Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 159

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/02987 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х ХХК,

Хариуцагч: Н.Д,

Хариуцагч: Э.Ч нарт холбогдох,

 

Баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 505 722 686 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, үлдэх хэсгээр батлан даагч нарт нөхөх хариуцлага хүлээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Э.Чгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Батхүлэг,

Хариуцагч: Н.Д,

Хариуцагч Э.Чимэддагвын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Эрдэнэбаатар,

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнгөншагай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь “Х” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ТЕ0499131006 дугаартай Банкны баталгааны гэрээ байгуулсан. Банк нь “Х” ХХК-ийн өмнөөс дээрх гэрээний дагуу Хөдөлмөрийн яаманд баталгааны төлбөрт 781 000 000 төгрөгийг төлсөн. “Х” ХХК нь баталгааны төлбөр Хөдөлмөрийн яаманд төлөгдсөнөөс хойш уг мөнгийг 21 сарын дотор, 1 жилийн 4 хувийн хүүтэйгээр төлөх, хугацаандаа төлөөгүй бол хоног тутам 0.3 хувийн алданги төлөхөөр үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй.

Мөн “Г” ХХК нь “Х” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ТЕ0499131005 дугаартай Банкны баталгааны хоёр дахь гэрээг байгуулсан. Банк “Х” ХХК-ийн өмнөөс дээрх гэрээний дагуу Хөдөлмөрийн яаманд баталгааны төлбөрт 108 081 894 төгрөг төлсөн. “Х” ХХК нь баталгааны төлбөр төлөгдсөнөөс хойш уг мөнгийг 365 хоногийн дотор, 1 жилийн 4 хувийн хүүгийн төлбөрийн хамт буцааж төлөх, хугацаандаа төлөөгүй бол хоног тутам 0.3 хувийн алданги төлөхөөр үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй.

Иймд “Х” ХХК-аас ТЕ0499131006 дугаартай Банкны баталгааны гэрээний үндсэн төлбөр 781 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 151 940 351 төгрөг, алдангийн төлбөр 390 500 000 төгрөг, мөн ТЕ0499131005 дугаартай Банкны баталгааны гэрээний үндсэн төлбөр 108 081 894 төгрөг, хүүгийн төлбөр 20 159 494 төгрөг, алдангийн төлбөр 54 040 947 төгрөг, нийт 1 505 722 686 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Түүнчлэн нэхэмжлэгч “Г” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эдгээр баталгааны гэрээнүүдийн үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор “Х” ХХК-тай гэрээний орлого барьцаалах гэрээ, Ирээдүйд бий болох хөрөнгө барьцаалах гэрээг,

иргэн Э.Чтай ипотекийн гэрээ болон батлан даалтын гэрээг,

иргэн Н.Дтай батлан даалтын гэрээг тус тус байгуулсан.

Гэрээний орлого барьцаалах гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд “Х” ХХК үүргээ биелүүлэхгүй бол Э.Чтай байгуулсан ипотекийн гэрээний зүйл, мөн “Х” ХХК-тай байгуулсан Ирээдүйд бий болох хөрөнгө барьцаалах гэрээний зүйлийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Мөн барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй бол иргэн Э.Ч, Н.Д нарын хувийн хөрөнгөөр нөхөх хариуцлага хүлээлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Х” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ0499131006 дугаартай Банкны баталгааны гэрээ болон мөн өдрийн ТЕ0499131005 дугаартай Банкны баталгааны гэрээний дагуу Г ХХК-д төлөх ёстой үндсэн төлбөр, мөн банкны нэхэмжилсэн хүүгийн төлбөрийг бүхэлд нь зөвшөөрч байна.

Харин баталгааны гэрээнүүдэд хугацаа хэтэрсэн хүүгийн төлбөрийг 0 байхаар тохирсон тул алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг зөвшөөрөхгүй. Мөн Ирээдүйд бий болох хөрөнгө барьцаалах гэрээний зүйл болох 8 айлын хувийн сууцны барилга нь “Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдээгүй, “Ворлд трэйвэл” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байдаг. Иймд уг шаардлагыг хангах боломжгүй гэжээ.

 

Хариуцагч Н.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Д би батлан даалтын гэрээний дагуу хариуцлага хүлээхийг зөвшөөрөхгүй байна. Учир нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн батлан даалтын гэрээг иргэн Н.Ды нэрээр биш, харин “Х” ХХК-ийн захирлын хувьд батлан даалтын гэрээ хийсэн.

“Г” ХХК нь батлан даалтын гэрээний үүргээ зөрчиж үндсэн гэрээний үүргийн талаар хувь хүн Н.Дд мэдээлэл өгөөгүй. Иймд би хувийн хөрөнгөөрөө төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч Э.Чимэддагвын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Чд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. “Г” ХХК-тай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БГ/ТЕ0499131006 дугаартай ипотекийн гэрээг “Г” ХХК-ийн эрх бүхий этгээд иргэн Э.Чтай байгуулаагүй.

Иргэн Э.Ч-ыг “Х” ХХК-ийг төлөөлөх, “Х” ХХК-ийн Ерөнхий захирлыг Э.Ч төлөөлөх эрхийг баталсан баримт бичиг байхгүй байна.

Гтай байгуулсан ипотекийн гэрээ бол хууль зөрчиж хийсэн гэрээ. Учир нь, гэрээг Баянзүрх дүүргийн нотариатч гэрчлэхдээ талуудыг байлцуулаагүй, бүртгэлийн дэвтэрт хариуцагч Э.Ч нь гарын үсэг зураагүй байдаг. Улмаар улсын бүртгэлд гэрээг бүртгүүлэхдээ талууд мэдүүлэг гаргаагүй байхад улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль бус юм.

Иргэн Э.Ч нь “Х” ХХК-ийн өмнө ямар эрх үүрэг хүлээсэн хуулийн этгээд болох “Х” ХХК-ийн “Г” ХХК-тай байгуулсан ТЕ0499131006, ТЕ0499131005 дугаартай Банкны баталгааны гэрээ-нд хамааралтай эсэхийг нотолсон баримтгүй байна. Иймд иргэн Э.Ч нь ипотекийн гэрээгээр хариуцлага хүлээх үндэслэл байхгүй.

“Х” ХХК нь “Г” ХХК-тай Банкны баталгааны гэрээ-г байгуулахдаа Ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцэл-ээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна. Нэхэмжлэгч Г ХХК нь Батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, үндсэн үүргийн талаар иргэн Э.Чд хувь хүнийх нь хувьд мэдэгдээгүй. Иймд батлан даалтын гэрээний дагуу шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. “Г” ХХК иргэн Э.Чтай байгуулсан гэх хүчин төгөлдөр бус гэрээгээр бусдын гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй тул Э.Чд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 475 дугаар зүйлийн 475.1, 216 дугаар зүйлийн 216.1-д заасныг баримтлан “Х” ХХК-аас тэргүүн ээлжинд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ0499131006 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний үүрэгт 932 940 351 төгрөгийг, дараа нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ0499131005 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний үүрэгт 128 241 388 төгрөгийг, нийт 1 061 181 739 төгрөгийг гаргуулан “Голомт бан”к ХХК-д олгож, “Х” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн энэ шаардлагаас 444 540 947 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 216 дугаар зүйлийн 216.1-д заасныг тус тус баримтлан “Х” ХХК нь 1 061 181 739 төгрөгийн үүргээ эс биелүүлбэл Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Санзай хотхон /14140/, 1 дүгээр хэсэг, 44 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021745 дугаарт бүртгэгдсэн, 128.91 м.кв талбай бүхий хувийн сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс тэргүүн ээлжинд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ0499131006 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний үүргийг, дараа нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ0499131005 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний үүргийг тус тус хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.3-т заасныг баримтлан “Х” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ0499131005 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний дагуу “Г” ХХК-ийн өмнө хүлээсэн 128 241 388 төгрөгийн үүргээ эс биелүүлсэн, мөн албадан худалдсан барьцаа хөрөнгийн үнэ 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ0499131005 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний дагуу “Г” ХХК-ийн өмнө хүлээсэн 128 241 388 төгрөгийн үүргийг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол үлдэх төлбөрийг Э.Ч, Н.Д нараас нөхөн гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэлгүй тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газар, Богины аманд байрлах 1501 м.кв талбай бүхий 8 айлын орон сууцыг албадан худалдаж, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ0499131006 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний үүргийг хангуулахыг хүссэн “Х” ХХК-д холбогдох, “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Гэрээний орлого барьцаалах гэрээ-ээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн, “Х” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 756 763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 280 800 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч “Х” ХХК-аас 5 463 858 төгрөгийг, хариуцагч Э.Час 140 400 төгрөгийг, хариуцагч Н.Даас 70 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Э.Чимэддагвын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардпагыг биелүүлээгүй тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Хөдөлмөрийн яам болон “Х” ХХК-ийн хооронд Орхон аймгийн ХААИС- ийн МСҮТ-ийн хичээлийн байр барих ажлыг гүйцэтгэх № ХААГ-А-2013/ХХҮ11-04/34 дугаарт гэрээг 2013 оны 05 сарын 23-ны өдөр байгуулсан байдаг. Энэхүү гэрээг хэрэгжүүлэх зорилгоор “Х” ХХК, “Г” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Банкны баталгааны гэрээ” “Гэрээний орлого барьцаалах гэрээ”, “Ирээдүйд бий болох хөрөнгө барьцаалах гэрээ”-г, иргэн Э.Чтай ипотекийн гэрээ, батлан даалтын гэрээ, иргэн Н.Дтай батлан даалтын гэрээг тус тус байгуулсан байдаг.

Шүүх дээрх гэрээнүүд байгуулагдах үеийн нөхцөл байдал, шаардлага, гэрээний агуулга болон хуулийн шаардпага, “Х” ХХК-ийг төлөөлөх этгээдийн эрх зүйн байдал, ипотекийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн, улмаар Улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагаа нь хууль тогтоомж зөрчсөн байдпыг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан.

Шүүх “Х” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 444 540 947 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагч Э.Ч нь ипотекийн гэрээг хувь хүн байгуулаагүй, “Х” ХХК-ийн өмнөөс, тус компанийн захирлын хувьд байгуулсан гэж маргасан. Ипотекийн зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021745 дугаарт бүртгэгдсэн үл гедпөх хөрөнгө нь Х ХХК-ийн өмч бус, иргэн Э.Чимэддагвын өмчлөлийн герөнгө мөн байхаас гадна хариуцагч Э.Чимэддагвын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөр шүүхэд хандаж, “Ипотекийн гэрээ”-г баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгох «эхэмжлэлийг Э.Чимэддагвын нэрээр гаргасан хэмээн тайлбарлаж байна. Энэ тохиолдолд хариуцагч Э.Ч нь “Х” ХХК-ийг төлөөлж, тус компанийн хөрөнгийг барьцаалах хүсэл зоригтой байсан гэж үзэх нь учир зүйн холбоогүй болох юм.

Иргэн Э.Ч Хөдөлмөрийн яам болон “Х” ХХК хооронд Орхон аймгийн ХААИС-ийн МСҮТ-ийн хичээлийн байр барих ажлыг гүйцэтгэх гэрээг 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулахад оролцоогүй, “Х” ХХК-ийн өмнө ямар нэг эрх, үүрэг хүлээгээгүй, тус компаний хувьцаа эзэмшигч 2013 оны 08 сард болж 2014 оны 02 дугаар сарын 26-нд чөлөөлөгдсөн, хувьцаа эзмшигчдийн хурлаар түүнийг “Ерөнхий захирал”-аар томилсон шийдвэр байхгүй, түүнтэй компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллуулах гэрээ байгуулаагүй.

Иргэн Э.Ч нь “Ипотекийн гэрээ”, “Батлан даалтын гэрээ”-г байгуулж “Батлан даагчийг болон барьцаалуулагчийг төлөөлөн”, “Хасууцамхаг” ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Э.Ч” гэж гарын үсэг зурсан байдаг.

Эдгээр гэрээг “Г” ХХК нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд нотариатаар гэрчлүүлсэн нь гэрээнд оролцогч тал болох Э.Чимэддагвыг оролцуулалгүй “Ипотекийн гэрээ”, ‘Батлан даалтын гэрээ” Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж хууль зөрчсөн үйлдэлтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд “Сөрөг нэхэмжлэл” гаргасныг шүүх хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдэрлэх явцад “Х” ХХК, Хөдөлмөрийн яамны хооронд гэрээг байгуулснаас хойш даруй 7 сарын дараа “Банкны баталгааны гэрээ”, “Гэрээний орлого байрьцаалах гэрээ”, “Ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцэл” байгуулахдаа иргэн Э.Чд хувьцаа эзэмшүүлж, Компанийн тухай хуулийн “Гүйцэтгэх удирдлага”-ийн холбогдох заалтыг зөрчин гэрээ, баримт бичигт гарын үсэг зурах, жинхэнэ “гүйцэтгэх захирал”-ын дэргэд “ерөнхий захирал”-ын албан тушаалд “дүр эсгэн” ажиллуулж “Г” ХХК-аас гүйцэтгэлийн баталгаа гаргуулах, улмаар түүний хувийн орон сууцыг барьцаа болгох, барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байсан байна.

Дээрх гэрээнүүд нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийг байгуулах хүсэл зориг угаас байгаагүй, хожим нь зайлшгүй илэрнэ гэж үндэслэл муутайгаар тооцоолсон гадаад илэрхийлэлийг бий болгохын тулд хийгдсэн хэлцэл гэж үзэж байна. Мөн нотариатч гэрчилсэн асуудлыг шалгуулах асуудлыг шүүхээр шалгуулах хүсэлтийг гаргасан боловч хүлээж авалгүй талуудын тэгш байх хуулийн шаардлагыг зөрчсөн.

Шүүхийн “Ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцэл”-ийн талаар хийсэн дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд татгалзаагүй.

“Х” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газар, Богины аманд байрлах 1501 м.кв талбайтай 8 айлын орон сууц Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй байгааг тодорхойлсон тухай 2019 оны 06 дугаар сарын 06 сарын 7/4416 дугаартай албан бичгээр “Х ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн бүртгэлийн мэдээллийг хувийн хэрэгт авагдсан нотлох баримтын хуулбарыг хүргүүлж байна” гэж үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийн хувийн хэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүх Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

“Х” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газар, Богины аманд байрлах 1501 м.кв талбайтай 8 айлын орон сууц” дутуу баригдсан гүйцэтгэлтэй боловч Иргэний хуульд “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэсний дагуу бүртгэгдсэн үйл баримтыг үгүйсгэх боломжгүй юм.

“Г” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Банкны баталгааны гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, хариуцагч Э.Чтай “Батлан даалтын гэрээ”-г байгуулсан боловч Э.Ч ... нь “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс биш болж, уг компанид ямар ч хамааралгүй болсон, нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл “Х” ХХК, “Батлан даалтын гэрээ”-нд “Үүрэг гүйцэтгүүлэгчийг төлөөлж, Банкийг (Энэхүү гэрээг нэг талаас Г “цаашид Үүрэг гүйцэтгүүлэгч” гэх) төлөөлөн Т.Нямсүрэн, Ц.Баярцэцэг, М.Отгонжаргал нар гарын үсэг зурж, банкны тамга дарж баталгаажуулсан, Батлан даагчийг төлөөлж Х ХХК-ийн төлөөлж Э.Ч нар тус тус гарын үсэг зурсан байгаа үйл баримтыг шүүх үгүйсгэж “Г” ХХК-ийг зөвтгөх үндэслэл болгосон байна.

“Батлан даалтын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.3-д заасан “Үүрэг гүйцэтгүүлэгч дараах үүрэгтэй” 3.3.2, 3.3.3-т заасан үүргийг Г, Х ХХК-ийн аль алин нь бай х бөгөөд Э.Чимэддагвын хувьд аль алин нь үүргээ биелүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад Гны төлөөлөгч Э.Чд “Х” ХХК үүргээ гүйцэтгээгүй, энэ тухай мэдэгдлийг түүнд өгөөгүй гэсэн тайлбарыг удаа дараа шүүхэд гаргаж байхад үндсэн гэрээний үүргийн талаар мэдээлэл өгөөгүй, мэдэхгүй байсан гэх төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гаргасан баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 505 722 686 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, үлдэх хэсгээр батлан даагч нарт нөхөх хариуцлага хүлээлгэх нэхэмжлэлээс хариуцагч “Х” ХХК нь алдангийг эс зөвшөөрч, хариуцагч Н.Д, Э.Ч нар барьцааны болон батлан даалтын гэрээтэй холбоотой хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

“Г” ХХК “Х” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ТЕ0499131006 тоот Банкны баталгааны гэрээ байгуулж, “Г” ХХК нь “Х” ХХК-ийн өмнөөс Хөдөлмөрийн яаманд 781 000 000 төгрөгийг төлөх, “Х” ХХК нь “Г” ХХК-д уг төлбөрийг 21 сарын дотор 1 жилийн 4 хувийн хүүтэй буцаан төлөх, мөн өдөр талууд ТЕ0499131005 дугаартай Банкны баталгааны гэрээг байгуулж, “Г” ХХК нь “Х” ХХК-ийн өмнөөс Хөдөлмөрийн яамд 108 081 894 төгрөгийг төлөх, “Х” ХХК нь “Г” ХХК-д уг төлбөрийг 1 жилийн дотор 4 хувийн хүүтэй буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт заасан банкны баталгааны гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

 “Г” ХХК 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 781 000 000 төгрөгийн баталгааны төлбөрийг, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 108 084 894 төгрөгийн баталгааны төлбөрийг тус тус Хөдөлмөрийн яаманд шилжүүлсэн, “Х” ХХК нь “Г” ХХК-д уг төлбөрийг буцаан төлөөгүй үйл баримтад талаар талууд маргаагүй.

 

Анхан шатны шүүх “Х” ХХК-аас ТЕ0499131006 тоот гэрээний үндсэн төлбөрт 781 000 000 төгрөг, хүүд 151 940 351 төгрөг, мөн ТЕ0499131005 тоот баталгааны гэрээний үндсэн төлбөрт 108 081 894 төгрөг, хүүд 20 159 494 төгрөг, нийт 1 061 181 739 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, алдангид 444 540 947 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч болон “Х” ХХК энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

“Г” ХХК болон “Х” ХХК-уудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай гэрээ болон Гэрээний орлого барьцаалах нэртэй гэрээг тус тус байгуулсан байна.

 

Ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай гэрээний дагуу “Х” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газар, Богины аманд байрлах 1501 м.кв талбайтай 8 айлын орон сууцыг баталгааны гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Г” ХХК-д барьцаалсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь барьцаалуулагч “Х” ХХК-ийн өмчлөлд шилжсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар барьцаалагч талаас шаардах эрх нэхэмжлэгч “Г” ХХК-д үүссэн байх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Х” ХХК-тай байгуулсан орлого барьцаалах гэрээний үүргийг шаардсан шаардлагаасаа татгалзсан ба анхан шатны шүүх уг татгалзлыг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Н.Дтай ТЕ0499131005 тоот Банкны баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Батлан даалтын гэрээг байгуулсан. Уг гэрээгээр батлан даагч Н.Д нь ““Х” ХХК өөрийн үүргээ гүйцэтгэж чадна” гэж “Г” ХХК-ийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүргийг хүлээжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн, уг гэрээгээр хүлээсэн 128 241 388 төгрөгийн үүргийг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол үлдэх төлбөрийг Н.Даас нөхөн гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт батлан даалтын гэрээний дагуу хариуцагч Н.Ды үүрэг хүлээх нөхцөлийг шийдвэрийн тогтоох хэсэгт “Х” ХХК нь үүргээ эс биелүүлсэн, албадан худалдсан барьцаа хөрөнгийн үнэ үүргийг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол” гэж тодорхой зааж, уг үүргийг нөхөн хариуцах талаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Энэ шийдвэрт хариуцагч Н.Д давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

“Г” ХХК нь Э.Чтай Ипотекийн гэрээг байгуулж, талууд Э.Чимэддагвын өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Санзай хотхон /14140/ 1 дүгээр хэсэг, 44 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021745 дугаарт бүртгэгдсэн 128.91 м.кв талбай бүхий хувийн сууцыг “Г” ХХК болон “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан баталгааны гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон, гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Хариуцагч Э.Ч Ипотекийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа уг гэрээнд “Х” ХХК-ийн ерөнхий захирлын хувиар оролцсон тул иргэний хувьд хариуцахгүй, уг гэрээг гэрчилсэн нотариатын бүртгэлийн дэвтэрт Э.Ч гарын үсэг зураагүй, мөн ипотекийг бүртгүүлэхэд талуудын хэн аль нь хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаагүй гэжээ.

 

Ипотекийн гэрээнд банкийг төлөөлж Т.Нямсүрэн, Ц.Баярцэцэг, М.Отгонжаргал нар, барьцаалуулагч талыг төлөөлж “Х” ХХК-ийн ерөнхий захирал Э.Ч гэж гарын үсэг зурсан байгаа боловч гэрээний 1.1-д: барьцаалагч талаас Г ХХК, барьцаалуулагч талаас иргэн Э.Ч гэж тодорхой зааснаас дүгнэвэл Э.Ч нь “Х” ХХК-ийн ерөнхий захирал бус, харин иргэний хувиар барьцааны гэрээг байгуулсан, гэрээний гарын үсэг зурах хэсэгт түүний нэрийн өмнө эрхэлдэг ажил, албан тушаалыг бичсэн байдал нь уг гэрээг өөрийн нэрийн өмнөөс хийгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Анхан шатны шүүх барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд ипотекийн гэрээг нотариатч Нотариатын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн гэрчилсэн эсэх нь нөлөөлөхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.4 дэх хэсэгт заасантай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд нэхэмжлэгч “Г” ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар ипотекийн гэрээний дагуу барьцааны зүйлээр баталгааны гэрээний гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв болжээ.

 

Түүнчлэн “Г” ХХК нь Э.Чтай Батлан даалтын гэрээг байгуулсан байна. Уг гэрээний 1.1.-д: “...Иргэний хуулийн 458 дугаар зүйлийг үндэслэн... харилцан тохиролцож уг гэрээг байгуулав” гэж, гэрээний 2.1-д: “Батлан даагч нь үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын хооронд байгуулагдсан ...зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийн нийт 108 081 894 төгрөгийн үндсэн зээл, үүн дээр нэмж зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх хүүгийн төлбөрийн хамт хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болно” гэж тохиролцсоныг харьцуулан дүгнэж тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээ байгуулагдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв юм.

 

Хариуцагч Э.Ч “Х” ХХК-ийн ерөнхий захирлын хувиар гэрээнд гарын үсэг зурсан, иргэний хувиар батлан даалтын гэрээг байгуулаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь батлан даалтын гэрээний бусдын үүрэгийн гүйцэтгэлд батлан даалт гаргадаг бөгөөд “Х” ХХК-ийн үүргийг “Х” ХХК өөрөө батлан даасан байх боломжгүй.

 

Анхан шатны шүүх хариуцагч Э.Чгын гаргасан сөрөг нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШЗ2019/11894 дүгээр шүүгчийн захирамжаар “нэхэмжлэлийн тодорхой шаардлага үндэслэл нь үндсэн нэхэмжлэлд гаргасан тайлбарын үндэслэл болсон” үндэслэлээр хүлээн авахаас татгалзсныг буруутгах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Э.Чгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/02987 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э.Чгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Чгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 463 858 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА