Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/01354

 

БУГХ яамны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00393 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 912 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч БУГХ яамны нэхэмжлэлтэй

Хариуцагч “А Х” ХХК, “А Э Р” ХХК-д холбогдох,

Болгар Улсын элчин сайдын яамны цогцолбор барилгыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “А Э Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.      

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол Улсад Болгар улсаас сууж байсан Элчин сайд  2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “А Э Р” ХХК-тай Элчин сайдын яамны цогцолбор барилгын түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа  2017 оны 05 дугаар сарын 04-ны өдөр  дуусгавар болох, гэрээ сунгах эсэх асуудлаа гэрээний хугацаа дуусахаас сарын өмнө аль нэг талдаа мэдэгдэхээр тохиролцсон.

Үүний дагуу Бүгд Найрамдах Болгар улсын Гадаад харилцааны яамнаас Түрээсийн гэрээний хугацааг сунгах боломжгүй, хугацаа дуусах өдөр байрыг чөлөөлж өгөхийг “А Э Р” ХХК-д 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 04-01-1224/05.10.2016 дугаартай албан бичгээр мэдэгдсэн боловч уг компани хэрэгжүүлээгүй. Түрээсийн гэрээ дуусгавар болсон ч “А Х” ХХК, “А Э Р” ХХК нар БНБУ-ын ЭСЯ-ны барилгад үйл ажиллагаагаа явуулсаар байна. Иймд шүүхэд хариуцагчаар “А Х” ХХК, “А Э Р” ХХК хоёуланг нь татсан.

Шүүхэд Бүгд Найрамдах Болгар улсын Гадаад харилцааны яамыг Улаанбаатар хот дахь Болгарын Элчин сайдын яам төлөөлөн нэхэмжлэл гаргасан. Консулын харилцааны тухай Венийн конвенцийн 2.2-т заасныг үндэслэн 5.(а)-д зааснаар томилогч улсын эрх ашгийг эрх зүйн хүрээнд хамгаалах чиг үүргийн хүрээнд консулын байгууллагын ажилтан, гишүүдийн эрх ямба, дархан эрхээ эдлэх, Консулын байрны халдашгүй байдлыг хамгаалахаар томилогч улсаас консулын байгууллагад итгэж даалгасан чиг үүргийн хүрээнд Гадаад харилцааны яамыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй. 

Болгар улсын элчин сайдын яамны цогцолбор барилга нь 1974 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн Улаанбаатар, Софи хотод тус тус улсын Элчин сайдын яамны албан байр, орон сууцны иж бүрэн барилга барихад зориулан харилцан газар олгох тухай БНМАУ, БНБАУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу Болгар Улсын өмч болох нь тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу Монгол улсад суух Болгар улсын элчин сайдын яамны цогцолбор барилгыг “А Э Р” ХХК, “А Х” ХХК нарын хууль бус эзэмшлээс шүүхийн журмаар албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч “А Х” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус компани нь БУГХ яамтай аливаа гэрээний үүргийн харилцаанд ороогүй, түрээсийн гэрээний оролцогч биш тул нэхэмжлэлийн шаардлага бидэнд хамааралгүй.

Манай компани нь өөрийн охин компани болох “А Э Р” ХХК-ийн Болгар Улсын Гадаад харилцааны яамтай байгуулсан түрээсийн гэрээний дагуу уг барилгыг эзэмшиж байгаа. Нэхэмжлэгч тал нь уг барилгыг манай компанид худалдах талаар гэрээ хэлцэл хийж, шилжүүлж өгсөн тул нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд халдаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “А Э Р” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай компани нь 2012 онд Болгар Улсын Гадаад харилцааны яам Монгол Улсад байгаа Элчин сайдын яамныхаа барилгыг худалдах гэж байгаа талаарх мэдээллийг авч Болгар Улсын Гадаад харилцааны яамтай барилгыг худалдан авах талаар хэлэлцээр хийж эхэлсэн.

Хэлэлцээрийн явцад талууд эхлээд түрээсийн гэрээ байгуулж, түрээсээр барилгыг эзэмшүүлж байгаад Болгар Улсын Засгийн газраас худалдах шийдвэр гарсны дараа талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулах, түрээсийн төлбөрт төлсөн мөнгийг барилгын үнэд оруулан тооцохоор тохиролцож, “А Э Р” ХХК нь 2012 оноос 2017 оны хооронд барилгад засвар хийсэн.

Гэтэл 2017 оны 07 дугаар сараас эхлэн Болгарын ГХЯ-ыг төлөөлөх эрхгүй этгээд болох Ц.Туяацэцэг барилгыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Ц.Туяацэцэг нь БУГХ яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч түүнд олгосон итгэмжлэл нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар дахь Элчин сайдын яамны Элчин сайдын хэргийг хамаарагч Мирослав Комаровоос олгогдсон итгэмжлэл байдаг. Нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Дипломат төлөөлөгчийн газрын Элчин сайдын хэргийг хамаарагч нь томилогч улсын Гадаад хэргийн яамыг бүрэн төлөөлөх, Гадаад хэргийн сайдын эрхийг эдлэх эрхгүй. Өөрөөр хэлбэл, БУГХ яамнаас итгэмжлэл олгох тохиолдолд Гадаад хэргийн сайд гарын үсэг зурж, Гадаад хэргийн яамны тамга дарагдсан байх шаардлагатай. Түүнчлэн Мирослав Комаров нь Болгар Улсын Элчин сайдын яамыг төлөөлөх эрхтэй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой.

БНМАУ, БНБАУ-ын Засгийн газар хоорондын 1974 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Улаанбаатар, Софи хотод тус тусын Элчин сайдын яамны албан байр, орон сууцны иж бүрэн барилга барихад зориулж, харилцан газар олгох тухай хэлэлцээрийн дагуу Монголын талын хөрөнгөөр баригдсан барилгууд нь БНБАУ-ын өмч болох бөгөөд бүртгэл нь Болгарын Сангийн яаманд бүртгэлтэй байгаа талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. 

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан Ажлын байр түрээслүүлэх гэрээний 17.2-т талууд энэ гэрээнд Болгар Улсын хуулийг хэрэглэхээр тодорхой тусгасан. Иймд талуудын гэрээндээ харилцан тохиролцсон Болгар Улсын хуулиар энэхүү маргааныг шийдвэрлэх нь Монгол Улсын олон улсын ямар гэрээнд харшлаад хэрэглэхгүй байгааг хэрэг үүсгэсэн анхан шатны шүүх тодорхой хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарлах учиртай. Хэрвээ ийм харшлах үндэслэл тайлбар байхгүй бол хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс талуудын сонгосон Болгар Улсын хуулийг баримтлан маргаанаа шийдвэрлүүлэх боломж байж болохоор байна.

Талуудын хооронд байгуулсан ажлын байр түрээслүүлэх гэрээний 17.2-т талууд энэ гэрээний маргааныг Хонг Конгийн Олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр тодорхой тусгасан. Өөрөөр хэлбэл, талууд маргаан шийдвэрлүүлэх байгууллагыг Монголын шүүх бус гадаадын буюу хөндлөнгийн арбитраар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон байна. 

Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт төлөөлөгчийн газрын байрыг нэгжих, албадан дайчлах, битүүмжлэх, шийдвэр гүйцэтгэлээс чөлөөлнө гэжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын шүүх талуудын хүсэл зоригийн эсрэг Монголын хуулиар шийдвэрлэсэн ч гэсэн шийдвэр гүйцэтгэл нь Монгол Улсын нэгдэн орсон Дипломат харилцааны тухай конвенцийг зөрчих, эсхүл албадан хэрэгжих боломжгүй шийдвэр гарах нөхцөл байдал бүрдэхээр байна. 

Тиймээс, нэгэнт талууд харилцан тохиролцсоны дагуу уг маргааныг Хонг Конгийн арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх нь талуудын гэрээний эрх чөлөөг хүндэтгэхээс гадна шүүх Монгол Улсын олон улсын гэрээг зөрчиж хэрэгжих шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй болох юм.

Иймд Түрээсийн гэрээгээр талууд маргаанаа дуусгавар болсноос үл хамааран арбитраар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон, уг тохиролцоо одоо хүртэл өөрчлөгдөөгүй байгаа тул дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00393 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Болгар Улсын Гадаад харилцааны яамны “А Э Р” ХХК, “А Х” ХХК нарт холбогдуулан гаргасан Болгар Улсын элчин сайдын яамны цогцолбор барилгыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Болгар Улсын Гадаад харилцааны яамны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 912 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00393 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дүгээр зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан Болгар улсын Гадаад харилцааны яамны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, элчин сайдын яамны цогцолбор барилгыг хариуцагч “А Э Р” ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагч “А Х” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “А Э Р” ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурджээ.

Хариуцагч “А Э Р” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан өмчлөгчийн шаардах эрхээр тодорхойлсон бөгөөд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх явцад гэрээний дагуу үүсэх шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй, зөвхөн өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлж байгаа талаар тайлбар, мэдүүлэг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний хугацаа дууссантай холбоотойгоор барилгыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин өөрийн өмчлөлийн хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардсан. Ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өмчлөх эрхийн хүрээгээр тодорхойлсон байхад давж заалдах шатны шүүх өмчийн зрх зүйн харилцаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн заалтыг баримтлан хангаж шийдвэрлэсэн байгаа нь хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л шийдвэр гаргах зарчим мөн алдагдсан гэж үзэж байна.

Нөгөө талаас давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ талуудын хоорондын түрээсийн гэрээ дуусгавар болсон гэж дүгнэснээр тодорхойлжээ. Хариуцагчийн зүгээс талуудын хооронд түрээсийн харилцаа үүссэнийг хүлээн зөвшөөрдөггүй ба худалдах-худалдан авах тохиролцоо хийгдэж, холбогдох зөвшөөрлийг Монгол Улсын эрх бүхий байгууллагаас авах хүртэл түрээсийн гэрээ байгуулсан болохыг шүүхэд тайлбарласан.

Худалдах-худалдан авах тохиролцоо байсан болохыг батлах зорилгоор талуудын хооронд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Харилцан ойлголцлын санамж бичиг, 2015 оны 03 дугаар сарын 10-13-ны өдрийн хооронд болсон уулзалтын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авахаар талууд харилцан тохиролцсон талаар огт маргадаггүй ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын хоорондын харилцаа зөвхөн хөрөнгө түрээслэх харилцаа төдий биш болох нь тодорхой харагддаг. Гэтэл давж заалдах шатны шүүх зөвхөн түрээс гэж үзэж талуудын бусад тохиролцоог үгүйсгэн “гэрээний хугацаа дууссан” гэдгээр хариуцагчийг барилгыг хууль бусаар эзэмшсэн гэж дүгнэн, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасан нь учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зөвхөн өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэхээр тусгасан, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн гаргасан cөpөг нэхэмжлэлийг гардан авах эрхийг олгоогүй байдал нь хариуцагчийг гэрээнээс үүдэлтэй аливаа сөрөг нэхэмжлэл гаргах боломжийг хязгаарласан. Түүнчлэн анхан шатны шүүх зохигч талуудаас гаргасан гэрээний эрх зүйд хамаарах хүсэлтийг тухай бүр хангахгүй орхиж шийдвэрлэж байсан ба маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах шийдвэр гаргасан эсэх асуудлыг тодруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн тохиолдолд давуу эрхээр худалдан авах эрхээ хэрэгжүүлэх үндэслэл бүрдэнэ гэж үзэж гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж байсан. Эдгээр нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх бодитоор үнэлсэнгүй. Зохигчдын гэрчийн мэдүүлэг авахуулах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх тухай бүр хангасан бол тухайн нөхцөл байдал тогтоогдох боломжтой байсан гэж хариуцагч үздэг.

...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т гагцхүү төсвийн байгууллагын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т зааснаар “Төсвийн байгууллага” гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлдэг. Гэтэл давж заалдах шатны шүүх Болгар Улсын Гадаад харилцааны яамыг Монгол Улсын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн төсвийн байгууллага гэж үзэж улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөн, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэлэлцэж, гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

...Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч БНБУ-ын Гадаад харилцааны яам нь нэхэмжлэлдээ хариуцагчаар “А Э Р” ХХК, “А Х” ХХК-ийг хариуцагчаар татаж, өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох Улаанбаатар хот дахь ЭСЯ-ны барилгын цогцолборыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг гаргажээ.

Хариуцагч “А Х” ХХК нь нэхэмжлэгч талтай гэрээний харилцаанд ороогүй учир шаардлагыг өөрт хамааралгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хариуцагч “А Э Р” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч талтай ирээдүйд худалдан авах зорилготойгоор түрээсийн гэрээ байгуулсан ба энэ утгаар барилгад оруулсан засан сайжруулалтыг барилгыг худалдах үнэд багтаан тооцохоор тохиролцсон, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байна, түрээсийн гэрээнд маргааныг Хонг Конг улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх талаар талууд тохирсон, түрээсийн харилцааг Болгар улсын хуулиар зохицуулахаар гэрээнд заасан гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Дээрх нэхэмжлэлийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэгдэхэд мөн шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 26-ы өдөр “А Э Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БНБУ-ын Гадаад хэргийн яаманд холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 13 685 069 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг үүсгэгдсэн, шүүхийн зүгээс нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагаа явуулах, төлөөлөгч томилуулахаар даалгавар явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, маргаанд шууд ач холбогдолтой бичгийн баримт нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа байдлыг анхааралгүй хэргийг хянан шийдвэрлэснээс гадна Иргэний хуулийн тухайн харилцааг зохицуулсан хэрэглэвэл зохих эрх зүйн хэм хэмжээг хэрэглээгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг хууль зүйн үндэслэлтэй дүгнэж чадаагүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч БНБУ-ын Улсын Гадаад харилцааны яамыг төлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан төлөөлөн нэхэмжлэгч нь өөрийн шаардлагыг түрээсийн гэрээний харилцааны маргаанаас биш харин өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэлээс үүссэн гэж тайлбарлаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан шаардах эрхэд тулгуурлан байр сууриа илэрхийлжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон бол давж заалдах шатны шүүх тухайн зохицуулалтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна. Хоёр шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж чадаагүй, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих эрх зүйн хэм хэмжээг хэрэглээгүйгээс эсрэг дүгнэлт бүхий шийдвэр, магадлал гаргасан гэж үзэв.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан шаардах эрхийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохын тулд нэхэмжлэгч тухайн хөрөнгийн өмчлөгч мөн болох нь,  хариуцагч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж буй нь тус тус тогтоогдсон байх учиртай.

Нэхэмжлэгч БНБУ-ын Гадаад харилцааны яам нь Улаанбаатар хот дахь Элчин сайдын яамны цогцолбор барилгын хууль ёсны эзэмшигч, БНБУ нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж үзнэ.

Софи, Улаанбаатар хотод тус тусын улсын Элчин сайдын яамны албан байр, орон сууцны иж бүрэн барилга барихад зориулан харилцан газар олгох тухай БНБАУ, БНМАУ-ын Засгийн газрын хоорондын 1974 оны хэлэлцээрийн нэгдүгээр зүйлийн б\, гуравдугаар зүйлд БНМАУ-ын Засгийн газар нь БНБАУ-ын Засгийн газарт Улаанбаатар хотын Сүхбаатарын районд Анагаах Ухааны Институтийн зэрэгцээ 12 500 мкв газар болон уг газар дээр БНБАУ-ын Элчин сайдын яамны хэрэгцээнд зориулан албаны ба орон сууцны иж бүрэн барилга барих эрх олгохоор, уг газар дээр Монголын талын хөрөнгөөр баригдсан барилгууд нь БНБАУ-ын өмч байхаар тус тус заажээ.

Дээрх хэлэлцээрт үндэслэн БНБУ-ын Сангийн яам Монгол Улсын Улаанбаатар хотын Олимпийн гудамж №8-д байршилтай Элчин сайдын яамны цогцолбор барилгыг Болгар Улсын өмчлөлд бүртгэсэн байна.

Харин хариуцагч “А Э Р” ХХК, “А Х” ХХК-ийн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж буй байдлыг хууль бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй байна.

БНБУ-ын Гадаад харилцааны яам “А Э Р” ХХК-тай “Улаанбаатар 13, Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж 8-д байрлалтай бөгөөд зүүн тал болох Олимпийн гудамж, баруун талдаа Бүгд Найрамдах Туркийн элчин сайдын яамны байр, хойд талаасаа Элчин сайдын гудамж болон өмнөд талдаа Болгар улсын элчин сайдын яам болон Болгарын элчин сайдын яамны эзэмшилд оршдог үл хөдлөх хөрөнгийг түрээслэх болон энэхүү гэрээнд заасан түрээсийн төлбөрийг төлөх болон талуудын харилцааг зохицуулах” зорилгоор 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулжээ \хэрэгт байгаа орчуулгад тусгаснаас иш татав\.

Хариуцагч “А Э Р” ХХК түрээслэгчийн хувьд өөрийн толгой компани “А Х” ХХК-ийн хамт маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшсэн байна. Хариуцагч талын эзэмшил гэрээний үндсэн дээр үүссэн тул тухайн эзэмшлийг угаас хууль бус гэж үзэхгүй, харин хууль ёсны эзэмшлийн эрх зүйн үндэслэл үгүй болсон бол хожим хууль бус болсон гэж үзэх эсэх асуудал яригдана. Түрээсийн гэрээ дуусгавар болсон бол эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгөх нь хууль болон гэрээнд заасан түрээслэгчийн үүрэг учир нэхэмжлэгч талын өөрийн шаардлагыг түрээсийн гэрээнд хамааралгүй гэж тайлбарлаж буй нь эрх зүйн үндэслэлгүй болно.

Түрээсийн гэрээний 6.1., 6.3.-т зааснаар гэрээ 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх ба гэрээний хугацаа дуусахаас 6 \зургаан\ сарын өмнө гэрээг цуцлах талаар аль ч тал төлөвлөөгүй бол гэрээний хугацааг анхны хугацаагаар нь сунгагдсан гэж тооцохоор байна. Гэрээний 6.2.-т “энэхүү гэрээ нь гэрээний салшгүй хэсэг болох түрээслүүлэгчээс түрээслэгчид бичгээр өгсөн мэдэгдэлд заасан өдрөөс хүчин төгөлдөр болно”, 14.1.-д “гэрээ нь гэрээний хүчинтэй хугацаа дууссанаар дуусгавар болно” гэжээ.

Гэрээг Софи хотод 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан байх ба гэрээний 6.2.-т заасан “түрээслүүлэгчээс түрээслэгчид бичгээр өгсөн мэдэгдэл” хэрэгт авагдаагүй учир гэрээний хугацааг 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй гэж үзнэ.

Гэрээний хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дуусахаас 6 сарын өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө гэрээний аль нэг тал гэрээг үргэлжлүүлэхгүй болохоо нөгөө талд мэдэгдээгүй бол гэрээг 5 жилийн хугацаагаар сунгагдсанд тооцох ёстой байна.

БНБУ-ын Гадаад харилцааны яам нь орлогч сайдын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр түрээсийн гэрээг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болгохыг “А Э Р” ХХК-д мэдэгдсэн баримт хэрэгт авагджээ. Энэхүү албан бичгийг хариуцагч тал хэзээ хүлээн авсан болохыг хэрэгт авагдсан баримтаар тодорхойлох боломжгүй байна.

Талуудын хэн алин нь түрээсийн харилцаа гэрээний үндсэн дээр үүссэнийг үгүйсгээгүй учир шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

Гэрээний 17.2.-т Болгар улсын хуулийг баримтлах талаар тохиролцсон боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Монгол Улсын Иргэний хуульд үндэслэн тодорхойлсон, хариуцагч хууль хэрэглэх асуудлаар маргаагүй тул өөр улсын хууль хэрэглэх тохиролцооноос талуудыг татгалзсан гэж үзэхээр байна.   

Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.1.-д зааснаар гэрээний дагуу эдлэх эрх, үүрэг, гэрээний агуулга, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээ дуусгавар болох буюу хүчин төгөлдөр бус болох, гэрээний үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй байх зэрэг асуудлаас үүсэх үр дагаврыг гэрээ байгуулагч талууд харилцан тохиролцож тодорхойлсон улсын хуулиар зохицуулдаг. Мөн зүйлийн 549.2.-т зааснаар тухайн гэрээний харилцааг аль улсын хуулиар зохицуулах талаар талууд гэрээ байгуулсныхаа дараа харилцан тохиролцож өөрчилж болдог байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг байна. Мөн зүйлийн 318.5.-д зааснаар түрээсийн гэрээг зохицуулсан бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1.-д зааснаар гэрээний хугацаа дууссан бол гэрээг дуусгавар болсон гэж үздэг байна. 

Мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.1.-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгөх үүрэгтэй. Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээслэсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй гэж хуулийн 326 дугаар зүйлийн 326.1.-д ч мөн заасан байна.

Энэ утгаар түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшлээс гаргуулах нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэхээр боловч хариуцагч тал түрээсийн гэрээний асуудлаар маргаан үүсгэсэн болохыг анхаарах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, уг нэхэмжлэлийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэгдэхэд мөн шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “А Э Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БНБУ-ын Гадаад хэргийн яаманд холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 13 685 069 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг үүсгэгдсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн байна.

Түрээслэгч нь түрээсийн гэрээний асуудлаар шаардлага гаргасан ба энэхүү шаардлагыг эцэслэн шийдвэрлээгүй байхад түрээсийн эд хөрөнгийг буцаан өгөхийг саатуулах эрхтэй эсэхийг шүүх анхаарах учиртай.

Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1.-д зааснаар хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасан байна.

Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.2.-т зөвхөн газар хөлслөгчид өөрийн ямар нэг шаардлагыг хангуулах зорилгоор гэрээ дуусгавар болсны дараа газрыг саатуулан барихыг хориглосон байх ба газраас өөр эд хөрөнгө түрээсийн гэрээний зүйл болж байгаа тохиолдолд шаардлагаа хангуулах зорилгоор гэрээний зүйлийг саатуулан барих түрээслэгчийн эрхийг хязгаарласан заалт Иргэний хуульд байхгүй байна.

Гагцхүү ийнхүү эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан түрээслэгч хожимдуулсан хугацааны турш түрээслүүлэгчид хөлс төлөх үүрэгтэй болох нь мөн зүйлийн 295.4., 326 дугаар зүйлийн 326.2.-т тусгагджээ.

Нөгөө талаар, гэрээний 7.9-д “түрээслэгч нь түрээсийн байрыг энэхүү гэрээ цуцлагдах мөчид анх хүлээн авсан байдлаар нь, гэрээний хүчин төгөлдөр хугацааны энгийн элэгдэл хорогдлыг харгалзан буцаан өгнө” гэж түрээслэгчийн үүргийг, 8.1.-д “Монгол Улсын хууль тогтоомж болон барилгын стандартуудын шаардлагад нийцүүлэхийн тулд болон тав тухтай орчинг бий болгохын тулд түрээсийн байрыг аливаа байдлаар сэргээн засварлах, засаж өөрчлөх, сайжруулах буюу засварлах болбол зөвхөн түрээслүүлэгчийн өмнө нь бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу гүйцэтгэнэ”, 8.3.-т “түрээсийн байрыг тохижуулахтай холбогдсон нэхэмжлэл гаргах ба ямарваа нэгэн арга хэмжээ авахгүй бол мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн учирсан хохирлоо нөхөн төлүүлнэ” гэж түрээслэгчийн эрхийг тус тус тодорхойлжээ.

Түрээсийн гэрээ дуусгавар болоход гэрээний зүйл болох эд хөрөнгө элэгдэж, хорогдсон, эсхүл засагдан сайжирсан аль ч тохиолдолд гэрээний талууд бие биендээ харилцан шаардлага гаргах эрхтэй ба тухайн шаардлага шийдвэрлэгдээгүй нөхцөлд эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэхээр шийдвэрлэх нь учир дутагдалтай болно.

Хариуцагч “А Э Р” ХХК нь маргааны зүйл болж буй барилгыг худалдан авах зорилгоор түрээсийн гэрээ байгуулсан гэж нэхэмжлэлийг татгалзах үндэслэлдээ заасан боловч шүүх барилгыг худалдах талаар ямар нэг баримт хэрэгт авагдаагүй гэж хариуцагчийн уг тайлбарыг үндэслэлгүй гэж үзжээ. Энэхүү дүгнэлтийг буруутгах боломжгүй боловч шүүх ийнхүү дүгнэхдээ хэрэгт авагдсан зарим баримтын агуулгыг зохих журмын дагуу үнэлээгүй нь алдаатай болсон байна.

Тухайлбал, гэрээний 8.6.-д “түрээсийн байрны зорилго болон ашиглалт нь өөрчлөгдөж, түрээслүүлэгч нь түрээсийн байрыг Монгол Улсын Улаанбаатар хотод дипломат үйл ажиллагааны зорилгоор болон шалтгаанаар худалдахаар шийдвэрлэсэн тохиолдолд түрээсийн байрыг эзэмших эрхийг давуу эрхээр худалдан авах эрхтэй” гэж, 9.8.-д “Монгол Улсын Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт явуулж буй дипломат үйл ажиллагаагаа түрээслүүлэгч зогсоож буй ба түрээслүүлэгч нь түрээсийн байрыг худалдахаар шийдвэрлэснээс шалтгаалан түрээсийн байрны ашиглалтын зорилго өөрчлөгдсөн тохиолдолд түрээслэгч нь түрээсийн байр давуу эрхээр худалдан авах эрхтэй гэж тус тус заажээ \ө.х. давуу эрхээр хамгийн түрүүнд худалдан авах\. Энэ асуудлаар талууд харилцан тохиролцох нь чухал бөгөөд түрээслүүлэгч нь түрээслэгчид худалдан авах санал тавих ба түрээслэгч нь давуу эрхээр худалдан авахад нь орон нутгийн засаг захиргаа ба эрх бүхий байгууллагаас холбогдох зөвшөөрөл олж авах асуудлаар туслалцаа үзүүлэх үүрэгтэй” гэжээ.

Хариуцагч “А Э Р” ХХК-ийн оффисын байранд 2015 оны 03 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд түрээслүүлэгч болон түрээслэгч талын төлөөлөгчид уулзалт зохион байгуулсан байна. Уг уулзалтанд “А Э Р” ХХК-иас захирал, ахлах менежер, нягтлан бодогч, хуулийн хэлтсийн захирал, тус компанийн София хот дахь төлөөлөгч нар, БНБУ-ын Гадаад харилцааны яам талаас Гадаад харилцааны яамны Аюулгүй байдлын газрын дарга, Өмчийн болон үйлчилгээ эрхлэх газрын дипломат ажилтан, хуулийн мэргэжилтэн, Онц бөгөөд бүрэн эрхт Төлөөлөгчийн газрын сайд, түүний орчуулагч нар оролцжээ.

Уулзалтаар түрээсийн гэрээний гүйцэтгэл, түрээсийн төлбөрт 2015 оныг дуустал 956 361 ам.доллар төлөгдсөн тооцоо, түрээслэгдсэн байрны сэргээн босгох, засварын ажилд 501 214 ам.доллар зарцуулсан тооцоог танилцуулснаас гадна мэргэжилтнүүдийн баг байрны байдал, санхүүгийн баримтуудтай танилцсан байна. Түүнчлэн, түрээсийн гэрээг 5 жилийн нөхцлөөр сунгах санал тавьсныг мэргэжилтний баг гэрээг сунгахад бэлэн байгааг илэрхийлж, яаманд гэрээг сунгах талаар тайланд тусгаж зөвлөнө гэжээ. Мөн уулзалтаар түрээсийн байрны урсгал үйлчилгээ, төлбөрийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцжээ.

Мөн уулзалт дээр “Алтай энержи” ХХК түрээслүүлэгчийн тавьсан шаардлагын дагуу түрээслэгчийн бүрэн санхүүжилтээр БНБУ-ын ЭСЯ-д шинэ барилга барьж өгөх саналыг танилцуулсан байна. Мэргэжилтнүүдийн баг танилцуулгад үзүүлж буй барилгын талбайн хэмжээг ЭСЯ-ны хэрэглээний хувьд дэндүү том байгааг анхааруулж, барилгын ажил эхлэхээс өмнө хуулийн дагуух бүх асуудлыг шийдэх хэрэгтэй гэж анхааруулж байжээ.

БНБУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгчид бүх зүйлийг хэвээр үлдээх, ЭСЯ одоогийн байршлаас тусдаа газарт дипломат үйлчилгээ үзүүлэх байр олох, түрээслэгч тал нь түрээслүүлэгч талд өөр байр болон оффис олж өгснөөр үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээ хийж, солилцох, ЭСЯ-ны эзэмшил газар дээр шинэ барилга барих гэсэн саналуудыг анхаарахыг хүссэн байна.

Харин “А Э Р” ХХК нь урсгал үйлчилгээний зардлын талаар Монголын Дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээний хэлтэст албан бичиг хүргүүлэх, түрээсийн гэрээг толгой компани “А Х” ХХК-тай шинэчлэн 5 жилийн хугацаатай байгуулах, Болгарын ЭСЯ-д шинэ байр түрээслэж өгөх, эсхүл одоогийн нөхцлөөр байгаа газар суурьших, одоогийн түрээсэлж байгаа хуучин барилгыг худалдан авч, газар дээр нь шинэ барилга барьж өгөх, эсхүл одоогийн оффисыг өөр нөхцлөөр солих асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх санал гаргасан байна.

Уг уулзалтын үр дүнд БНБУ-ын Гадаад харилцааны яам болон “А Э Р” ХХК-ийн хоорондын Эрмэлзэх санамж бичиг гэх баримт үзэглэгджээ. Энэ баримтын дагуу “А Э Р” ХХК-ийн түрээслэж буй үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсгийг Болгар улсын Дипломат төлөөлөгчийн газрын зохих ёсны үйл ажиллагаа явуулахад ашиглах яаралтай шаардлагыг бодолцож үзсэний дагуу, мөн түрээслэгчийн зүгээс дэвшүүлж буй тохиромжтой шийдлийг анхааралдаа авч, БНБУ-ын Гадаад харилцааны яам дахин 5 жилийн хугацаатай шинэ түрээсийн гэрээ байгуулах, эсвэл одоогийн гэрээний хүчинтэй хугацааг сунгахыг хичээх болно гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн, БНБУ-ын Гадаад харилцааны яам “А Э Р” ХХК-ийн Болгар улсын төрийн өмч болох Улаанбаатар хот дахь үл хөдлөх эд хөрөнгийг Болгар улсын Төлөөлөгчийн газрын хэрэгцээнд нийцсэн өөр дүйцэхүйц барилгаар солилцоо хийх боломжуудыг нарийвчлан дэлгэрэнгүй бичсэн саналыг хүлээн авч, зохих ёсны судалгаа шинжилгээ хийж, хугацаа алдалгүй хариу өгөхөө амлаж байна гэжээ. Уг ажиллагаа БНБУ болон Монгол Улсын Засгийн газруудын хоорондох гэрээ, хэлэлцээргүйгээр хэрэгжих боломжгүйг анхааруулжээ.

Дээрх уулзалтын агуулгаас үзэхэд түрээсийн гэрээний оролцогч талууд түрээсийн гэрээг сунгах, шинэ гэрээ байгуулах, гэрээний зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэх, худалдах-худалдан авах, өөр үл хөдлөх эд хөрөнгөөр солих зэрэг асуудлыг хэлэлцэж байсан гэж үзэхээр байна.

Зохигчийн хооронд үүссэн түрээсийн гэрээний харилцаа дээрх онцлогтой байгааг харгалзан үзэхгүйгээр, тухайн онцлог асуудлууд нь хэрхэн шийдвэрлэгдсэн байдлыг тодруулахгүйгээр түрээсийн гэрээнд хамааралгүй, зөвхөн өмчлөх эрхийн маргаан гэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Маргааны үйл баримт тодорхой бус байгаагаас гадна хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд тухайн асуудлаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна.

Учир нь эрх зүйн маргааны гол үндэслэл болох баримт хэрэгт бүрэн хэмжээгээр авагдаагүй гэж үзэхээр байна. Тухайлбал, зохигчийн хооронд 2012 онд байгуулагдсан түрээсийн гэрээ нь 5 хавсралттай гэж гэрээнд тусгагдсан боловч эдгээр хавсралтын нэг нь ч хэрэгт авагдаагүй байна.

Гэрээний 1.2., 1.4.1., 1.4.2., 1.4.3., 1.4.4., 19.3.-т зааснаар хавсралт 1-д “хамтдаа түрээслэсэн үл хөдлөх эд хөрөнгө”, хавсралт 2-т түрээслэсэн эд хөрөнгийн жагсаалт, хавсралт 3-т гэрээний бүрэн эрхт төлөөлөгч, хавсралт 4-т засварлах шаардлагатай эд зүйлсийн жагсаалт, хавсралт 5-д түрээслэсэн үл хөдлөх эд хөрөнгийн зураг байгаа гэж ойлгогдох боловч эдгээрийн талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Түүнчлэн, энэ гэрээний 6.2., 11.1.-д заасан “бичгээр өгсөн мэдэгдэл”, “хариуцлагын протокол” гэх баримтыг хэргийн оролцогчид шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн гэрээний  19.5.-д “энэхүү гэрээг англи хэл дээр 2 хувь хийх бөгөөд тал бүр 1 эх хувийг авч хадгална” гэж заасан байх ба гэрээний эх хувийг эсхүл түүний хуулбарыг хэргийн оролцогчид шүүхэд ирүүлээгүй байна. Нэхэмжлэгч тал гэрээний орчуулга хувийг шүүхэд баримтаар өгсөн, хариуцагч тал гэрээний ямар нэг хувилбарыг шүүхэд ирүүлээгүй учир шүүх гэрээний алдаатай үг, хэллэг, ойлгомжгүй тодорхойлолтыг эх хувьтай, эсхүл хариуцагч талын орчуулгын хувьтай харьцуулж дүгнэх боломжгүй байна.

 Хариуцагч “А Э Р” ХХК-ийн оффисын байранд 2015 оны 03 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд хийгдсэн түрээслүүлэгч болон түрээслэгч талын төлөөлөгчдийн уулзалтын тэмдэглэлд дурдагдаж буй баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Тухайлбал, зохигчийн хооронд 2012 оны 10 дугаар сард батлагдсан Баталгаа бичиг, Гэрээний хавсралт, Түрээсийн гэрээнд хийгдсэн нэмэлт, өөрчлөлт, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Зорилгын тухай санамж бичиг гэх баримтуудын талаар уулзалтын оролцогчид харилцан ярилцсан, эдгээр баримтыг үгүйсгээгүйгээс үзэхэд тэдгээр нь түрээсийн гэрээний харилцааны явцад хийгдсэн, тухайн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхээр байна.

Зохигч нь түрээсийн гэрээний 17.2.-т талууд энэхүү хэлэлцээрийг шийдвэрлэх боломжгүй болсон тохиолдолд Болгар улсын хуулийн дагуу Хонг Конг улсын Олон улсын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тохиролцсоноор нэгд, түрээсийн гэрээний харилцаанд баримтлах хуулийн талаар, хоёрт, маргааныг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тодорхойлсон байна.

Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.1.-д зааснаар гэрээний дагуу эдлэх эрх, үүрэг, гэрээний агуулга, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээ дуусгавар болох буюу хүчин төгөлдөр бус болох, гэрээний үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй байх зэрэг асуудлаас үүсэх үр дагаврыг гэрээ байгуулагч талууд харилцан тохиролцож тодорхойлсон улсын хуулиар зохицуулдаг бөгөөд харин талууд ийнхүү хэрэглэх хуулийг сонгоогүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээнд хөлслүүлэгч талын оршин суугаа /оршин байгаа/ буюу үйл ажиллагааныхаа голыг явуулдаг улсын хуулиар тодорхойлохоор хуулийн 549.4.2.-т заажээ. Энэ утгаар БНБУ-ын хуулийг түрээсийн гэрээний харилцаанаас үүссэн тухайн маргаанд хэрэглэх  ёстой гэж үзэхээр боловч Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.2.-т зааснаар тухайн гэрээний харилцааг аль улсын хуулиар зохицуулах талаар талууд гэрээ байгуулсныхаа дараа харилцан тохиролцож өөрчилж болно гэж заасан ба нэхэмжлэгч Монгол Улсын Иргэний хуульд үндэслэн нэхэмжлэлээ гаргасан, хариуцагч энэ хуульд үндэслэн шүүхийн ажиллагаанд мэтгэлцсэн тохиолдолд тэдгээрийг анхны тохиролцооноос татгалзсан гэж үзэхээр байна.

Түрээсийн гэрээний харилцаанаас үүссэн аливаа маргааныг Хонг Конгийн Олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх тохиролцооноос талууд мөн татгалзсан гэж дүгнэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.-т зааснаар зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэдэг ба Арбитрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д зааснаар шүүхэд тусгайлан харьяалуулснаас бусад, арбитрын хэлэлцээрт тусгасан аливаа маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ. Харин арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгохоор Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-д заасан ба нэхэмжлэгч БНБУ-ын Гадаад харилцааны яам нь Монгол Улсын шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч “А Э Р” ХХК нь шүүхэд гаргасан анхны тайлбартаа харьяаллын талаар маргаагүй, зохигчийн хэн алин нь шүүхийн маргааныг Хонг Конгийн арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хариуцагч талын өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаан болох өдөр маргааныг хянан шийдвэрлэхэд баримтлах хууль болон харьяаллын талаар гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг хариуцагч талын анхны хариу тайлбар гэж, “тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт” гэж тус тус үзэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын аль нэгийг хэвээр үлдээх, эсхүл тэдгээрт өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/00393 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 912 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч “А Э Р” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН