Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 32

 

 “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02404 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “С” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 036 109 579 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Алтантулга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “С” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 2018/а/17 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн.

Бид гэрээний дагуу “С” ХХК-д 2018 оны 10 сард 375 513 600 төгрөгийн, 2018 оны 11 сард 768 634 600 төгрөгийн, 2018 оны 12 сард 1 246 371 000 төгрөгийн, 2019 оны 01 сард 1 206 614 000 төгрөгийн, 2019 оны 02 сард 943 673 000 төгрөгийн, 2019 оны 03 сард 1 094 258 100 төгрөгийн, 2019 оны 04 сард 170 839 500 төгрөгийн, нийт 5 430 390 200 төгрөгийн дизелийн түлшийг нийлүүлсэн.

“С” ХХК нь 2018 оны 11 сард 375 513 600 төгрөгийн төлбөрийг гэрээний хугацаанд нь төлсөн. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 768 634 600 төгрөгийн, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1 246 371 000 төгрөгийн, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1 206 614 000 төгрөгийн, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 500 000 000 төгрөгийн төлбөрийг тус тус хугацаа хэтрүүлэн төлсөн.

“С” ХХК нь хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төлөлт хийж 1 708 770 600 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон. Гэрээний 5.1-д “Худалдан авагч энэхүү гэрээний 2.5.-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийг дүнгийн 0.2 хувийн алданги” төлнө гэж тохиролцсон.

“С” ХХК-аас төлбөр төлөхөө илэрхийлж албан бичиг өгч байсан боловч өнөөдрийг хүртэл зээлээр худалдан авсан дизелийн түлшний төлбөрөө төлөхгүй байна.

Иймд “С” ХХК-аас зээлээр худалдан авсан шатахууны үндсэн төлбөр 1 508 770 600 төгрөг, алданги 527 338 979 төгрөг, нийт 2 036 109 579 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нэхэмжлэгч байгууллагатай 2018 оны 10 дугаар сарын 19- ны өдөр 2018/а/17 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулан, дизель түлш зээлээр худалдаж авсан, үндсэн төлбөрийн талаар маргахгүй. Төлбөрийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл төлөх боломжгүй хүндэтгэх нөхцөл байдал манай компанийн хувьд үүссэн. Алдангийн хүлээн зөвшөөрөхгүй.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 тоот тушаалаар ашигт малтмал, газрын тосны 2 лицензийн тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн. 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын 319 дүгээр байгалийн нөөцөд авах тухай тогтоолоор ашигт малтмалын талбайг байгалийн нөөцөд авсан.

Энэхүү зөвшөөрлийг цуцалснаар хариуцагч компанийн хэвийн үйл ажиллагаа явуулах, нүүрс олборлох боломжгүй нөхцөл бий болсон. Нүүрс олборлох үйл ажиллагааг 2017 оны 11 дүгээр сараас эхэлж, 2019, 2020 оноос ашгаа өгнө гэсэн тооцоотой байсан боловч эрх бүхий байгууллагаас зөвшөөрлийг цуцалсан. Ийм нөхцөл байдал бий болсныг. алдангийг багасгах талаар нэхэмжлэгч компанид удаа дараа албан бичгээр мэдэгдэж байсан.

Нүүрс олборлолтын үйл ажиллагаа нь дан ганц манай компанийнх биш олборлогч, туслан гүйцэтгэгч олон компани үйл ажиллагаа явуулдаг. “С” ХХК нь Монгол улсын болон гадаадын хуулийн этгээдэд бараг 7 орчим тэрбум төгрөгийн өртэй үйл ажиллагаа явуулж байна. Иймд “С” ХХК-д үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг бууруулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-аас гэрээний үүрэгт 1 508 770 600 төгрөг, алданги 301 754 120 төгрөг, нийт 1 810 524 720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 225 584 859 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “П” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 839 551 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 9 210 574 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П” ХХК-д “П” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, эдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2018/а/17 дугаартай “газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”-г бичгээр байгуулсан ба уг гэрээгээр “П” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг “С” ХХК-д нийлүүлэх, “С” ХХК нь үнийг тооцоо нийлснээс хойш 60 хоногийн дараа төлөх үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл шүүх Зээлээр худалдах, худалдан авах гэрээг Худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Зохигчдын хооронд гэрээ бичгээр байгуулагдсан хэдий ч мөн зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд заавал тусгах зүйлсийг тусгаагүй. Өөрөөр хэлбэл гэрээнд үнэ эсхүл түүнийг тодорхойлох журмыг гэрээний 2.2-т тусгасан байх боловч бусад бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, төлбөл зохих хүүгийн хэмжээ зэргийг тусгаагүй болно. Гэрээний хавсралтаар гэрээний үнийг хэрхэн тогтоох тухай тохиролцсоноос биш бусад нөхцөлийг нарийвчлан тусгаагүй байдаг.

“С” ХХК-ийн хувьд эд хөрөнгийн үнийг буюу газрын тосны бүтээгдэхүүний үнийг төлөх үүргээ хүлээн зөвшөөрч байгаа ч алданги төлөх үүргийг хүлээх зөвшөөрөхгүй. “С” ХХК нь нийт 5 430 390 200 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авсан бөгөөд 2019 оны 8 сарын байдлаар 4 297 133 200 төгрөгийн төлбөрийг барагдуулж 1 508 770 600 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

Ашигт малтмал газрын тосны Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 тоот шийдвэрээр “С” ХХК-ийн 30 жилийн хугацаатай олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон бөгөөд өнөөдрийн байдлаар уурхайн үйл ажиллагаа бүрэн зогсоод байгаа ба энэхүү үйл явдлаас шалтгаалан харилцагч компанид их хэмжээний өр төлбөрийн асуудал үүсээд байна.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч компанид үүссэн дээрх нөхцөл байдал нь тухайн гэрээний үүрэгт шууд хамааралтай гэх үндэслэлгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн алдангид 301 754 120 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “П” ХХК хариуцагч “С” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 708 770 600 төгрөг, алданги 627 549 675 төгрөг, нийт 2 336 320 275 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагыг 1 508 770 600 төгрөг, алданги 527 338 979 төгрөг, нийт 2 036 109 579 төгрөг болгож багасгасан, хариуцагч алданги 527 338 979 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

“П” ХХК, “С” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр талууд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх, түүний хэмжээ хугацаа, бүтээгдэхүүн хүлээн авах, төлбөр төлөх хугацаа, алданги зэргийг тохиролцсон байх бөгөөд, 2018 оны 10 сарын 19, 2018 оны 11 сарын 01, 2018 оны 12 сарын 01, 2019 оны 01 сарын 01, 2019 оны 02 сарын 01, 2019 оны 03 сарын 01, 2019 оны 4 сарын 01, 2019 оны 5 сарын 01-ний өдрүүдийн гэрээний хугацаа нийлүүлэх дизель түлшний литрийн үнийг, төлбөр төлөх хугацаанд тус тус өөрчлөлт оруулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулгаас үзвэл худалдан авагч нь тохиролцсон төлбөрт хүү буюу нэмэлт үнэ тохиролцоогүй, төлбөр төлөх хугацааг газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авсан өдрөөс хойш төлөхөөр тохиролцсон байна.

 

Талууд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасан хүүгийн хэмжээ тохиролцоогүй тул мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгтр заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй.

 

Худалдагч гэрээний дагуу 2018 оны 11 сараас 2019 оны 04 саруудад нийт 5 удаагийн нийлүүлэлтээр 5 430 390 200 төгрөгийн бүтээгдэхүүнийг худалдан авсан нийлүүлсэн, “С” ХХК нь гэрээний үүрэгт 1 508 770 600 төгрөгийг төлөөгүй талаар талууд маргаангүй байна.

 

Гэрээний 5.1-д худалдан авагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар тооцож, хоног тутамд алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцсэн, тохиролцоо хүчинтэй байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд бүтээгдэхүүний үнэ төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт “алдангийн хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан ба хариуцагч гэрээний үүргийн дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн ба гүйцэтгээгүй үүргийн эзлэх хувьтай харьцуулан дүгнэж 20 хувиар алдангийг тооцсон нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02404 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 666 725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                                                    ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА