Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2019/02987

 

 

2019 оны 11 сарын 20 өдөр  Дугаар 184/ШШ2019/02987 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ха ХХК,

Хариуцагч: Н.Д,

Хариуцагч: Э.Ч нарт холбогдох,

Баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.505.722.686 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, үлдэх хэсгээр батлан даагч нарт нөхөх хариуцлага хүлээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Ха ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Н.Д, хариуцагч Э.Ч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Ха ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ байгуулсан. Банк нь үүрэг гүйцэтгэгч Ха ХХК-ийн өмнөөс уг гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэгч Хөдөлмөрийн яаманд баталгааны төлбөрт 781.000.000 төгрөгийг төлсөн. Ха ХХК нь баталгааны төлбөр Хөдөлмөрийн яаманд төлөгдсөнөөс хойш уг мөнгийг 21 сарын дотор, 1 жилийн 4 хувийн хүүтэйгээр төлөх, хугацаандаа төлөөгүй бол хоног тутам 0.3%-ийн алданги төлөхөөр үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй. Мөн Ха ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ байгуулсан. Банк нь үүрэг гүйцэтгэгч Ха ХХК-ийн өмнөөс уг гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэгч Хөдөлмөрийн яаманд баталгааны төлбөрт 108.081.894 төгрөг төлсөн. Ха ХХК нь баталгааны төлбөр төлөгдсөнөөс хойш уг мөнгийг 365 хоногийн дотор, 1 жилийн 4%-ийн хүүгийн төлбөрийн хамт буцааж төлөх, хугацаандаа төлөөгүй бол хоног тутам 0.3%-ийн алданги төлөхөөр үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй. Иймд Ха ХХК-иас ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ-ний үндсэн төлбөр 781.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 151.940.351 төгрөг, алдангийн төлбөр 390.500.000 төгрөг, мөн ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ-ний үндсэн төлбөр 108.081.894 төгрөг, хүүгийн төлбөр 20.159.494 төгрөг, алдангийн төлбөр 54.040.947 төгрөг, нийт 1.505.722.686 төгрөгийг гаргуулж өгнө үү. Түүнчлэн нэхэмжлэгч Г ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эдгээр баталгааны гэрээнүүдийн үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор Ха ХХК-тай Гэрээний орлого барьцаалах гэрээ, Ирээдүйд бий болох хөрөнгө барьцаалах гэрээ-г, иргэн Э.Чтай ипотекийн гэрээ болон батлан даалтын гэрээг, иргэн Н.Дтай батлан даалтын гэрээг тус тус байгуулсан. Гэрээний орлого барьцаалах гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна. Иймд Ха ХХК үүргээ биелүүлэхгүй бол Э.Чтай байгуулсан ипотекийн гэрээний зүйл, мөн Ха ХХК-тай байгуулсан Ирээдүйд бий болох хөрөнгө барьцаалах гэрээ-ний зүйлийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөн барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй бол иргэн Э.Ч, Н.Д нарын хувийн хөрөнгөөр нөхөх хариуцлага хүлээлгэж өгнө үү гэв.

Хариуцагч Ха ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ха ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ болон мөн өдрийн ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ-ний дагуу Г ХХК-д төлөх ёстой үндсэн төлбөр, мөн банкны нэхэмжилсэн хүүгийн төлбөрийг бүхэлд нь зөвшөөрч байна. Харин баталгааны гэрээнүүдэд хугацаа хэтэрсэн хүүгийн төлбөрийг 0 байхаар тохирсон тул алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг татгалзаж байна. Мөн Ирээдүйд бий болох хөрөнгө барьцаалах гэрээний зүйл болох 8 айлын хувийн сууцны барилга нь Ха ХХК-ийн өмчлөлд бүртгэгдээгүй, Ворлд трэйвэл ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байдаг. Иймд уг шаардлагыг хангах боломжгүй гэв.

Хариуцагч Н.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.Д би батлан даалтын гэрээний дагуу хариуцлага хүлээхийг зөвшөөрөхгүй байна. Учир нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн батлан даалтын гэрээг иргэн Н.Ды нэрээр биш, харин Ха ХХК-ийн захирлын хувьд батлан даалтын гэрээ хийсэн. Г банк нь батлан даалтын гэрээний үүргээ зөрчиж үндсэн гэрээний үүргийн талаар хувь хүн Н.Дд мэдээлэл өгөөгүй. Иймд би хувийн хөрөнгөөрөө төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэв.

Хариуцагч Э.Ч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Э.Чд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Г банктай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БГ/ТЕ04991310.. дугаартай Ипотекийн гэрээ-г Г банкны эрх бүхий этгээд иргэн Э.Чтай байгуулаагүй байна. Иргэн Э.Ч-ыг Ха ХХК-ийг төлөөлөх, Ха ХХК-ийн Ерөнхий захирлыг Э.Ч төлөөлөх эрхийг баталсан баримт бичиг байхгүй байна. Иргэн Э.Ч нь Ха ХХК-ийн өмнө ямар эрх үүрэг хүлээсэн хуулийн этгээд болох Ха ХХК-ийн Голомт банктай байгуулсан ТЕ04991310.., ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ-нд хамааралтай эсэхийг нотолсон баримтгүй байна. Ха ХХК нь Голомт банктай Банкны баталгааны гэрээ-г байгуулахдаа Ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцэл-ээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна. Иймд Г иргэн Э.Чтай байгуулсан гэх хүчин төгөлдөр бус гэрээгээр бусдын гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй тул Э.Чд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Ч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Голомт банктай байгуулсан ипотекийн гэрээ бол хууль зөрчиж хийсэн гэрээ. Учир нь, гэрээг Баянзүрх дүүргийн нотариатч гэрчлэхдээ талуудыг байлцуулаагүй, бүртгэлийн дэвтэрт хариуцагч Э.Ч нь гарын үсэг зураагүй байдаг. Улмаар улсын бүртгэлд гэрээг бүртгүүлэхдээ талууд мэдүүлэг гаргаагүй байхад улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль бус юм. Иймд иргэн Э.Ч нь ипотекийн гэрээгээр хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Мөн ипотекийн гэрээ болон батлан даалтын гэрээг иргэн Э.Ч биш, харин Ха ХХК-ийн Ерөнхий захирлын хувьд гэрээ байгуулж, гарын үсэг зурж тамга дарсан. Ипотекийн гэрээ болон батлан даалтын гэрээнүүдийг иргэн Э.Ч байгуулаагүй тул эдгээр гэрээгээр хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч Г ХХК нь Батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, үндсэн үүргийн талаар иргэн Э.Чд хувь хүнийх нь хувьд мэдэгдээгүй. Иймд батлан даалтын гэрээний дагуу шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд Э.Чд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ 0499131006 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний төлбөрт 781.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 151.940.351 төгрөг, алдангийн төлбөрт 390.500.000 төгрөгийг, мөн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ 0499131005 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний төлбөрт 108.081.894 төгрөг, хүүгийн төлбөрт 20.159.494 төгрөг, алдангийн төлбөрт 54.040.947 төгрөг, нийт 1.505.722.686 төгрөгийг хариуцагч Ха ХХК-иас шаарджээ.

Улмаар, дээрх гэрээний үүргээ хариуцагч Ха ХХК биелүүлээгүй нөхцөлд 2013 оны 12 дугаар сарын 16 ны өдөр хариуцагч Э.Чтай байгуулсан Ипотекийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Ха ХХК-тай байгуулсан Ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцэл, мөн Ха ХХК-тай байгуулсан Гэрээний орлого барьцаалах гэрээ-нд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө шаардлагыг хангаж хүрэлцэхгүй нөхцөлд хариуцагч Э.Чтай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Батлан даалтын гэрээ, хариуцагч Н.Дтай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Батлан даалтын гэрээ-ний дагуу нөхөх хариуцлага хүлээлгэхээр нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Ха ХХК нь алдангийн төлбөрөөс бусдыг зөвшөөрсөн бол хариуцагч Э.Ч нь Ипотекийн гэрээ-г хууль зөрчиж байгуулсан, Ипотекийн гэрээ болон Батлан даалтын гэрээ-г хувь хүн Э.Ч бус Ха ХХК-ийн өмнөөс байгуулсан гэж, хариуцагч Н.Д нь батлан даалтын гэрээг мөн хувь хүнээр биш хуулийн этгээд Ха ХХК-ийн нэрийн өмнөөс байгуулсан гэж үзсэнээр талууд маргасан байна.

1.    Үндсэн үүрэг, анз

Нэхэмжлэгч Г ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

хариуцагч Ха ХХК-тай ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ-г бичгээр байгуулж, уг гэрээгээр Г ХХК нь 781.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгааг, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүчинтэй байхаар Хөдөлмөрийн яамны өмнө гаргах, мөн өдөртөө ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ-г бичгээр байгуулж, 108.081.894 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгааг 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хүчинтэй байхаар Хөдөлмөрийн яаманд гаргахаар үүрэг хүлээжээ.

/хх (1) 28-33 дугаар тал/

Хариуцагч Ха ХХК нь ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ-ний хариу төлбөрийг 1 жилийн 4%-ийн хүүгээр тооцон үндсэн төлбөрийн хамтаар, төлбөр Хөдөлмөрийн яаманд шилжсэнээс хойш 21 сарын дотор, мөн ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ-ний хариу төлбөрийг 1 жилийн 4%-ийн хүүгээр тооцон үндсэн төлбөрийн хамтаар, төлбөр Хөдөлмөрийн яаманд шилжсэнээс хойш 365 хоногийн дотор тус тус баталгаа гаргагч Г ХХК-д буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч буюу баталгаа гаргагч Г ХХК нь Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ТЕ04991310.. дугаартай 781.000.000 төгрөгийн баталгааны хуудсыг, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ТЕ04991310.. дугаартай 107.081.894 төгрөгийн баталгааны хуудсыг тус тус үүрэг гүйцэтгүүлэгч Хөдөлмөрийн яаманд хүргүүлсэн байна.

/хх (2)-147, 166 дугаар тал/

 

Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д заасан банкны баталгааны гэрээ нь үүрэг гүйцэтгүүлэгч-баталгаа гаргагч, үүрэг гүйцэтгэгч-баталгаа гаргагч, үүрэг гүйцэтгэгч-үүрэг гүйцэтгүүлэгч нарын хооронд үүрэг үүсгэдэг, 3 талын ашиг сонирхол бүхий олон талт гэрээний төрөлд хамаардаг байна.

Нэхэмжлэгч Г ХХК болон хариуцагч Ха ХХК-ийн хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцаа нь баталгаа гаргагч-үүрэг гүйцэтгэгч нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарах ба энэ үүднээс Ха ХХК-д холбогдуулж гаргасан Г ХХК-ийн нэхэмжлэл нь Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.15-д заасан журмын дагуу банк, үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж төлсөн мөнгийг гаргуулахаар үүрэг гүйцэтгэгчийн эсрэг гаргасан сөрөг нэхэмжлэлд хамаарна.

Үүрэг гүйцэтгүүлэгч Хөдөлмөрийн яам нь баталгааны хугацаа дуусахаас өмнө буюу 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3/2671 дугаартай албан бичгээр баталгаа гаргагч Г ХХК-иас мөнгөн төлбөр төлөхийг бичгээр шаарджээ. Мөн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3/2777, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрүүдэд дээрх агуулга бүхий шаардлагыг Г ХХК-д хүргүүлсэн байна.

/хх (2)-165, 110, 114 дүгээр тал/

Хоёр дахь баталгааны гэрээ буюу 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ-ний хувьд мөн Г ХХК нь дээрх үүргээ гүйцэтгэсэн, энэ талаар хариуцагч Ха ХХК маргаагүй байна.

/хх (2)-113, 118, 119 дүгээр тал/

 

Баталгаа гаргагч Г ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгч Хөдөлмөрийн яамнаас бичгээр ирүүлсэн шаардлагыг үүрэг гүйцэтгэгч Ха ХХК-д хүргүүлж байсан талаар хариуцагч Ха ХХК үгүйсгээгүйгээс гадна энэ үйл баримт нь хэрэгт авагдсан Г ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10/603 дугаартай албан бичиг, Ха ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/14-202 дугаартай албан бичгүүдээр тогтоогдсон. Иймд 781.000.000 төгрөгийн баталгааны хувьд Г ХХК нь Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.7-д заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.

/хх (2) 111, 164 дүгээр тал/

Мөн баталгаа гаргагч Г ХХК нь 2014 оны 12 дугаар 30-ны өдөр 01/386 дугаартай Мэдээлэл хүсэх тухай албан бичгийг Хөдөлмөрийн яаманд явуулж байсан нь баримтаар тогтоогдсон тул баталгаа гаргагч Г ХХК нь Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.8-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага гэрээний нөхцөлд нийцэж байгаа эсэхийг тогтоох үүргээ биелүүлсэн байна.

/хх (2) 112 дугаар тал/

Үүрэг гүйцэтгүүлэгч Хөдөлмөрийн яамны өмнө хүлээсэн баталгаа гаргагч Г ХХК-ийн үүрэг Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.13-т заасан үндэслэлээр дуусгавар болоогүй тул 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ТЕ 04991310.. дугаартай 781.000.000 төгрөгийн баталгааны төлбөрийг, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ТЕ04991310.. дугаартай 108.084.894 төгрөгийн баталгааны төлбөрийг тус тус үүрэг гүйцэтгүүлэгч Хөдөлмөрийн яаманд баталгаа гаргагч Г ХХК нь шилжүүлсэн байна.

/хх (1)-13, (2)-109 дүгээр тал/

 

Хариуцагч Ха ХХК нь 2 удаагийн баталгааны гэрээний дагуу төлөх ёстой үндсэн төлбөрт 889.081.894 төгрөг, хүүгийн төлбөрт 172.099.845 төгрөг, нийт 1.061.181.739 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ. Мөн маргаан бүхий баталгааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, шаардах эрх хүчинтэй байх тул хариуцагч Ха ХХК-иас ТЕ04991310.. дугаартай баталгааны гэрээний үндсэн төлбөрт 781.000.000 төгрөг, хүүгийн төлбөрт 151.940.351 төгрөг, мөн ТЕ04991310.. дугаартай баталгааны гэрээний үндсэн төлбөрт 108.081.894 төгрөг, хүүгийн төлбөрт 20.159.494 төгрөг, нийт 1.061.181.739 төгрөгийг хариуцагч Ха ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин анзын төлбөрийг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна. Учир нь:

Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д: Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан нь 3 талын ашиг сонирхол бүхий банкны баталгааны гэрээнээс үүссэн харилцааг ерөнхий байдлаар зохицуулсан зохицуулалт юм.

Харин мөн хуулийн 457 дугаар зүйлийн 457.15-д: Банк, үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж төлсөн мөнгийг үүрэг гүйцэтгэгчид сөрөг нэхэмжлэл гаргах замаар буцаан авах журмыг баталгаа гаргагч болон үүрэг гүйцэтгэгч гэрээгээр харилцан тохиролцоно. гэж заасан нь баталгаа гаргагч банк болон үүрэг гүйцэтгэгч нарын хооронд үүссэн харилцааг талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр зохицуулах, хуулийн хүрээнд, гэрээний агуулгыг чөлөөтэй харилцан тохиролцох боломжийг талуудад олгосон гэж үзэхээр байна.

Г ХХК болон Ха ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ, мөн өдрийн ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ-ээр талуудын харилцан хүлээсэн үүргийн агуулга, мөн ... баталгааны гэрээ байгуулагдсанаар баталгааны төлбөрийг тусгай дансанд тусгаарлан байршуулдаг... гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 9510127200001 дугаартай зээлийн төлбөрийн түр данс нээсэн байдал, хариу төлбөрийг хүү хэлбэрээр тооцож авахаар гэрээгээр харилцан тохиролцсон тохиролцоо зэргээс үзвэл талууд гэрээнийхээ агуулгыг зээлийн гэрээний агуулгаар тодорхойлсон гэж үзэхээр байна. Иймд анзын төлбөртэй холбоотой маргааны энэ тохиолдолд, Г ХХК-Ха ХХК-ийн хооронд тодорхой зориулалт, болзол бүхий зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж, тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байна.

/хх (1) 11 дүгээр тал/

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох журмыг нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн зохицуулалт ёсоор, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхийг хориглосон байна.

Нэхэмжлэгч Г ХХК болон хариуцагч Ха ХХК нь гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцоогүй, хугацаа хэтрүүлсний хүүгийн хэмжээ 0 байхаар тохиролцсон тул 2 баталгааны гэрээний дагуу нэхэмжилсэн алдангийн төлбөр гэх нийт 444.540.947 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

2.    Нэмэлт үүрэг буюу үүргийн гүйцэтгэлийг хангах арга

Баталгаа гаргагч Г ХХК нь, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ04991310.., ТЕ04991310.. дугаартай баталгааны гэрээнүүдээр хүлээсэн Ха ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор, мөн өдөртөө хариуцагч Э.Чтай Ипотекийн гэрээ-г, хариуцагч Ха ХХК-тай Ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцэл болон Гэрээний орлого барьцаалах гэрээ-г, ТЕ04991310.. дугаартай баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэтгэлийг хангуулахаар хариуцагч Э.Ч болон хариуцагч Н.Дтай тус бүр Батлан даалтын гэрээ-г байгуулсан байна. /хх (1) 16-27, 34-35 дугаар тал/

2.1  Хариуцагч Э.Чтай байгуулсан Ипотекийн гэрээ-ний талаар

Нэхэмжлэгч Г ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ04991310.. болон ТЕ04991310.. дугаартай банкны баталгааны гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагч Э.Чтай Ипотекийн гэрээ-г байгуулж, гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

/хх (1) 23-27 дугаар тал/

 

Гэрээгээр, Ха ХХК нь ТЕ04991310.. болон ТЕ04991310.. дугаартай баталгааны гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй нөхцөлд хариуцагч Э.Ч өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Санзай хотхон /14140/ 1 дүгээр хэсэг, 44 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220302....дугаарт бүртгэгдсэн 128.91 м.кв талбай бүхий хувийн сууцыг худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар бичгээр тохиролцож, улын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 153.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.

Хариуцагч Э.Ч нь ипотекийн гэрээг хувь хүн байгуулаагүй, Ха ХХК-ийн өмнөөс, тус компанийн захирлын хувьд байгуулсан гэж маргасан.

Ипотекийн зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-220302....дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө нь Ха ХХК-ийн өмч бус, иргэн Э.Ч өмчлөлийн хөрөнгө мөн байхаас гадна хариуцагч Э.Ч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөр шүүхэд хандаж, Ипотекийн гэрээ-г баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийг Э.Ч нэрээр гаргасан хэмээн тайлбарлаж байна.

Дээрх тохиолдолд, хариуцагч Э.Ч нь Ха ХХК-ийг төлөөлж, тус компанийн хөрөнгийг барьцаалах хүсэл зоригтой байсан гэж үзэх нь учир зүйн холбоогүй болох юм.

Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь: Ипотекийн гэрээ-нд хариуцагч Э.Ч гарын үсэг зурсан боловч баталсан нотариатын бүртгэлийн дэвтэрт Э.Ч гарын үсэг зураагүй, мөн ипотекийг бүртгүүлэхдээ талуудын хэн аль нь хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаагүй гэх үндэслэлүүдээр барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 /56.1.8/-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.4-т: Хууль-д өөрөөр заагаагүй бол талуудын аль нэг нь хүсвэл үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж болно. гэж заасан ба энэ хууль болон бусад хууль-д барьцааны гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг хуульчлаагүй байна. Иймд Ипотекийн гэрээ-г нотариатч Нотариатын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн гэрчилсэн эсэх нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм.

Мөн Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар ипотекийг улсын бүртгэлд бүртгэж байгаа нь эрх бүхий захиргааны байгууллага шийдвэр гаргаж буй явдал юм.

Хавтаст хэрэгт захиргааны байгууллагын шийдвэр болох ипотекийн бүртгэлийг хүчингүй болгосон баримт авагдаагүй тул Г ХХК-ийн эзэмшиж буй ипотекийг, улсын бүртгэлд үндэслэсэн, хүчин төгөлдөр шаардах эрх гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Г ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-220302....дугаарт бүртгэгдсэн, хариуцагч Э.Ч өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс ТЕ04991310.. болон ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ-ний гүйцэтгэлийг хангуулах эрхтэй байна.

2.2  Ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцэл

Нэхэмжлэгч Г ХХК нь Ха ХХК-тай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БГ/ТЕ04991310..-2 дугартай Ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцэл-ийн дагуу Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо,, .... байрлах 1501 м.кв талбайтай 8 айлын орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцагч Ха ХХК-д холбогдуулан гаргажээ.

Барьцааны гэрээний зүйл гэх Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо,, .... байрлах 1501 м.кв талбайтай 8 айлын орон сууц нь хариуцагч Ха ХХК-ийн өмчлөлд бүртгэгдээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. /талууд энэ үйл баримтын талаар маргаагүй/ /хх (2) 142-145 дугаар тал/

Шүүх уг шаардлагыг нэхэмжлэгч талаас тодруулсан боловч нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хэмжээнд маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т: Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ. гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалт нь аливаа этгээдэд шаардах эрхийг олгосон субъектив эрхийн зохицуулалт биш, зөвхөн барьцааны зүйлийн төрөл, ангилалыг тодорхойлсон, хөрөнгийн эдийн засгийн эргэлтийг дэмжихэд чиглэсэн, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрхэд хоёуланд нь хамаарах, шаардах эрх үүсэх урьдач нөхцөлийг ерөнхий байдлаар зохицуулсан хуулийн зохицуулалт юм.

Харин үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухайд, шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаалагчийн шаардах эрхийг гагцхүү Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зохицуулсан байна. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах эрхийг хэрэгжүүлэх үүнээс өөр журмыг хуулиар тогтоогоогүй байна.

Өөрөөр хэлбэл, барьцаалагч үл хөдлөх хөрөнгө дэх энэ эрхээ хэрэгжүүлэхийн тулд ипотек хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн байхыг шаарддаг ба Г ХХК-ийн барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо,, .... байрлах 1501 м.кв талбайтай 8 айлын орон сууцанд ипотек бүртгэгдээгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо,, .... байрлах 1501 м.кв талбайтай 8 айлын орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь дахин шүүхэд хандаж Ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцэл-ийн бусад үүргийг шаардах, үүрэг хангагдсан тохиолдолд шүүхэд хандаж энэ үндэслэлээр дахин нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болно.

2.3  Гэрээний орлого барьцаалах гэрээ

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Ха ХХК-д холбогдуулан, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ/БГ04991310..-1 дугаартай Гэрээний орлого барьцаалах гэрээ-ний дагуу барьцаалсан ажил гүйцэтгэх гэрээний орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Барьцаалагч нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д зааснаар шаардах эрхийг барьцаалж болдог ба шаардах эрхийн барьцаа нь хөдлөх хөрөнгийн барьцааны эрхийн зохицуулалтад хамаардаг байна.

Харин хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийн хувьд, барьцаалагч нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйл, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмын дагуу барьцааны эрхээ хэрэгжүүлдэг болохыг дурдах нь зүйтэй байна.

2.4  Батлан даалтын гэрээ

Нэхэмжлэгч Г ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, хариуцагч Э.Ч болон хариуцагч Н.Д нартай Батлан даалтын гэрээ-г байгуулжээ.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар нөхөх хариуцлага хүлээдэг ба хэд хэдэн этгээд батлан даагч байх тохиолдолд нөхөх хариуцлагыг хамтран хүлээдэг байна.

Хариуцагч Э.Ч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь: үндсэн үүргийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.2-т заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Г ХХК нь Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.3-т зааснаар батлан даагчийн эсрэг шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзжээ. Харин Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.2-т: Батлан даагч шаардсан бол үүрэг гүйцэтгүүлэгч үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргийн талаар түүнд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. гэж заасан байна.

Хуулийн дээрх зүйлд заасан, батлан даагчийн шаардсанаар мэдээлэл өгөх шаардлагатай үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүрэг гэдэг нь маргаж буй энэ тохиолдолд Ха ХХК болон Г ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ04991310.. дугаартай 108.081.894 төгрөгийн үнийн дүн бүхий Банкны баталгааны гэрээ юм.

Тухайн үед хариуцагч Э.Ч болон Н.Д нар нь Ха ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан гэх үндэслэлээр хэн аль нь үндсэн гэрээ болох Банкны баталгааны гэрээ-тэй танилцаж, гэрээний хуудас бүрт гарын үсэг зурсан байна. Энэ тохиолдолд үндсэн гэрээний үүргийн талаар мэдээлэл өгөөгүй, мэдэхгүй байсан гэх хариуцагч Э.Ч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм.

Мөн хариуцагч Э.Ч болон хариуцагч Н.Д нар нь батлан даалтын гэрээг хувь хүнээр биш, Ха ХХК-ийн өмнөөс, түүнийг төлөөлж хийсэн гэж маргажээ.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан батлан даалтын гэрээгээр, батлан даагч /Э.Ч, Н.Д/ нь, үүрэг гүйцэтгэгч /Ха ХХК/ өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгч /Г ХХК/-ийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээдэг болохыг дээр дурдсан.

Гэтэл хариуцагч Н.Д болон хариуцагч Э.Ч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Г ХХК-ийн өмнө Ха ХХК үүргээ гүйцэтгэж чадна гэж, Ха ХХК батлан даалт гаргасан гэж үзсэн нь үндэслэл муутай байна. Энэ нь батлан даалт шаардсан үүрэг гүйцэтгүүлэгчид эрх зүйн үр ашиггүй байдлыг бий болгоно.

Нөгөө талаас, хэрэв хэлцэл хийгч Э.Ч, Н.Д нар нь иргэний хувьд биш, харин Ха ХХК-ийг төлөөлж батлан даалт гаргаж байгаа бол хүсэл зоригийн энэ илэрхийллээ хангалттай тодорхой байдлаар нөгөө талдаа мэдэгдэх ёстой. Энэ нь хэлцэл хийгч нөгөө талын эрхийг дордуулахгүй буюу эрх зүйн үр ашиггүй байдлыг бий болгохгүйд чиглэдэг.

Ийнхүү хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлж чадаагүй, чадсан болохоо нотолж чадаагүй бол зохих ёсны хэлцэл хийсэнд итгэж үнэмшсэн эсрэг талын итгэл үнэмшил Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хамгаалагдах боломжтой юм.

Иймд хариуцагч Э.Ч болон Н.Д нар нь, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.3-т зааснаар, Ха ХХК үүргээ гүйцэтгээгүйн нөхөх хариуцлагыг хамтран хүлээх ёстой.

3.    Үүргийг хангах дараалал

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй байдаг байна.

Нэхэмжлэгч Г ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч нь тэргүүн ээлжинд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 781.000.000 төгрөгийн Банкны баталгааны гэрээ-ний үүргийг хангуулахаар дараалал тогтоосон гэж үзэхээр байна. /

хх (1) 1-4, (2) 65-66 дугаар тал/

 

Иймд тэргүүн ээлжинд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ04991310.. дугаартай 781.000.000 төгрөгийн үүргийг, дараа нь ТЕ04991310.. дугаартай 108.081.894 төгрөгийн үүргийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

4.    Бусад

Нэхэмжлэгч нь үндсэн гэрээний үүргээс гадна 5 барьцааны гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1 барьцааны гэрээний үүргийн шаардлагад 70.200 төгрөг төлсөн байна. Иймд дутуу төлсөн 4 барьцааны гэрээний үүрэгт хамаарах шаардлагад нийт 280.800 төгрөгийг нэхэмжлэгч Г ХХК-иас нөхөн гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 475 дугаар зүйлийн 475.1, 216 дугаар зүйлийн 216.1-д заасныг баримтлан Ха ХХК-иас тэргүүн ээлжинд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ-ний үүрэгт 932.940.351 төгрөгийг, дараа нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ-ний үүрэгт 128.241.388 төгрөгийг, нийт 1.061.181.739 төгрөгийг гаргуулан Г ХХК-д олгож, Ха ХХК-д холбогдох нэхэмжлэлийн энэ шаардлагаас 444.540.947 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 216 дугаар зүйлийн 216.1-д заасныг тус тус баримтлан Ха ХХК нь 1.061.181.739 төгрөгийн үүргээ эс биелүүлбэл Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Санзай хотхон /14140/, 1 дүгээр хэсэг, 44 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220302....дугаарт бүртгэгдсэн, 128.91 м.кв талбай бүхий хувийн сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс тэргүүн ээлжинд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ-ний үүргийг, дараа нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ-ний үүргийг тус тус хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.3-т заасныг баримтлан Ха ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ-ний дагуу Г ХХК-ийн өмнө хүлээсэн 128.241.388 төгрөгийн үүргээ эс биелүүлсэн, мөн албадан худалдсан барьцаа хөрөнгийн үнэ 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ-ний дагуу Г ХХК-ийн өмнө хүлээсэн 128.241.388 төгрөгийн үүргийг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол үлдэх төлбөрийг Э.Ч, Н.Д нараас нөхөн гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэлгүй тул Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, .... байрлах 1501 м.кв талбай бүхий 8 айлын орон сууцыг албадан худалдаж, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ04991310.. дугаартай Банкны баталгааны гэрээ-ний үүргийг хангуулахыг хүссэн Ха ХХК-д холбогдох, Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Гэрээний орлого барьцаалах гэрээ-ээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн, Ха ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.756.763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 280.800 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Ха ХХК-иас 5.463.858 төгрөгийг, хариуцагч Э.Час 140.400 төгрөгийг, хариуцагч Н.Даас 70.200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР