг нэхэмжилж байна. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралдаанд сууна” гэх мэдүүлэг /хх-н 16-18 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд П.Мөнхтогтохын гэрчээр өгсөн:”...Би “Тахидаг хайрхан” ХХК-д тээврийн жолоочоор ажилладаг юм. 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр машиндаа нүүрс ачиж урагшаа Гашуунсухайт боомтоор БНХАУ-ын “Ганц мод”-ны боомт руу гарах гээд засмал замаар оочерт байсан машинууд дарааллаараа урагшаа зөөлхөн явж байтал миний машины өмнө талд явж байсан Өлзийпүрэвийн машины ар талаар буюу миний машины өмнө талаар Цагаан хадны “Эрхэм сүлд Монгол” ХХК-ийн нүүрс ачиж буулгах хашаанаас гарч ирсэн ачаатай шаланз машин шууд дайраад зам руу орчихсон. Тэгээд Өлзийпүрэвийн машины өмнө талд нь гарах гэж байгаа бололтой урсгал сөрөөд гүйцэж түрүүлсэн. Өлзийпүрэв энэ үед нь тухайн машиныг өмнөө оруулахгүй гэж бодсон байх өөрийн машинаараа уг шаланзыг шахсан чинь нөгөө машин засмал замын захын шороон далангаар гарч урагш явсаар Өлзийпүрэвийн машины өмнө гарчихсан яг тэр үед оочерт явж байсан машинууд зогссон байсан ба нөгөө шаланзын жолооч машинаасаа бууж Өлзийпүрэвтэй маргалдаад хэрэлдээд байх шиг байхаар нь би машинаа унтраагаад кабинаасаа буугаад очтол зам дээр нөгөө машины жолооч ах Өлзийпүрэвийг унагачихсан дээр нь гараад хоолойг нь доош нь дарчихсан байхаар нь би тэр хүнийг салгаж дээш босгоод Өлзилйпүрэвээс холдуулсны дараа Өлзийпүрэв босож ирээд тэр хоёр дахин зодолдоогүй маргаж байгаад салсан байх. Тэр хүн миний эрүү хугарчихлаа гээд байх шиг байсан. Тэгээд би машинаа асааж тэр хоёрын машиныг тойрч урд нь гараад цаашаа явсан. Намайг явсанаас хойш юу болсоныг мэдэхгүй миний харсан зүйл бол ийм л юм болсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Г.Оюунбаатарын гэрчээр өгсөн:”...Манай Өлзийпүрэв бол жолоочоор ажилладаг, нийтэч, их даруухан, үг дуу цөөтэй, хүнд тусархуу, хөгжилтэй зантай хүн байгаа юм. Архи дарс уугаад байдаггүй хүн...” гэх мэдүүлэг /хх-н 22 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Наранбаатарын өгсөн:”...Өлзийпүрэв манай компанид жолоочоор ажилладаг тусархуу хамт яваа хүнээ орхиж явдаггүй, ажилд сайн, хүнтэй тэр бүр муудалцаад байдаггүй, ая талыг нь олж харьцаад явдаг сайн залуу байгаа юм. Архи дарс ч тэр бүр уугаад байдаггүй, хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүн дээ...” гэх мэдүүлэг /хх-н 25-26 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №8056 дугаартай: “..1. Н.Болдчулууны биед доод эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Б.ӨЛзийпүрэвийн яллагдагчаар өгсөн:”...Би Цогтцэций сумын нутагт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Тахидаг хайрхан” ХХК-д жолоочоор ажилладаг юм. Манай компани нь улс хоорондын тээврийн үйл ажиллагаа явуулдаг ба би нүүрс тээврийн автомашин жолоодох ажил хийдэг юм. Энэ компанид жолоочоор 1 жил 6 сар гаран ажиллаж байна. 2017 оны 06 дугаар сарын сарын 03-ны өдөр би Цагаан хаднаас урагш Гашуун сухайт боомт хүртэлх засмал замын ачаатай талын автомашины оочирт машинтайгаа зогсож байгаад оочерлосон машинууд урагшаа явахаар нь дагаад зайгаа бариад зөөлөн явж байтал миний ар талаас нэг машин орж ирээд хажуугаар гарч миний өмнө талаар оочерлуу орох гээд урсгал сөрөөд хажуугаар гүйцэж түрүүлээд өнгөрөх гэхээр нь шахаад машинтайгаа эсрэг урсгал руу орсон чинь нөгөө машин замын шороон далан дээгүүр дарж гараад буцаж засмал зам руу орохдоо миний жолоодож явсан машины чиргүүлийн зүүн гар талыг чиргүүлээрээ шүргээд чигээрээ гараад явсаар өмнө гараад зогсчихсон. Тэгээд тэр машинаас жолооч нь бололтой нэг ах бууж ирээд зам тавьж өгөхгүй яадаг гөлөг вэ чи гэхээр нь би бас кабинаасаа буугаад би энд өчнөөн олон хоног оочерлож байна та өнөөдөр орж ирчихээд хүлээгээд оочероороо явж болно ш дээ гэж хэлэхэд тэр ах чамд ямар хамаатай юм бэ пизда минь гээд миний зүүн мөр лүү гараараа түлхээд авахаар нь би зөрүүлээд би хоёр гараараа тэр ахын зүүн баруун шанаа руу нь хоёроос гурван удаа ээлжлүүлээд цохиод авсан чинь тэр ах тонгойж байснаа миний хөлөөс гараараа татаж газар унагаад дээр гарч тохойгоороо хоолой шахсан би үснээс нь гараараа татаж газар унагаад дээр гарч тохойгоороо хоолой шахсан, би үснээс нь гараараа татаж өөрийнхөө цээжинд толгойг нь наачихсан байж байтал манай компанийн жолооч Мөнхтогтох гүйж ирээд тэр ахыг миний дээрээс салгаж аваад дээш нь босгосон. Би газраас босоод нөгөө ах надтай маргалдаад зогсож байтал цагдаа нар ирсэн. Тэгээд юу болсон талаар асуугаад бичиг баримт хурааж аваад явцгаасан. Түүний маргааш нь нөгөө ах бид хоёр Цагаан хадны тасгийн цагдаа дээр очиж Баянтамир гэдэг байцаагчтай уулзаад эмчилгээний зардлыг нь бүрэн хариуцна гэж хэлээд бичиг хийж өгөөд өөрийн бичиг баримтаа аваад тэндээс явсан. Тэр хүн ч бас гомдолгүй гээд бичиг баримтаа авсан байх. Түүнээс хойш нөгөө ах эрүү хугарсан байна юм зажилж чадахгүй байна, эмнэлэгт үзүүлнэ 500,000 төгрөг явуулаач би зураг авахуулна бас шинжилгээ өгнө гэсэн. Би кемп дээр очоод таны данс руу явуулъя гэсэн тэр хүн удалгүй дахин миний утас руу залгаж би чамаас мөнгө авахгүй хуулийн байгууллагад хандаж шийдүүлнэ гэсэн. Тэр хүн түүнээс хойш хэд хоногийн дараа дахин миний утас руу залгаж 15 сая төгрөг өгчих тэгээд гомдолгүй салъя гэхээр нь би надад тийм их мөнгө байхгүй гэж хэлсэн тэр хүн би цагдаад хэлнэ гэсэн. Удалгүй Цагаан хадны цагдаагийн тасгаас намайг дуудаж мэдүүлэг авсан ийм юм болсон” гэх мэдүүлэг /хх-н 36-37 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Өлзийпүрэвийн хувийн байдлыг нотлох оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас/ Өмнөговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1/847 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/, иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх-ийн 42 дугаар хуудас/,

“Тахидаг Хайрхан” ГХОХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1706/07 тоот:”...Бат-Өлзий овогтой Өлзийпүрэв нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Тахидаг Хайрхан” ХХК-ийн жолооч албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд ажиллаж байх хугацаандаа нийтэч, хариуцлагатай, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг, үнэнч шударга ажилтан болно” гэх зан байдлын тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/

“Тахидаг Хайрхан” ХХК-ийн Б.Өлзийпүрэвийн талаар гаргасан ажил эрхэлдэг тухай тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Өлзийпүрэвийн 3 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 47-49 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Өлзийпүрэвийн арилжааны банкинд харилцах данс, зээл, хадгаламжтай эсэх талаарх тодорхойлолтууд /хх-ийн 52-56 дугаар хуудас/

Хохирогч Н.Болдчулууны хохирол төлбөрийн 1,131,000 төгрөгийн баримтууд /хх-ийн 58-65 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Өлзийпүрэвийн хохирол төлсөн баримт /хх-н 88 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Өлзийпүрэв нь 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг, Цагаан хадны орчимд Гашуун сухайт боомт хүртэлх засмал зам дээр Н.Болдчулуунтай хувийн таарамжгүй харьцаанаас буюу тээврийн хэрэгслээр дугаарлаж зогсох асуудлаас маргалдаж, улмаар Н.Болдчулууныг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Өлзийпүрэвийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Өлзийпүрэв нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,140,000 төгрөг төлсөн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, хохирогч Н.Болдчулуун нь шүүгдэгчээс мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлд /хавтас хэрэгт 1,131,000 төгрөгийн хохирлын баримт авагдсан/ дээрх төлбөрийг оруулан тооцож үлдэх 860,000 төгрөгөөс татгалзсан болно.

Хохирогч Н.Болдчулуун нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5,000,000 /таван сая/ төгрөг нэхэмжилсэн  бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагад замын зардал, бензин, гоо сайханд үзүүлсэн төлбөр, өмгөөллийн хөлс, хоолны төлбөр, шүдний хагалгаанд дахин орох зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс зэрэг оржээ.

Хохирогч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг шаардах эрхтэй байна.

Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Учир нь дээрх нотлох баримтуудаас Н.Болдчулууны хот хооронд зорчих 30,500 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,969,500 төгрөгийн шаардлагыг нотолж чадаагүй, нотлох баримт байхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад цаашид гарах зардалтай холбогдох нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Өлзийпүрэвт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тооцож, түүний хувийн байдлыг харгалзан үзэж ял оногдуулав.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Н.Болдчулууны эрүүний хугарлын рентген зургийг хуулбарласан компакт диск /CD/-г хавтаст хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Өлзийпүрэв нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Өлзийпүрэвт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Бат-Өлзийгийн Өлзийпүрэвийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бат-Өлзийгийн Өлзийпүрэвийг 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өлзийпүрэвт оногдуулсан 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд тус бүр 300,000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Өлзийпүрэв нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Өлзийпүрэвээс 30,500 төгрөг гаргуулж хохирогч Н.Болдчулуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,969,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай .

6. Хохирогч Нанзад овогтой Болдчулуун нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Өлзийпүрэвийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Б.Өлзийпүрэв нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Н.Болдчулууны эрүүний хугарлын рентген зургийг хуулбарласан компакт диск /CD/-г хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Өлзийпүрэвт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Өлзийпүрэвт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН