Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 552

 

 

Б Яамны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00009 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б Яамны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ХХК, А ХХКнарт холбогдох,

 

Болгар Улсын элчин сайдын яамны цогцолбор барилгыг албадан чөлөөлүүлэх иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Туяацэцэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Жаргалсайхан,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнхзаяа,

Хариуцагч нарын өмгөөлөгч: Б.Эрдэнэбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б Яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсад суух Болгар улсын элчин сайдын яамны цогцолбор барилгад тухайн үед Монгол улсад Болгар улсаас сууж байсан элчин сайд 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан А ХХК-ийг 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр оруулсан. Гэрээний хугацаа 5 жил буюу 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болгох, гэрээ сунгах асуудлаа гэрээний хугацаа дуусахаас сарын өмнө аль нэг талдаа мэдэгдэх заалттай. Үүний дагуу Бүгд Найрамдах Болгар улсын Гадаад харилцааны яамнаас түрээсийн гэрээний хугацааг сунгах боломжгүй, хугацаа дуусах өдөр байрыг чөлөөлж өгөхийг А ХХК-д 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 04-01-1224/05.10.2016 дугаартай албан бичгээр мэдэгдсэн боловч хүлээн авч хэрэгжүүлээгүй. Монгол улсад байрлах Болгарын элчин сайдын яамны Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Олимпын гудамж 8-д байрлах барилгад А ХХК түрээсийн гэрээ байгуулан толгой компани болох А ХХКүйл ажиллагаагаа явуулж байгаа. Түрээсийн гэрээ дуусгавар болсон ч А ХХКтүүний охин (салбар) компани болох А ХХК нар Болгар улсын элчин сайдын яаманд үйл ажиллагаагаа явуулсаар байна. Иймд шүүхэд хариуцагчаар “Алтайн хүдэр” ХХК, А ХХК-ийг татсан. “Алтайн хүдэр” ХХК-ийн албан ёсны хаяг нь Болгар улсын элчин сайдын яамны байр гэж тодорхойлогдон аль ч шатны шүүхэд уг хаягаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлдэг. Шүүхэд Бүгд Найрамдах Болгар улсын Гадаад харилцааны яамыг Улаанбаатар хот дахь Болгарын Элчин сайдын яам төлөөлөн нэхэмжпэл гаргасан. Нэхэмжлэл гаргах үндэслэл нь Монгол улсын Олон улсын гэрээ Консулын харилцааны тухай Венийн конвенцийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасныг үндэслэн 5 дугаар зүйлийн 5.(а)-д зааснаар томилогч улсын эрх ашгийг эрх зүйн хүрээнд хамгаалах чиг үүргийн хүрээнд консулын байгууллагын ажилтан, гишүүдийн эрх ямба дархан эрхээ эдлэх, консулын байрны халдашгүй байдлыг хамгаалахаар томилогч улсаас консулын байгууллагад итгэж даалгасан чиг үүргийн хүрээнд Гадаад харилцааны яамыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Болгар улсын элчин сайдын яамны цогцолбор барилга нь 1974 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Улаанбаатар, Софи хотод тус тус улсын элчин сайдын яамны албан байр, орон сууцны иж бүрэн барилга барихад зориулан харилцан газар олгох тухай БНМАУ, БНБАУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу Болгар улсын өмч болох нь тогтоогдож байгаа. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-д зааснаар Монгол улсад суух Болгар улсын элчин сайдын яамны цогцолбор барилгыг А ХХК, А ХХКнарын хууль бус эзэмшлээс шүүхийн журмаар албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ байр Болгар улсын төдийгүй Европийн улсын анхаарлын төвд байгаа. Хүлээн авагч орон Монгол улс анхаарлын төвд орж, гадаад хэргийн яамнаас шүүхэд албан бичгээр удаа дараа нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргасан. Дээрх байдал нь Монгол улсын Засгийн газрын анхаарлын төвд байгаа нь харагдаж байна. Түрээсийн гэрээтэй холбоотойгоор Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 294 дүгээр зүйлийн 294.1.1-д зааснаар хугацаа дууссан бол чөлөөлнө гэж заасан. Гэрээний хүчинтэй хугацаа гэрээ дууссанаар дуусгавар болно гэж байгаа. Дараагийн гэрээ дараа нь яригдах асуудал юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 190 дугаар зүйлийн 190.1 дэх хэсэгт зааснаар бидний маргаан шүүхийн харьяалал зөрчөөгүй. Гэрээтэй холбоотой маргаан Хонгконгийн арбитрт байгаа. Б Яам, элчин сайдын яам иргэний хариуцагчаар оролцох эсэхээ өөрөө шийдвэрлэнэ. Бид оролцохгүй гэж албан ёсоор мэдэгдсэн. Тэр иргэний хэрэг үүсгэсэн захирамжид холбогдуулж энэ маргааныг хэрэгсэхгүй болгох гээд байна. Бид байр чөлөөлж өгөхгүй байна гэдгээ удаа дараа чөлөөлж өгөөч гээд мэдэгдэхэд татгалзаж байсан. Өөрийнхөө үйл ажиллагаатай холбоотой засвар үйлчилгээ хийхийг хориглодоггүй. Гэрээнд засвар оруулбал нөгөө талд мэдэгдэх ёстой. Өнөөдөр үүсгэчихсэн иргэний хэрэгт 13 тэрбум төгрөгийг хэрхэн ашигласан талаар баримт байхгүй. Улын Дээд шүүхийн тогтоолыг ярихгүй байхын арга байхгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгч нь Болгар улс мөн байна гэсэн. Түрээсийн гэрээ дуусгавар болсон боловч эд хөрөнгийг буцаан өгөх тал дээр маргаан үүссэн гэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дахь хэсэгт өөрөө нотлох баримтыг бүрдүүлэх ёстой. Энд үүргийн харилцаа огтоос хамааралгүй. Бид өмчлөл, гэрээний хугацаа дууссантай холбоотой талууд маргадаггүй, зөвхөн худалдах, худалдан авах талаар маргадаг. Хэрвээ худалдах, худалдан авах асуудал байсан юм бол Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авахаас урьдчилан буюу шууд татгалзах аваас хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бусд тооцно. Худалдаж авах хүсэлтээ хариуцагч Болгарын талд олон удаа гаргаж байж. Бид зарахгүй гэсэн албан бичгүүд өгсөн байдаг. Бид ингэж татгалзаад байхад манайх авах ёстой гээд яриад байх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж үндэстэй. Нэхэмжлэлийн шаардлага товч тодорхой хуульд нийцсэн. Олон улсын харилцааны асуудлыг 2 засгийн газар харилцан зөвшөлцдөг Венийн конвенц гэж зүйл байгаа. Аль алийн нь хуулинд хамаарагдахгүйгээр зөрчих аваас Олон улсын гэрээг баримтлана гэж заасан. Анхнаасаа өөрсдөө хууль бус зүйл хийчихээд дараа нь үүнийгээ үүргийн маргаантай холбож тайлбарласан. Санамж бичиг гээд 2 орны хэлэлцээр юм шиг уулзалтын тэмдэглэлийг хөтөлж нотлох баримт байхгүй ганцхан тамгатай баримтыг анхан шатны шүүхэд үнэлүүлэхгүйгээр хяналтын шатны шүүхэд үнэлүүлээд хавсралт 5-ыг нэхүүлээд нотариатаар баталгаажуулан хавсаргасан байгаа. Болгар улсын засгийн газраас нэхэмжлэх эрхтэй. 3 жил ямар ч ажиллагаа хийгдээгүй. Монголын шүүхэд гомдол гаргасан. Эрх зүйн харилцаанд оролцуулах боломжгүй. Түрээсийн гэрээ байгуулагдсан нь гэрээгээр нотлогдсон. Түрээсийн гэрээнд нэг нөхцөл байдаг. Тэр нөхцөл нь Иргэний хуулиар үүнийг болзол тавьсан нөхцөл гэдэг. Манай чиг үүрэг өөрчлөгдөөд, энэ байгууллагын барилгыг худалдах юм болвол давуу эрхийн дагуу танайд худалдах тухай байгаа. Тэр эрхийг тухайн орны засгийн газар өмчөө мэднэ. Яам тийм эрхгүй байгууллага. Хууль бус зүйл хийчихээд хууль ёсны мэт болгох гэж дайрдаг нь энэ хүмүүсийн алдаатай бодлого байгаа юм. Болзол тавьсан нөхцөл гэж заасан хугацаанд биелэгдээгүй бол хүчин төгөлдөр биш байдаг юм. Тэр нөхцөл нь биелэгдээгүй. Тэр бол худалдах, худалдан авах гэрээ биш зүгээр болзолт нөхцөл байсан юм. Компанийн өмнө үүрэг хүлээсэн ямарч харилцаа байхгүй. Анхны гэрээг хууль бус гэж хэлээгүй. Гэрээний хугацаа дуусаад байхад чөлөөлж өгөөгүй байгаа учраас нэхэмжлэл гаргасан. А ХХК гэдэг компанитай гэрээ байгуулсан болохоос биш өөр компанитай байгуулаагүй. Бид үзлэг хийгээд өгөөч гэж зөндөө хүссэн боловч бидний хүсэлтийг хангаагүй. Дамжуулан цааш нь өөр компанийг байрлуулсан. Гэрээ хийсэн хугацаа нөхцөлдөө хүчин төгөлдөр байдаг. Гэрээний хугацаа дуусаад 2 жил болж байна. Иргэний хуудийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг яриад байна. Монголын газар дээр барьсан учраас гээд. Тэр барилга барих эрхээ эрх бүхий газраас авсан юм уу, ямар эрхээ хамгаалуулах гээд байгаа юм. Саатуулах гэдэг үг хуулинд байгаа. Гэрээний хугацаа хүчин төгөлдөр байх хугацаанд талууд маргалдсан үед үүнийг ашигладаг байсан. Хугацаа өөрөө аяандаа дуусчихсан саатуулаад байдаг эрх мэдэл хаана ч байхгүй. үүнийг ашиглаж болохгүй гэжээ.

 

Хариуцагч Алтайн хүдэр ХХК, А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-ийн зүгээс Б Яамтай 2012 оны 4 сарын 12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Болгар улсаас Монгол улсад суугаа цогцолбор барилгыг 5 жилийн хугацаатайгаар түрээслэсэн. Талууд анх ямар тохиролцоотой байсан гэхээр Болгар улсын яамны зүгээс Монгол улсад суугаа элчин сайдын үйл ажиллагааг зогсоож татах саналтай байсан учраас Болгарын элчин сайдын яамны цогцолбор барилгыг худалдах санал тавьсан байдаг. Бидний зүгээс худалдах саналд тодорхой хариу өгсөн. 5 жилийн хугацаанд Гадаад хэргийн яамнаас зөвшөөрөл авья. Түрээсийн төлбөрт өгч байсан мөнгийг худалдах, худалдан авах гэрээний төлбөрт оруулахаар тохиролцоод гэрээ байгуулагдсан. Түрээсийн гэрээнд түрээслэж байгаад худалдана гэдэг заалтыг оруулах боломжгүй байсан учраас тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй гэдэг заалтыг оруулж өгөөд гэрээний 8.6, 9.8, 9.9 гэсэн заалтуудад тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг түрээслэгч эдлэхийг зааж өгсөн байдаг. А ХХК тус барилга насжил өндөртэй барилга байсан учраас засвар хийж, хашааны дотор тодорхой хэмжээний засвар хийсэн. Талууд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж санамж бичигт гарын үсэг зурж байгуулсан. Санамж бичигт түрээсийн гэрээний хугацаа дуусахад шинэ гэрээ байгуулах эсхүл, түрээсийн гэрээ дууссанаар 5 жилийн хугацаагаар сунгахаар тохиролцсон. А ХХК-ийн оруулсан хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр тусгасан байдаг. 2015 оны 03 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд Монгол улсад ирээд барилгад оруулсан хөрөнгө оруулалттай танилцаад цаашдын хөрөнгө оруултын талаар ярилцсан байдаг. А ХХК-ийн зүгээс жижиг хэмжээтэй барилга барьж өгөөд одоогийн цогцолбор газрыг худалдах, худалдан авах гэрээний дагуу авахаар яригдсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс өмчлөгчийн шаардах эрхийг хязгаарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Гэтэл А ХХК хууль бусаар эзэмшээгүй. Түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд хэрэгт байгаа нотлох баримтаар 5 жилээр дахин сунгагдсан байж болно. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 209 дүгээр зүйлийн 209.1, 295 дугаар зүйлийн 295.2 дахь хэсэгт тус тус зааснаар үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч нь саатуулан барих эрхтэй гэж үзэж байгаа. Бид анхнаасаа худалдах тохиролцоо байхгүй түрээсийн харилцаанд орох шаардлага байгаагүй. А ХХК маш боломжийн үнэтэй барилгатай байсан. Бид 2 нугалсан үнээр түрээслэж, засвар үйлчилгээ хийх шаардлагагүй байсан. Үүнээс болоод бид хохирол амссан учраас байрыг чөлөөлөх боломжгүй гэж удаа дараа мэдэгдсэн. Гэрээний 17.2-т Болгарын хуулийг хэрэглэнэ гэсэн заалттай. Өөрөөр хэлбэл Болгарын газар нутаг гэж ойлгодог. Өмч нь Болгар улсынх учраас Болгар улсын хууль үйлчилнэ гэсэн логикоор талууд Болгарын хуулийг хэрэглэхээр тохиролцсон гэж бодож байгаа. Тиймээс Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.1, 549.3-т зааснаар тухайн гэрээнд хэрэглэхээр заасан хуулиас өөр улсын хууль тогтоомжийг баримтлан түүнийг хүчингүйд тооцно гэсэн заалттай. Болгарын хуулиар биш, Монголын хуулиар шийдвэрлэвэл хүчин төгөлдөр бус болно гэж заасан. Иргэний хуулийн 540 дүгээр зүйлд зааснаар шүүх ямар үндэслэлээр талуудын тохиролцсон Болгар улсын хуулийг хэрэглэхээ больж, Монголын хуулийг ашиглаад байгааг тайлбарлаж өгөөд цааш нь Монголын хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж явах ёстой. Өмчлөх эрхээ хамгаалах үүднээс Монголын хуулиар шийдвэрлэнэ гэж байгаа бол Иргэний хуулий 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар хэрвээ талууд өмчлөгч гэрээтэй байхын бол гэрээний дагуу зохицуулна гэж хэлээд байгаа. Гэтэл яагаад гэрээнд Болгарын хуулиар Хонг конгийн арбитрын шүүхээр шийдвэрлэнэ гээд байж байхад тэрийн нь тасдаад Монголын хуулиар шийдвэрлэнэ гээд суугаад байгаа юм. Ингэж болохгүй учраас хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсээд байна. Гэрээний 17.2-т маргааныг Хонгконгийн арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар талууд тохиролцсон бол арбитрын шүүхээр шийдвэрлэнэ. Урдуур нь битгий ороорой гэсэн үг. Венийн конвенцид төлөөлөгчийн газрыг албадан дайчлах, нэгжих, битүүмжлэх шийдвэр гүйцэтгэлээс чөлөөлнө гэж заасан. Талуудын хүсэл зоригийн илэрхийллийг шийдвэрлээд Венийн конвенцийг зөрчвөл шүүхийн шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх гэдэг асуудал гарч ирнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2-т Монгол улсын нэгдэн орсон гэрээнд энэ хуулиас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө гэсэн заалттай. Тэгэхээр хууль шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх нөхцөлийг хангаад байдаг. Шүүхийн шийдвэр гарах юм бол шүүхийн шийдвэр хэрэгжих гээд байдаг. Олон улсын гэрээнд шүүхийн шийдвэр явагдахгүй байхаар зохицуулсан. Энэ зөрчилдөөд байхаар бид аль заалтыг баримтлах вэ гэхээр олон улсын гэрээ дээгүүрт байна. Манай үйлчлүүлэгчтэй түрээсийн гэрээ байгуулснаар эрх мэдлээсээ татгалзсан байсан. Гэрээний хугацаа дууссан бол гэрээнд тохирсон аргаар шийдвэрлүүлэх ёстой. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг үндэслээд өмчлөгчийн харилцан тохиролцсоны дагуу хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна. Нэгэнт өмчийн харилцаа хэрхэн үүссэн, тэрийг гэрээний дагуу зохицуулж өгсөн нь зөв гэж харж байна. Түрээслэгчийн зүгээс маш их хөрөнгө оруулалт хийсэн. Энэ талбайн урд хэсгийг аваад, хойд хэсгийн нэг газар аваад байшин барьсан. Тэр үйл ажиллаа явуулж байгаа барилга нь олон жил үйл ажиллагаа явуулаагүй учраас муудсан байсныг бид сэргээн засварласан. Болгарын газарт хандаж бичиг хүргүүлэхэд бидний хөрөнгө оруулалтыг үзсэн. Иргэний харилцаанд оролцогчид хуулиар хориглоогүй зүйлийг хэрэгжүүлэх хэрэгтэй учраас бид саатуулан барьсан юм. Энэ бол арбитрийн шүүхээр шийдвэрлүүлэх маргаан юм. Тиймээс энэ асуудлыг нэмээд хүсэлт гаргаж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг үндэслээд арбитрын гэрээний дагуу арбитраар шийдвэрлүүлэх боломжийг олгож хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Болгар улсын Гадаад харилцааны яамны нэхэмжлэлийг хангаж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Олимпийн гудамж 8-д байрлах, Болгар Улсын элчин сайдын яамны цогцолбор барилгыг хариуцагч А ХХК, “Алтайн хүдэр” ХХК-иудын эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар Болгар Улсын Гадаад харилцааны яамны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч А ХХК, “Алтайн хүдэр” ХХК-иудаас 70 200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн шаардах эрхээр тодорхойлсон бөгөөд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх явцад гэрээний дагуу үүсэх шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй, зөвхөн өмчлөгчийн шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа талаар тайлбар, мэдүүлэг гаргасан байдаг. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “энэ хуулийн 106.1, 106.2-т заасан ишардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, омчлогч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүухэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Түрээсийн гэрээ байгуулахдаа уг түрээсийн гэрээнээс үүдсэн аливаа маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд энэ тохиолдолд дээрх заалтын дагуу хариуцагчийн зүгээс маргааныг арбитраар шийдвэрлүүлэх боломж олгохыг хүссэн ч “үндэслэлгүй” гэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Нөгөө талаар. нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссантай холбоотойгоор барилгыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин өөрийн өмчлөлийн хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардсан. Ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмчлөх эрхийн хүрээгээр тодорхойлсон байхад анхан шатны шүүх өмчийн эрх зүйн харилцаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний эрх зүйн харилцаатай холбон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л шийдвэр гаргах хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Шийдвэрт дурдсан мэдэгдлийг хариуцагч нар хүлээж аваагүй, уг баримт нь зөвхөн шүүхэд зориулж үйлдэгдсэн, нотлох баримтын шаардлага хангаагүй баримт юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан. Тухайн баримт нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөр дугаарлагдсан, БНБУ-ын Гадаад хэргийн яамны тамгатай, болгар хэлээр үйлдэгдсэн баримтын энгийн хуулбар хувь дээр БНБУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны тамгыг дарж, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн огноо бичсэн байна. Иймд уг баримт нь нотлох баримтад хуулиар тавигдсан шаардлагыг хангаагүйн зэрэгцээ тухайн баримтыг баримтад дурдсан огнооноос бүтэн жилийн дараа ашиг сонирхлын зөрчилтэй субьект үйлдсэн байхад шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоох нотлох баримт гэж үнэлсэн нь шүүхийн шийдвэрийг үндэслэл муутай болгожээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг мэдэгдлийг Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжиж, шуудангаар Монгол Улсад ирсэн гэж тайлбарласан. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг баримтыг нотлох баримтаас хасуулах, тухайн үйл баримтыг нотлох зорилгоор Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахгүй орхисон. Уг баримтыг бодит баримт гэж үзвэл болгар хэл дээр үйлдсэн бичиг талуудын албан ёсоор харилцдаг хэл болох англи хэл рүү орчуулагдаж, Монгол Улсад шуудангаар ирээд, хариуцагчид гардуулж өгөхөд 10-аас доошгүй хоног шаардагдана. Гэтэл дугаарлагдсан огнооноос хойш ердөө 7 хоног өнгөрөхөд Түрээсийн гэрээ автоматаар 5 жилээр сунгагдах гэрээний зохицуулалт хэрэгжихээр байна. Иймд цаг хугацаа, орон зайн хүчин зүйлийг тооцсон ч уг мэдэгдэл 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө Монгол Улсад ирэх боломжгүй. Нэхэмжлэгч нь уг мэдэгдлийг дээр дурдсан хугацаанд хариуцагчид гардуулан өгөөгүй юм. Өгсөн талаарх ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Логикийн хувьд уг баримтыг аваагүй болохоо хариуцагч өөрөө нотлох боломж байхгүй. Иймд шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангалгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдсэн.

Хариуцагчийн зүгээс талуудын хооронд түрээсийн харилцаа үүссэнийг хүлээн зөвшөөрдөггүй ба Худалдах, худалдан авах тохиролцоо хийгдэж, холбогдох зөвшөөрлийг Монгол Улсын эрх бүхий байгууллагаас авах хүртэл түрээсийн гэрээ байгуулсан болохыг шүүхэд тайлбарласан. Худалдах, худалдан авах тохиролцоо байсан болохыг батлах зорилгоор талуудын хооронд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Харилцан ойлголцлын санамж бичиг, 2015 оны 03 дугаар сарын 10-13-ны өдрийн хооронд болсон уулзалтын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар талууд харилцан тохиролцсон талаар огт маргадаггүй ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын хоорондын харилцаа зөвхөн эд хөрөнгө түрээслэх харилцаа төдий биш болох нь тодорхой харагддаг. Гэтэл анхан шатны шүүх талуудын хоорондын харилцааг зөвхөн түрээсийн гэрээний харилцаа гэж үзэж талуудын бусад тохиролцоог үгүйсгэн “гэрээний хугацаа дууссан” гэдэг үндэслэлээр хариуцагчийг барилгыг хууль бусаар эзэмшсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.4 дэх заалтыг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгон талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээний дагуу уг гэрээнээс үүдсэн маргааныг арбитраар шийдвэрлүүлэх тухай Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь заалтыг баримтлаж маргааныг арбитраар шийдвэрлүүлэхийн зэрэгцээ Монголын аж ахуйн нэгжийг хохирлоо барагдуулах боломж олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан байх тул хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б Яам нь хариуцагч А ХХК, “Алтай хүдэр” ХХК-д холбогдуулан Монгол улсад суух Болгар улсын элчин сайдын яамны цогцолбор барилгыг тус компаниудын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Дипломат төлөөлөгчийн газар нь томилогч улсыг хүлээн авагч улсад төлөөлөхөөр” зохицуулагдсан байна. Монгол улсын Гадаад харилцааны яамны 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08/6986 тоот албан бичигт Болгар улсын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мирослав Комаров нь Болгар улсыг Монгол улсад төлөөлөх эрхтэй гэсэн байх тул Болгар улсын Гадаад харилцааны яамны өмнөөс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ. Түүнчлэн, Монгол Улсад Болгар Улсаас суугаа элчин сайдын хэргийг түр хамаарагч Мирослав Комаров нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн Ц.Туяацэцэгт итгэмжлэл олгсон байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй болно. /хэргийн 1 дүгээр хавтасны 5-6, 53, 2 дугаар хавтасны 120-121 дүгээр тал/

Шүүх Иргэний хуулийн 547 дугаар зүйлийн 547.1.6 дах хэсэгт заасны дагуу Б Яам өмчлөх эрхээ хамгаалуулахаар маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө байгаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргасныг Монгол улсын хуулиар маргааныг шийдвэрлэх нь хуульд нийцсэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хэргийн 1 дүгээр хавтасны 122-127 дугаар тал дах баримтаас үзвэл Улаанбаатар хот, Софи хотод өөр өөрийн улсын Элчин сайдын яамны албан байр, орон сууцны иж бүрэн барилга барихад зориулан, харилцан газар олгох тухай Бүгд Найрамдах Монгол Ард улс, Бүгд Найрамдах Болгар Ард улсын Засгийн газар хооронд 1974 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцээр  байгуулагдсан байх бөгөөд уг хэлэлцээрээр, Бүгд Найрамдах Монгол Ард улсын Засгийн газар нь Бүгд Найрамдах Болгар улсын Засгийн газарт Улаанбаатар хотод 12 500 м.кв газар болон уг газар дээр Болгар улсын Элчин сайдын яамны хэрэгцээнд зориулан албан ба орон сууцны иж бүрэн барилга барих эрхийг олгох, дээрх газар дээр баригдсан барилгууд нь Болгар улсын өмч болох талаар талууд тохиролцсон байна.

Хэргийн 1 дүгээр хавтасны 98-103 дугаар тал дах Бүгд Найрамдах Болгар улсын Сангийн яамны баримтад Бүгд Найрамдах Болгар улс, Монгол улсын Засгийн газар хооронд тус тусын Элчин сайдын яаманд харилцан байр барихад зориулж газар олгох 1974 оны хэлэлцээрийг үндэслэн баригдсан Болгар улсын Элчин сайдын яамны цогцолбор барилгыг Болгар улсын өмчлөлд бүртгэсэн байх бөгөөд энэ талаар талууд маргасангүй.

Хэргийн 2 дугаар хавтасны 44-64 дүгээр талд 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ажлын байрны зориулалтаар байр түрээслэх бичгийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид Болгар улсын элчин сайдын яамны цогцолбор барилгыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх, нэхэмжлэгчид хариуцагч нь сар бүр 22 000 ам.долларын төлбөр төлөхөөр талууд тохиролцсон байна.

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, төлбөр төлж байсан баримтууд, нэхэмжлэгч талаас дээрх гэрээний дагуу өмчлөлийнхөө цогцолбор барилгыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн өгч тэрээр одоог хүртэл эзэмшил ашиглалтандаа байлгаж байгаагаас үзвэл Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэлтэй.

Дээрх гэрээ нь зохигчдын хэн алиний хүсэл зоригийн илэрхийлэл болж, гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хүсэл зоригийг хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

Талууд 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан тул гэрээний хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дуусахаар зааснаас гадна уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т “гэрээний хугацаа дуусахаас 6 сарын өмнө гэрээг цуцлах талаар аль ч тал төлөвлөөгүй бол гэрээний хугацааг анхны хугацаагаар сунгагдсан гэж тооцох”-оор тохирчээ.

Хэргийн 1 дүгээр хавтасны 7-8, 61-64 дүгээр тал дах баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Бүгд Найрамдах Б Яам гэрээний хугацаа дуусгавар болж байгаа тул цаашид сунгах боломжгүй талаар мэдэгдэж байсан талаарх бичгийн баримт хэрэгт авагдсан байна.

Хариуцагч тал дээрх баримтыг хүлээлгэж өгөөгүй гэж маргаж байгаа боловч гэрээг сунгахгүй талаар нэхэмжлэгч талаас хүсэл зоригоо илэрхийлж байсан гэж үзэх үндэслэлтэй тул талуудын хооронд байгуулсан гэрээг дуусгавар болсон гэж үзнэ. Иймд энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дах хэсэгт энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхээр, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1 дэх хэсэгт гэрээний хугацаа дууссан бол эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болохоор тус тус зохицуулагджээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болсон үеэс маргааны зүйл болох Болгар улсын Элчин сайдын яамны цогцолбор барилгыг хариуцагч нар эзэмшх эрхгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн цогцолбор барилгыг хариуцагчид гэрээний үндсэн дээр 5 жилийн хугацаатай эзэмшүүлж ашиглуулсан бөгөөд тэдгээрийн хооронд  байгуулсан гэрээ дуусгавар болсон үеэс хариуцагчийн  эзэмшил хууль бус болно.

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчийн хууль бус эзэмшлээс Болгар Улсын Элчин сайдын яамны цогцолбор барилгыг чөлөөлж шийдвэрлэснийг буруутгахгүй.

Хариуцагч нар нь Монгол улсад суугаа Болгар улсын Элчин сайдын яамны үйл ажиллагааг зогсоож эгүүлэн татах байсан учир  уг барилгыг худалдах санал тавьсан, түрээсийн төлбөрийг худалдах худалдан авах гэрээний төлбөрт тохирч гэрээ байгуулагдсан, талууд санамж бичигт түрээсийн гэрээний хугацаа дуусахад гэрээ байгуулах, эсхүл түрээсийн гэрээг 5 жил сунгахаар тохирсон, Монгол улсад 2015 оны 3 дугаар сарын 10-наас ирээд 13-ны өдрүүдэд барилгад оруулсан хөрөнгийг ярилцаад жижиг барилга барьж өгөөд цогцолбор барилгын газрыг худалдах худалдан авах гэрээний дагуу худалдахаар тохиролцсон гэх агуулга бүхий тайлбар гаргасан.

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзвэл маргааны зүйл болох Болгар Улсын Элчин сайдын яамны цогцолбор барилгыг нэхэмжлэгч нь хариуцагчид худалдахаар тохирсон худалдан авах гэрээ байгуулсан гэх байдал тогтоогдохгүй байх тул энэ талаар  хийсэн шүүхийн дүгнэлт зөв бөгөөд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт Хууль, Олон улсын гэрээнд заасан буюу зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ гэж, Арбитрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт шүүхэд тусгайлан харьяалуулснаас бусад арбитрын хэлэлцээрт тусгасан аливаа маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ гэж заасан.

Мөн Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох”-оор заасан. Нэхэмжлэгч БНБУ-ын Гадаад харилцааны яам нь Монгол улсын шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч А ХХК нь шүүхэд гаргасан эхний тайлбартаа харьяаллын талаар маргаагүй, улмаар хэргийн талаар тайлбар гаргаж мэтгэлцсэн байх тул хариуцагчийн харьяалал зөрчсөн, Болгар улсын хуулиар шийдвэрлүүлнэ гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Хариуцагчийн “өмчийн эрх зүйн харилцаатай холбоотой шаардлагыг гэрээний эрх зүйн харилцаатай холбон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь хариуцагчийн эзэмшил гэрээний үндсэн дээр үүссэн, уг гэрээний хугацаа дуусгавар болсноор хууль ёсны эзэмшлийн эрх зүйн үндэслэл үгүй болж хожим эзэмшил нь хууль бус болсон учраас шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа дуусгавар болсон үеэс хойшхи хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж дүгнэж нэхэмжлэгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийн тулд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардсаныг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00009 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД        

           

                             ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ